Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1209

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.А-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/001311 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.А-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.М  холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Жаргалсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А  ипотекийн орон сууцны зээлийн гэрээний үндсэн дээр 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, Нарны зам гудамжны 81-р байрны 23 тоотод хаягт байрших 49.53 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204074366 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон.

Тэрээр өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад түрээсэлж байхад н.Г , н.О  нар нь худалдаж авах санал гаргаж урьдчилагаанд 30 000 000 төгрөг төлнө, үлдэгдэл төлбөрийг зээлээр сар сард нь өгч байхаар тохиролцсон ба өнөөдрийг хүртэл гэрээ байгуулаагүй, урьдчилгаа төлбөрөө гүйцэд өгөөгүй, банкинд төлөх төлбөрийг төлөхгүй хохирч байна.

н.Г , н.О  нартай уулзахаар өөрийн өмчлөлийн орон сууцанд очиход М.М гэх хүн “надад худалдаж урьдчилгаа төлбөр авсан” гэж хэлсэн.  Өөрөөр хэлбэл, намайг н.Г , н.О  нар хуурч мэхэлсэн.

Иймд Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, Нарны зам гудамжны 81-р байрны 23 тоотод М.М хууль бусаар эзэмшиж, ашиглаж байх тул орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү. М.М  худалдах боломжгүй, н.Г  урьдчилгаа төлбөрөө төлөөд гэрээ хийнэ гэсэн боловч гэрээ байгуулаагүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М 2018 оны 07 дугаар сард 8 хувийн зээлд хамрагдсан орон сууц зарна гэсэн зарын дагуу холбогдож н.Г , н.О  нар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 81 байр, 23 тоот 2 өрөө орон сууцыг зээлтэй нь зарах гэж байгаа болохыг мэдэж, уулзахад уг орон сууцны эзэд нь өөрсдийгөө, өмчлөх эрхийн гэрчилгээ төрсөн дүүгийн нэр дээр байгаа, дүү БНСУ руу түр хугацаагаар явсан, удахгүй ирнэ, худалдан авах тохиолдолд 30 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлүүлэх, сар бүрийн банкны төлөлт 435 000 төгрөгийг өөрсдийн дансаар авч банкны төлөлтөө өөрсдөө хийнэ, хожим дүүг ирэхээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх болно гэж хэлсэн.

М.М 30 000 000 төгрөг төлж, 2018 оны 08 сараас эхлэн банкны төлбөрийн 435 000 төгрөгийг н.О  дансаар тогтмол шилжүүлж байсан. 16 сарын 6 960 000 төгрөг төлсөн. Гэтэл байрны өмчлөгч Ц.А  ирж “би н.Г , н.О  нарын дүү биш, энэ байр тэдний худалдан авсан байр ч биш, надаас байр худалдан авах санал тавьж цөөхөн хэдэн төгрөг өгөөд өөр мөнгө өгөөгүй, бид гэрээ хэлцэл бичгээр хийж байгаагүй, сар бүрийн байрны зээл хүүгийн төлбөрийг би өөрөө төлдөг, тэдний мөнгийг эргүүлж өгч чадаагүй тул байрнаасаа гаргаж чадахгүй байсан” гэж хэлсэн байдаг.

Ж.М нь н.Г , н.О  нарт залилуулснаа мэдэж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болно.

Ц.А  нь н.Г , н.О  нарт залилуулсан байх магадлалтай. Иймд Цагдаагийн байгууллагын шалгалтыг дууссаны дараа байр чөлөөлөх асуудлыг ярих ёстой гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. М.М орон сууцыг зээлээр худалдан авах зорилготой байснаас түрээслэх хүсэл байгаагүй. н.Г д өгсөн мөнгөө авч байж байрыг суллах боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.М  Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/ Нарны зам гудамж 81 дүгээр байрны 23 тоот орон сууцнаас албадан гаргуулж, уг орон сууцыг өмчлөгч болох нэхэмжлэгч Ц.А д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Мөнхжаргалаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. М.М 2018 оны 07 дугаар сард зээлтэй байр зарна гэсэн зарын дагуу н.Г , н.О  нартай уулзахад “өөрийн дүү Ц А-ийн  нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй байрыг зарна. Урьдчилгаа 30 000 000 төгрөг төлөөд, зээлийг банкны графикийн дагуу сар бүр 435 000 төгрөгийг бидэнд дансаар шилжүүлбэл бид банкиндаа төлөөд явж болно” гэснийг М.М хүлээн зөвшөөрч тус байранд орж 30 000 000 төгрөгийг н.Г  дансаар шилжүүлж, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2019 оны 12 cap хүртэл cap бүр 435 000 төгрөгийг н.О  эзэмшлийн дансаар нийт 7 257 000 төгрөгийг зээл болон зээлийн хүүд төлүүлэхээр шилжүүлж байсныг н.О  цааш нь Ц.А-ийн  банкны дансаар шилжүүлсэн байна.

Мөн 20 800 000 төгрөгийг 2017 онд н.Г , Ц.А д байрны урьдчилгаа төлбөрт төлсөн байна. Н.Г , Ц.А тай нөхцөл болзлоо тохирсон байсан тул тус орон сууцыг цааш нь зарахаар шийдвэрлэж зар өгсөнөөр М.М  Ц.А-ийн  ижил нөхцөлөөр амаар тохиролцож зарсан. Гэтэл Ц.А  өөрийнх нь байрыг н.Г  өөр хүнд зарсныг мэдэж байрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

М.М байрны жинхэнэ эзэн н.Г  гэж ойлгосон. н.Г , дүү Ц.А  хожим нэрийг нь шилжүүлэхэд асуудалгүй гэж итгүүлсэн.

Шүүх хуралдаан дээр гэрчээр оролцсон н.Г  нь Ц.А  надаас авсан 20 800 000 төгрөгийг өгсөн тохиолдолд би М.М  хохирлыг төлж барагдуулна гэж мэдүүлсэн. Ц.А  тэднээс 28 057 000 төгрөг авсан атлаа нэг ч төгрөг буцааж өгөхгүй байгаа. Энэ үйл баримтыг М М залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн, одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ мөрдөн шалгах ажиллагаагаар Ц.А , н.Г  залилсан н.Г , М.М  залилсан гэмт хэргийн үйлдэл холбогдлыг шалган шийдвэрлэх учиртай. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.А  нь хариуцагч М.М  холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн улсын бүртгэлийн газар 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Ц.А г Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/ Нарны зам гудамж 81 дүгээр байрны 23 тоот 49,53 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074366 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000479482 тоот гэрчилгээг олгосон байна. /хх 5/

 

Ц.А , Ж.Н  нар Улаанбаатар хотын банк ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 1-ний өдөр нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч нар нь дээрх орон сууцыг гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон барьцаалж, 52 000 000 төгрөгийг 20 жил буюу 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж, гэрээний хавсралтад тусгасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр 435 229 төгрөгийг төлөхөөр тохиролцож, тус орон сууцыг худалдан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Нэхэмжлэгч Ц.А  болон хариуцагч М.М нарын хооронд уг хооронд уг борлуулалттай холбоотой аливаа нэгэн эрх олгосон хэлцэл хийгдээгүй байна. М.М нь Ц.А-ийн  өмчлөлийн орон сууцыг эзэмшиж байгаа талаар маргаагүй.

 

М.М нь уг орон сууцыг Н.Г  болон Д.О  нараас худалдан авахаар тохиролцож үнийг төлж байгаа гэх тайлбарыг гаргасан боловч Н.Г  болон Д.О  нар нь өмчлөгч Ц.А-ийн  орон сууцыг бусдад худалдах эрхтэй талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. /хх 20, 84/

 

Нэхэмжлэгч Ц.А  нь өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/ Нарны зам гудамж 81 дүгээр байрны 23 тоот орон сууцыг хариуцагч М.М  хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шаардах эрхтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Маргаан бүхий орон сууцыг худалдан авах зорилгоор гэрч Н.Г , Д.О  нар Ц.А д мөнгөн хөрөнгийг шилжүүлж байсан, М.М гэрч Н.Г , Д.О  нарт мөнгөн хөрөнгийг тус тус шилжүүлснийг Ц.А  болон М.М нарын хооронд хэлцэл хийгдсэн гэж дүгнэхгүй юм. Иймд орон сууцыг эзэмшиж буй М.М  эзэмшлийг хууль бус гэж дүгнэнэ. 

 

М.М  Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/ Нарны зам гудамж 81 дүгээр байрны 23 тоот орон сууцыг  худалдаж авахаар интернет банк ашиглаж 30 300 000 төгрөгийн урьчдчилгаа шилжүүлсэн боловч залилуулсан гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол байх боловч уг тогтоолыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Зохигчийн хэн аль нь шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардахад энэ шийдвэр саад болохгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/001311 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

 

                                    ШҮҮГЧИД                                А.МӨНХЗУЛ

 

                                                 Э.ЗОЛЗАЯА