Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 366

 

Д.М-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь,                                      

Шүүгчид:                               Г.Банзрагч,

                                             Х.Батсүрэн,

                                             П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Э Б Э м” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай “И” ХХК болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэл, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Э Б Э м” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-ыг чөлөөлж, С.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлтэй холбогдуулж дахин шинээр авсан 00144917 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах”,   

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0230 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0358 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, Д.Т, Л.Н,

Гуравдагч этгээд С.Б нар.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0230 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ын “2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Э Б Э м” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай “И” ХХК болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэл, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Э Б Э м” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-ыг чөлөөлж, С.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлтэй холбогдуулж дахин шинээр авсан 00144917 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0358 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0230 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4. а/ “Э Б Э м” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.М нь “өөрийн хөрөнгийн 100 хувьтай тэнцэх 1.000.000 төгрөгийн өөрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь “И” ХХК-д худалдаж, компанийн үүсгэн байгуулагчаас гарах тухай 16/21 дугаар шйдвэрийг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан. 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Э Б Э м” ХХК-ийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай” гэрээг “И” ХХК болон Д.М нар байгуулсан. Гэтэл уг гэрээ байгуулагдахаас өмнө буюу “Э Б Э м” ХХК-ийн эрх шилжихээс өмнө 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Kim Boo Seop нь “Э Б Э м” ХХК-ийн хувьцаа болон эрхийг 100 хувь шилжүүлэн авах тухай 16/014 дугаар шийдвэрийг гаргасан. Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад үйлдсэн “Э Б Э м” ХХК-ийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах тухай 16/014 дугаар шийдвэр нь хууль бус баримт бичиг байсан.

5. Тиймээс хууль бус нотлох баримтыг үндэслэн бүртгэсэн улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасныг зөрчсөн.

6. б/ Нотлох баримт бүрдүүлэх, тэдгээрийг үнэлж дүгнэх ажиллагааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1, 31.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 -т заасны дагуу хэрэгжүүлээгүй. “И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Kim Boo Seop нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэх захирлыг өөрчлөх, дүрэм шинэчлэн баталж, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга дахин авах, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны чиглэл хасах тухай шийдвэрүүдийг гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл гаргасан үйл баримтыг дүгнэхдээ Т.Б-г гэрчээр асуугаагүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр олгох, гүйцэтгэх захирал өөрчлөх бүртгэл хийх нөхцөл байдал болох бичиг баримт нь гэрчилгээ, тамга үрэгдүүлсэн гэх нөхцөл байдал бодитой эсэхийг үнэлээгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга үрэгдүүлсэн гэх нөхцөл байдал үүсээгүй, бүрдүүлсэн баримт бичиг нь хуурамч байсан нь хэрэг хянан шийдвэрлэх явцад тодорхой болсон байхад үнэлээгүй. “Э Б Э м” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга хүчин төгөлдөр байсаар байхад үрэгдүүлсэн гэж шинээр авахаар шийдвэр гаргаж, өргөдөл гаргасныг бүртгэсэн нь хууль бус.

7. Хариуцагч С.Б-нь “Э Б Э м” ХХК-ийн гэрчилгээ, тамгыг албадан гаргуулахаар хуулийн байгууллагад хандаж эрхээ хэрэгжүүлэх оролдлого хийж байгаагүй, эх хувиар байгааг мэдсээр байж үрэгдүүлсэн гэсэн зар өгч шинээр авсан нь шүүх хуралдааны явцад тодорхой болсон. Нэхэмжлэгч гэрчилгээ гаргаж өгөөгүй гэсэн шалтгаанаар үрэгдүүлсэн гэсэн зар нийтэлж, гэрчилгээг шинээр авах нь хуульд заасан журмыг зөрчиж бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэж байна. Анхан шатны шүүх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15, 22 дугаар зүйлд заасныг хэрэглээгүй.

8. в/ Компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэж, хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээс тусгай зөвшөөрөлтэй эрхэлдэг эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлийг хасч бүртгэсэн нь хууль бус. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулахдаа тусгай зөвшөөрлийг эх хувиар авах шаардлагыг зөрчиж энэ бүртгэл хийгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заах заалтыг хэрэглээгүй дүгнэлт хийсэн.

9. С.Б-нь “Э Б Э м” ХХК-ийн гэрчилгээ, тамгыг дахин гаргуулан  авч,   тусгай  зөвшөөрөлтэй  эмнэлгийн  үйл  ажиллагааны  чиглэлийг компанийн дүрмээс хасах бүртгэл хийлгэсэн нь Д.М-ын болон эмнэлгийн эмч, ажилтнуудын эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл байсан. Д.М нь “Э Б Э м” ХХК-ийн тамга, гэрчилгээг дахин гаргуулан авсныг мэдээгүй. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлбөр төлөлт болон санхүүгийн тайлан тооцоог гаргаж чадахгүй, хүчин төгөлдөр бус болох эрсдэлтэй байна. Мөн эмнэлгийн үйл ажиллагааны орлогыг С.Б-нь данснаас дураар авч хэрэглэсэн баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй.

10. 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн бүртгэл, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэл хийх болсон бодит нөхцөл байдал нь тодорхойгүй, хуурамч, нотлох баримт нь хууль бус байсан байхад бүртгэл хийсэнд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хүчин төгөлдөр гэрчилгээ, тамгыг хураан авч хүчингүй болгоогүй, үрэгдүүлсэн гэсэн хуурамч нотлох баримт, шийдвэрт үндэслэн шинээр гэрчилгээ, тамга олгосны улмаас хоёр тамга, хоёр гэрчилгээтэй тодорхойгүй нөхцөл байдал үүсч Д.М, эмнэлгийн хамт олны эрх, ашиг сонирхолд хохирол учирсан.

11. ...магадлалд “Э Б Э м” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.М нь өөрийн хөрөнгийн 100 хувьтай тэнцэх хувьцаа болон компанийн эрхийг “И” ХХК-д шилжүүлсэн гэх үндэслэл байгаа гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна. Хэрэв энэ шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэж байгаа бол 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Kim Boo Seop нь “Э Б Э м” ХХК-ийн хувьцаа болон эрхийг 100 хувь шилжүүлэн авах тухай гаргасан 16/014 дугаар шийдвэр нь “Э Б Э м” ХХК-ийн эрх, хувьцаа шилжүүлэх гэрээ хийгдэхээс өмнөх цаг хугацаанд гарсан нөхцөл байдлыг мөн үндэслэлтэй эсэхийг дүгнэх шаардлагатай.

12. Нэг шйдвэрийг үндэслэлтэй гэж дүгнээд өөр нэг шийдвэрийг үндэслэлтэй эсэхийг үнэлэхгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1, 31.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

13.  Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4-т заасан “Улсын бүртгэл үнэн зөв бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5, 3.1.6 дугаар зүйл заалт, Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3 дугаар зүйл, 40.4-т заасан “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэсэн хуулийн заалтыг тус тус хэрэглээгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

14. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0230 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0358 дугаар магадлалыг тус тус бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

16. Нэхэмжлэгч Д.М нь 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Э Б Э м” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар “И” ХХК болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэл, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Э Б Э м” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-ыг чөлөөлж, С.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлтэй холбогдуулж дахин шинээр авсан 00144917 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...БНСУ-ын иргэн Ким Бү Сооб /Kim Boo Seop/ нь компанийн эрхийг залилан мэхлэх замаар шилжүүлэн авч, гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн” гэж маргажээ.

17. Анхан болон давж заалдах шатны шүүх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

18. 1/ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд: нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэхээр, 23 дугаар зүйлийн 23.3-т Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд: баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, Иргэний хуульд заасан холбогдох гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэхээр тус тус заажээ.

19. Гуравдагч этгээд “И” ХХК нь “Э Б Э м” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнийг бүртгүүлэхээр 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргасан байх ба хариуцагч улсын бүртгэлийн газар нь уг өөрчлөлтийг бүртгэхдээ маягтын дагуу гаргасан өргөдөл, “Э Б Э м” ХХК /хувьцаа эзэмшигч Д.М/-ийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16/21 дүгээр шийдвэр, “И” ХХК /хувьцаа эзэмшигч Kim Boo Seop/-ийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16/014 дүгээр шийдвэр, “Э Б Э м” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, дээрх компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ, Т.Б-д олгосон итгэмжлэл зэргийг үндэслэн бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасантай нийцсэн байна.

20. Тухайн бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.М-ын “...2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Э Б Э м” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг “И” ХХК болон Д.М нар байгуулсан. Гэтэл уг гэрээ байгуулагдахаас өмнө 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Kim Boo Seop нь компанийг шилжүүлэн авах тухай 16/014 дүгээр шийдвэрийг гаргажээ. Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад гаргасан 16/014 дүгээр шийдвэр нь хууль бус баримт бичиг байсан. Тиймээс хууль бус нотлох баримтыг үндэслэн бүртгэсэн улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасныг зөрчсөн” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

21. Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Д.М нь “Э Б Э м” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 16/21 дүгээр хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргаж, уг шийдвэрийн 1 дэх заалтаар өөрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь “И” ХХК-д худалдаж, компанийн эрхийг бүрэн шилжүүлж, компанийн үүсгэн байгуулагчаас гарахаар, 2 дахь заалтаар энэхүү шийдвэртэй холбогдуулан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг “И” ХХК-тай байгуулахаар шийдвэрлэсэн, гуравдагч этгээд “И” ХХК нь мөн өдөр “Э Б Э м” ХХК-ийг 100 хувь шилжүүлэн авах тухай 16/014 дүгээр шийдвэрийг тус тус гаргасан байна. Улмаар “Э Б Э м” ХХК-ийн 16/21 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтыг үндэслэн 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.М болон “И” ХХК-ийн хооронд компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдаж, түүнд Д.М гарын үсэг зуржээ.

22. Өөрөөр хэлбэл, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Д.М нь компанийг “И” ХХК-д бүрэн шилжүүлэх, “И” ХХК нь компанийг шилжүүлэн авах шийдвэрийг тус тус гаргасан, “Э Б Э м” ХХК-ийн дээрх 16/21 дүгээр шийдвэрийг үндэслэн компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, ийм учир “И” ХХК-ийн 16/014 дүгээр шийдвэрийг хууль бус баримт гэж үзэхгүй, тэгээд ч хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр буюу “Э Б Э м” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 16/21 дүгээр шийдвэр болон бусад шаардагдах баримтыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэх хуулийн зохицуулалттай тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

23. 2/ Хариуцагч бүртгэлийн байгууллага нь “Э Б Э м” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт /гүйцэтгэх захирал Д.М-ыг чөлөөлж, С.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсон болон компанийн гэрчилгээг шинээр авах/-ийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бүртгэхдээ “Э Б Э м” ХХК-ийн гаргасан өргөдөл, хувьцаа эзэмшигчийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 17/009, 17/010 дугаар шийдвэрүүд, тус компанийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шинэчилсэн дүрэм болон бусад баримтуудыг үндэслэн бүртгэсэн нь Хуулийн этгээдийн  улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг зөрчөөгүй байна.

24. Тодруулбал, “Э Б Э м” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй “И” ХХК нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.15-д зааснаар хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр компанийн гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх эрхтэй бөгөөд хуульд заасан энэхүү эрхийн хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 17/009 дүгээр шийдвэрээр Д.М-ыг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, С.Б-ийг томилон, 17/010 дугаар шийдвэрээр “Э Б Э м” ХХК-ийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээс зарим үйл ажиллагааг хасч, улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авах зэрэг асуудлыг шийдвэрлэж, 17/006 тоот итгэмжлэлийг Т.Б-д олгосон байна. Улмаар Т.Б нь өөрт олгосон итгэмжлэлийн дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлэг гаргасан байх бөгөөд хариуцагч улсын бүртгэлийн газар нь хуульд зааснаар холбогдох баримт бичиг, итгэмжлэлийг хянаж, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэж, 000144917 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр олгож шийдвэрлэжээ.  

25. Ийнхүү хариуцагч бүртгэлийн байгууллага нь “Э Б Э м” ХХК-ийн эрх шилжүүлэх болон тус компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дээрх байдлаар, хуульд заасан журмын дагуу бүртгэсэн нь тогтоогдсон, холбогдох бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

26. Түүнчлэн нэхэмжлэгч Д.М-аас “БНСУ-ын иргэн Ким Бү Сооб нь 2016 онд “Э Б Э м” ХХК, Монгол Хьюндай эмнэлгийн үйл ажиллагааг хуурамч баримт бичиг үйлдэн шилжүүлж авсан” гэж марган эрүүгийн журмаар шалгуулсан боловч Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тогтоолоор “залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр Ким Бү Сооб /Kim Boo Seop/-т холбогдуулан шалгасан хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тухай баримт хэрэгт авагдсаны гадны “Э Б Э м” ХХК-ийн эрхийг шилжүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16/21 дүгээр шийдвэр, 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ зэрэг нь хуулийн хүчин төгөлдөр, эдгээр шийдвэрийг үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

27. Иймд “...бүртгэлийн байгууллагын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн бүртгэл, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэл хийх болсон бодит нөхцөл байдал нь тодорхойгүй, нотлох баримт нь хуурамч, хууль бус байсан байхад бүртгэл хийсэнд шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна” гэсэн нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

28. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0230 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2018/0358 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              М.БАТСУУРЬ

                               ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА