Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 00368

 



 

      2020 оны 01 сарын 28 өдөр

          Дугаар 102/ШШ2020/00368

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: МК ХХК нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Э Д А о ХХК-д холбогдох,

 

 93,945,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам, гэрч Н.Нямдондог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов. 

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МК ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМанай МК ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр  Э Д А ХХК-тай №06 дугаартай “Арматур худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба тус гэрээгээр  Э Д А ХХК 1000 тонн арматурыг 1 тонн бүр нь 1,760,000 төгрөгөөр тооцон худалдан авагч манай компанид нийлүүлэх байсан. Манай компани гэрээний дагуу  Э Д А ХХК-ийн Голомт банкны 1415119529 тоот дансанд гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувь болох 176,000,000 төгрөгийг шилжүүлсэн.  Э Д А ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 58,226,080 төгрөгийн үнэ бүхий арматур, 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 36,995,200 төгрөгийн үнэ бүхий арматурыг манай компанид нийлүүлсэн ба  Э Д А ХХК дахин арматур нийлүүлэхгүй гэрээгээ зөрчиж манай компанид хохирол учруулаад байна. Иймд  Э Д А ХХК-ийн гэрээний үүргийг биелүүлээгүй 80,778,720 төгрөг, 163 хоногийн алданги 13,166,930 төгрөг, нийт 93,945,650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагч  Э Д А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талаас  Э Д А ХХК-ийг 80,778,720 төгрөгийн тооцоотой хэмээн бичсэн байх ба  нэхэмжлэлд дурдсан төлбөр тооцооны асуудал байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

      ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч МК ХХК нь хариуцагч  Э Д А ХХК-д холбогдуулан 93,945,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Талууд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Арматур худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж, хариуцагч нь 1 тонн арматурын 1,760,000 төгрөгөөр  тооцож, 1,000 тонн арматурыг нэхэмжлэгчид нийлүүлэхээр харилцан тохиролцож, гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулж, талуудын эрх бүхий албан тушаалтан гарыг үсэг зурж баталгаажуулжээ.

Зохигч дээрх гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдалд маргахгүй байх ба гэрээний шинж, талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 176,000,000 төгрөгийг шилжүүлж 100 тонн арматур авах захиалга өгсөн боловч 44,9 тонн арматур буюу 95,221,280 төгрөгний арматур нийлүүлж, 80,778,720 төгрөгний арматурыг нийлүүлэхгүйгээр гэрээний 3.1-д заасан үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, үлдэх арматурын үнэ 80,788,720 төгрөг, алдангид 13,166,930 төгрөг, нийт 93,945,650 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэлд дурдагдсан төлбөр тооцооны асуудал байхгүй гэж тайлбарлажээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд байгуулагдсан байх боловч гэрээний 3.1-д ...захиалагч тал нь 1-3 хоногийн дотор худалдан авах захиалгыг илгээж, төлбөр шилжүүлнэ, ...худалдагч нь төлбөрийг хүлээн авснаар гэрээнд заасан нэгж үнийн дагуу нийт үнийн дүнд арматур шилжүүлнэ гэж тохиролцсон байна. 

 

            Нэхэмжлэгч нь 100 тонн арматурын үнэ болох 176,000,000 төгрөгийг хариуцагчид 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны дансны хуулга болон гүйлгээний баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь уг мөнгийг хүлээн авсан эсэх дээр маргахгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч  Э Д А ХХК нь  нэхэмжлэгч МК ХХК-аас 100 тонн арматурын үнэ болох 176,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна /хх41-45 тал/.

 

Иймд хариуцагчид талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар арматурын үнийг шилжүүлсэн авснаас хойш 3 хоногийн дотор 100 тонн арматур нийлүүлэх үүрэг үүссэн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 58,226,080 төгрөгийн үнэ бүхий арматурыг, 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 36,995,200 төгрөгийн үнэ бүхий арматурыг, нийт 95,221,280 төгрөгийн арматурыг хүлээн авсан, үлдэгдэл 80,778,720 төгрөгний арматурыг хүлээн аваагүй гэж тайлбарласныг хариуцагч тал нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 225.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.

 

Шүүх хуралдаанд гэрч Н.Нямдондог мэдүүлэхдээ ...миний бие нэхэмжлэгч МК ХХК-д хангамжийн менежерээр ажилладаг байсан ба хариуцагч  Э Д А ХХК-ийн захирал н.Гэрлээд би гэрээний үүргээ биелүүлэх талаар, үлдсэн арматураа буулгах талаар удаа дараа хэлсэн. Би гэрийнх нь гадаа бүр хонож байсан... гэх мэдүүлгээс үзэхэд хариуцагч талд нийлээгүй 80,778,720 төгрөгний арматурыг нийлүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байх ба нэхэмжлэгээс хариуцагчид явуулсан гэх 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 005/18 тоот албан бичгийг хариуцагч нь хүлээн авсан эсэх болон талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан эсэх талаар маргахгүй байна /хх 37-38 тал/ .

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Арматур худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзах эрхтэй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь дутуу шилжүүлсэн арматурын үнэ 80,788,720 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүсэх алдангид 13,166,930 төгрөгийг нэхэмжилж байх ба энэхүү алданги нэхэмжлэх шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.4 дэх заалтыг үндэслэн тайлбарлаж байна.

Гэрээний 7.4-д ... үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй арматурын үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

 

Иймд нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны буюу 12 хоногийн алдангийг 80,778,720 төгрөгнөөс тооцон  969,344  төгрөгний алданги төлөх үүрэгтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас арматурын үлдсэн төлбөрт 80,778,720 төгрөг, алданги 969,344 төгрөг, нийт 81,748,064 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,197,586 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э Д А О” ХХК-иас 81,748,064 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч МК ХХК-д олгож, үлдэх 12,197,586 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627,679  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Э Д А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 566,691 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МК ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                            

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ЭНХЗАЯА