Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 768

 

 

 

 

 

 

 

 

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00276 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн хариуцагч “Г” ХХК-ийн , “М” ХХК нарт холбогдуулан 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг хариуцагч “Г” ХХК-иас , ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэг зэргийг хоёр хариуцагчаас, 11 ширхэг ус зайлуулах насосны үнэ 6 516 928 төгрөг, 21 ширхэг насосны дагалдах хэрэгсэл материалын үнэ 398 378.44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978 852 төгрөг, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг, цахилгааны тоолуурын хамт үнэ 79 674 төгрөг, DN300*7 ган хоолой 230 метрийн үнэ 10 219 728 төгрөг нийт 18 193 560 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулах иргэний хэргийг хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.М  ,

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь “М” ХХК-ийн захиалгаар 2012 оноос эхлээд Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах Олон улсын Санхүүгийн төвийн барилгын 1 дүгээр шатны ажил болох шон суурийн ажил, 2 дугаар шатны ажил болох хавтан суурийн ажлыг тус тус гэрээний үндсэн дээр гүйцэтгэсэн. 2015 оны өвөл барилгын ажил зогссон. 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хөлдөлтөөс хамгаалах хамгаалалтын ажлуудыг хийгээд барилгын талбайг хариуцагчид хүлээлгэж өгсөн. Ажил гүйцэтгэхдээ ашиглаж байсан өөрийн өмчлөлийн хөрөнгөнүүдийг хариуцагч нарт акт үйлдэж хүлээлгэж өгсөн. Хэрэв хүлээлгэж өгсөн эд хөрөнгийг үрэгдүүлэх буюу дутаасан тохиолдолд зах зээлийн ханшаар хохирлыг нэхэмжлэхээр тусгаж, барилгын талбайн тоног төхөөрөмж болон эд зүйл хүлээлцсэн актыг “Г” ХХК-ийн -тай, барилгын талбай хүлээлцэх бичгийг “М” ХХК-тай тус тус үйлдсэн. Энэ талаар хэрэгт авагдсан. 2016 оны 04 дүгээр сараас эхлээд барилгын ажлыг үргэлжлүүлэн хийх хүсэлт тавьсан боловч захиалагч талын зүгээс ямар нэгэн шалтгаангүйгээр бид нарыг ажиллуулахаас татгалзсан. Үүнээс үндэслэн тус барилгад байршуулсан өөрийн өмчлөлийн эд хөрөнгөнүүдийг авъя гэх маргааныг үүсгэсэн. Хариуцагч талын зүгээс тайлбарлахдаа “гэрээний дагуу тухайн барилгын төсөвт туссан эд хөрөнгөнүүдийг үнэ болсон учраас эдгээр эд хөрөнгийг буцааж өгөх үүрэг хүлээгээгүй” гэж хэлдэг. Гэтэл эдгээр эд хөрөнгө барилгын төсөвт багтсан гэдэг нь ямар нэгэн баримтаар нотлогдохгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн аль ч гэрээнд барилгыг төсөвт өртгөөс гүйцэтгэгч тал дээрх хөрөнгийг худалдаж авсан зохицуулалт байхгүй. Шүүхийн тогтоолд заасны дагуу дээрх эд хөрөнгөнүүд нэхэмжлэгчийн өмчлөл болохыг тогтоосон баримтыг гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Эд хөрөнгөнүүдийг оруулж ирсэн бичиг, худалдах худалдан авах гэрээ, тоног төхөөрөмжийн дугаар авсан бүртгэлийн хуудас зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 2 ширхэг генераторыг гаалиар оруулж ирсэн мэдээллийн хуудас хавтаст хэргийн эхний хавтаст авагдсан байгаа. Хамгийн сүүлд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан байгаа 2 үүсгүүрийг нисэхэд байдаг агуулах буюу “Г” ХХК-ийн -ийн мэдлийн хашаанд байгааг очиж үзсэн. “Г” ХХК-ийн  нь өөрсдийгөө хариуцагч биш гэж тайлбарладаг хэдий ч тоног төхөөрөмжийг шаардахаар өгдөггүй. Иймээс хариуцагчаар татсан. Даалгавар өгч даалгаврын гэрээ байгуулсан, итгэмжлэл өгсөн зүйл байхгүй. “Г” ХХК-ийн  нь тоног төхөөрөмжийг тоолж хүлээж авч акт үйлдсэн. Тус байгууллагад шууд бэлэглэж үлдээсэн зүйл байхгүй. Захиалагчийн эд хөрөнгийг дараагийн гүйцэтгэгчид өгч байна гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. “М” ХХК-ийн эд хөрөнгө байгаа юм уу гэхээр мэдэхгүй, талбай дээр байгаа гэж хариулдаг хэдий ч талбай дээр эд хөрөнгө байдаггүй. Тиймээс бид эзэмшилдээ байлгаж байгаа компаниас эд хөрөнгөө нэхэмжлэх нь зөв гэж үзэж байна. Барилгын ажил хийж байх хугацаанд өөр төслөөс тоног төхөөрөмжүүдийг татаж авч тавиад эхний болон 2 дахь шатны ажлыг хийсэн. 2016 оны хавар маргаан үүссэн. Бүх ажлыг дуусгаж өгөөд дахиж ажиллахгүй болсон гэдгийг нотлох баримт байхгүй. Харин үе шаттай барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан. Өмчлөгч биш этгээдийн эзэмшилд байгаа зүйл бол хууль бус эзэмшил гэсэн үг. Өмчлөгч гэдгээ нотолж чадахгүй байгаа бол хууль бус эзэмшигч гэж ойлгож болно. Барилгын талбайд байгаа бүх тоног төхөөрөмжийг салгаж болно. Барилгын ажилд зориулж суурилуулж байгаа эд зүйл юм. Манайх салгах боломжтой зүйлийг нэхэж байгаа. Хариуцагч талын хэлж буй хавсралт нь ажлын хуваарь буюу үүнтэй холбоотой төлөлт төлөх хуваарь байдаг. Захиалагчийн хөрөнгөөр эд хөрөнгө худалдаж аваад барилгын материал тавьж сүүлд тус эд хөрөнгө захиалагчийн өмчлөлд үлдээнэ гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. Хариуцагч талын дурьдсан хавсралт тоног төхөөрөмжийн үнэ гэрээнд шингэсэн гэх нэг ч өгүүлбэр байхгүй. Талбай дээрх эд зүйлийг хүлээж авсан нь талбай хүлээж авсан акт дээр цуг байгаа. Үрэгдүүлэх юм бол зах зээлийн ханшаар төлнө гэж бичигдсэн. “Г” ХХК-ийн  нь энэ хэрэг маргаантай холбоогүй гэж тайлбарлаж байна. Холбоогүй байсан бол анхнаасаа тус тоног төхөөрөмж “М” ХХК-ийн өмч учир бид мэдэхгүй, та нар ав гэж хэлээд өгөх боломжтой байсан. Гэтэл өөрийнхөө мэдэлд байлгаад хэрэгт хамааралгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2012 он, 2013 онд газар шорооны ажлын гэрээ, шон суурийн ажлын гэрээ байгуулагдсан гэдэгт маргадаггүй. Талууд Хонг Конг дахь Олон улсын харьяаллаар маргаанаа шийдвэрлүүлнэ гэсэн заалтад маргадаггүй. Өмнө нь маргасан ч 3 шатны шүүхээр яваад эцэслэн шийдвэрлэгдсэн. Талбай хүлээлцсэн баримт нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Ш” ХХК болон “Г” ХХК-ийн  нарын хооронд үйлдэгдсэн баримт юм. Талбай хүлээлгэн өгсөн баримт нь хэрэгт 2 удаа авагдсан. Эхлээд нэхэмжлэлтэй хавсаргаж өгсөн, харин нөгөө баримтыг дараа нь өгсөн. Эхний өгсөн баримт дээр “Г” ХХК-ийн  нь “М” ХХК-ийн итгэмжлэлээр гэж бичсэн бол нөгөө баримт дээр “Г” ХХК-ийн  нь “М” ХХК-ийн даалгаснаар гэж бичсэн байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар “Г” ХХК-ийн  нь энэ хэрэг маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл харагдахгүй байна. Талбай хүлээлцсэн актаар нэхэмжлэгч талын ярьж буй зүйл нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч тал 2012 онд эхэлсэн ажлаа 2015 оны 12 сард ажлаа дуусгасан. Гэрээгээр тохирсон хугацаа дууссан байхад баталгаа болж авч үлдсэн гэрээний төлбөрийг төлөхгүй байна гэх тайлбар гаргаж байсан. Нэхэмжлэгч тал нь хууль бус эзэмшил гэдгийг яаж тогтоосон талаар ярьдаггүй. Нэхэмжилж байгаа зарим тоног төхөөрөмж нь барилгын талбайн газраас салгаж авах боломжгүй зүйлүүд байгаа. Тухайн барилгыг бүрэн гүйцэд баригдаж дуусах хүртэл заавал хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүд юм. Гадуур нь барьсан хамгааллын төмөр тор, трубаг авчихвал гуравдагч этгээд болон иргэдэд аюул учрах болзошгүй. “Ш” ХХК нь барилгын суурийн ажил, газар шорооны ажлыг бэлтгэх, суурийн цутгалтын ажлыг гүйцэтгэх, хамгаалалтын ажил зэргийг гүйцэтгэж хийнэ. Үүний дараагийн ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн тохиролцоо байхгүй. Дараагийн барилга угсралтын ажлыг “Г” ХХК-ийн -тай гэрээ байгуулж барилга цааш үргэлжлээд явж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд хэргийн харьяаллын талаар зааж өгсөн. 13 дугаар зүйлийн 13.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн бол шүүх нэхэмжлэлийг хүлээж авахгүй гэж тодорхойлж өгсөн. Нэхэмжлэл гаргахдаа арбитрын гэрээ хэлэлцээр байгаа, мөн арбитрын харьяаллыг тодорхойлохгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх явцад тайлбараар энэ бүх зүйл тодорхой болж, нотлох баримтуудаар нотлогдвол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх заалтыг зөрчиж нэхэмжлэл гаргаж энэ нөхцөл байдал нь шүүх хуралдааны үед тодорхой болвол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Тендерийн асуулгын B хэсэгт өөрийн ашиглагдах генераторын тоног төхөөрөмжийг Монгол дахь барилгын талбайд хүргэж өгснөөр гэрээний нийт үнийн дүнгийн 12,5 хувь буюу 606 250 ам.долларыг төлнө гэж тохирсон. Хавсралтын ард талд та бүхэн гэрээний дагуу дараагийн ажлыг гүйцэтгэнэ. Үүнд суурийн гэрээг гүйцэтгэхэд шаардлагатай бүх түр ажлууд, үйлдвэр, тоног төхөөрөмж угсралт, суулт болон чичиргээний хяналт гэх мэтээр жагсааж бичсэн байна. Энэ хавсралтад талууд маргааныг арбитраар шийдвэрлүүлнэ, гэрээг Монгол Улсын хуулийг баримтлан зохицуулах ба арбитрын ажиллагаа явуулах газар нь Хонг Конг байхыг үүгээр баталгаажуулах шаардлагатай гэдгийг дурьдаж өгсөн. Мөн гарын үсэг зурсан хэсэгт бид A-N хэсгүүдэд заасан нөхцөл болзлуудыг үүгээр хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тендерийн үнэ нь дээрх ажлуудыг багтаасан болохыг үүгээр баталж байна гээд гарын үсэг зурж 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэж тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэгч тал энэ гэрээний заалтад хамааралгүй бидний өөрсдийн тоног төхөөрөмж гэж маргаж байгаа. Харин хариуцагч талаас энэ гэрээний дагуу тоног төхөөрөмжийн үнийг төлсөн, энэ үнэ багтсан тоног төхөөрөмж гэж маргаж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Г” ХХК-ийн -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь “М” ХХК-ийн захиалгаар IFC барилгын суурийг хийж гүйцэтгэсэн. Үүний дараа гэрээ дуусгавар болж “Г” ХХК-ийн -тай 2016 оны 01 дүгээр сараас барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж талбайг хүлээж авч акт үйлдсэн. Акт нь барилгын талбайн ажлыг хүлээж авсан акт болохоос биш, тоног төхөөрөмжийг хүлээж авсан акт биш. Гэтэл нэхэмжлэгч тал тус актыг үндэслэж, манай компаниас актыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн үед барилгыг хүлээлцэх үед “Ш” ХХК нь авч явах, хөдөлж болох бүх зүйлийг авч явсан. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй тоног төхөөрөмж нь барилга баригдаж дуусах хүртэл салшгүй тоног төхөөрөмж учраас дараа нь тусад нь акт хүлээлцсэн. Манай зүгээс барилгын салшгүй нэг хэсэг учраас акт хүлээлцэж байна гэж ойлгосон. Нэхэмжлэгч талын өмчлөлийн талаар мэдэх зүйл байхгүй. Барилгын ажлыг гүйцэтгэж байхад манай компанийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасныг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Ш” ХХК-ийн өмчлөлийн асуудал яригдаж эхэлбэл манайх тоног төхөөрөмжийн талбайг хадгалж хамгаалж, харуул хамгаалалт гаргаж байгаа, тусдаа төлбөр мөнгөний асуудал яригдах байх. Мөн нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэг үндэслэлгүй байна. 2 жилийн өмнө талуудын хүсэлтээр барилгын ажил эхэлж байх үед талууд байлцан тэмдэглэл үйлдээд шүүх үзлэг хийсэн. Тэгэхэд нэхэмжлэгч талын нэхэмжилж буй тоног төхөөрөмжүүд нь барилгын салшгүй хэсэг, салгаж авч явж болохгүй суурилагдсан тоног төхөөрөмжүүд байсан. Газарт суурилуулсан трубаг тогтоох боломжгүй. Тухайн үед тэмдэглэлд бэхлэгдээд, суурилагдаад, далд орсон, харагдах боломжгүй зүйлүүд туссан байгаа. Манай зүгээс актын дагуу хүлээж авсан тоног төхөөрөмж талбай дээр байгаа. 2 генератор ашиглагдахгүй байгаа учраас нисэхийн хашаанд хамгаалалтад байдаг. Актын дагуу бүх тоног төхөөрөмж байгаа. Шинэ зуун барилгын эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс гаргуулах, зарим эд хөрөнгийн үнэ болох 18 193 560 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэл нь манай компанитай ямар ч холбоогүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-ийн хууль бус эзэмшлээс 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/, 10 ширхэг ус зайлуулах насос, 696 метр хамгаалалтын төмөр труба , хомучик, 13 ширхэг Б цахилгааны хайрцагыг гаргуулж, нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, хариуцагч “Г” ХХК-ийн -д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон 11 ширхэг ус зайлуулах насос, 21 ширхэг насосын дагалдах хэрэгсэл, аюулгүйн тор, 1 ширхэг Б цахилгааны хайрцаг, 230 метр DN300*7 ган хоолойны үнэ 18 193 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 871 835 төгрөгөөс 319 118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 552 717 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч “М” ХХК-иас  70 200 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй хэмээн эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...зохигчийн ачъ нэг тал тайлбар өгөхөөс өмнө маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаагүй тул шүүх хэргийг шийдвэрлэхэд хуулъд харшлахгүй...” хэмээн илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Хамтран хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авсан үеэс маргааны үйл баримтаар талаар тайлбар гаргаж, арбитраар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа тодорхой илэрхийлж, бичгээр хүсэлт гаргаж байсан болно. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шон суурийн ажлын гэрээ болон газар шорооны ажлын гэрээ, тэдгээрийн хавсралтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлсэнгүй. Анхан шатны шүүх хэдийгээр талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн, арбитрын хэлэлцээр байгааг хүлээн зөвшөөрсөн боловч тоног төхөөрөмж, эд зүйл гаргуулах маргаан нь арбитрын хэлэлцээрт хамааралгүй гэсэн алдаатай дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа талуудын хооронд гэрээ байгуулагдсан талаар, нэхэмжилж буй тоног төхөөрөмжийг шон суурийн болон газар шорооны ажлын гэрээгээр харилцан тохиролцсон ажлыг гүйцэтгэх зорилгоор Барилгын талбайд авчирсан талаар, ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан тул дараагийн шатны ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч болох хариуцагч талд дээрхи тоног төхөөрөмжийг барилгын талбайтай хамт хүлээлгэн өгсөн талаар тодорхой дурдсан. Барилгын талбайд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч тал нийлүүлэх талаар тухайн тоног төхөөрөмжийн үнэ нь гэрээний нийт үнэнд орсон талаар Газар шорооны ажлын гэрээний (Хэргийн 166 дахь нүүр) зохицуулалтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. шон суурийн ажлын гэрээ болон газар шорооны ажлын гэрээний дагуу нэхэмжлэгчээс нийлүүлсэн эд зүйлс нь тухайн гэрээний үнэд багтсан эсэх, өмчлөл нь гэрээний дагуу шилжсэн эсэх, нэхэмжлэгчид буцаан шаардах эрхтэй эсэх талаар аливаа маргааныг шийдвэрлэхийн тул талуудын хооронд байгуулсан гэрээний тохиролцоо, зохицуулалтыг зайлшгүй харах шаардлагатай ба энэхүү маргаанаа талууд арбитраар харьяалуулан шийдвэрлүүлэхээр арбитрын хэлэлцээр хийсэн бөгөөд Арбитрын хэлэлцээрийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй. Хэрэгт талбай хүлээлцсэн баримт (Хэргийн 13 дахь нүүр) болон хүлээлгэн өгсөн акт (Хэргийн 123 дахь нүүр) зэрэг нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгийг талуудын хооронд хүлээлцсэн нотлох баримтууд авагдсан боловч анхан шатны шүүх “хариуцагч “Монголиа проперти девелопиент” ХХК нь нэхэмжлэлд дурьдсан тоног төхөөрөмж болон барилгын материст нъ өөрийн өмчлөлийн хөрөнгө болохыг нотлоогүй тул эзэмшлийг хууль бус гэж үзнэ” хэмэээн илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн боловч хууль бус эзэмшлийг тодорхойлсон хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Түүнчлэн хамтран хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн харьяаллын талаар үндэслэл гарган хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтээ гаргасан тул үндсэн нэхэмжлэлийн үйл баримтын талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болно. Хэд хэдэн хамтран хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч чухам ямар шаардлагыг хэнд холбогдуулж гаргаж байгааг тодруулах хамтран хариуцагчийн удаа дараагийн шаардлагын дагуу нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд 2019 оны 11 дүгээ сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа “БНХАУ-д 2013 онд үйлдвэрлэсэн, ЛКО ҮШ К1АХ 7.НАХ үйлдвэрийн, ТК\У2-200 маркийн 200 КЩ мотор эргэлт/мин: 1500, 400Ү, 50Нг, тог гаргах зориулалттай цахилгаан үүсгүүр буюу генераторыг хариуцагч “Г” ХХК-ийн -ийн хуулъ бус эзэмшлээс гаргуулах” хэмээн генераторыг хариуцагчаас гаргуулахаар маш тодорхой заасан. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хариуцагчаас нэхэмжилсэн эд хөрөнгийг хамтран хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй. Иймд дээрхи үндэслэлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор магадлан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “Г” ХХК-ийн , “М” ХХК нарт холбогдуулан 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ийг хариуцагч ““Г” ХХК-аас ус зайлуулах насос 10 ширхэг, хамгаалалтын төмөр труба 696 метр, хомучик, Б цахилгааны хайрцаг 13 ширхэг зэргийг хоёр хариуцагчаас, 11 ширхэг ус зайлуулах насосны үнэ 6 516 928 төгрөг, 21 ширхэг насосны дагалдах хэрэгсэл материалын үнэ 398 378.44 төгрөг, аюулгүйн торны үнэ 978 852 төгрөг, Б цахилгааны хайрцаг 1 ширхэг, цахилгааны тоолуурын хамт үнэ 79 674 төгрөг, DN300*7 ган хоолой 230 метрийн үнэ 10 219 728 төгрөг нийт 18 193 560 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь “өвөл болж гүйцэтгэсэн ажлыг хөлдөлтөөс хамгаалах ажлыг хийж барилгын талбайг түр хүлээлгэж өгсөн, 2016 оны 04 дүгээр сараас эхлэн ажлаа хийх гэсэн боловч шалтгаангүйгээр ажиллуулаагүй тул барилгын талбайд үлдээсэн тоног төхөөрөмжөө хариуцагч компаниудын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ” гэж, хариуцагч “М” ХХК нь маргаж буй тоног төхөөрөмжийн үнэ талуудын хооронд байгуулсан газар шорооны ажлын гэрээний дагуу үнэ төлөгдөж хариуцагчийн өмчлөлд шилжсэн зүйл” гэж, “хариуцагч “Монголиан проперти девелопмент” ХХК, “Г” ХХК-ийн -иуд нь талуудын хооронд гарсан аливаа маргааныг БНХАУ-ын захиргааны тусгай бүс болох Хонг Конг дахь арбитраар шийдвэрлүүлэхээр гэрээгээр тохирсон тул харьяалал зөрчсөн” гэж тус тус мэтгэлцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “М” ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр газар шорооны болон хамгаалах шон суурь, хавтан, хөрсний ус зайлуулах ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Олон Улсын санхүүгийн төв”-ийн барилгын ажлыг гүйцэтгэхээр тохирсоноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Уг гэрээний хавсралт болох Тендерийн асуулга 17R-ын J хэсэгт талуудын хооронд маргаан гарсан тохиолдолд Монгол улсын хуулийг баримтлан БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конг дах арбитраар маргааныг шийдвэрлүүлэхээр тохиролцсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт Хууль, Олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ” гэж, Арбитрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

 

Мөн Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох”-оор заасан. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь Монгол улсын шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч “М” ХХК , “Гийт гоулд стар констракшн” ХХК нь нэхэмжлэлийг гардаж авч хэргийн талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн байх тул хариуцагч нарын харьялал зөрчсөн БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конг дах арбитраар шийдвэрлүүлнэ гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Талуудын хэн аль нь дээрх ажлыг захиалагчийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн талаар маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах барилгын талбай дах “Олон Улсын санхүүгийн төв”-ийн барилгын ажлаас 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гүйцэтгэсэн шон суурь, хамгаалалтын шон суурь ба хавтан суурийн 1, 2 дугаар шатны ажлыг “М” ХХК-д  хүлээлгэж өгсөн болох нь хэргийн 132-133 дугаар тал дах барилгын талбай хүлээлцэх бичгээр, мөн барилгын талбай дээрх “усны насос иж бүрдлийн хамт 21 ширхэг, барилгын шат, цахилгаан үүсгүүр 2 ширхэг, 1 дүгээр зэргийн цахилгаан шит иж бүрдлийн хамт, 2 дугаар зэргийн цахилгаан шит иж бүрдлийн хамт 14 ширхэг, DH300х7 залгаасгүй төмөр хоолой, цахилгаан тоолуур” зэрэг тоног төхөөрөмжийг “М” ХХК-ийн даалгаснаар “Г” ХХК-ийн -д акт үйлдэж тоолж хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 128-131 дүгээр талд дах хүлээлгэн өгсөн акт болон талуудын тайлбар зэрэг баримтаар тус тус тогтоогджээ.

 

Энэ үеэс эхлэн нэхэмжлэгчээр хариуцагч нь дээрх барилгын ажлыг гүйцэтгүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу цуцалсан гэж үзнэ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргааны зүйл болох барилгын тоног төхөөрөмжийг гэрээний үнэд орсон нь Газар шорооны болон хамгаалах шон суурь, хавтан, хөрсний ус зайлуулах ажлыг гүйцэтгэх гэрээний ажлын хавсралт Тендерийн асуулга 17R-ийн C хэсгийн 2-т “үйлдвэр, тоног төхөөрөмж” гэж тодорхойлж, улмаар A-J хэсгүүдэд заасан нөхцөл болзлуудыг зөвшөөрч байгаа бөгөөд тендерийн үнэ нь дээрх ажлуудыг багтаасан гэж, мөн Тендерийн асуулга 30-ийн B хэсэгт “ажилд ашиглагдах генератор барилгын талбайд авчирснаар” гэрээний үнийн дүнгийн 12.5 хувь буюу 606 250 ам.доллар төлнө гэж заасан гэж тайлбарлаж байна.

 

Гэвч хэргийн 1 дүгээр хавтасны 159-166 дугаар тал дах Тендерийн асуулга 17R-ын C дэх заалтаас үзвэл талууд гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил дотор “үйлдвэр тоног төхөөрөмж” гэж орсон нь ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэх ажил үүргийг тодорхойлсон, мөн  хэргийн 1 дүгээр хавтасны 167-175 дугаар тал дах Тендерийн асуулга 30-ын B  дэх заалт нь шон суурийн талбайд ашиглагдах генераторыг барилгын талбайд авчирах зардлыг 606 250 ам.доллар гэж тодорхойлсон болохоос бус гэрээний үнэд эдгээр тоног төхөөрөмжүүд нь орсон гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй байна. Иймээс хариуцагч нар талуудын маргаж буй барилгын тоног төхөөрөмж нь гэрээний үнэд орсон өөрийн өмч гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК ӨМӨЗО-ын Олон улсын Эдийн засаг, технологийн хамтарсан компанийн Эрээн хот дах салбараас 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдөр DONG FENG KANG MING SI төрлийн TFW2-20, 200KW маркийн 2 ширхэг цахилгаан үүсгүүрийг, 2 ширхэг усны насос, 14 ширхэг ус зайлуулах насос худалдаж авсан болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 66-68 дугаар тал дах 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, хэргийн 2 дугаар хавтасны 93-96 дугаар тал дах бараа материал захиалах гэрээ, захиалсан бараа материалын жагсаалт зэрэг баримтаар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч компанийн 2013 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайланд  714 461 100 төгрөгний үндсэн хөрөнгөтэй байсан нь дээрх барилгын тоног төхөөрөмжийг худалдан авч тусгаснаар 1 004 079 100 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болсон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь хэргийн 2 дугаар хавтасны 155-168 дугаар тал дах “Ш” ХХК-ийн санхүүгийн тайлангаар нотлогдсон.

 

Мөн хэргийн 93-96 дугаар тал дах үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл хариуцагч “Г” ХХК-ийн -ийн тайлбар ус зайлуулах насос 10 ширхэг, насосны дагалдах хэрэгсэл материал, хамгаалалтын төмөр труба хомучик, трубоны дагалдах хэрэгсэл аюулгүйн тор, генератор 2 ширхэг, Б цахилгааны хайрцаг тоолуурын хамт 13 ширхэг, DN 300х7 ган хоолой, А цахилгааны хайрцаг тоолуурын хамт 1 ширхэг байгаа болохыг үзлэг хийж бэхжүүлжээ.

 

Хэрэгт авагдсан гаалийн мэдүүлэг, тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлан болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл  маргааны зүйл болох барилгын тоног төхөөрөмжийг “Ш” ХХК-ийн өмч гэж үзэх үндэслэлтэй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалсан үеэс маргааны зүйл болох  барилгын тоног төхөөрөмжүүдийг хариуцагч нар эзэмших эрхгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн барилгын тоног төхөөрөмжийг хариуцагчид гэрээний үндсэн дээр эзэмшүүлж ашиглуулсан бөгөөд тэдгээрийн хооронд  байгуулсан гэрээ цуцалсан үеэс хариуцагчийн  эзэмшил хууль бус болно.

 

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчийн хууль бус эзэмшлээс 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/-ыг гаргуулахдаа уг эд хөрөнгө хариуцагч “Г” ХХК-ийн -ийн эзэмшилд байхад хариуцагч “М” ХХК-иас  гаргуулсан нь буруу байгааг зөвтгөж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Грийт гоулд” ХХК-иас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээнэ. 

 

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч нь эдгээр маргаж байгаа зүйл нь тоног төхөөрөмжүүд бол гэрээний үнэд хамаарч байгаа гэж тайлбарласан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад судлагдсан нотлох баримтаар уг байдал тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00276 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-ийн хууль бус эзэмшлээс 10 ширхэг ус зайлуулах насос, 696 метр хамгаалалтын төмөр труба , хомучик, 13 ширхэг Б цахилгааны хайрцагыг гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, хариуцагч “Г” ХХК-ийн -ийн хууль бус эзэмшлээс 2 ширхэг цахилгаан үүсгүүр /генератор/ гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэгч нараас 11 ширхэг ус зайлуулах насос, 21 ширхэг насосын дагалдах хэрэгсэл, аюулгүйн тор, 1 ширхэг Б цахилгааны хайрцаг, 230 метр DN300*7 ган хоолойны үнэ 18 193 560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, найруулж,

2 дахь заалтын “мөн хариуцагч “М” ХХК-иас  70 200 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгосугай” гэснийг “... мөн хариуцагч “М” ХХК-иас  70 200 төгрөг, “Г” ХХК-ийн -аас 70 200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 772 108 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                               ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ