Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2023/01889

 

 

2023 оны 06 сарын 08 өдөр      Дугаар 183/ШШ2023/01889              Улаанбаатар хот

    

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, шүүгч Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг,  байрлах М сургууль /РД:********/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х дүүрэг,  байрлах, А ХХК /РД:********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Сантехникийн материал авахдаа хуурамч падаан ашиглан хууран мэхлэсэн хохирол болох 139 951 юань буюу 64 759 710 төгрөг гаргуулах, БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан тамгатай баримт гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т,

Иргэдийн төлөөлөгч Н.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эмүжин нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М сургууль нь хариуцагч А ХХК-д холбогдуулан сантехникийн бараа, материал авахдаа хуурамч падаан ашиглан хууран мэхлэсэн хохирол болох 139 951 юань буюу 64 759 710 төгрөг гаргуулах, БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан тамгатай баримт гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Манай зүгээс шүүхэд хандаж 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан, уг шаардлагаа А ХХК-ийн захирал М.Б-ыг итгэлийг эвдэж, барааны үнээс 41 000 000 төгрөгийг шамшигдуулсан гэж ихэсгэсэн. Шүүхээс ажиллагааны явцад зарим шаардлагыг тусгаарласан. Мөн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа БНХАУ-ын Эрээн хотоос сантехникийн материал авахдаа хуурамч падаан ашиглан хөрөнгө шамшигдуулсны төлбөр болох 41 000 000 төгрөг буюу 139 951 юань гаргуулах, хариуцагч А ХХК-нд барилга байгууламжид хамтарсан үзлэг хийлгэхээр даалгуулахаар өөрчилсөн. Мөн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 41 000 000 төгрөг гэснийг нь юанийн ханш нэмэгдсэнтэй холбогдуулан юанаар гаргуулахаар тодруулсан. 2022 оны 10 дугаар сарын 25-ны нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн.

Монгол банкны 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ханшаар 1 юань 465 төгрөг 90 мөнгөтэй тэнцэж байгаа юм. Энэ ханшаар нэхэмжилж буй юанийг үржүүлбэл 139 900 юань х 462,90 төгрөг = 64 759 710 төгрөг болж байна. Иймээс нэхэмжлэлийн нийт үнийн дүнг 64 759 710 төгрөг болгон нэмэгдүүлж байна. Нэхэмжпэлийн шаардлагыг хариуцагч М.Б халуун усны тоолуур 126 ширхэгийг /нэг бүрийн үнэ нь 89,4 юаниар авч 11264,4 юань, хүйтэн усны тоолуур 126 ширхэгийг нэг бүрийг нь 86,42 юаниар авч 10889,9 юань зарцуулсан гэж Диагра ХХК-аар орчуулж өгсөн тайланд бичигдсэн байна. Энэ бүгд нийт 22 154,3 юань болж байна. Хариуцагчийн оруулж ирсэн энэ тоолуур нь ашиглах зөвшөөрөлгүй байхад худалдан авч бидэнд өгсөнөөс учирсан 22 154,3 юаний гэм хорын хохирлыг монгол мөнгөөр тооцоход 10 255 225 төгрөг = /22154,3 юань х 462,90 төгрөг/ болж байгааг нэмж нэхэмжилж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу нэхэмжпэлийн шаардлагын нийт дүн 162 054 юанийг /139 900 юань+22 154, 3 юанийг нэмж/ хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. А ХХК-иас БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан тамгатай баримтыг гаргуулахаар ихэсгэж, нэхэмжлэлийн  үндэслэлээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж өгнө үү.

1.3.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Одоо манай нэхэмжлэлийн шаардлага бол А ХХК-ийн захирал М.Б нь сантехникийн бараа, материал авахдаа хуурамч падаан ашиглан хөрөнгө шамшигдуулсны хохирол болох 139 951 юань буюу 64 759 710 төгрөг гаргуулах, энэ нь түүний хууль бус итгэл эвдсэн, 30 хувийн хямд авна гэсэн үүргээ биелүүлээгүйгээс учруулсан гэм хорын хохирол юм. Мөн БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан тамгатай баримт гаргуулах, энэ нь  худалдсан эд зүйлийн баримт бичгийг өгөх үүргээ биелүүлээгүй учраас уг баримтыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

Дээрх 2 шаардлагын үндэслэл нь манай нэхэмжлэлийн шаардлага дээр өмнөх шүүүхийн шийдвэр дээр гэм хор учруулсан гэх дүгнэлт гаргасан. Мөн 139 951 юанийг нэхэмжилж байгаа нь шийдвэр гаргахдаа тухайн өдрийн юанийн ханшаар тусгаарай гэсэн үг бөгөөд өдөр тутам үнэ өсч байгаа.  2014 оны 2 дугаар сарын 15-ны өдөр А ХХК-иас манай сургуульд хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтээр бол бид Хятад улс руу явъя. Нийтдээ тээврийн зардал 3 100 000 төгрөг болно. 1 200 000 юань авч явъя, 33 600 000 төгрөгийн ашигтай явна гэсэн тооцоог Б*************л гаргаад, тооцоо гаргасан А ХХК-ийн захирал Б*************л гэсэн албаны тамгатай баримтыг надад өгч гэрээ хэлцэл эхлүүлсэн. Би зөвшөөрсөн. Хятад руу явахаасаа өмнө ийм нөхцлөөр тохиролцсон байсан. Б-ын мэдүүлэгт байдаг. Эрээн хот явахаасаа өмнө авах материалынхаа Улаанбаатарын үнийг Эрээн хотын үнэтэй харьцуулж бүгд судалсан. Эхлээд би судалсан. Дараа нь Б, Б*************л нар судалсан. Эрээнд 30 хувийн хямд байдаг юм байна. Хэн ч очсон бараагаа 30 хувийн хямд авдаг юм байна. Үнэ судлах ямар ч шаардлагагүй. Эрээн дээр бүх барааны үнэ бичээстэй байдаг. Хэрвээ судлах шаардлагатай бол Wechat-аар үнийг харж болно. Бид нар ямар ч байсан 30 хувийн хямд авах юм байна. Эрээний лангуун дээр байгаа үнээр авна. Лангууны үнээс бага үнээр авах нөхцөл байдаг. Бэлэн мөнгөөр авсан тохиолдолд эсвэл бөөнөөр авсан тохиолдолд 40, 50 хувь руу орж байна. Тэр нь бол танай асуудал. Ямар ч байсан Улаанбаатарын үнээс 30 хувийн хямд бараа авчирна гэх амлалтыг өгсөн. Б юун 30 хувь бэ, хоёр бараан дээр 33 600 000 төгрөг гарж байна. 45 бараан дээр хичнээн сая төгрөгийн ашигтай байх вэ 50 000 000 төгрөг олчихлоо гэж хэлж байсан. Ингээд бид үүрэг хүлээсэн. Бид нар бүх зардлыг даана, А ХХК нь очиж худалдаж аваад бичиг баримттай нь хүлээлгэж өгөөд тооцоогоо хийгээд гэрээгээ дүгнэнэ гэсэн. Би зөвшөөрсөн учраас өөрөө яваагүй. Би явсан ч 30 хувийн хямд, Б*************л явсан ч 30 хувийн хямд авах байсан. Гол нь авах бараагаа мэдэхгүй байсан. Авах барааны жагсаалтыг А ХХК гаргаад 2014 оны 5 сарын 21-ны өдөр Эрээн хотоос 45 нэр төрлийн бараа авна гэсэн. Та нар танихгүй учраас бид өөрсдөө очиж бараагаа сонгоно чанартай, чанаргүй байдаг. Үнэ бол 30 хувь дээр маргах зүйл байхгүй гээд Б, Б*************л хоёр зөвшилцөж, 45 нэр төрлийн барааг 30 хувийн хямд авах гэрээ хэлцэл хийгээд үүрэг хүлээгээд явсан. Эрээнд очоод бараануудаа авсан. Манай зүгээс зөвхөн кассын үүрэг гүйцэтгэж явсан. 1 200 000 юань бэлдээд мөнгө дутвал Замын-Үүдээр гаргаад өгнө гээд 500 000 юаньтай явсан. Тийм их мөнгө орохгүй гэж хүмүүс хэлж байсан. Миний эхнэр, хүү хоёр угаалтуур, жорлон, ванн авах гээд явсан. Өөр зүйлсийг мэдэхгүй учраас Б, Б*************л хоёр сонгох гээд явсан. Тийн өгсөн мэдүүлэг дээр байгаа би бараагаа мэдэхгүй та нар бараагаа сонгоод үнийг нь тохирчих мөнгийг нь би төлье гээд хоёр тийшээ тусдаа явсан. Үүнийг Б-ын мэдүүлэг удаа дараа нотолж байгаа. Б мэдүүлгийнхээ нэг л зүйл дээр няцсан. Бараа авахын урд орой Б*************л би үнэ нэмээд хэдэн төгрөг унагачихлаа та маргааш бараагаа тоолоод аваарай танд би 10 хувь өгнө гэсэн мэдүүлгээсээ няцсан. Үүнийгээ би хэлээгүй гэсэн. Хоёрдугаарт тэр хүнээс бараа авсныхаа дараа би мөнгө унагачихсан, та 10 хувиа авах уу ямар ч байсан 1 000 юань өгчихье гээд өгсөн энэ ярианаасаа няцсан. Үүнээс өөр ямар ч ярианаас буцаагүй. Иргэний шүүх дээр 2 удаа мэдүүлэг өгөхөд  өмнө ярьж байсан зүйлүүдээ нотолсон. Тийм учраас бид Б мэдүүлгээсээ няцсан гээд өмнө нь болсон бүх үйл явцыг хүчингүй болгож болохгүй. Монголоор бичсэн баримтаа Б*************л очоод Хятадаар орчуулуулсан. Гэтэл Хятадууд ойлгохгүй байсан. Тэгээд Б*************л 10 ширхэг хувилаад дэлгүүрээр тараагаад үнийн саналаа хэлээрэй гээд яваад байсан. Тэгээд миний тооцоогоор 80 000 000 төгрөгийн бараа авахаар тохиролцсон гэж Б хэлсэн. Вальютын ханшаа буруу л хэлсэн байсан. Б*************л 30 хувийн хямд авахаар болчихлоо болох уу гэж хэлсэн. Үүнийг манай эхнэрийн мэдүүлэг удаа дараа нотолдог, манай хүүхэд бас нотолно. Б нотолдог байсан ч больсон би оролцоогүй та нарын юу гэж ярьсныг мэдэхгүй гэдэг болсон. Урд орой нь 30 хувиар хямд авахаар болсон гэж тохироод маргааш өглөө очоод авъя гээд манай эхнэр өглөө нь очиход Б*************л дэлгүүрт орохоосоо өмнө Т эгчээ би өөрийгөө дэлгүүрийн захирал, таныг нягтлан бодогч гээд хэлчихсэн шүү та мөнгөө тушаагаад л гараарай би дэлгүүрийн хүнтэй ярьчихсан байгаа гэсэн. Манай эхнэр тэгье гэсэн. Өглөө дэлгүүрт орсон чинь урд өдөр нь тохирсон 30 хувиар хямд авах үнийн жагсаалттай цаасаа гаргаж ирээд үзүүлсэн чинь тамга тэмдэггүй компаний  бланк дээр бичсэн цаас манай эхнэрт үзүүлсэн. Ийм үнийн дүнтэй боллоо шүү гэсэн. Ингэж хэлэхээсээ өмнө Б*************л манай нягтлан бодогч мөнгө тушаачихаад одоо гарлаа бид нар хүлээж авна гээд үлдсэн. Ямар ч баримт бичиг дээр гарын үсэг зуруулаагүй, мөнгө тушаасан баримт бичиг дээр гарын үсэг зуруулаагүй, бараа хүлээж авсан баримт дээр гарын үсэг зуруулаагүй. Яагаад гэхээр захирал нь тэрийг зурах үүрэгтэй, нягтлан бодогч бол мөнгөө тушаадаг л хүн болохоос биш захирлынхаа урдуур орж гэрээ хэлцэл хийдэг хүн биш. 366 000 юань тушаамагц хэдхэн секундын дараа гарсан байгаа. Өнөөдөр бараагаа ачуулна, гаалиар гарна гээд гараад явсан. Тэгээд дэлгүүрт Б*************л, Б 2 үлдсэн. Энэ тамга тэмдэггүй баримт биш жинхэнэ тамга тэмдэгтэй баримтыг Б-д өгсөн. Мөнгө тушаасан баримт өгөөгүй. Ямар баримт өгөх ёстойг хэргийн 3 дугаар хавтсийн 152 дугаар тал дээр бичсэн байгаа. Хятадаар бичсэн ч ард нь Монголоор бичсэн байгаа. Аль ч компани бэлэн мөнгө тушаах юм бол нягтлан бодох бүртгэл дээр бэлэн мөнгө тушаасан баримтыг тусад нь бичдэг. Авсан барааны үнийн дүнг хүлээж авсан, хүлээлгэж өгсөн гарын үсэг зурдаг. 366 000 юань өгсөн авсан хүн хоёулаа өгсөн авсан баримт бичиг дээр гарын үсэг зураагүй. Энэ үйл явдлыг Б*************л хийсэн гэдэг нь ойлгомжтой байгаа. Энэ үйл явдлыг дэлгүүр дээр хийлгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэг өгсөн хүнийг мэдүүлгээсээ буцсан гээд түүнд үнэмшиж болохгүй. Б*************л Өвөрмонгол хүнийг дуудаад өөрийнхөө дэлгүүрийн баримтаа өгөөд гаалиар гаргаж өгсөн. 2 000 юань өгөөд манай барааг шууд гаалиар гаргаад өгье гэж байна гэсэн. Тэгээд манай эхнэр тэгье гэсэн. Ингээд Б бараагаа ачаад нэг Өвөрмонгол хүн дэлгүүрийн баримтыг өөр нэг Өвөрмонгол хүнд өгөөд тэр нь гааль дээр очиж бичүүлээд Бод өгсөн. Энэ үед Б*************л хүүхдийн бие муу нэгэнт бараагаа авчихсан юм чинь гээд хот руу буцсан байсан. Би Боос асуусан Б*************лаас авсан баримт чинь тамга тэмдэгтэй байсан уу гэхэд байсан гэсэн. Тэгэхээр жинхэнэ баримтыг Б*************л авсан гэдэг нь ойлгомжтой байна. Нөгөө талд нь Таас дэлгүүр 366 000 юань авсан гэх баримт байхгүй. Илүү бичсэн гэдэг нь тэнд харагдаж байгаа. Хятадын гааль өнгөрөөд Монголын гааль өнгөрөөд 2 хоногийн дараа Улаанбаатар хотод ирж хүлээсэн үүргийнхээ дагуу материалуудаа хүлээлгэж өгсөн. Бичиг баримт хаана байна гэхэд Б Б*************л мэднэ гэж хэлсэн. Б*************лаа дэлгүүрийн бичиг баримтаа өгөхгүй юм уу, гэрээн дээр бараа материалыг бичиг баримттай нь хамт хүлээлгэж өгнө гэсэн. Хаанаас хэдэн төгрөгөөр авсныг нь яаж мэдэх юм ямар ч байсан 366 000 юанийн тамга тэмдэггүй үнийн танилцуулга байна. Тамга тэмдэгтэй баримтаа та нар авсан юм биш үү гэхэд Б*************л гаалиар гарахдаа авсан бараа дутуу байгаа учраас гүйцээж байгаад тань дээр ирж эцсийн тооллогоо хийж гэрээгээ дүгнүүлнэ гэсэн. Б-ын мэдүүлэг дээр байгаа бараа материал дутуу ирж байсан гэдгээ зөвшөөрсөн. Нөгөө талаас бас  өгөхдөө дутуу өгөөд явуулсан байсан. Дараагийн удаа Б*************лтай яриад оны эцэст санхүүгийн тайлан гарлаа тамга тэмдэгтэй бичгээ өгөөчээ,  150 000 000 төгрөгийн үнэтэй тамга тэмдэггүй барааг хаана хийх юм бөөн татвар торгууль болно шүү дээ гэхэд Б*************л Б алга болгочихлоо гэсэн. Эрээн хот яваад бичүүлээд ирнэ гэсэн. Тэгээд 2 сар болсон санхүүгийн тайлан гарах болоод дахиад Б*************лаас асуухад би одоохон яваад аваад ирье гэсэн. Тэр үед эрүүгийн хэрэг үүссэн. Гэтэл Б орж ирээд Б*************л надад байр өгөх гэж байснаа больчихлоо. Одоо Б*************лын үнэнийг хэлнэ. Б*************л 25 000 000 төгрөгний үнэ нэмж бичээд дундаас нь завшсан та нарыг хохироосон. Үүнийг би цагдаад хэлнэ гээд гараад явсан. Тэгээд мөрдөн байцаах газар 2 жил энэ хэргийг судалж дүгнээд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнийг прокурорын газраас хүчингүй болгосон. Аргагүйн эрхэнд Иргэний шүүхэд хандаад өнөөдрийг хүрсэн. Эндээс ямар дүгнэлт гардаг гэхээр А ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 30 хувийн хямд авна, 33 600 000 төгрөгийн ашигтай явна гэсэн үүргээ биелүүлээгүй. 2 сарын үед Б*************лаас тооцоогоо хий гэрээгээ дүгнэ гэсэн шаардлага тавихад 2014 оны 6 дугаар сард надад урьдчилсан байдлаар ийм ашигтай гарлаа гэсэн бичиг өгсөн. 31 000 000 төгрөгийн ашигтай явсан. Гэхдээ энэ 17 нэр төрлийн бараан дээр гэсэн. Юаниа хэдээр бичсэн юм бэ гэхэд өөрөө гаргаараа 1 юань 295 төгрөгөөр бодож бичсэн гэсэн. Б*************л өөрөө энийгээ хэзээ ч үгүйсгэдэггүй. 17 нэр төрлийн бараа гаргасан байна. 45 нэр төрлийн барааг гаргаад ир, усны тоолуурын мөнгийн Улаанбаатар хотын үнээс илүү авсан байна. Тээврийн зардал дээр томилолтын зардлыг нэмэх юм бол Улаанбаатар хотын үнээс илүү үнэтэй байна. Би аудитаар шалгууна шүү ямар ч байсан үүнийгээ гүйцээгээд ир гээд гаргасан. Б*************л гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 30 хувиар хямд авах барааг өөрсдөө үнэ нэмж бичээд Улаанбаатар хотын үнээс илүү үнэтэй болгочихоод хуурамч бичиг үзүүлсэн. Манайд мөнгө тушаасан Тийн гарын үсэгтэй баримт, бараагаа хүлээн авсан баримт байхгүй. Б*************л авсан гэдэг нь ойлгомжтой байгаа, тэрийгээ одоо хүртэл өгөхгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон. Энэ барааны үнэ яаж ийм гарсан юм бэ гэдгийг яг энэ төрлийн барааг Эрээн хотоос бөөнөөр авдаг компанитай очиж уулзаад баримтыг нь үзээд Эрээн хотын үнээс 139 900 юань илүү бичсэн байна гэдгийг тогтоосон. Мөн хятад худалдагч өөрөө хэлсэн байгаа 366 000 юанийн нэг баримтыг бичиж өгсөн. Дараа нь 200 000 юанийн нэг баримт бичиж өгсөн. Би 2 баримтыг л бичиж өгсөн гэж хэлсэн. Орчуулагч бас ингэж хэлсэн. Энэ  3 хүний мэдүүлэг  яг энэ асуудал дээр зөрж байгаа. Энэ баримт бичиг бол зүгээр өгдөг зүйл биш гарын үсэг зурдаг. 150 000 000 төгрөг авчихаад гарын үсэг зурахгүй байна гэж байхгүй. Бын мэдүүлэг дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч асуусан байна. Б*************л 200 000 юанийн баримтаа Сонинбаярт өгөөрэй. Гаалиар асуудалгүй гаргаж өгнө гэсэн мэдүүлэгтээ хэвээрээ байна уу гэж 3 дугаар сарын 23-ны өдөр асуусан.  Б нь би баримтыг нь аваад Сонинбаярт өгсөн гэсэн. 200 000 юань бичсэн гэдгээ зөвшөөрсөн. 2018 оны 3 дугаар сарын 23-ны өгсөн Бын өгсөн мэдүүлэгт Монголын гааль дээр бараа ачсан машин хүлээж байхад надад өгсөн баримт нь 366 000 юанийн үнэтэй байсан. Харин худалдагч эмэгтэйн надад өгсөн баримт дээр 200 000 юанийн дүнтэй байсан гэсэн. Үүнийг шинжээч нотолсон, Б нотолсон, дэлгүүрийн худалдагч нотолсон. Б*************л 139 900 юань буюу тухайн үеийн ханшаар 41 000 000 төгрөгийн одоогийн ханшаар 64 759 710 төгрөгийн гэм хор учруулсан. Үндэслэл нь Улсын дээд шүүх тогтоосон байгаа. Хуурамч бичиг баримт үйлдсэн хууран мэхэлсэн гэдэг зүйл байгаа. Шамшигдуулсан гэдэг зүйл байхгүй. Үүгээр бидэнд учирсан хохирлыг Б*************л авсан гэдэг нь ойлгомжтой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч шаардлагаа тодруулаад гэм хорын хохиролд 139 951 юанийг гаргуулах, Эрээн хотоос авсан барааны баримт гаргуулах гэж байгаа юм байна. Энэ тодруулсан шаардлагын хүрээнд нь тайлбараа хэлье. Сая нэхэмжлэгч тал тайлбарлаж байна, хуурч мэхлэж тэр мөнгөөр ашиг олсон гэж байна. Мөнгөөр ашиг олсон гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих юм уу, гэм хор учруулсан гэж үзэж байгаа бол ямар байдлаараа гэм хор учруулаад хохирол шаардаад байгааг тодорхой болгох нь зүйтэй. А ХХК-иас шүүхэд тайлбараа гаргасан байдаг. Энэ тайлбартаа М сургуулийг шамшигдуулсан, төлбөр авсан зүйл огт байхгүй. Энэ хэрэг эрүүгийн журмаар удаан шалгагдаж явсан байдаг. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 53 тоот Нийслэлийн прокурорын газрын тогтоолоор тус эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ эрүүгийн хэрэг шалгагдаж байх хугацаандаа нэхэмжлэгчийн яриад байгаа бүх үйл баримтыг шалгаж тогтоосон байдаг. М сургуулийн захирал Н.Д гуайн гомдлоо М.Б гэх хүнийг яллагдагчаар татаж байгаад энэ үйл баримтыг тогтоох үйл ажиллагааг хийсэн. Энэ хүрээнд бол М.Б-д дэлгүүрийн баримтыг өгөөгүй, 139 951 юанийн хохирол учирсан гэх ийм зүйл ярьдаг. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус дэлгүүрийн худалдагчийн мэдүүлгийг Эрээн хотын Цагдаагийн газраас хууль сануулаад авсан байдаг. Энэ дээр өөрөө 336 000 юанийн бараа материалаа Монгол хүмүүст худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ төлбөр төлөх ажиллагаа гэж яриад байна. Энэ дээр Б*************л, Б, Т, Д гэх хүмүүс хамтдаа худалдан авалт хийхээр явсан байдаг. Төлбөрийг Б*************лд өгөөд худалдан авалт хийгээгүй, Т нь өөрөө төлсөн, тухайн Эрээн дэх дэлгүүр нь  барааг мөн л бүгдэд нь хүлээлгэж өгсөн байдаг. 366 000 юанийн үнийн дүнтэй бараа худалдсан гэдгээ хятад худалдагч өөрөө хэлдэг. Тэр баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. А ХХК-иас гаргаж өгсөн үнийн санал байдаг. Тэр үнийн санал дээр Эрээн хотоос худалдан авалт хийнэ гэсэн зүйл байхгүй. Хятадын Хэбэй гэх мужаас худалдан авалт хийх үнийн санал байгаа. Тухайн үед цаашаа явах нь илүү өндөр зардал гарах юм байна гэж үзээд тухайн үеийн хүмүүс Эрээн хотоос худалдан авалтыг хийсэн. Энэ худалдан авалтыг хийх явцад ямар нэгэн хувьдаа мөнгө авсан завшсан үйлдэл байхгүй, энэ нь баримтаар нотлогдоогүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярих юм бол ямар гэм буруутай үйлдлийн улмаас энэ хохирол учраад байгаа вэ гэдэг зүйл тодорхойгүй. М.Б тухайн бараа материалыг авахад нь цуг явсан нь бол үнэн, 30 хувийн хямд авах хэлцэл хийсэн гэж яриад байна. Ийм хэлцэл талуудын хооронд огт байгуулагдаагүй. Өөрсдөө хамт яваад дэлгүүрээр ороод үнийг нь судлаад энэ үнэ нь болж байна гээд мөнгөө төлөөд бараагаа авсан ийм л асуудал байгаа. Энэ үйл баримтууд өөрөө нотлох баримтаар тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс тамгатай баримт гаргуулах шаардлагын хүрээнд бас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн М сургуулийг төлөөлж нягтлан бодогч Ө.Т, Д.Д нар бол худалдан авалт хийхээр явсан. Төлбөр төлсөн бол тухайн баримтыг хүлээж авах үүрэг нь нягтлан бодогчид нь байгаа. Тийм учраас М.Б-д ямар нэгэн баримт байхгүй учраас гаргаж өгөх боломжгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр мөн тухайн баримтыг Ө.Т гэх хүнд өгсөн гэсэн мэдүүлэг байгаа. М.Б-ын хувьд тэр баримтыг хүлээлгэж өгөх үүргийг М сургуулийн өмнө хүлээсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Бохирын шугамыг экскватораар ухсан байдал гэх зураг, шилжүүлгийн баримт, усны тоолуурт дагалдаж ирэх ёстой байсан пасспорт, №9********0тоот М сургуулийн гэрчилгээ, Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 53 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/***** тоот Хариу өгөх тухай албан бичиг, Н.Д-ийг асуусан тэмдэглэл, сэжигтнээр М.Б-ыг асуусан тэмдэглэл, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн М.Б-ыг яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Мөрдөн байцаалтын тэмдэглэл, 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.Д, Д.Ц-д нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Х дүүргийн Хүүхдийн клиник сувилал дөрөвийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн ** тоот албан бичиг, Стандарчлал, хэмжил зүйн газрын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 05/****тоот албан бичиг, 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн М сургуулийн 72 айлын орон сууцны гадна, дотор сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн БНХАУ-ын Хэбэй мужаас авах М сургуулийн багш, ажилчдын 72 айлын орон сууц, сургуулийн А, Б корпусын сантехникийн угсралт, засварт орох материал ба тээврийн зардал гэх хүснэгт, гар бичвэр, Х дүүрэг,  барилгын гадна, дотор сантехникийн ажил, салхивчийн ажлуудыг хийх үнийн санал гэх хүснэгт, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, шилжүүлгийн баримтууд, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, санхүүгийн баримтууд, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн **** тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, хавсралт, ****** тоот Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, татвар төлсөн талаарх баримт, Т ХХК -ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, Т ХХК -ийн албан бичиг, орчуулгын баримт, Мэргэжлийн хяналтад хамруулсан тухай мэдэгдэл, Ачааны манифест гэх баримт, Д.Д, Л.Н нарын байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-ийн 9-13, 32-33, 58-60, 62, 121-134, 158-160, 176-180, 187-198, 2хх-ийн 142-144, 143-171, 3хх-ийн 118-120, 138-158, 164-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, Ү-2*************3 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Г.Д-ын тодорхойлолт, гэрэл зургууд, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ц.Г, Г.Б  нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага гардуулсан баримт, Ц.Г, Г.Б нарт олгосон итгэмжлэл, Г.С-т олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр /1хх-ийн 114-115, 135-138, 2хх-ийн 97, 200, 216, 3хх-ийн 26, 86, 101-110-р хуудас/ гэсэн баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн Прокурорын газрын архиваас Т.Б-ыг асуусан тэмдэглэлүүд, гэрч Т.Быг гэрчээр байцаасан тэмдэглэл, М.Б-ын 5***********9, 5*********0, 5*********0, 5**********6 тоот данснуудын 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны хуулгыг, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Мөрдөн байцаалт явуулах хугацааг 3 дугаар удаа сунгах тогтоол, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 250 дугаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайлан, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн гэрч Т.Б-ыг асуусан тэмдэглэл, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07/10/** тоот Орон сууцны барилгын дотор сантехникийн системийн тухай дүгнэлт, Нийслэлийн Прокурорын газраас Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 36а-2/***** тоот албан бичиг, Хятад хэл дээрх бичвэр, Мөрдөн байцаалтын тэмдэглэлүүд, Орос хэл дээрх бичвэрүүд, 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл, гар бичвэр, хүснэгтэн баримт, 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн М.Б-ыг сэжигтнээр дахин асуусан тэмдэглэл, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн М.Б-ыг яллагдагчаар асуусан тэмдэглэл, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн М.Б-ыг яллагдагчаар дахин асуусан тэмдэглэл, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн М.Быг яллагдагчаар дахин асуусан тэмдэглэл, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Ө.Т-ийг гэрчээр асуусан тэмдэглэл, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Ө.Т-ийг гэрчээр дахин асуусан тэмдэглэл, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б.Д гэрчээр асуусан тэмдэглэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас Монгол дээр сургуулийн ажилчдын байранд усны тоолуурыг дахин суурилуулахаар ханыг цоолох, шугам солих эдгээр ажлыг хийсний дараа ханыг дахин өрах, шавардах, плата обой  наах гэх мэт ажлыг хийхэд ямар хэмжээний материал, зардал, ажлын хөлс шаардагдах талаарх дүгнэлт гаргуулсан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Ч.О, Д.Д, С.М, Ө.Т нарыг асуусан тэмдэглэл, гэрчээр Т.Б-ыг асуусан тэмдэглэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр Гаалийн ерөнхий газраас бараа  материалын мэдүүлгийн талаарх лавлагаа, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Ө.Т, Д.Д, Т.Б нарыг дахин асуусан тэмдэглэл /1хх-ийн 68-103, 245-250, 2хх-ийн 1-31, 74-88, 191-199, 207-211, 3хх-ийн 94, 127-136-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч М сургууль нь тус дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч А ХХК нь багш, ажилчдын орон сууцны барилгын гадна, дотно сантекникийн ажлыг гүйцэтгэхдээ уг ажилд шаардагдах сантекникийн бараа, материалыг БНХАУ-ын Эрээн хотоос 30 хувийн хямд үнээр авна гэсэн үүргээ биелүүлээгүйгээс хуурч мэхлэн гэм хор учруулсан хохиролд 139 951 юань буюу 64 783 317 төгрөгийг гаргуулах, худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан тамгатай баримт буюу мөнгөн орлогын баримт бичиг, зарлагын падааныг гаргуулна гэж шаардлага, үндэслэлээ тодруулсан тул шүүх түүний шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцсэн болно.

 

2.Нэхэмжлэгч М сургууль нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:

-хариуцагч А ХХК нь багш, ажилчдын орон сууцны барилгын гадна, дотно сантекникийн ажлыг гүйцэтгэж байхдаа уг ажилд шаардагдах сантекникийн бараа, материалыг БНХАУ-ын Эрээн хотоос 30 хувийн хямд үнээр авна гэсэн үүргээ биелүүлээгүйгээс хуурч мэхлэн гэм хор учруулсан хохирол 139 951 юань буюу /Монгол банкны ханшаар 462,90 төгрөгөөр тооцож/ 64 783 317 төгрөгийг гаргуулах,

-худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан барааны тамгатай баримтыг буюу мөнгөн орлогын баримт, зарлагын падааныг гаргуулна гэсэн.

3.Хариуцагч А ХХК нь ашиглан шамшигдуулсан, хуурч мэхлэсэн зүйл байхгүй, эрүүгийн журмаар шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоосон, барилгын чанартай материалыг хямд авах зорилгоор БНХАУ-ын Эрээн хот руу нэхэмжлэгч М сургуулийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ө.Т, Д.Д нарын хамт яваад бараа материалыг худалдан авч, мөнгийг нь Ө.Т өөрөө төлж, барааны баримтыг Ө.Т өөрөө авсан, гэрч Т.Б-ын хуурамч мэдүүлгээс болж маргаан олон жил үргэлжилж, ажил амьдралаараа хохирч байна гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч М сургууль, хариуцагч А ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр М сургуулийн 72 айлын орон сууцны гадна, дотор сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 18-р сургуулийн урд талд байрлах М сургуулийн багш, ажилчдын 72 айлын орон сууцны гадна, дотно сантекникийн иж бүрэн угсралтын ажлуудыг захиалагч талын ажилтны хяналтан дор хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.

 

4.2.Мөн уг гэрээний ажилд зориулсан сантехникийн материалыг авах зорилгоор М сургуулиас нягтлан бодогч Ө.Т, Д.Д, А ХХК-иас М.Б, инженер Т.Б нар БНХАУ-ын Эрээн хотоос сантехникийн материал авахаар явж, улмаар уг материалыг худалдан авч, М сургуульд хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

5.Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, сантехникийн бараа, материалыг худалдан авахаар БНХАУ-ын Эрээн хот руу явсан үйл баримтын талаар маргаагүй, уг бараа материалыг 30 хувийн хямд авах үүргээ биелүүлээгүй, бараа материалыг худалдан авахдаа хариуцагчийг хуурамч падаан ашигласан хууль бус үйлдлийн улмаас хохирол учруулсан гэж маргаж байна.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

6.1.Нэхэмжлэгч нь хариуцагч А ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох М.Быг 38 нэр төрлийн хямд үнээр худалдаж авсан материалуудаа БНХАУ-ын Эрээн хотын D үйлдвэрийн дэлгүүрээс 2 өөр төрлийн үнэтэй хуурамч падаан бичүүлэн авч, улмаар 139 951 юань буюу 64 783 317 төгрөгийг ашиглан шамшигдуулсан, хохирол учруулсан бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч Т.Б, Ө.Т, Д.Д нарын мэдүүлэг, үнэ бичсэн падаан болон бусад баримтуудаар нотлогдоно, М.Б-ыг хуурамч баримт ашиглан хохирол учруулсан гэм буруутай үйлдлийг нь эрүүгийн хэрэгт шалгаад тогтоосон гэж тайлбарласан.

6.2.Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайланд “...БНХАУ-ын Эрээн хотын Дун Ён дэлгүүрээс авсан 38 нэр төрлийн бараа материалын үнийг 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Эрээн хотод борлуулагдаж байсан зах зээлийн үнэтэй харьцуулан үзэхэд үнийн зөрүү 139 900 юань болов” гэсэн байх бөгөөд D гэсэн баримтад 366 408 юань /барилгын материал/, Эрээний D дэлгүүрээс Т-т өгсөн цаас гэх баримтуудаар хариуцагч нь бараа материалыг хямд авах үүргээ биелүүлээгүй гэсэн боловч энэ нь Эрээн хотод борлуулагдаж байсан зах зээлийн үнэтэй харьцуулсан байх бөгөөд Монголд уг бараа материал нь хэдэн төгрөг байсан эсэх талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй болно.

Мөн хэрэгт авагдсан БНХАУ-ын Хэбэй мужаас авах М сургуулийн багш, ажилчдын 72 айлын орон сууц, сургуулийн А, Б корпусын сантекникийн угсралт, засварт орох материал ба тээврийн зардал /тээврийн зардал 3 103 400, материалын тооцоо Хэбэй авч явах бэлэн юань 1 200 000 / гэсэн байх ба сантехникийн бараа, материалыг БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авсан байх бөгөөд уг сантекникийн бараа, материалын зөрүү гэх 139 900 юанийг хариуцагч нь авсан гэдэг нь дээрх баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь үнийн судалгааны талаарх баримтгүй байна гэж үзэв.

 

6.3.Нэхэмжлэгч нь хариуцагчийг хуурамч падаан бичүүлэн хохирол учруулсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоно гэсэн бөгөөд гэрч Т.Бын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...Б*************л материалын зардал дээрээ хэдэн төгрөг нэмээд мөнгө унагааж авнаа, та зүгээр материалаа тоолж авч ачуулаарай гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Д дэлгүүр нь хоёр өөр төрлийн баримт бичиж өгсөн үнэ нэмж бичсэн баримтыг Т эгчид өгч, яг жинхэнэ үнийг бичсэн баримтыг надаа өгсөн бөгөөд намайг бараа тоолж хүлээн авч ачуулж байхад С  гэж залуу ирээд бараа авсан баримтаа өгч бай гэж хэлэхээр нь би санаанд оролгүй түүнд өгсөн чинь шууд миний нүдэн дээр ураад хаячихсан”, “...Т эгч худалдагч хятадын одоо энэ хэрэгт хавсаргасан хуурамч падаан дээр байгаа үнийн дүнгээр нь мөнгийг нь тоолж өгөөд Б*************л, Д, Т эгч гурав машин тэрэг олж ирнэ гээд гараад явсан”, “...замдаа Б*************л дүү нь нэг хэдэн цаас унагачихлаа, одоо мөнгө авах уу, хотод очоод мөнгөө авах уу гэхээр нь чи хэдэн төгрөг унагаасан юм бэ, надад яахав 10 хувийг нь өгчих гэж хэлсэн, Б*************л яг хэдэн төгрөг унагаасан талаар надад хэлээгүй”, “...Б*************лтай маргалдаад Д, Т эгч хоёрт очоод хэлчихсэн, тэр үед жинхэнэ болон хуурамч баримт хоёр миний цүнхэнд явж байсан бөгөөд би цүнхээ ажил дээрээ үлдээчихсэн байсан” гэсэн боловч 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Б*************л хэдэн цаас унагачихлаа та маргааш очиж бараагаа тоолоод аваарай гэж хэлээгүй, наадах дээр чинь би хариуцлагаа хүлээнэ, би согтуудаа чамайг чаднаа гэж хэлсэн. Тэрний үр дагавар гэж олон юм болсон” гэжээ.

 

6.4.Хэрэгт авагдсан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №****** дугаар Прокурорын тогтоолд “...М.Б-аас гаргасан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шалгагдаж байсан эрүүгийн тоот дугаартай хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Т.Б нь худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэргийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хэргийг хэлэлцэх хугацаа өнгөрсөн, цаашид мөрдөн шалгах ажиллага явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр татгалзаж шийдвэрлэв” гэсэн байх бөгөөд М.Б-д холбогдуулан шалгаж байсан ...илүү өндөр дүнтэй хуурамч падаан бичүүлж, дундаас нь мөнгө залилсан гэх үйлдлийн тухайд гэрч Т.Б нь удаа дараа өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мэдүүлэгийнхээ эх сурвалжийг нотолж чадаагүй, түүний мэдүүлгүүд нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй ...нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдах нь зүйтэй гэж дүгнэжээ.

 

6.5.Мөн мэдүүлгийн зөрүүг гаргахаар гэрч Т.Б-ыг дахин нэхэмжлэгчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.Б нь “...БНХАУ руу сантекникийн угралтын материал авах зорилгоор явсан. Хоёр үнийн санал буюу Эрээн болон Монголын 100 айлын санал гарсан байсан бөгөөд Б*************л, Дашзэвэг ярьж тохиролцоод хятад явах санал гаргасан. Тэгээд явсан. Дэлгүүрт ороход Т эгч өөрийгөө нягтлан бодогч энэ манай захирал гэж хэлсэн, тэгээд мөнгө тушаасан, намайг бараагаа тоол гэсэн. Би тэндээс юмаа тоолох үед хятадууд надад баримт өгсөн, тэрийг машинд ачихдаа тэр баримтаар тоолно гэх байдлаар надад өгсөн. Нөгөөх нь буюу Тунгаа эгчид байгаа баримт нь мөнгө тушаасан авсан баримт. 9 сард Дашзэвэгийн барилга бүрэн дуусаж, би 7 хоног ажил явдалтай байсан тэгээд хөдөө явчихаад ирэхэд намайг ажлаас халсан байсан. Тэгээд архи уугаад Б*************л-тай муудалцаад тэгээд согтуудаа Дашзэвэгт баахан юм ярьсан байсан мөн байцаалтан дээр очоод баахан юм ярьсан. Дараа нь шүүх дээр очоод энэ бүх зүйл бол согтуудаа Б*************л-ыг чадах гээд хэлсэн зүйлүүд юмаа, уучлаарай миний буруу гээд буруугаа хүлээн зөвшөөрсөн. Цүнхэнд ажил хүлээлцэх акт, тоолуурын бичиг, дэлгүүрийн тамгатай барааны баримтын жагсаалт гэх мэт зүйл байсан. Энэ бүх баримт Тунгаа эгч дээр байгаа, надад барааны жагсаалт байсан. Тухайн үед Б*************л-ыг чадна гээд мэдүүлгээ худлаа хэлснээ сүүлд шүүх дээр буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэж мэдүүлсэн тул түүний мэдүүлгээр хариуцагчийг хуурамч падаан ашиглан нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх үндэслэлгүй, гэрч Т.Б-ын мэдүүлэг нь нэхэмжлэлийн үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6.6. Гэрч Ө.Т нь “...Манай сургуулийн хойно багш ажилчдын барилга барих гээд тухайн барилгад ашиглагдах сангийн материал нь Эрээнд хямд байдаг тэндээс авсан нь дээр гэх санал хүсэлт манай нөхөрт ирсний үндсэн дээр 5 дугаар сард Д.Д, Н.Б*************л, Т.Б бид хэд явсан. Эхлээд вагоноос буугаад 2-3 дэлгүүрээр орсон. Тэгээд буудалд очоод орой нь цугларч ярьсан бөгөөд мэддэг юмаа судлая гээд маргааш нь 2, 2-оор салаад явсан. Орой цугласан чинь бид хоёр судалчихлаа, авах юмаа жагсаагаад биччихлээ, ийм дүнтэй гарч байна, энэ нь Улаанбаатараас 30 хувь хямд олдож байна гэхэд нь зөвшөөрсөн. Маргааш нь орсон дэлгүүр анхны бид хэдийн дөрвүүлээ явж байхдаа орсон дэлгүүр биш байсан, хэдэн юань ч билээ нийт ийм дүн болж байна гээд би мэдэхгүй учир мөнгийг нь худалдагчид шууд бэлнээр тоолж өгсөн.Тэр үед надад хятадаар бичсэн нэг бичиг өгсөн. М.Б бидэнд болохоор ямар ч үнээр бичсэн юм нэг баримт өгөөд цаагуураа яасан ч дүн бичсэн юм тэгж залилсан болж байгаа байхгүй юу, тэгж хардаж байгааг эрүүгийн цагдаа мөрдөөд ийм төгрөгийн зөрүү гарч байна гээд тамга баримттай бичиг өгсөн. Үнийн сонголт хийж энэ материалаас тэдийг авья гэдгийг энэ хоёр хүн хийлээ, зөвхөн мөнгийг нь би төлсөн. Энэ асуудал анх залилсан гэдгийг мэдээгүй байсан бөгөөд байшин хүлээлгэж өгөх алдад Т.Б дундаас нь энэ хүн өчнөөн төгрөг идсэн шүү, та нар шүүх цагдаагаар явж мөнгөө олж аваарай гээд Т.Б-оос анх мэдсэн” гэж, гэрч Д.Д нь “...2014 оны 5 дугаар сард Эрээн рүү барилгын материал авах гэж явсан. Мөн ээждээ туслах гэж хамтарч явсан. Орой нь буудалд энэ дэлгүүрийн бараа чанартай юм байна тэндээс авья гээд үнийн дүнг харуулсан. Б*************л өөрийгөө захирал, таныг нягтлан гээд хэлцэн байгаа шүү гэж байсан. Бид 2 үнэ төлөх гэж орсон. Зөвхөн мөнгийг нь төлсөн. Мөн өмнөх өдөр нь тооцоо хэмнэсэн зүйл харуулсан учир итгэсэн” гэж мэдүүлсэн бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгч М сургуульд ажилладаг, БНХАУ-ын Эрээн хотоос сантехникийн барааг худалдан авахад хариуцагчтай хамт байсан, худалдан авсан барааны үнийг нь төлсөн талаараа хэн аль нь мэдүүлжээ.

Иймд гэрч нарын мэдүүлгээр хариуцагчийг хуурамч падаан бичүүлэн авсан, мөн мөнгөний зөрүүг авсан гэдэг нь нотлохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...М.Б өөрийгөө захирал, таныг нягтлан гээд хэлчихсэн байгаа шүү” гэдгээр түүнийг хууль бус үйлдлээр нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзэв.

 

6.7.Нэхэмжлэгч нь хариуцагчийг залилан мэхлэсэн гэж яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлж байсан, түүний хууль бус үйлдэл нь эрүүгийн хэрэгт нотлогдсон гэж тайлбарлаад хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 11/4-***** дугаартай албан бичгийг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт “...А ХХК-ийн захирал М.Быг 2014 оны 5 сард М сургуулийн багш, ажилчдын орон сууцны барилга барих материал авахаар тус сургуулийн дэд захирал Д.Д, нягтлан бодогч Ө.Т А ХХК-ийн инженер Т.Б нарын хамтаар БНХАУ-ын Эрээн хотоос барилгын материал авахдаа хуурамч үнийн дүн бүхий зарлагын падаан бичүүлж 25 сая төгрөг залилсан гэх үйлдэлд яллагдагчаар татаж хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн болно” гэжээ.

6.8.Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь А ХХК-нд буюу М.Б-д холбогдуулан үүсгэсэн 2***********8 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 53 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн нь түүний шүүхэд ирүүлсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ****/****** дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

 

6.9.Уг шийдвэрт М.Б-ын нэхэмжлэлтэй прокурорын байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд М.Бд холбогдох М сургуулийн 72 айлын орон сууцны гадна, дотно сантехникийн ажил гүйцэтгэх үедээ тус сургуулийн захирал Н.Д-ээс 25 сая төгрөг залилан мэхлэж авсан гэх гомдлын дагуу Эрүүгийн хуулийн 148.3-д зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр 2015 оны 8 дугаар сарын 20-ны үеэс сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж бүтэн 1 жилийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 2016 оны 4 сарын 18-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох ** тоот прокурорын тогтоолоор М.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон байх тул хууль бус ажиллагааны улмаас учирсан хохиролд 5 000 000 төгрөгийг гаргуулж М.Б-д олгохоор шийдвэрлэсэн байна.

            6.10.Иймд нэхэмжлэгчийн хариуцагчийн хууль бус ажиллагааны улмаас буюу хуурамч падаан үйлдэж, хямд үнээр авна гэсэн үүргээ биелүүлээгүй хариуцагчид хохирол учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

            7.Мөн нэхэмжлэгчээс хариуцагч А ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, худалдан авсан барааныхаа баримтыг өгөхгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс сантехникийн бараа, материалыг худалдан авсан баримт буюу мөнгөн орлогын баримт, зарлагын падааныг гаргуулахаар шаардсан.

            7.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг БНХАУ-ын Эрээн хоты Д дэлгүүрээс барааг сонгон авч, хятадын гаалийн бүрдүүлэлт хийж, бараа хүлээлцсэн актад гарын үсгээ зурсан боловч санхүүгийн баримт буюу бараа авсан тамгатай баримтыг өгөхгүй байгаа болох нь гэрч Т.Б-ын мэдүүлгээр нотлогдоно гэдэг боловч уг мэдүүлэг нь зөрүүтэй тул нотлох баримтаар үнэлээгүй, мөн уг барааг худалдан авч, үнийг нь гэрч Ө.Т нь төлсөн болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул хариуцагчаас уг баримтыг нэхэмжлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

            7.2.Мөн нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт мэдүүлсэн хятад иргэдийн мэдүүлгээр баримтыг авсан гэдгийг нотлоно гэдэг боловч гэрч Су нин буюу Баяр “...Эрээн хотод Ө Т, Д******г Д, Б нартай хамт Б*************л ирсэн. Бид Эрээн хот руу явж 3 од барилгын материалын зах орж сантекникийн холбох хэрэгсэл үзсэн. Аль хэдийн 1 жил өнгөрсөн байна. Би тэднийг 30 гаруй мянган юанийн үнэ бүхий сантекникийн холбох хэрэгсэл худалдаж авсныг санаж байна. Монгол эмэгтэй болох Ө Т төлбөр төлсөн. 2 баримт авсныг санаж байна. Нэг нь бодит худалдан авалтын баримт, 30 мянган юань гэж бичсэн. Нөгөө нэг нь 20 гаруй мянга юанийн баримт байсан. Тухайн үед бид тавтай хамт явж байсан нөгөө Монгол эмэгтэй Ө Т надад хэлэхдээ сантекникийн холбох хэрэгсэл борлуулсан босс-оос дахин нэг 20 мянган юанийн баримт өгөөч гэж хэлсэн. Энэ нь тэд Монголын татварын ерөнхий газарт бага татвар төлнө гэсэн утгатай гэсэн” гэж, гэрч Ж мэдүүлэхдээ “...2015 оны 5 сарын нэг өдөр дэлгүүрт 5 хүн ирсэн, 4 Монгол хүн тэдгээрийн нэг нь эмэгтэй, бас нэг хятад орчуулагчтай ирсэн. Тэд дэлгүүрт сантекникийн холбох хэрэгслийг сонирхон олон бүтээгдэхүүний үнийг судлаж байгаад явсан. Дараа өдөр нь тэд дахиад дэлгүүрт ирж сантекникийн холбох хэрэгслийг худалдаж авахаар захиалгын мөнгийг өгөөд явсан. Гурав дахь өдөр нь тэд дахин ирж бэлнээр бүх төлбөрийг хийсэн, бөгөөд тэр нь нөгөө Монгол эмэгтэй байсан. Дараа нь бид бүх барааг нөгөө Монгол эмэгтэйн зааж өгсөн газарт хүргэсэн. Би сантекникийн холбох хэрэгслийн үзүүлэлтийн хуудас гэсэн 2 баримтыг өгсөн, нэг нь 30 гаруй мянган юанийн бодит төлбөрийн баримт, нөгөө нь 20 гаруй мянган юанийн баримт энэ баримтуудыг Монгол эмэгтэйд би өгсөн” гэж мэдүүлсэн болно.

 

            7.3.Гаалийн бүрдүүлэлтийг А ХХК хийсэн нь тэд дэлгүүрийн тамгатай баримтуудыг авсныг нотлох үйл баримт гэдэг боловч гаалийн бүрдүүлэлтийг хариуцагч нь хийгээгүй, гаалиар барааг гаргах үйл явцад оролцоогүй гэж маргасан.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нотлохоор гаалийн бүрдүүлэлтийг гаргуулах хүсэлтийг хүлээн авч, Гаалийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулсан боловч Гаалийн ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 01-1/2396 албан бичгээр “2014 оны 5 дугаар сарын 24-өөс БНХАУ-ын Эрээн хотоос сантекникийн бараа материалыг Монгол улсын хилээр оруулж гаальд хэдэн төгрөгний үнэтэй болохыг хэрхэн мэдүүлсэн баримт гэх ангилалаар барааны мэдээлэл гаргах боломжгүй байна” гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн.

Хэрэгт нотлох баримтаар Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг ирүүлсэн бөгөөд уг баримтад Т ХХК 2014.5.27-ны өдөр гэж тэмдэглэгдсэн, татвар төлсөн баримт, манифестийн орчуулга гэсэн баримтуудаар гаалийн бүрдүүлэлтийг хариуцагч А ХХК-ийг хийсэн гэж үзэх боломжгүй, баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

7.5.Гаалийн бүрдүүлэлтийг хариуцагч А ХХК нь хариуцаж гаргаж авчирахаар хэлцэл хийсэн гэдэг нь баримтаар нотлогдоогүй, гэрч Д.Д нь “...гаалиар гаргаж өгдөг компаниар яриулж гаргасан”, гэрч Ө.Т-ийн “...Б*************л ажил гарсан гэх шалтгаанаар түрүүлээд явсан. Ингээд манай хүү Т.Б хоёр хил гаалиар гарах, машинтай гарах наашаа гарах энэ бүх асуудлыг хариуцаад хоцорсон” гэж мэдүүлсэн тул хариуцагчийг нэхэмжлэгчид бараа материал худалдан авсантай холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй, уг барааны үнийг гэрч Ө.Т төлсөн талаараа мэдүүлсэн болно.

7.6.Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан тамгатай баримтыг буюу мөнгөн орлогын баримт бичиг, зарлагын падааныг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

8.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Төрбаяр нь “...А ХХК-иас худалдан авчирч өгсөн барааны бичиг баримтыг /алга болсон гэх/ нөхөж гаргаж өгөх, нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хэрэг материалын хавтаст хэрэгт дүгнэлт хийж шүүгч нарын шийдвэрийг дэмжих саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М сургуулийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 942 094 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч М сургуулийн хариуцагч А ХХК-иас 139 951 юань буюу 64 783 317 төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар БНХАУ-ын Эрээн хотын дэлгүүрээс авсан тамгатай баримтыг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М сургуулийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 942 094 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ХУЛАН

                                   ШҮҮГЧ                                              Д.МӨНХЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧ                                             Н.ГЭРЭЛТУЯА