Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2020/01311

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020 о       04 с        16 ө

Дугаар         101/ШШ2020/01311

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ............тоотод оршин суух Сайжрах овогт ......... /РД:....../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........... тоотод оршин суух, ........... /РД:........../-д холбогдох, 

 

Орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А, түүний өмгөөлөгч Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, гэрч Н.Гантулга, нарийн бичгийн дарга ......... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А ипотекийн орон сууцны зээлийн гэрээний үндсэн дээр 2016.02.29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, “Нарны зам” гудамжны 81-р байрны 23 тоотод байршилтай 49.53 м.кв талбайтай, Ү-2204074366 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон юм. Миний бие өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад түрээсэлж байхад манай хөрш иргэн Гантулга, Оюунбайгаль нар нь худалдаж авах тухай санал надад тавьж урьдчилгаа 30 сая төгрөг төлнө, үлдэгдэл төлбөрийг зээлээр сар сард нь өгч байя гэж хэлсэн. Би энэ саналыг нь зөвшөөрсөн болов ч өнөөдрийг хүртэл гэрээ байгуулаагүй, урьдчилгаа төлбөрөө гүйцэд өгөөгүй, сар бүр банканд төлөх төлбөрийг ч төлөлгүй намайг хохироож байна. Гантулга, Оюунбайгаль нартай уулзахаар өөрийн өмчлөлийн орон сууцандаа очиход М гэдэг хүнд худалдаж урьдчилгаа төлбөр авсан тухай олж мэдсэн. Өөрөөр хэлбэл намайг Гантулга, Оюунбайгаль нар хуурч мэхэлсэн болохыг мэдсэн. Одоо миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, “Нарны зам” гудамжны 81-р байрны 23 тоотод иргэн М амьдарч байгаа бөгөөд намайг өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэхэд саад учруулж байна. Иймд иргэн Мыг миний өмчлөлийн “Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол, “Нарны зам” гудамжны 81-р байрны 23 тоот” орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү.

Би зээлтэй байраа хүнд зарах дэмий гэдгээ ойлгосон, одоо Мд худалдах боломжгүй. Н.Гантулга урьдчилгаа төлбөрөө төлөөд гэрээ хийнэ гэсэн боловч гэрээ байгуулаагүй ...”гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэн М 2018 оны 7 сард 8 хувийн зээлд хамрагдсан орон сууц зарна гэсэн зарын дагуу холбогдож ярихад Г, Огэх хүмүүс Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 81 байр, 23 тоот 2 өрөө орон сууцыг зээлтэй нь зарна гэснээр байрыг очиж үзэхэд өөрсдийгөө байрны эзэд боловч өмчлөх эрхийн гэрчилгээг төрсөн дүүгийнхээ нэр гаргуулж өмчилсөн. Дүү БНСУ уруу түр хугацаагаар явсан. Удахгүй ирнэ. Худалдан авах тохиолдолд 30,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлүүлэх, сар бүрийн банкны төлөлт 435,000 төгрөгийг мөн өөрсдийн дансаар авч банкны төлөлтөө өөрсдөө хийнэ. Хожим дүүг ирэхээр гэрээг өөрчлүүлж нэр нь байрны гэрчилгээг гаргуулна гэж хэлэхээр М 30,000,000 төгрөг төлж, 2018 оны 8 сараас эхлэн банкны төлбөрийн 435,000 төгрөгийг Д.Оюунбайгалийн дансаар тогтмол шилжүүлж байсан. 16 сарын 6,960,000 төгрөг төлсөн. Гэтэл гэнэт байрны эзэн А ирж би Г, О нарын дүү биш. Тэдний худалдан авсан байр ч биш надаас байр худалдан авах санал тавьж цөөхөн хэдэн төгрөг өгөөд өөр мөнгө өгөөгүй, бид гэрээ хэлцэл бичгээр хийж байгаагүй, сар бүрийн байрны зээл хүүгийн төлбөрийг би өөрөө төлдөг. Тэдний мөнгийг эргүүлж өгч чадаагүй тул байрнаасаа гаргаж чадахгүй байсан гэж хэлсэн байдаг. Ийнхүү М нь Г, О нарт залилуулснаа мэдэж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болно. Байрны эзэн А Н.Гантулга нар бүлэглэж залилсан байх магадлалтай. Иймд Цагдаагийн байгууллагын шалгалтыг дууссаны дараа байр чөлөөлөх асуудлыг ярих ёстой гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. М орон сууцыг зээлээр худалдан авах зорилготой байснаас түрээслэх хүсэл байгаагүй. Н.Гантулгад өгсөн мөнгөө хвч байж байрыг суллана ...” гэв.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А хариуцагч М-д холбогдуулан “орон сууцнаас албадан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал “Г, О нар дүү А-гийн байр гэж хэлсэн, худалдаж авсан, залилуулсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/ Нарны зам гудамж 81 дүгээр байрны 23 тоот 49,53 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч нь А мөн болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2204074366 дугаарт бүртгэгдэж олгогдсон 000479482 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

           

Нэхэмжлэгч А Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/ Нарны зам гудамж 81 дүгээр байрны 23 тоот орон сууцыг худалдан авахдаа Улаанбаатар хотын банк ХХК-иас 52,000,000 төгрөгийг жилийн 8 хувьтай зээлж, уг орон сууцаа барьцаалуулсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, нөхцөлт орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нөхцөлт орон сууцны зээлийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...“Г, О нар Аг Солонгос Улсад байгаа, ирэхээр нь гэрчилгээг нь гаргаж өгнө гэж хэлсэн, худалдаж авсан” гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцэхгүй байна.

 

Хариуцагч М гэрчээр асуугдсан Г, О нараас маргаан бүхий орон сууцыг худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт Н.Гантулгад 30,000,000 төгрөг шилжүүлсэн, нийт 7,257,000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан хэдий ч Мыг маргаан бүхий орон сууцыг худалдан авсан, өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч А гэрчээр асуугдсан Г, О нарт орон сууцаа худалдахаар амаар тохиролцсон боловч худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, энэ нь Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд нийцээгүй.

 

Хариуцагч М маргаан бүхий орон сууцны өмчлөгч А байхгүй тохиолдолд худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй, Н.Гантулгаас худалдан авахаар тохиролцсон тохиролцоо нь хуульд нийцэхгүй болохыг нотариачтаас зөвлөгөө авч мэдсэн болох нь гэрч Н.Гантулгын ...М орон сууцыг худалдан авах гэрээ байгуулах боломжгүй болохыг нотариатч дээр очиж мэдсэн, би бас мөнгө бүрэн төлөгдсөний дараа өмчлөх эрх шилжих талаар хэлсэн... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Дээр дурдсанаас нэхэмжлэгч А өөрийн орон сууцаа Г, О нарт худалдахаар төлөвлөж эзэмшүүлсэн, Г, О нар Агийн зөвшөөрөлгүйгээр Мд эзэмшүүлсэн, М уг орон сууцыг 2018 оны 7 сараас хойш одоог хүртэл эзэмшиж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч Мыг Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/ Нарны зам гудамж 81 дүгээр байрны 23 тоот орон сууцыг хууль болон гэрээнд заасны дагуу эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч А нь өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/ Нарны зам гудамж 81 дүгээр байрны 23 тоот орон сууцыг хариуцагч Мын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А-гийн орон сууцыг худалдан авахаар гэрч Г, О нар Ад мөнгө шилжүүлсэн баримт, хариуцагч Маас гэрч Г, Онарт мөнгө шилжүүлсэн баримтууд хэрэгт авагдсан боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамаарахгүй учраас уг баримтуудыг шүүх үнэлээгүй бөгөөд уг асуудлаа жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

 

Мын “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 81-р байрны 23 тоот 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар 30,000,000 төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн боловч залилуулсан” гэх гомдлын дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болох нь зохигчийн тайлбар, мөрдөгчийн тогтоол зэргээр тогтоогдож байх боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай “Г, Онарт М залилуулсан гэх гомдол холбоогүй гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М-ыг Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/ Нарны зам гудамж 81 дүгээр байрны 23 тоот орон сууцнаас албадан гаргуулж, уг орон сууцыг өмчлөгч болох нэхэмжлэгч А-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТЦЭЦЭГ