Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 845

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ш ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00286 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Ш ын хариуцагч “Т” ХХК , Ж.Б нарт холбогдуулан 4 719 200 төгрөг гаргуулах тухай үндсэн болон 4 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Ш нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч “Т” ХХК -аас 13 800 000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа буруу тооцоолсон байсан учраас үнийн дүнг 13 219 200 төгрөг болгон өөрчилсөн. Хариуцагч нараас 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн 5993016344 тоот дансанд 8 500 000 төгрөгийг буцаан төлсөн тул үлдэх 4 719 200 төгрөгийг орон сууцны захиалгын гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Талууд Говь сүмбэр аймгийн Шивээ овоо сумын нэгдүгээр багт орших 75 айлын орон сууцны 2 дугаар орцны 1-8 тоот хаягт байрлах 3 өрөө бүхий 64.8 м.кв талбайтай орон сууцыг худалдаж авахаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиалгын гэрээ байгуулсан. Ингээд уг захиалгын гэрээний төлбөрийн урьдчилгааг 36 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож, гэрээний хавсралтын дагуу нэхэмжлэгч тал 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж төлбөрийг төлж эхэлсэн. Хариуцагч нар хэрэв нэхэмжлэгчийг урьдчилгаа төлбөрийг хурдан төлвөл жилийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсэн тул 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцандаа нүүж орж, 13 219 200 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сард хариуцагч Ж.Б ийн “Хаан банк” ХХК дахь дансанд 10 000 000 төгрөгийг шилжүүлж, нийт 13 219 200 төгрөгийг бүрэн төлсөн. Ингээд 2018 оны 12 дугаар сард ипотекийн зээлийг авахаар материалаа бүрдүүлж, “Хас банк” ХХК-нд өгсөн боловч тус банкнаас хариуцагч “Т” ХХК -ийн барьсан орон сууцанд зээл өгөхгүй гэсэн. Энэ талаар хариуцагч нарт мэдэгдэхэд тодорхой хариу өгөхгүй удаад байсан тул нэхэмжлэгч Ц.Ш нь 2019 онд Шинэ Зеланд улсад ажиллахаар явсан. Тэрээр гадагшаа явахдаа орон сууцаа бусдад 3 сараар хөлслүүлээд явсан ба энэ тухай хариуцагч нарт мэдэгдсэн. Гэвч түүнийг Шинэ Зеланд улсад амьдарч байх хугацаанд хариуцагч нараас нэхэмжлэгчийн ээж С.А д танай хүүгийн байрны гэрээг цуцалсан, байраа яаралтай суллаж өг гэж шаардаж, 2019 оны 05 дугаар сард гэрээгээ цуцласан байсан. Нэхэмжлэгч Ц.Ш нь урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн байхад орон сууцны зээл бүтээгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсанд гомдолтой байна. Иймээс хариуцагч “Т” ХХК -нд 13 219 200 төгрөгийг буцаан авах хүсэлтээ өгсөн боловч уг компанийн зүгээс өгөхөөс татгалзаж, түрээсийн төлбөрт суутган авсан гэж нэхэмжлэгчийг давхар хохироосон. Талууд 36 сарын хугацаа тохироод 2019 оны 10 дугаар сард гэрээ дуусахаар байхад ийнхүү 2019 оны 05 дугаар сард гэрээгээ цуцалсан нь хариуцагчийн буруутай үйлдэл. Үүнийг “Т” ХХК-ийн орон сууцны лизингийн гэрээний 3.1, 3.2-т зааснаар гэрээний хугацаа нь хариуцагч “Т” ХХК -тай байгуулсан гэрээнд мөн адил үйлчилнэ гэсэн зохицуулалтаас харж болно. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор тайлбарлахад нэхэмжлэгч Ц.Ш аас 30 хувийн урьдчилгаа төлж, 36 сарын хугацаанд байрандаа амьдарч, худалдаж авах гэрээний тохиролцоог зөрчиж байна. Амьдралын шаардлагаар гадагшаа явахдаа байраа хөлслүүлсэн, энэ талаар хариуцагч нарт мэдэгдсэн. Анх талууд тохирохдоо 36 сарын хугацаанд урьдчилгаа төлбөрийг төлж амьдраад, үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлд хамруулж өгнө гэсэн байтал хариуцагч нь гэрээгээ зөрчсөн. Иймд, хариуцагч нараас 4 719 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, орон сууцыг тус өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч тал энэ хугацаанд урьдчилгаа 30 хувийг төлөөд, үлдэгдэл 70 хувийг жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж төлөхөөр тохирсон боловч орон нутагт ипотекийн зээлийг олгох ажиллагааг 2018 оны 05 дугаар сард нээсэн. Гэвч “Хас банк” ХХК-аас нэхэмжлэгч Ц.Ш 10 000 000 төгрөгийн зээлтэй гэсэн үндэслэлээр ипотекийн зээлд хамруулах боломжгүй гэсэн хариуг 2018 оны 12 дугаар сард өгсөн учраас манай компанийн зүгээс үлдэгдэл төлбөрийг яаралтай төлөхийг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн. Гэтэл тэрээр төлбөрийг төлөөгүй учраас 2019 оны 05 дугаар сард орон сууц захиалан бариулах гэрээг цуцалсан юм. Үүнийг нэхэмжлэгч нь хариуцагчийг ипотекийн зээлд хамруулж өгнө гэж буруу ойлгосон байна, манай талаас зээлд хамруулж өгөх талаар тохироогүй. Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд манай компанийн байранд үнэ төлбөргүй амьдарсан тул энэ хугацаанд байр ашигласны хөлс буюу олох ёстой байсан орлогод нэхэмжлэгчийн төлсөн урьдчилгаа төлбөрөөс суутгаж авах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал гэрээний 4.2.1-т заасныг зөрчиж, орон сууцыг бусдад түрээслүүлсэн байсан, манай компани нэхэмжлэгчээс нийт 12 219 200 төгрөгийг хүлээн авч, үүнээс 8 500 000 төгрөгийг буцаан төлсөн ба үлдэх хэсгийг өгөхгүй. Учир нь, бид нэхэмжлэгчид холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тус орон сууцанд амьдарсан ба гэрээг цуцалсан тул сарын төлбөрийг 150 000 төгрөгөөр тооцож 4 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “Т” ХХК -аас 4 719 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ш д олгож, хариуцагч Ж.Б т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Т” ХХК -ийн гаргасан нэхэмжлэгч Ц.Ш д холбогдох 4 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 950 төгрөг, хариуцагч “Т” ХХК -ийн төлсөн 86 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК -иас 90 457 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ш д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Т” ХХК -аас гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд үүнийг “Т” ХХК -ийн зүгээс эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага ёсоор нэхэмжлэгч Ц.Ш нь манай компанийн өмчлөлийн уг орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 30 сар эзэмшиж ашигласан, 2019 оны 02 дугаар сараас 05 дугаар сард орон сууцыг иргэн М.Өлзийцэцэгт 1 сарын 150 000 төгрөгөөр түрээсэлсэн байдаг бөгөөд үүнд зохигчид маргадаггүй болно. Гэхдээ анхан шатны шүүх ипотекийн зээлд нэхэмжлэгч нь хамрагдах эсэхийг 2018 оны 12 дугаар сар хүртэл хамтдаа хүлээсэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх 1 үндэслэл болсон гэжээ. Энэ нь ойлгомжгүй дүгнэлт бөгөөд “Т” ХХК -ийн барьсан орон сууц нь ипотекийн зээлэнд хамрагдах боломжтой байсан ч нэхэмжлэгч Ц.Ш өөрөө зээл авах шаардлагыг хангаагүй байдаг. Өөрөөр хэлбэл зээлд хамрагдаагүй нь “Т” ХХК -ийн ямар нэг буруутай үйл ажиллагаатай хамаагүй. Энэ шалтгаанаар талууын хооронд хийгдсэн гэрээ хэрэгжих боломжгүй болсон ч Ц.Ш д боломж олгож 2019 оны 05 дугаар сар төлбөрөө гүйцээн төлөхийг нь хүлээсэн байна. Мөн хариуцагч нь 4 500 000 төгрөгийг олох байсан гэдгээ баримтаар нотолж чадаагүй гэжээ. 4 500 000 төгрөг нь 30 сарын хугацааг сар бүр 150 000 төгрөгөөр тооцсон дүн юм. Энэ нь тухай бүс орчмын түрээсийн жишиг бөгөөд нэхэмжлэгч Ц.Ш нь ч өөрөө ийм дүнгээр иргэн М.Өлзийцэцэгт орон сууцыг түрээслүүлж ашиг олсон байдаг. Угтаа өөрөө төлбөрийг төлөөгүй хэрнээ бусдад түрээслүүлж ашиг олж байгаа ба хэрэв Ц.Ш энэ хугацаанд орон сууцыг эзэмшиж ашиглаагүй бол “Т” ХХК  нь үр шимийг нь хүртэх байсан. Нөгөө талаар орон сууцны үнийг төлж чадаагүй Ц.Ш нь 30 сар энэхүү шинэ орон сууцанд ямар ч үнэ хөлс төлөхгүйгээр амьдарч, эзэмшиж ашиглах нь шударга бус ба энэ хугацаанд жишиг аргаар түрээсийн төлбөр төлөх ёстой юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ш нь хариуцагч “Т” ХХК , Ж.Б нарт холбогдуулан орон сууцны захиалгын гэрээний үүрэгт 4 719 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Т” ХХК -аас түрээсийн төлбөрт 4 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ш нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...орон сууцны захиалгын гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 13 219 200 төгрөгөөс 8 500 000 төгрөгийг буцаан төлсөн тул үлдэгдэл 4 719 200 төгрөгийг гаргуулна” гэж, хариуцагч “Т” ХХК  нь татгалзлаа “...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тус орон сууцанд амьдарсан ба гэрээг цуцалсан тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй” гэж тус тус зөрүүтэй тайлбар гарган маргажээ. /хх-1-2, 36/

 

Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших 75 айлын байрнаас 64.8 м.кв талбайтай орон сууцыг 44 064 000 төгрөгөөр худалдан авахаар зохигчид тохирчээ. /хх-8-10/

 

Нэхэмжлэгч нь орон сууцны гэрээний дагуу урьдчилгаа төлбөр буюу 32 хувийг гэрээ байгуулах үед, үлдэгдэл төлбөр болох 68 хувийг орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа төлбөр төлөхөөр тохиролцсон нь орон сууц захиалан бариулах гэрээний хавсралт болох орон сууцны төлбөр төлөх графикаар тогтоогдож байна. /хх-8/

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Ш нь хариуцагч “Т” ХХК -д 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1 600 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 600 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 550 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 450 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 200 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөг нийт 13 219 000 төгрөгийг төлсөн нь хэргийн 11-14 дүгээр тал дах мөнгө төлсөн бичгийн баримтаар тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй болно.  

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц худалдан авах зорилгоор “Тэму финанс” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ бичгээр хийсэн бөгөөд уг гэрээгээр 13 219 200 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй зээлэх, зээлийн гэрээний хугацаа 36 сар гэснийг орон сууцны үлдэгдэл үнийг 36 сарын дотор төлөхөөр тохирсон гэж үзэхгүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа бус мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Талууд урьдчилгаа 32 хувийг төлж үлдэх 68 хувийг жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулахаар тохирсон, уг зээл зогсч үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй, нэхэмжлэгч урьдчилгаанд төлсөн 13 219 200 төгрөгөөс 4 719 200 төгрөгийг буцаан аваагүй, хариуцагч орон сууцаа буцаан авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргасангүй.

 

 Хариуцагч “Т” ХХК  нь нэхэмжлэгчийг үлдэгдэл төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдсэн, төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй зөрчсөн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөр цуцалсан нь хэргийн 7 дугаар талд авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварт шилжүүлэн өгсөн мөнгөнөөс буцаан аваагүй үлдэгдлээ шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасанд нийцжээ. Ийнхүү гэрээ цуцалснаас үүсэх үр дагаварт буюу шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 4 719 200 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцагчаас гаргуулан олгож, хариуцагч Ж.Б т холбогдох хэсгийг хэрэгсхэгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан маргааны зүйл болох орон сууцанд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарыг дуусталх хугацаанд нэхэмжлэгчийг амьдарсан тул олох ёстой байсан орлогод 4 500 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Талууд орон сууцны үнийн үлдэгдэл 30 844 800 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулахаар тохиролцож 201 8 оны 12 дугаар сар хүртэл зээл олгох эсэхийг хүлээсэн боловч уг зээл олгогдоогүйн улмаас гэрээг 2019 оны 05 дугаар сард цуцалсанд нэхэмжлэгчийг буруутай гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь хэсэгт “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй боловч энэ зохицуулалт нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж заасан.

 

Хариуцагч нь 4 500 000 төгрөгийг олох ёстой байсан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй гэж шүүх дүгнэсэн зөв болжээ.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна. Нэхэмжлэгч нь гэм буруугүй учир гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт заасны дагуу хариуцах үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/00286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ