| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 106/2018/0688/э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | 18.5.3., 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 123
Н.Б, Х.Ш, Б.Ц, Б.Я, Т.Д, Г.Ч, Т.Э нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч П.Баасанжав, Б.Ц-ын өмгөөлөгч А.Ариунаа, Г.Ч-ын өмгөөлөгч Б.Энхтуяа, Т.Д-ын өмгөөлөгч А.Төмөрчулуун, Ц.Батзаяа, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 801 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаар магадлалтай, Н.Б-, Б.Ц-, Г.Ч-, Х.Ш-, Т.Э-, Т.Д-, Б.Я- нарт холбогдох 1802001010057 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Я-гийн өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүгдэгч Т.Д-ын өмгөөлөгч Ц.Батзаяа, А.Төмөрчулуун, шүүгдэгч Н.Б- болон түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Г.Ч-ын өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүгдэгч Б.Ц-ын өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ял шийтгүүлж байгаагүй, О овогт Н-н Б,
2. Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эх, ах, дүү нарын хамт,
Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нийт 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 23 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 608 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 сар 20 хоногийн баривчлах ялаар,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-д зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан, Х овогт Б-н Я-н,
3. Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, ах нарын хамт, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Б-н Ц,
4. Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 дүүгийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Т-н Э,
5. Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г-н Ч,
6. Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт, ял шийтгүүлж байгаагүй, О овогт Х-н Ш,
7. Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 113/а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан Ө овогт Т-н Д.
1. Н.Б- нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх үедээ илгээмжээр /принтерийн хайрцаг дотор/ 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,
Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар байрны 2-6 тоотод 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Б.Ц-, Х.Ш- нарт худалдаалсан,
2. Б.Ц- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,
3. Г.Ч- нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжил” хотхоны гадаа 86-50 УББ дугаартай цагаан өнгийн “Тоёота Марк-Экс” загварын тээврийн хэрэгсэлд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс”, “шавар” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,
4. Х.Ш- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан хадгалсан, бусдад худалдаалсан,
5. Т.Э- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар”, “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,
6. Т.Д- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,
7. Б.Я- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.5 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Я-д урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дүйцүүлэн багасгаж 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
шүүгдэгч Б.Ц-, Г.Ч-, Б.Я- нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,
Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар, Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, Х.Ш-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, Б.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ч-, Т.Э-, Т.Д- нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Г.Ч-, Т.Э-, Т.Д- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах сургалтанд хамрагдах”, 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 3.3-т заасан “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялуудыг нэмж нэгтгэн, Н.Б-гийн биечлэн эдлэх ялыг 6 жил 10 сар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Б.Я-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сар хорих ял дээр 2 жил 1 сар 14 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Я-гийн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 14 хоног хорих ялаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-, Б.Ц-, Х.Ш- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Б.Я-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар...” гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Б.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар...” гэж,
тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Б.Я-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Я-гийн биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.” гэж тус тус өөрчилж,
шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Г.Ч-, Т.Э-, Т.Д- нарт холбогдох заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож, тэдэнд холбогдох хэсгийг тусад нь дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Я-гийн өмгөөлөгч Г.Ганбадрах гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс Б.Я-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан 2 жил 5 сар хорих ял болгон хүндрүүлсэн нь үндэслэлгүй юм. Иймд гомдлыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгч Т.Д-ын өмгөөлөгч Ц.Батзаяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс Т.Д- нарт холбогдох заалтуудыг хүчингүй болгож, тэдэнд холбогдох хэргийг тусад нь хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, анхан шатны шүүхийн хуулиар олгосон бүрэн эрхэд халдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал:
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон болохоос биш нэгийг нь нөгөөгөөс нь онцолж, онцлогдсон зүйл заалтуудаар гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд хуульд заасан боломжууд хамаарахгүй, хаалттай байхаар зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуульд огтхон ч байхгүй.
Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүх гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг онцгойлж энэ гэмт хэрэгт холбогдсон ямар ч этгээд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн боломжийг эдлэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг үндсэн 5 зорилгын багц атал давж заалдах шатны шүүхээс цээрлүүлэх нь уг зорилгод нийцнэ гэж нэг талаас нь дүгнэж үйлдэл оролцоонд ялгамжтайгаар хандаж нийгэмшүүлэх зорилго нэг талд нь байгааг харгалзаж үзэлгүй хавтгайруулан цээрлүүлэх нь зүйтэй гэж буруу дүгнэсэн.
Давж заалдах шүүх Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгын нийцлийг дүгнэхдээ “...гэмт хэрэгт олноороо буюу бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзан үзэж” гэсэн байдаг атал энэхүү хэрэгт бүлэглэсэн буюу зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн асуудал байхгүй. Гэтэл шүүх огт байхгүй асуудлыг гарган дүгнэж, олон хүн холбогдсоноос нь шалтгаалан бүлэглэн үйлдсэн гэж үзэж энэ үндэслэлээрээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” заалтыг хэрэглэсэн этгээдүүдийг буруутгасан нь буруу юм.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч Т.Д- нь дээрх хуулийг хэрэглэх нөхцөл шаардлагыг хангаж байна гэж дүгнэж, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан атал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хуулиар олгосон бүрэн эрхэд нь халдаж шийдвэрийг нь хүчингүй болгож байгаа нь буруу гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүхээс хуулийн дээр дурдсан зохицуулалтыг “хавтгайруулан хэрэглэсэн нь” буруу гэжээ. Уг нь гэмт хэрэгт хэдэн ч хүн холбогдсон байсан хуульд заасан нөхцөлийг бүгд хангаж байвал бүгдэд нь энэ заалт хэрэглэгдэх ёстой.
Эрүүгийн хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ гэж хуульчилсан. Гэтэл манай тохиолдолд анхан шатны шүүхээс Т.Д-т Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэнд эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдлын аль нь ч хамаарахгүй болно.
Анхан шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд заасан шаардлагыг хангасныг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь үндэслэлтэй. Үүнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Т.Д- нь гомдол гаргаж буй энэ өдрийн байдлаар нийт 73 хоног цагдан хоригдсон мөн хугацаанд хорих ялыг биеэр эдлээд байгааг харгалзан үзэж тэнссэн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “зан үйлээ засан сургалтанд хамрагдах” болон бусад үүрэг хүлээлгэснийг бүрнээ ухамсарлан хэрэгжүүлэхээ Т.Д- нь илэрхийлж байгаа болно.” гэв.
Шүүгдэгч Т.Д-ын өмгөөлөгч А.Төмөрчулуун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: Т.Д-ыг 2018 оны 03 сарын 13-ны өдөр мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад Т.Д- мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, яллагдагчаар татагдсан мэдүүлэгтээ “Т.Э-тай Солонгос улсад явах виз гаргуулах зорилгоор уулзаж байсан. Түүнд 800,000 төгрөг зээлсэн. Уг мөнгөө буцаан авахаар Улаанбаатар хотод ирсэн. Хэрэг гардаг өдөр мөн 200,000 төгрөгтэй байсан. Мөн Т.Э- үлдсэн 186,000 төгрөгийг түр хэрэглээд өгье гэж авсан. Мансууруулах бодис худалдан авах талаар би мэдээгүй, би Эрдэнэбаяр ахад мөнгөө авмаар байна гэж хэлэхэд за энийг хэрэглээд тайвшир гээд шавар шиг зүйл өгөхөөр нь сонирхолдоо хөтлөгдөөд хэрэглэсэн. Хамгийн гол нь би мөнгөө л авах зорилготой очсон гэж тогтвортой мэдүүлэг өгдөг. Энэ нь Х.Ш-ын гар утсанд хийсэн үзлэг /хх-ийн 114-р хуудас/, Х.Ш-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн /3-р хавтаст хэргийн 41-43-р хуудас/, Т.Э-ын /3-р хавтаст хэргийн 89-р хуудас/, яллагдагч Н.Б-гийн /3-р хавтаст хэргийн 57-59-р хуудас/, яллагдагч Г.Ч-ын /3-р хавтаст хэргийн 70-р хуудас/, яллагдагч Б.Я-гийн /3-р хавтаст хэргийн 81-р хуудас/ мэдүүлгүүдээс харахад Т.Д-ын хэргийн оролцоо харьцангуй бага, мөнгөө олж авахын тулд Т.Э-тай уулзсан бөгөөд тохиолдлын чанартайгаар тухайн хэрэгт оролцсон. Анхан шатны шүүх Т.Д-ын хувьд зөв дүгнэлтийг хийсэн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч П.Баасанжав гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Н.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдааныг эхлэхэд Н.Б-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн талаар, өөрөөр хэлбэл Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмууд алдагдсан, яллагдагч нарыг мансуурсан үед нь өөрсдийнх нь эсрэг мэдүүлэг авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Н.Б-, Х.Ш-, Б.Ц- нарын сэжигтний мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг гаргасан. Шүүх энэ хүсэлтийг хэлэлцээгүй, тодорхой шийдвэр гаргахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтаар тооцохгүй байх тухай оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Хэргийн материалыг танилцахад мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан материал байсан ба хэрэг шүүхэд шилжиж ирэхэд энэ материал хэрэгт хавсаргагдаагүй, яллагдагч Н.Б- болон өмгөөлөгчийг мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох магадалгаатай танилцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах шийдвэр, түүний үр дүнг хэрэгт хавсаргахаар заасан. Иймд энэ хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан эсэх, хэрэв уг ажиллагааг явуулсан бол прокурорын шийдвэр, ажиллагааны үр дүнгийн магадалгааг хэрэгт хавсаргуулж, оролцогчдод танилцуулах гэсэн хүсэлтийг гаргасан. Яллагч урьдчилсан хэлэлцүүлгийн үед мөрдөн шалгах нууц ажиллагааны талаар “...Нууц ажиллагаа явуулахдаа зөвшөөрөлгүй явуулсан байсан учир зөвшөөрлийг нөхөж авахуулахаар буцаасан гэж тайлбарласан. Энэ нь хурлын тэмдэглэлд тусгагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцно” гэж заасан. Мөрдөгчөөс хэрэгт хавсаргаж ирүүлсэн нотлох баримтыг (Мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, магадалгаа) нотлох баримтаас хассан тухай шийдвэр гаргаагүй байхад хэргээс авсан прокурорын үйл ажиллагаа хууль бус, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан хэргийн материалтай танилцуулах тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно гэж тодорхойлжээ. Гэтэл мөрдөгч 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06 цаг 10 минутанд Н.Б-г мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор түүний шээснээс дээж авч тест хийж үзсэн тэмдэглэлээс үзэхэд тухайн үед түүний биеэс КЕТ хэсгийн Т, С, түвшинд улаан зураас сөрөг гэж зааж байгаа нь МЕТ буюу метамфетамин, АМР буюу амфетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болохыг тусгав гэжээ. (Хэргийн 1 дүгээр хавтас 68-69 дүгээр хуудас)
Энэ ажиллагааг явуулсны дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 07.30 минутад Н.Б-гаас сэжигтний мэдүүлэг авчээ. (Хэргийн 1 дүгээр хавтас 34-35 дугаар хуудас) Үүнээс үзэхэд Н.Б-гаас сэжигтний мэдүүлэг авсан ажиллагаа нь хууль бус болох нь нотлогдож байна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, оюун санаа, сэтгэлзүйн хувьд тогтворгүй, сэтгэц хэвийн бус болж мансуурсан хүнээс өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй юм. Мансуурсан үед нь яллагдагч нараас мэдүүлэг авсан ажиллагааг шүүх “...Яллагдагч нар хэргийн талаар ухамсарлаж мэдүүлсэн” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн, мөн энэ талаар өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг зөрчсөн тодруулбал шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх мансуурсан этгээдээс мэдүүлэг авсан ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж дүгнэж байгаа нь эрүүгийн хууль хэрэглээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буруу жишиг тогтох сөрөг үр дагавартай юм. Хэрэв согтуурсан, мансуурсан хүнээс мэдүүлэг авах ажиллагааг хууль зөрчөөгүй, хуулиар энэ асуудлыг зохицуулаагүй гэж үзэж буруу жишиг тогтоовол ганц хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг бус, манай улсад ихэвчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдэгддэг хүний амь насыг хохироосон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг ийм байдлаар мөрдөх, хэрэгт холбогдсон этгээд тухайн үеийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийхгүй мэдүүлэг өгөх зэргээс хүний эрх зөрчигдөх, хилсээр хэрэг хүлээх, хэргийн нөхцөл байдлыг хүндрүүлэх зэрэг асуудлууд гарсаар байх болно.
2015 онд батлагдан мөрдөгдсөн Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэглэхэд багагүй хүндрэл гарч, ойлгомжгүй хийдэл буюу цоорхой асуудлууд олон байгаа. Үүний нэг нь энэ асуудал гэж үзэж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дурдсан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль мансуурсан этгээдээс мэдүүлэг авахыг хориглосон заалт байхгүй, нотлох баримт цуглуулах бэхжүүлэх ажиллагаанд хууль зөрчигдөөгүй байна гэж дүгнэсэн.
Монгол Улсын дээд шүүх хууль хэрэглэх практик тогтоох, тайлбарлах чиг үүрэг Монгол Улсын үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд заагдсан. Иймд дараах асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Анхан болон давж заалдах шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөөгүй гэх асуудалд тодорхой дүгнэлт хийж өгнө үү.
Н.Б- нь өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөв, мэдүүлгийг өгсөн ба гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байгаа талаараа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт, давж заалдсан гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо тодорхой мэдүүлсэн болно. Түүнд оногдуулсан ялыг тодорхой хугацаагаар багасгаж хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Н.Б- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил 10 сар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Миний бие анх удаа дээрх гэмт хэрэгт холбогдож амьдралдаа том алдаа гаргасан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний бусдад төлөх төлбөргүй, өндөр настай эхийгээ асран халамжилж буй байдлыг харгалзан үзэж хуульд заасан үндэслэл, журмын дагуу оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө гэж хүсэж байна” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Ч-ын өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Г.Ч- нарын үйлдлийг хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, үйлдэл оролцоо зэрэгт бодитой хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хавтгайруулан хэрэглэсэн ... гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тэдэнд холбогдох хэсгийг тусад нь дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг ялтан Г.Ч-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нар эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхээс Г.Ч- нарт “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь тэдгээрт итгэл үзүүлж, тэдгээрийг энэ төрлийн гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлж, мөн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ойлгуулж сургалтанд хамруулж байгаа нь тэдгээрийн сэтгэл зүйг эмчлэх, зан үйлийг зассанаар дахин гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ....гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиж байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа болно. Ялын бодлогыг хүндрүүлснээс ялтан хүмүүждэг, гэм буруугаа ухаардаг гэвэл өрөөсгөл ойлголт. Жишээлбэл ялтан Б.Я- 5 удаа ял шийтгүүлээд хүмүүжсэн гэвэл үр дүн нь одоо ч гэмт хэрэг үйлдэж байх жишээтэй.
Давж заалдах шатны шүүхээс ялтан нарт оногдуулсан ялыг хавтгайруулан хэрэглэсэн гэсэн нэр томъёог хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэсэн шударга ёсны зарчимтай зөрчилдөж байна. Мөн хуулийн 1.8 дугаар зүйлд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгч Б.Ц-ын өмгөөлөгч А.Ариунаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5, 1.6-д заасныг зөрчин энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар зөвхөн шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, мөн хуулийн 16.11 дэх хэсэгт зааснаар энэ хуульд заасныг зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлээгүй атлаа шийдвэрийн үндэслэл болгосон, шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдээгүй хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс зөрчлийг засуулаагүй тул хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:
1. Шүүх шүүгдэгч Б.Ц-ыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч 2 жил хорих ялаар шийтгэн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг нэн дордуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Ц-ын хувийн байдал нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар нэн хүнд юм. Хэрэгт холбогдон шалгагдаж байх явцад түүний эцэг болох Ц.Борхүү хүнд өвчний улмаас нас барсан, одоо 70 настай ээж Тамара, хүнд өвчтэй эгч Б.Цэцэг түүний бага насны 2 хүүхдийн хамт амьдралын хүнд нөхцөлд амьдардаг бөгөөд Б.Ц-ыг хоригдсоноос хойш түүний ар гэрийн байдал маш хүнд байна. Б.Ц- нь ямар нөхцөлд хэрхэн амьдардаг болох нь хэрэгт байх нотлох баримтууд буюу түүний гэрт хийсэн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтээр харагдана. Иймд шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчлийн тухайд шүүгдэгч Б.Ц-ыг мансуурсан үед нь албадаж мэдүүлэг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүх мансуурсан үедээ өгсөн мэдүүлгийг “хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, үйл баримтын дэс дараалалтай, утга агуулгын хувьд ухамсарлаж мэдүүлсэн” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь Б.Ц- уг мэдүүлгийг өөрөө бичээгүй харин мөрдөгч найруулж бичсэн байхад уг мэдүүлгийг үнэн зөвд тооцон шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Б.Ц-ын мансуурсан үедээ өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг шүүхэд өгсөн боловч хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлээгүй болно.
Мөн тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч тэмдэглэл үйлдэж оролцогч нарт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1, 28.2, 28.3 дугаар зүйлийг ноцтойгоор зөрчсөн гэж урьдчилсан хэлэлцүүлэг болох шүүх хуралдааны шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгч нар санал хүсэлтээ өгсөөр байхад хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Хэдийгээр миний үйлчлүүлэгчид хамааралгүй боловч бас нэг анхаарууштай зөрчил нь энэ хэргийн шүүгдэгч Б.Я-г энэ хэрэгт хамааралгүй, ял сонсгож яллагдагчаар татагдаагүй, урьд нь ял шийтгүүлсэн хэргийг хэлэлцэж түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэж байгаа нь мөн л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг зөрчиж байна. Зүй нь Б.Я-гийн урьд нь шийтгүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн саналыг үндэслэн прокурор дүгнэлт гаргаж шүүхэд санал оруулах ёстой билээ. Б.Я-гийн эдлээгүй үлдсэн ялыг нь хэд гэж тооцож байгаа, ялтан эсвэл яллагдагчаар цагдан хоригдож байсан эсэх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг журамлахдаа юуг үндэслэсэн нь тодорхойгүй байна.
Иймд шүүх дээрх зөрчлүүд байна гэж үзвэл шүүгдэгч Б.Ц-од оногдуулсан ялыг түүний ар гэрийн амьдрал, хувийн байдлыг харгалзан үзэж тэнсэж өгнө үү” гэв.
Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Н.Б- нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа, нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж нотолсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Б.Я- нь 2016 онд Баянзүрх дүүргийн шүүхээр 10 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, эдлээгүй байсан ялыг анхан шатны шүүхээс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд дүйцүүлэн ял оногдуулж, сүүлд үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулж, нэмж нэгтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүхээс Г.Ч-, Т.Э-, Т.Д- нарын үйлдсэн гэмт хэргийг тэнссэн асуудлыг хүчингүй болгосонд прокурорын зүгээс тусгайлан гаргах санал байхгүй. Харин Н.Б- нарыг мансууруулах бодис хэрэглэсэн үед буюу мэдүүлэг өгөх чадваргүй байхад нь байцаасан зөрчил гарсан талаар дурдаж байна. Тухайн үед 03 дугаар сарын 14-ний өглөөний 06 цагт шээсний шинжилгээ авч, мансууруулах бодис тодорхой хэмжээгээр хэрэглэсэн байна гэж 07 цаг 30 минутад байцаалт авсан байдаг. Шүүгдэгч нар илт цаг хугацаа, орон зайгаа алдаж, байцаалт өгөх чадваргүй нөхцөл байдал байгаагүй. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй юм. Энэ хэрэгтэй танилцах явцад мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан баримт, магадлагаа хэрэгт байдаггүй. Үүнд хууль зөрчсөн гэх дүгнэлт хийх үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн Н.Б-, Б.Ц-, Г.Ч-, Х.Ш-, Т.Э-, Т.Д-, Б.Я- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Н.Б- нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 11 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,
Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар байрны 2-6 тоотод 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 8 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, бусдад худалдаалсан,
Б.Ц- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 3.3 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан,
Х.Ш- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 1.3 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар бусдад худалдаалсан,
Б.Я- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0.5 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна хэргийг зүйлчлэхдээ холбогдох хуулийн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэж шүүгдэгч Н.Б-гийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Х.Ш-ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, түүнчлэн Б.Ц-, Б.Я- нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангасан талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн түүнчлэн, шүүхээс шүүгдэгч Н.Б-, Х.Ш-, Б.Ц- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуулийн шаардлагад нийцсэн шийдвэр гаргажээ.
Үүний зэрэгцээ шүүгдэгч Б.Я-д анхан шатны шүүхээс оногдуулсан ялын талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж өөрчилснийг буруутгах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Г.Ч-, Т.Э-, Т.Д- нарын холбогдсон хэргийн хувьд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэм буруугийн хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцсон байдал, үйл баримтыг нарийвчлан тогтоогоогүй, Г.Ч-ын эзэмшлийн тээврийн хэрэслээс хурааж авсан сэтгэцэд нөлөөлөх бодисын нэр төрөл, тун хэмжээ, эдгээр нь хэнд хэрхэн хамааралтай талаар бодитой дүгнэлт хийлгүй, тэдэнд “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зохицуулалтыг хавтгайруулан хэрэглэсэн гэх үндэслэлээр эдгээр шүүгдэгч нарт холбогдох заалтуудыг хүчингүй болгож, хэргийг тусад нь дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.
Учир нь шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч тус бүрээр дүгнэлт хийсэн байх ёстой билээ. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Я-гийн өмгөөлөгч Г.Ганбадрахын “шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү”, шүүгдэгч Т.Д-ын өмгөөлөгч Ц.Батзаяа, А.Төмөрчулуун, шүүгдэгч Г.Ч-ын өмгөөлөгч Б.Энхтуяа нарын “шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах”, шүүгдэгч Н.Б- болон түүний өмгөөлөгч П.Баасанжавын “оногдуулсан ялыг хөнгөрүүлэх”, шүүгдэгч Б.Ц-ын өмгөөлөгч А.Ариунаагийн “хувийн байдлыг нь харгалзан үзэж, тэнсэж өгнө үү” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 801 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаар магадлалыг хэвээр үлдээж шүүгдэгч Б.Я-гийн өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүгдэгч Т.Д-ын өмгөөлөгч Ц.Батзаяа, А.Төмөрчулуун, шүүгдэгч Н.Б- болон түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Г.Ч-ын өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүгдэгч Б.Ц-ын өмгөөлөгч А.Ариунаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН