Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 727

 

 

 

 

 

 

 

 

 

М ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00226 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ийн хариуцагч А ХХК-д холбогдуулан БНХАУ-ын Эрээн хотоос сантехникийн материал авахдаа хуурамч падаан ашиглан хөрөнгө шамшигдуулсны төлбөр болох 139 951 юань буюу 41 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Н.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлээ өөрчилж, зөвхөн барааны үнээс завшиж, шамшигдуулсан 41 000 000 төгрөгийн шаардлагыг нэхэмжилсэн. М нь багш ажилчиддаа зориулж 72 айлын орон сууцыг бариулсан бөгөөд уг барилгын гадна, дотно сантехникийн ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр А ХХК-ийн захирал М.Б тай байгуулсан. Энэ гэрээний дагуу 2014 оны 03 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл А ХХК нь Монгол дээд сургуульд сантехникийн ажил хийсэн. Манай барьж байгаа байраас 3 өрөө байр авч, 2 өрөө байранд нь сантехникийн ажил хийж, үлдсэн 60 000 000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан. Хариуцагч компанийн захирал М.Б, инженер Т.Б нар Эрээн хотоос бараа авбал 30-40 хувь хямд авна гэж үнийн санал үзүүлсэн. Би үнийн саналыг судал гэж хэлсэн. Ингээд манай сургуулиар бүх төсөв томилолтын зардлыг даалгаж Ө.Т, Д.Д нарыг дагуулан Эрээн хот руу очиж, Улаанбаатар хотоос 30 хувийн хямдаар бид сонголтоо хийнэ гэж явсан. Бараа материалыг манай хүмүүс мэдэхгүй учир барааны жагсаалтыг Т.Б хийсэн гэдэг. Эрээн хотод очоод барилгын материалын үнийг судалсан. Т.Б, М.Б нар монгол дээрх барааны жагсаалтаа хятад хэлээр хөрвүүлсэн. Хятад хэлээр 38 төрөл зүйлийн жагсаалт гарган Эрээн хотын дэлгүүрүүдэд өгсөн. Ингээд Эрээн хотын Dun Yun дэлгүүрээс бараа авахаар болсон. Ө.Т ийг  ороход танай авах барааны үнэ гэж тамга тэмдэггүй, гарын үсэггүй, 366 000 орчим юанийн падаан өгч, 80 орчим сая төгрөгийн тооцоог хийж, Т.Б уг барааг нэг бүрчлэн тоолж авахаар үлдсэн байдаг. Энэ процесст эрүүгийн хэрэг үүсгэгдэж, Т.Б 2 удаа мэдүүлэг өгөхдөө хоёуланд нь хэлсэн байдаг. Т.Б материал авах гээд үлдсэн. Т.Б, М.Б нарт 2 падаан өгсөн гэдгийг Т.Б гэрчилдэг. Сүүлд нь цүнхнээсээ алдсан гэж тайлбарладаг ийм л процесс болсон. Хятадын гаалиар гарах асуудлыг А ХХК хариуцан. шийдсэн. Манай эхнэрээс 2 000 юанийг авсан. Монголын гаалиар тэр бичгээрээ гарсан. Улаанбаатарт нэг хоногийн дараа ирээд М дээр бүх барааг хүлээлгэж өгөөд гарын үсэг зурсан, хүлээлцсэн гарын үсгүүд байгаа. Т.Б сүүлд нь намайг ажлаас халчихлаа, надад 3 өрөө байр өгнө гэсэн боловч ажлаас халсан тул одоо үнэн байдлыг хэлнэ гэсэн. Жинхэнэ хуурамч 2 падаан байсан. 200 000 юаньтай, нөгөө нь 366 000 юаньтай гэж хэлсэн. Би Т.Б ын хэлсэн үгийг бичээд цагдаагийн байгууллагад очиж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөрдөн байцаалтаар залилан хийсэн байна гэж бүрэн тогтоогдсон. Энэ падаан хуурамч байна гэдгийг шинжээч нар тогтоосон, Улаанбаатараас илүү үнээр бичсэн байна гэсэн. Эрүүгийн хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ хуурамч падаан ашигласан, үнийн зөрүүтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэхдээ энэ бол залилангийн шинжтэй хэрэг биш, иргэний хэрэг байна гэж энэ үнийн дүнг зөвшөөрсөн. Шинжээч 41 000 000 төгрөг гэж тухайн үеийн ханшаар бодсон. Харин бид юаниар нэхэмжилж байна. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгө завшсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2 хүн, хариуцагч талаас 2 хүн, нийт 4 хүн БНХАУ-ын Эрээн хот руу барилгын материал авахаар явсанд маргахгүй. Үнийн саналыг дэлгүүрүүдэд өгч, Ө.Т мөнгөө төлж, өөрөө падаанаа авч, өөрөө БНХАУ-ын хил гаалиар Т.Б той хамт бараа материалаа гарган Монголын хилээр оруулж, камертай агуулахдаа өөрөө буулгаж авсан. Тэндээсээ бага багаар гаргаж өгөөд гаргаж өгсөн материалаар нь А ХХК-иас угсралтын ажлыг хийсэн бөгөөд барилгыг улсын комисс хүлээж авсан. Миний үйлчлүүлэгчийг жил 6 сар эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулсан. Одоо миний үйлчлүүлэгчийг цагаатгасан. Эрүүгийн хэрэг шалгагдаж байхад нэхэмжлэгч 25 000 000 төгрөг нэхэмжилж байсан, дараа нь ямар аргаар бодсон юм 41 000 000 төгрөг болсон. А ХХК залилан мэхэлсэн зүйл байхгүй. Ө.Т, Д.Д, Т.Б, М.Б нар барилгын материал авах гээд хувийн журмаар явсан, ямар нэг компани яваагүй. М ийн нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдох хэрэгт ийм юм нэхээд байгаа нь ойлгомжгүй. А ХХК болон М 1 ширхэг боолт оруулж ирсэн гэдэг баримт хавтаст хэрэгт байхгүй. Компанийн нэрээр оруулж ирээгүй. Талуудын гэрээнд А ХХК бол зөвхөн гүйцэтгэгч, угсралтын ажил хийнэ, бараа материалыг М нийлүүлнэ гэсэн тэрний дагуу нийлүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-иас хуурамч падаан ашиглан хөрөнгө шамшигдуулсны төлбөр 139 951 юань буюу 41 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол дээд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 412 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 093 997 төгрөгийг улсын орлогоос гаргуулан Монгол дээд сургуульд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх “М.Б нь бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, хуурамч падаан ашиг лаж 25 000 000 төгрөг залилан мэхэлсэн болох нь тогтоогдохгүй байна” гэсэн прокурорын дүгнэлтийг давтан хуулж бичсэнд гомдолтой байна. Ерөнхий прокурорын газрын дүгнэлтүүдэд “Иргэний маргаан байна” гэж дүгнэсэн. Залилангийн хэрэг нь нотлогдоогүй үндэслээр иргэний журмаар хохирлоо нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болгох хууль логик байхгүй. Тэр хуурамч ба жинхэнэ падааныг яаж үнэлэх нь шүүгчийн эрх мэдлийн асуудал шүүхэд урьдчилаад, прокурорын үгээр баримтыг үнэлэх ёсгүй. Анхан шатны шүүхийн шүүгч нар авлига авч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэж би фейсбүүкээр бичсэн. Цаашид бичнэ. Энэ шударга бус шүүгчдэд хариуцлага тооцуултал тэмцэнэ. 5 жилийн хугацаанд хуулийн байгууллагаар шалгуулан хохирч байна. Эрээний дэлгүүрт төлсөн үнийг тухайн дэлгүүрээс Монголчуудын авдаг үнийн дундажтай харьцуулж 139 900 юань илүү төлснийг шинжээчид тогтоосон байхад “хуурамч падаан ашиглан хөрөнгө шамшигдуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна” гэж буруу дүгнэсэн. Дэлгүүрийн тамга, гарын үсэггүй хуурамч падаан бидэнд өгнө гэдэг бол мөнгө авсныг нотолно. 139 900 юань илүү төлсөн баримт гэдэг нь хуурамч падаан болохыг шинжээч нотолж байна. Гэрч Т.Б дэлгүүрээс жинхэнэ ба хуурамч гэсэн 2 падаан авсныг анх мэдүүлж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн боловч хэрэгсэхгүй болгосон. М.Б бараа авахын урьд орой Т.Б-д “Ах нь хэдэн төгрөг унагана. Та маргааш бараагаа тоолоод аваарай“ гэж хэлсэн Т.Б ын мэдүүлэг, бараа авсны дараа “Дүү нь хэдэн төгрөг унагачихлаа, хэдэн төгрөг одоо авах уу, хотод очоод авах уу гэж Т.Б-д хэлснийг гэрчилсэн” мэдүүлэг, М.Б 1000 юань Т.Б-д өгснөөр дэлгүүрээс 139 990 юань авсны нотолгоо юм. М.Б Хятадын гаалиар бараа гаргах ажил удирдсныг Т.Б, Ө.Т, Д.Д нар гэрчилдэг. Энэ бол дэлгүүрийн тамга тэмдэгтэй жинхэнэ падааныг М.Б авсныг нотлож байна. Хоёр өөр үнийн дүнтэй хоёр падаан өгснийг Хятадын худалдагч нотолдог. Хоёр падааныг Ө.Т аваагүй нь гаал дээр үзүүлэх он, сар, өдөр тамга, гарын үсэгтэй падаан байхгүй байснаар нотлогдоно. М.Б жинхэнэ падааныг орчуулагчид өгч Хятадын гаалийг бүрдүүлснийг Т.Б, Ө.Т, Д.Д нарын Цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлэг нотолдог. Илүү үнэ бичүүлж мөнгө завшиж авсныг үнийн шинжээч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлохоос өөрөөр нотлох боломжгүй. Учир нь жинхэнэ падааныг М.Б хэзээ ч ил гаргаж өгөхгүй. Жинхэнэ падааныг гааль дээр ашиглуулаад Т.Б буцааж аваад хотод ирээд цүнхтэйгээ ажлын байрнаас алдсан гэдэг. Энэ падааныг М.Б авсан байх магадлалтай Учир нь Т.Болдыг ажлаас нь халсан байдаг. Энэ падаан Т.Б-д байсан бол ажлаас халж чадахгүй байсан. 139 900 юанийг бэлнээр тоолж өгсөн. 366 мянган юаниас тэр доор нь М.Б нууцаар авчихсан байгаа нь логикийн хувьд ойлгомжтой. Үүнийг хэн ч харах, гэрчлэх боломжгүй юм. М.Б яг хэдэн юань авснаа Т.Б-д харуулах ёсгүй. Учир нь унагаж авсан мөнгөний 10 хувийг авна гэж тохиролцсон тул мөнгөний дүнг үзүүлэх сонирхолгүй юм. Шүүх “эдгээр нотлох баримтуудаар хохирлыг бодитоор учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ. Улаанбаатар хот дахь үнээс илүү үнээр буюу 139 900 юань илүү төлж хохирсон баримтыг шинжээч тогтоосон. Т.Б 25 000 000 төгрөг илүү бичсэн падаанаар мөнгө авсан гэдгээ гэрчилсэн. Цагдаад эрүүгийн хэрэг үүсгэж, 148,3 гэсэн яллах дүгнэлт үйлдлээ. Ерөнхий прокуоорын газар шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, иргэний журмаар маргаанаа шийдүүл гэсэн шийдвэр гаргасан. Тэгвэл ямар баримтуудаар нотлох ёстой байсныг шүүгчид хэлэх ёстой. Илүү мөнгө авсан үйлдлийг нотлож болох баримтууд хангалттай байна.

Мөн гэрч Т.Б ын мэдүүлгийн талаар прокурорын буруу үгээр хэргийг шийдсэнд гомдолтой байна. “Удаа дараа өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолж чадаагүй, түүнийг мэдүүлгүүд нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдах нь зүйтэй гэж дүгнэжээ” гэсэн нь зөв шийдвэр гаргая гэж хичээсэнгүй, зүгээр л прокурорын үгийг хуулж хэргийн хэрэгсэхгүй болгожээ” гэж бичжээ. Гэрчийн мэдүүлгээр мөрдөн байцаагчид залилангийн хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн. Прокурорууд үндэслэлгүй зүйл бичиж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотолно гэсэн хууль байхгүй. Т.Б 25 000 000 төгрөг илүү бичсэн падаанаас гадна жинхэнэ тамга, гарын үсэгтэй, падаан байсныг авч явсан гэдгээ гэрчилсэн. Энэ жинхэнэ падааныг гааль дээр ашигласан гэдгийг гэрчилсэн Үүнээс илүү зүйл прокурор, шүүгч гэрчээс шаардах ёсгүй. Эх сурвалжаа нотол гэж шаардах утгагүй. “Гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдохгүй” гэжээ. Т.Б ын хоёр падаан бичүүлж, 25 000 000 төгрөг залилж авсан мэдүүлэг, шинжээч үнийн шинжилгээ хийж нотолсон юм. Т.Б ын мэдүүлгүүдийг гэрч Ө.Т, Д.Д нарын мэдүүлгүүд давхар нотолсон. Гэрч “удаа дараа өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн” гэжээ Т.Б ын мэдүүлэг дээр жинхэнэ падааныг Хятадын гааль бүрдүүлээд урсан, цүнхнээсээ алдсан гэж 2 янзаар хэлдэг. Энэ гол зүйл биш. 25 000 000 төгрөг илүү бичсэн падаан, жинхэнэ падаан хоёр байсныг гэрчилсэн, “дүү нь хэдэн цаас унагачихлаа, одоо мөнгөө авах уу, хотод очоод залилж авсан мэдүүлэг, шүүгчид нөгөө талд шийдэх гэсэн учраас гэрчийн үгнээс хэрэгтэй үгийг нь, зөрүүгүй хэлсэн үгийг авъя гэж бодсонгүй.

Мөн тэгш эрх, мэтгэлцээн хангасангүй. Оролцогч талууд прокурорын дүгнэлтүүдийн талаар огт ярилцаагүй байхад шүүгчид хаа хамаагүй юм иш татаж шийдэж буй, нэг талыг барьсан, тэгш бус байдлаар, мэтгэлцээнт зарчим хангаагүйг харуулж байна. Манай хоёр хүсэлтийг хэлэлцэхгүй хэрэгсэхгүй болголоо. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч М нь хариуцагч А ХХК-д холбогдуулан БНХАУ-ын Эрээн хотоос сантехникийн материал авахдаа хуурамч падаан ашиглан хохирол учруулсан 139 951 юань буюу 41 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч М нь ”Орон сууцны барилгын гадна, дотно сантехникийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Арвин алтан бумба” ХХК-тай гэрээ байгуулж, уг ажлыг хийхээр сантехникийн материалыг БНХАУ-ын Эрээн хотоос 30 хувийн хямд авна гэж итгүүлж явсан боловч биднээс үндэслэлгүй их хэмжээний зардал гаргуулж нийт 139 951 юань буюу 41 000 000 төгрөгийн хохирол учруулсан тул уг мөнгийг гаргуулна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

Хариуцагч А ХХК нь “Ө.Т, Д.Д, Т.Б, М.Б нар барилгын чанартай материал авах гээд БНХАУ руу явсан, компанийн нэрээр оруулж ирээгүй, уг асуудлыг цагдаагийн байгууллага 3 жил шалгаад хэрэгсэхгүй болгосон тул зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан байна.

 

Иргэний хэргийн нотлох баримт нь хэргийн оролцогчдоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслэлээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтад мэдээллийг хамааруулахаар хуульчилжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох “өөрт учирсан хохирол 41 000 000 төгрөгийг” нотлох зорилгоор эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өгсөн гэрч Т.Б ын  хэргийн 1 дүгээр хавтасны 72-73 дугаар тал дах мэдүүлэг, мөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хийгдсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн хэргийн 1 дүгээр хавтасны 96-97 дугаар тал дах хөрөнгийн үнэлгээг тус тус үндэслэжээ.

 

Дээрх гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад цугларсан нэг талын баримт бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд нотолсон баримт болохгүй мэдээлэл агуулсан баримт гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудад эрх хууль ёсны ашиг сонирхлоо адилхан хамгаалах боломж олгож, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг тул эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтыг шүүх шууд үнэлэх боломжгүй.

 

Гэрч нь болсон үйл явдал, үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэвч Т.Б ын эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгээс эрс зөрүүтэй байхад анхан шатны шүүх уг мэдүүлгийн зөрүүг гаргаагүй нь учир дутагдалтай болжээ.

 

Талууд БНХАУ-ын Эрээн хотоос сантехникийн бараа материалыг Монгол улсын хилээр оруулж гаальд хэдэн төгрөгний үнэтэй болохыг хэрхэн мэдүүлсэн нь тодорхой бус үлджээ. Уг гаалийн мэдүүлэг нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна. Мөн гэрч Т.Б ын “хуурамч болон жинхэнэ падаан дээрх үнийг тооцоход 25 000 000 төгрөгний юань илүү байсан” гэх мэдүүлэг, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь БНХАУ-ын Эрээн хотын “Dun Yun” дэлгүүрээс авсан 38 нэр төрлийн бараа материалын үнийг 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод борлуулагдаж байсан зах зээлийн үнэтэй харьцуулсан байдлаар хийхэд 41 000 000 төгрөгний зөрүүтэй гэх дүгнэлт, гэрч БНХАУ-ын иргэн Жу Шүнчао, Су Нин нарын 2 өөр баримт өгсөн гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д-гийн “...худалдаж авсан бараанд падаан өгөөгүй, хятад хэл дээр бичсэн 336 408 юаний барааны жагсаалт өгсөн” гэх тайлбар зэргээс үзвэл хэргийн бодит байдал үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэргийн оролцогчоос өөрийн шаардлагын үндэслэл болгон гаргасан дээрх нотлох баримт нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байх учиртай. Гэвч дээрх баримтууд нь хоорондоо зөрүүтэй, өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй байгаагаас үзвэл хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

 

Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд шүүхэд хүсэлт гаргах ба шүүх түүний хүсэлтийг үндэслэн уг нотлох баримтыг бүрдүүлж болно. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авах, үзлэг, шинжилгээ хийлгүүлэх зэрэг ажиллагааг хийлгэх боломжтой. Энэ тохиолдолд хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарлан талуудыг хүсэлт гаргах эрхээр хангаж чиглүүлэх, хуульд нийцүүлсэн байдлаар нотлох баримт гаргах, улмаар тухайн баримтуудад дурдагдсан үйл баримтын талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг бүрэн хийсэн байдал тогтоогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “сантехникийн материалыг БНХАУ-ын Эрээн хотоос 30 хувийн хямд авна гэж итгүүлж яваад биднээс үндэслэлгүй их хэмжээний зардал гаргуулж нийт 139 951 юань буюу 41 000 000 төгрөгийг завшсан” гэж бусдын хууль бус гэм буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол шаарджээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар талууд сантехникийн барааг БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авахад нэхэмжлэгч талаас Ө.Т, Д.Д, хариуцагч талаас М.Б, Т.Б нар хамт байсан байна. Ийнхүү эдгээр хүмүүс хамт явж бараа материал худалдан авахад хэний ямар хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас хэний эд хөрөнгөд гэм хор учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоо бий эсэх талаар дүгнэх шаардлагатай.

 

Дээрх нөхцөл байдлууд бүрэн тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч талд ямар хэмжээний хохирол учирсан эсэх нь тодорхой болох юм. Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ