Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 767

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00368 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч: “М” ХХК-ийн хариуцагч: “Э” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 93 945 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Марч констракш” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Э” ХХК-тай №06 дугаартай “арматур худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба тус гэрээгээр “Э” ХХК  1000 тонн арматурыг 1 тонн бүр нь 1 760 000 төгрөгөөр тооцон худалдан авагч манай компанид нийлүүлэх байсан. Манай компани гэрээний дагуу “Э” ХХК-ийн Голомт банкны 1415119529 тоот дансанд гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувь болох 176 000 000 төгрөгийг шилжүүлсэн. “Э” ХХК  нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 58 226 080 төгрөгийн үнэ бүхий арматур, 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 36 995 200 төгрөгийн үнэ бүхий арматурыг манай компанид нийлүүлсэн ба “Э” ХХК  дахин арматур нийлүүлэхгүй гэрээгээ зөрчиж манай компанид хохирол учруулаад байна. Иймд “Э” ХХК-ийн гэрээний үүргийг биелүүлээгүй 80 778 720 төгрөг, 163 хоногийн алданги 13 166 930 төгрөг, нийт 93 945 650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талаас “Э” ХХК -ийг 80 778 720 төгрөгийн тооцоотой хэмээн бичсэн байх ба нэхэмжлэлд дурдсан төлбөр тооцооны асуудал байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК -аас 81 748 064 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, үлдэх 12 197 586 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627 679  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжинд 566 691 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “талууд 2019 оны 05 дугаар сарын сарын 07-ны өдөр арматур худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж талуудын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулжээ. Зохигч дээрх гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдалд маргахгүй байна” хэмээн дүгнэлт хийж улмаар гэрээнээс алданги тооцож 12 хоногийн алдангид 969,344 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Учир нь хавтас хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэх 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн арматур худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл бөгөөд хүчин төгөлдөр бус гэрээ хэлцлийг үндэслэж алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Компаний тухай хуульд зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд компанийг төлөөлөх бөгөөд өөр этгээдээр төлөөлүүлэх бол итгэмжлэл олгосон байхыг шаарддаг. Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Ч.Г гэж хүн гарын үсэг зурсан байх ба хавтаст хэрэгт авагдсан “Э” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон дүрмээс үзэхэд Ч.Г нь компанийг төлөөлөх эрх бүхий этгээд биш болох нь тогтоогдож байх атал анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх бүхий албан тушаалтанууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ хэмээн дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэлийг үндэслэж алданги шаардах боломжгүй учир алданги тооцож “Э” ХХК-аас 969 344 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 80 778 720 төгрөг болон алданги 13 166 930 төгрөг нийт 93 945 650 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан арматур худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч “М” ХХК нь 1 тонн арматурын үнэ 1 760 000 төгрөгөөр тооцон 1 000 тонн арматур төмөр худалдан авах, үнийн дүнгийн 70 хувийг бэлэн мөнгөөр, 30 хувийг арилжааны журмаар буюу гэрээнд тохирсон хэмжээгээр шилжүүлэх, хариуцагч “Э” ХХК  нь 1 000 тонн арматур төмрийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хх-10-12/

 

Дээрх гэрээний нэмэлтээр 1 000 тонн арматурыг хүлээн авснаар гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувийн төлбөрт уг гэрээнд тусгагдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд баригдаж буй Поларис апартмент 1 орон сууцны С блокын 1-р орж 2 давхар 202 тоот мөн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, Поларис апартмент 2 орон сууцны хотхон 3 давхар 305 тоот тус тус орон сууцыг арилжааны журмаар худалдан авагч талд шилжүүлэх үүргийг хүлээхээр тохиролцжээ. /хх-14-15/

 

“М” ХХК нь “Э” ХХК-д гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 176 000 000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн болох нь “Төрийн банк” ХХК-ийн “гялс интернэт гүйлгээний мэдээлэл” гэх хэргийн 41 дүгээр тал дах баримтаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргахгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нь “нэхэмжлэлд дурьдагдсан төлбөр тооцооны асуудал байхгүй” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй болно.

 

Нэхэмжлэгчид хариуцагч нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 58 226 080 төгрөгийн үнэ бүхий 33 тонн арматур, 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 36 995 200 төгрөгийн үнэ бүхий 21 тонн арматур нийт 95 221 680 төгрөгийн арматурыг нийлүүлсэн бөгөөд үлдэх 80 778 720 төгрөгийн арматурыг өнөөг хүртэл нийлүүлээгүй тул гэрээний үүрэг зөрчсөн буруутай гэж үзнэ.

 

Хариуцагч нь гэрээгээр арматурын үнийг шилжүүлэн авснаас 3 хоногийн дотор 100 тонн арматур нийлүүлэх үүрэг хүлээснээ зөрчсөн тул нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Э” ХХК-тай байгуулсан арматур худалдах-худалдан авах гэрээг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр цуцалсан болох нь хэргийн 37 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу арматур худалдах худалдан авах гэрээг цуцалж, арматурын үнэд шилжүүлсэн үлдэх төлбөр 80 778 720 төгрөгийг шүүх нэхэмжлэгчид хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Харин Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч гэрээг цуцласан тохиолдолд гэрээний нэмэлт үүрэг нэгэн адил цуцлагдах тул алдангид 966 344 төгрөг гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болсныг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан залруулах боломжтой. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан... уг гэрээ хүчин төгөлдөр бус” гэх гомдлыг гаргасан боловч уг гомдол үндэслэлгүй болно. Учир нь хэргийн 13 дугаар талд авадсан баримтаар хариуцагч компани нь Ч.Г д  тус компанийг төлөөлөн нэхэмжлэгчтэй бараа материалын гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, бараа материал ачуулах, хүлээлгэх өгөх, төлбөр тооцоог авах эрхийг итгэмжлэлээр олгож уг итгэмжлэлд “Э” ХХК-ийн захирал Д.О гарын үсэг зурж баталгаажуулсан тул тус компанийг төлөөлж Ч.Г гэрээ байгуулах эрхтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд оролцох үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийн үндэслэлээ нотлохоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн хуудлыг ирүүлсэн байна. Хариуцагч талд энэ шүүх хуралдааны товыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны товоос өмнө мэдэгдсэн. Түүнчлэн, уг шүүх хуралдаан хэлэлцэж дууссан гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан холбогдох зохицуулалттай нийцсэн байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00368 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “81 748 064” гэснийг “80 778 720” гэж,

2 дахь заалтын “566 691” гэснийг “561 843” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                               ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ