Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 286

 

 

 

 

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2020/00286

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Ш-ын гаргасан,

 

            Хариуцагч: Т ХХК

 

Хариуцагч: Б нарт холбогдох,

 

4,719,200.00 төгрөг гаргуулах тухай үндсэн болон 4,500,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

                                                                                                         

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэгч Ш нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Т ХХК-иас13,800,000.00 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа буруу тооцоолсон байсан учраас үнийн дүнг 13,219,200.00 төгрөг болгон өөрчилсөн.

 

Хариуцагч нараас 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн ******* тоот дансанд 8,500,000.00 төгрөгийг буцаан төлсөн тул үлдэх 4,719,200.00 төгрөгийг орон сууцны захиалгын гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.

Талууд *******ын *******дүгээр багт орших ... тоот хаягт байрлах 3 өрөө бүхий 64.8 м.кв талбайтай орон сууцыг худалдаж авахаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиалгын гэрээ байгуулсан. Ингээд уг захиалгын гэрээний төлбөрийн урьдчилгааг 36 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож, гэрээний хавсралтын дагуу нэхэмжлэгч тал 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж төлбөрийг төлж эхэлсэн. Хариуцагч нар хэрэв нэхэмжлэгчийг урьдчилгаа төлбөрийг хурдан төлвөл жилийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсэн тул 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцандаа нүүж орж, 13,219,200.00 төгрөгийг төлсөн.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сард хариуцагч Бийн Х ХХК дахь дансанд 10,000,000.00 төгрөгийг шилжүүлж, нийт 13,219,200.00 төгрөгийг бүрэн төлсөн. Ингээд 2018 оны 12 дугаар сард ипотекийн зээлийг авахаар материалаа бүрдүүлж, Х ХХК-нд өгсөн боловч тус банкнаас хариуцагч Т ХХК-ийн барьсан орон сууцанд зээл өгөхгүй гэсэн. Энэ талаар хариуцагч нарт мэдэгдэхэд тодорхой хариу өгөхгүй удаад байсан тул нэхэмжлэгч Ш нь 2018 оны сүүлээр гэр бүлийн хамт Бээжингийн элчин сайдад виз мэдүүлж, улмаар 2019 онд Шинэ Зеланд улсад ажиллахаар явсан.

 

Тэрээр гадагшаа явахдаа орон сууцаа бусдад 3 сараар хөлслүүлээд явсан ба энэ тухай хариуцагч нарт мэдэгдсэн. Гэвч түүнийг Шинэ Зеланд улсад амьдарч байх хугацаанд хариуцагч нараас нэхэмжлэгчийн ээж С овогтой А-д танай хүүгийн байрны гэрээг цуцласан, байраа яаралтай суллаж өг гэж шаардаж, 2019 оны 5 дугаар сард гэрээгээ цуцласан байсан. Нэхэмжлэгч Ш нь урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн байхад орон сууцны зээл бүтээгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсанд гомдолтой байна.

 

Иймээс хариуцагч Т ХХК-нд 13,219,200.00 төгрөгийг буцаан авах хүсэлтээ өгсөн боловч уг компанийн зүгээс өгөхөөс татгалзаж, түрээсийн төлбөрт суутган авсан гэж нэхэмжлэгчийг давхар хохироосон. Талууд 36 сарын хугацаа тохироод 2019 оны 10 дугаар сард гэрээ дуусах байхад ийнхүү 5 дугаар сард гэрээгээ цуцласан нь хариуцагчийн буруутай үйлдэл. Үүнийг Т ХХК-ийн орон сууцны лизингийн гэрээний 3.1, 3.2.-т зааснаар гэрээний хугацаа нь хариуцагч Т ХХК-тай байгуулсан гэрээнд мөн адил үйлчилнэ гэсэн зохицуулалтаас харж болно.

 

Сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор тайлбарлахад нэхэмжлэгч Шаас 30 хувийн урьдчилгаа төлж, 36 сарын хугацаанд байрандаа амьдарч, худалдаж авах гэрээний тохиролцоог зөрчиж байна. Амьдралын шаардлагаар гадагшаа явахдаа байраа хөлслүүлсэн, энэ талаар хариуцагч нарт мэдэгдсэн. Анх талууд тохирохдоо 36 сарын хугацаанд урьдчилгаа төлбөрийг төлж амьдраад, үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлд хамруулж өгнө гэсэн байтал хариуцагч нь гэрээгээ зөрчсөн. 

 

Иймд, хариуцагч нараас 4,719,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч нараас тус шүүхэд өгсөн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Бид, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, орон сууцыг тус өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч тал энэ хугацаанд урьдчилгаа 30 хувийг төлөөд, үлдэгдэл 70 хувийг жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж төлөхөөр тохирсон боловч орон нутагт ипотекийн зээлийг олгох ажиллагааг 2018 оны 05 дугаар сард нээсэн.

 

Гэвч Х-иас нэхэмжлэгч Шыг 10,000,000.00 төгрөгийн зээлтэй гэсэн үндэслэлээр ипотекийн зээлд хамруулах боломжгүй гэсэн хариуг 2018 оны 12 дугаар сард өгсөн учраас манай компанийн зүгээс үлдэгдэл төлбөрийг яаралтай төлөхийг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн. Гэтэл  тэрээр төлбөрийг төлөөгүй учраас 2019 оны 05 дугаар сард орон сууц захиалан бариулах гэрээг цуцалсан юм.

 

Үүнийг нэхэмжлэгч нь хариуцагчийг ипотекийн зээлд хамруулж өгнө гэж буруу ойлгосон байна, манай талаас зээлд хамруулж өгөх талаар тохироогүй. Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд манай компанийн байранд үнэ төлбөргүй амьдарсан тул энэ хугацаанд байр ашигласны хөлс буюу олох ёстой байсан орлогод нэхэмжлэгчийн төлсөн урьдчилгаа төлбөрөөс суутгаж авах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч тал гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1.-т заасныг зөрчиж, орон сууцыг бусдад түрээслүүлсэн байсан, манай компани нэхэмжлэгчээс нийт 12,219,200.00 төгрөгийг хүлээн авч, үүнээс 8,500,000.00 төгрөгийг буцаан төлсөн ба үлдэх хэсгийг өгөхгүй. Учир нь, бид нэхэмжлэгчид холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тус орон сууцанд амьдарсан ба гэрээг цуцалсан тул сарын төлбөрийг 150,000.00 төгрөгөөр тооцож 4,500,000.00 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Шаас хариуцагч Т ХХК, Б нарт холбогдуулан 4,719,200.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т ХХК-иаснэхэмжлэгч Шад холбогдуулан 4,500,000.00 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд,

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ш нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Т ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Говь сүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших 75 айлын байрнаас 64.8 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон байна /х.х-ийн 8-10 хуудас/.

            Тодруулбал, талууд уг 64.8 м.кв талбайтай орон сууцны 1 м.кв талбайг 680,000.00 төгрөгөөр тооцож, нийт 44,064,000.00 төгрөгөөс нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт 32 хувь буюу 14,100,480.00 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэх 68 хувь болох 29,963,520.00 төгрөгийг орон сууцыг улсын комисс хүлээн авах өдөр төлөхөөр болжээ.

 

            Гэвч тус гэрээний хавсралтад зааснаар нэхэмжлэгч тал 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,600,000.00 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 600,000.00 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 550,000.00 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 450,000.00 төгрөг, түүнчлэн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 200,000.00 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000.00 төгрөг, нийт 13,400,000.00 төгрөгийг төлөхөөр тохиролцож, үүнээс 13,219,200.00 төгрөгийг төлсөн болон нэхэмжлэгчид орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй /х.х-ийн 10 хуудас/.

  

             Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар зохигчдыг уг гэрээг байгуулах тухайн цаг хугацаанд маргааны зүйл болох орон сууцыг зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан, үүнээс гадна хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус орон сууц захиалан бариулах гэрээг “зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэж тайлбарласан, мөн талууд худалдсан зүйлийн үнийг нэн даруй бус тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон байгаа ч энэхүү гэрээний зүйлийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжгүй, зөвхөн төлбөрийг хожим төлөх нөхцөлтэй байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний бус, харин тус хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

 

            Тодруулбал, зохигчид гэрээний зүйлийн үнэ 44,064,000.00 төгрөгөөс үлдэх 29,963,520.00 төгрөгийг орон сууцыг улсын комисс хүлээн авах өдөр төлнө гэж тохиролцсон байх боловч хожим жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж төлөхөөр болсон хэдий ч уг 68 хувийг урьдчилгаа 32 хувийг төлсөн өдрөөс хойш 36 сарын дотор төлнө гэж шууд тохироогүй, харин зээлийн санхүүжилт бүтсэн тэр даруйд төлөхөөр тохирсон бөгөөд тодорхой шатгааны улмаас Говь сүмбэр аймагт ипотекийн зээлийг олгох ажиллагаа 2018 оны 05 дугаар сар хүртэл зогссон байсан ажээ.

 

            Мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Ш нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Т ХХК -тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 13,219,200.00 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлэхээр тохирсон боловч энэ нь орон сууцны үлдэх үнэ болох 30,844,800.00 төгрөг /13,219,200.00 төгрөгийг төлсөн/-ийг 36 сарын дотор төлнө гэсэн утгыг илэрхийлээгүй, гагцхүү зээлийг 36 сарын хугацаанд төлнө гэсэн байх тул зохигчдын хооронд байгуулсан тус гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх боломжгүй байна.    

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хэдийгээр нэхэмжлэгчийн төлсөн 13,219,200.00 төгрөгөөс 11,400,000.00 төгрөгийг хариуцагч Бийн дансанд шилжүүлсэн байх боловч хариуцагч Т ХХК-ийн зүгээс уг 13,219,200.00 төгрөгийг хүлээн аваагүй гэж маргаагүй. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар хариуцагч Т ХХК-ийг 13,219,200.00 төгрөгийг хүлээн авсанд тооцно.

 

Иймд, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар нэхэмжлэгч Ш болон хариуцагч Т ХХК нарын хооронд худалдах, худалдах авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч буюу худалдан авагч Ш нь орон сууцны үнэ 44,064,000.00 төгрөгөөс 13,219,200.00 төгрөгийг төлсөн хэдий ч үлдэгдэл 30,844,800.00 төгрөгийг төлөөгүй, тэрээр жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж чадаагүй байна.

 

Ингээд хариуцагч буюу худалдагч Т ХХК-иаснэхэмжлэгч Шыг орон сууцны үнийг бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгч, улмаар орон сууцыг буцаан авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль ******* тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан гэрээний дагуу авсан, өгсөн зүйлээ харилцан буцаажээ /х.х-ийн 7 хуудас/.

 

Гэвч хариуцагч Т ХХК нь 13,219,200.00 төгрөгийг авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8,500,000.00 төгрөгийг буцаан төлсөн боловч үлдэх 4,719,200.00 төгрөгийг төлөөгүй байна. Зүй нь, тус компани Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7.-д “Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, *******эн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй” гэж зааснаар 4,719,200.00 төгрөгийг төлөх үүрэгтэй юм.

 

Иймд, *******энт нэхэмжлэгч Ш болон хариуцагч Т ХХК нар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, өгсөн, авсан зүйлээ харилцан буцаахыг зөвшөөрсөн байх тул хариуцагч Т ХХК нь 4,719,200.00 төгрөгийг нэхэмжлэгч Шад буцаан өгөх нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

            Хариуцагч Т ХХК-иаснэхэмжлэгч Шад холбогдуулан 4,500,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийг маргааны зүйл болох орон сууцанд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд амьдарсан гэсэн үндэслэлээр олох ёстой байсан орлого хэмээн нэхэмжилсэн.

 

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д “Гэрээний ******* тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн 227.3.-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заажээ.

 

            Гэвч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Шыг орон сууцны үнийн үлдэгдэл 30,844,800.00 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах байдлаар төлөхийг зөвшөөрсөн бөгөөд Говь сүмбэр аймагт ипотекийн зээлийн олголт 2018 оны 05 дугаар сараас эхлэн нээгдэж, улмаар тус зээлд нэхэмжлэгчийг хамрагдах боломжгүйг хариуцагч нь 2018 оны 12 дугаар сард мэдсэн хэдий ч худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 05 дугаар сард цуцалсан байна.

 

            Өөрөөр хэлбэл, талууд орон сууцны үнийн үлдэгдэл 30,844,800.00 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах тухай харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу 2018 оны 12 дугаар сар хүртэл уг зээлийг олгох эсэхийг хүлээжээ.

 

Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 4,500,000.00 төгрөгийг олох ёстой байсан гэдгээ тодорхой баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагч Т ХХК-иас 4,719,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шад олгож, хариуцагч Бт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Т ХХК-иас 4,719,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш-д олгож, хариуцагч Б-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Шад холбогдох 4,500,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,950.00 төгрөг, хариуцагч Т ХХК-ийн төлсөн 86,950.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 90,457.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шад олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МАНДАЛБАЯР