Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 730

 

 

 

 

 

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/00215 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “У” ХХК-ийн хариуцагч “Э” ХХК , “Э” ХХК , “З” ХХК нарт холбогдуулан гэрээний үүрэгт 293 978 112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “Э” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч төлөөлөгч: У.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ө.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Э” ХХК -тай 16/001 тоот “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээгээр нийлүүлэгч болох “Э” ХХК  нь 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн манай компанид 195 985 408 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээнд заасан бетон зуурмаг нийлүүлэх хугацаа болж үүргээ гүйцэтгэхийг “Э” ХХК -иас шаардахад огт нийлүүлэлт хийгээгүй бөгөөд сүүлдээ захирал нь утсаа авахгүй, холбоо барихгүй байсаар нэг ч метр куб бетон зуурмагийг нийлүүлээгүй. Гэрээний 7.1-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу тооцвол хоног тутамд 979 927 төгрөгийн алданги үүссэн. 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 1050 гаруй хоног хэтэрсэн бөгөөд нийт алдангийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас илүү гарч байна. Иймд Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 97 992 704 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Хариуцагч “Э” ХХК , “З” ХХК , “Э” ХХК -иудын гүйцэтгэх удирдлагыг тухайн үед Ц.Э хэрэгжүүлж байсан, хариуцагч компаниуд нь хамаарал бүхий хуулийн этгээдүүд байдаг. Төлбөр үүссэн нөхцөл байдлын тухайд анх нэхэмжлэгч “У” ХХК-аас “З” ХХК -д шилжүүлсэн 166 600 ам.долларыг эргүүлэн төлөх үүргийг “Э” ХХК  болон “Э” ХХК  шилжүүлэн авсан бөгөөд “Э” ХХК  нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Иймд “Э” ХХК , “З” ХХК -иудад холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Э” ХХК -иас гэрээний үндсэн төлбөр болон алдангийг нийтэд нь буюу 293 978 112 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд алданги тооцоолол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас давсан байна.  Иймд “У” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч “У” ХХК-тай 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний 4.2-т зааснаар бол энэхүү гэрээтэй хоблогдон гарах төлөбөр тооцоог “Э” ХХК  төлж барагдуулахаар заасан боловч төлбөр хийгдээгүй. Төлбөр төлөөгүй байж үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилж, бас алданги тооцож байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “З” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компанийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13/01-01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр М.Л тус компанийн гүйцэтгэх захирлаар томилж байсан. 2014 оны 4 дүгээр сарын 23-ны дөр гүйцтгэх захирал В.Л нь “У” ХХК-тай “Уул уурхайн олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байна. Дээрх гэрээний хүрээнд “У” ХХК-аас гүйцэтгэлийн баталгаа болгон байршуулсан 328,358,950 төгрөгийг хувьцаа эзэмшигч Т.Найдандоржид хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр зээлүүлсэн болно. Иймд өмнөх удирдлагуудын үед үүссэн гэрээний харилцаа, ямар нэгэн өр төлбөрийн асуудлыг тухайн этгээдүүд хариуцах ёстой гэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч  “У” ХХК  нь “Э” ХХК -иас 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний үүрэгт 195,985,408 төгрөг, алданги 97,992,704 төгрөг, нийт 293,978,112 төгрөг гэргуулахаар шаардсан. Энэхүү харилцаанд “Э” ХХК  огт хамааралгүй хөндлөнгийн этгээд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэл үндсэлэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК -иас 293,978,112 /хоёр зуун ерэн гурван сая есөн зуун далан найман мянга нэг зуун арван хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,627,850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Э” ХХК -иас  1,627,850   төгрөг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У” ХХК  нь хариуцагч “Э” ХХК , “З” ХХК -иудад холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болсон шүүх хуралдаанаар хуралдаан даргалагч шүүгч хэрэг хянан шийдвэрлэх дарааллыг тогтоож хүсэлтийг үе шатанд талуудаас холбогдон гаргах хүсэлт байгаа эсэх талаар асуухад нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хүсэлт байхгүй гэсэн атлаа зохигч, оролцогч талууд мэтгэлцэх үе шатанд хариуцагчийн өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ хариуцагч “Э” ХХК , “З” ХХК нараас татгалзах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан юм. Анхан шатны шүүгч хүсэлтийг шийдвэрлэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдаанд хариуцагч “Э” ХХК , “З” ХХК нарыг оролцуулахгүй цааш хуралдаан үргэлжилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатууд өнгөрсөн байхад хүсэлтийг хүлээн авч хэлэлцэж байгаа нь хуулиар тогтоосон журам, дэгийг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д "Эиэ хуулийн 28.1 дэх хэсэгт заасан байдал шую хуралдааны явгюд тогтоогдвол нэхэмжлэгч, хариуцагчийг сольсны дауаа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхлэн явуулна” гэж заасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ эдлэх ёстой тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинээр явуулж хариуцагч этгээд тус бүрт нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэмэлт баримт бүрдүүлэх бөгөөд энэ тухай шүүгчийн захирамжаар гүйцэтгэх ёстой байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно. Мөн хариуцагчийг хасаж байгаа бол зөвхөн нэг хариуцагчид нэхэмжлэлийн бүх шаардлага хамааралтай болох тул хариу тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах хугацааг зайлшгүй өгөх шаардлагатай юм. Анхан шатны шүух хэргийн үйл баримтыг тал бурээс нь судалж, үнэн зөв эргэлзээгүй дүгнэлт гаргаж чадаагуй тухайд уул уурхай олборлорлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн ажил захиалах, гүйцэтгэх гэрээг анх 2014 оны 04-р сарын 23-ны өдөр байгуулсан ба гэрээний 3.10-г заасан баталгааны үнэ 250,000 ам.доллартой тэнцэх гөгрөгийг “З” ХХК -ийн дансанд шилжүүлсэн ба энэ баримт нь хавтаст хэрэгт авагдсан байна. Шүүх иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсэн, худалдан авагч тал үнийг бүрэн төлсөн, харин худалдагч тал гэрээгээр тохирсон чанар, хэмжээ бүхий бетон зуурмагийг хугацаанд нь нийлүүлээгүй гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч Уул уурхайн олборлолтын, боловсруулалт, тээвэрлэлтийн ажил захиалах, гүйцэтгэх тухай 2014 оны 04 сарын 23-ны өдрийн гэрээний дагуу Иргэний хуулийн 231 дугаар зүйлийн 231.1.3-д заасан баталгаа гаргаж, уг ажил гүйцэтгэхдээ харилцан гаргасан баталгааны мөнгийг “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үнэ төлбөр төлсөн” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Учир нь баталгааг “З” ХХК -д гаргасан ба түүний дансанд шилжүүлсэн юм. Хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гаргасан “Э” ХХК  нь байр өгч үлдэгдэл дүнд “Э” ХХК  бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй. Тухайн баталгаан дээр “Э” ХХК  бусдын өмнөөс даалгавар гүйцэтгэж байр шилжүүлэн өгсөн байх бөгөөд “Э” ХХК  өр төлбөрийг хариуцан бетон зуурмагийн төлбөрийг шилжүүлэн өгнө гэсэн харилцаа үүсээгүй юм. Иргэний хуулийн 124 дугаар зүйлийн 124.1-д “Эзэмшигчтэй нъ тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ”. гэж заасны дагуу “Э” ХХК , “У” ХХК  нарын хооронд тооцооны үлдэгдлийн баталгааны дүн 195,985,408 төгрөгийг “Э” ХХК  төлөх талаар гэрээ, өр шилжүүлэн авсан баримт байхгүй байхад шүүх өр төлбөрийг хариуцах ёстой гэж шийдсэн нь хэргийн үйл баримтыг үнэн зөв дүгнэж чадаагүй тус хуулийн тодорхой зохицуулалтыг зөрчсөн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн. Бетон нийлүүлэх гэрээний талаар буруу дүгнэсэн тухай анхан шатны шүүх “...Талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдльш талаар маргахгүй байгаа бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ бетон зуурмагийн үнэ төлөгдөөгүй гэж тайлбарласан... ” хэмээн, “Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдан авагч тал үнийг бүрэн төлсөн, харин худалдагч тал гэрээгээр тохирсон чанар, хэмжээ бүхий бетон зуурмагийг хугацаанд нъ нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэж...” гэж тус тус дүгнэж хэргийг шийдвэрлэжээ. Гэтэл “Э” ХХК -ийн зүгээс бетон нийлүүлэх гэрээнд “Э” ХХК -г оролцуулаагүйгээр үүрэг болгон гэрээ байгуулж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 124.1, 123.8-д заасныг зөрчсөн, гэрээ байгуулах замаар өр үүссэн гэж үзсэн бол гэрээ байгуулах замаар өрийг шилжүүлэхээр хуульчилсан хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэдэг тус тус үндэслэлээр гэрээг хэрэгжих боломжгүй гэж маргасан байдаг ба хуралдааны үеэрч энэхүү тайлбарыг удаа дараа хэлсэн. Нөгөөтээгүүр бусдыг үүргийг даалгаваргүй гүйцэтгэсэн гэж үзвэл гүйцэтгээгүйтэй холбоотой үүдэн гарах үүргийг “Э” ХХК  хариуцахгүй юм. Өөрөөр хэлбэл хууль болон гэрээгээр үүрэг үүсэхгүй. Харин бетон нийлүүлэх гэрээнд “Э” ХХК  гуравдагч этгээдээр оролцож бетон зуурмагийн төлбөр төлөх үүргийг хүлээж гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан бол түүнээс төлбөр нэхэх эрх нь “Э” ХХК -д байх байсан. Гэтэл шаардах эрх шилжүүлсэн зүйл байхгүй бетон зуурмагийн төлбөрийг төлүүлэх үүргийг, шаардах эрхийг “У” ХХК  өөрөө хүлээж байсан атлаа энэ үүргээ биелүүлээгүй. Тиймээс төлбөр төлөх үүргээ “У” ХХК  өөрөө биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Бетон зуурмагийн төлбөр төлөгдөөгүй бол бетон зуурмаг нийлүүлэх боломжгүй нь ойлгомжтой юм. Хуулийн этгээд нь иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. ” гэж заасны дагуу “З” ХХК “Э” ХХК “Э” ХХК  тус тусдаа эрх эдэлж, үүрэг хүлээх этгээдүүд бөгөөд нэгнийхээ үүргийг шууд хариуцах хуулийн этгээдүүд биш юм. Түүнчлэн “У” ХХК-ийн анхлан гаргасан 250,000 ам.долларын баталгаа хэрхэн яаж “Зэст өндөр” ХХК-ийн өр болон өөрчлөгдөж байгаа, “Э” ХХК “У” ХХК-д орон сууц шилжүүлэн зарим үүргийг гүйцэтгэж байгаагаараа яагаад “З” ХХК-ийн бусад үлдсэн ү ургийг хүлээх ёстой болж бетон зуурмаг нийлүүлэх гэрээний төлбөрийг төлөх үүрэгтэй болсон, бетон зуурмагийн төлбөрийг “Э” ХХК  төлөөгүй байхад “Э” ХХК  яагаад бетон нийлүүлэх үүргийг хүлээх ёстой болж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг бодитоор шийдвэрлэж чадаагүй. Мөн хариуцагч талын тайлбарыг мушгин гуйвуулж тайлбарласан нь мэтгэлцэх, тайлбар гаргах эрхийг маань зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 00215 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “У” ХХК  нь хариуцагч “Э” ХХК , “Э” ХХК , “З” ХХК нарт холбогдуулан гэрээний үүрэгт 293 978 112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Э” ХХК , “З” ХХК -иудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас  татгалзсан ба хариуцагч “Э” ХХК  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч “Э” ХХК  бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээ зөрчсөн тул гэрээний үүрэгт төлсөн 195 985 408 төгрөг, алдангийн хамт гаргуулна” гэх, хариуцагч нь “нэхэмжлэгч байгууллага бетон зуурмагийн үнийг төлөөгүй тул бетон зуурмаг нийлүүлэх үүрэг үүсээгүй” гэх тайлбарыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч “З” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Удаанжаргал “З” ХХК нь “У” ХХК-тай 2014 онд Уул уурхайн олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн ажил захиалах, гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэлийн баталгаа болгон “У” ХХК-аас тус компанид 328 358 950 төгрөгийг байршуулсаныг хувьцаа эзэшигч Т.Найдандоржид хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр зээлүүлсэн. Өмнөх удирдлагын үед үүссэн гэрээний харилцаа өр төлбөрийн асуудлыг тухайн этгээдүүд хариуцах ёстой” гэх тайлбар гаргасан. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй, “З” ХХК нь “У” ХХК-д уг мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлээгүй болох нь энэхүү тайлбараар нотлогдож байна. /хх-120 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “У” ХХК-ийн гүйцэтгэлийн баталгаа гэж хариуцагч “З” ХХК -д шилжүүлсэн 250 000 ам.долларыг тус компаний өмнөөс “Э” ХХК  2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн жилийн 3.3 хувийн хүүтэй төлөхөөр харилцан ярилцан уулзалт хийж, уг төлбөрийг хэрхэн барагдуулах талаар шийдвэр гаргах талаар мэдэгдэл хүргүүлж байсан болох нь хэргийн 44 дүгээр тал дах “Э” ХХК -ийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн баримтаар тогтоогджээ.

 

Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч “У” ХХК-д хариуцагч “З” ХХК -ийн төлөх өр төлбөрийг хариуцагч “Э” ХХК  нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу өөртөө шилжүүлэн авсан гэж үзнэ. Ийнхүү өр шилжсэнээр үүрэг гүйцэтгэгч нь өөрчлөгдсөн байна.

 

“У” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.А , “Э” ХХК -ийн гүйцэтгэх захирал Ц.Э нар тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдэж, уг баримтаар тус хоёр байгууллага 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны тооцоо нийлэхэд “Э” ХХК  нь 347 665 408 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг баталж, 151 680 000 төгрөгт 63.2 м.кв орон сууцыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэн өгөх, үлдэх 195 985 408 төгрөгт 2016 оны 04 дүгээр сарын 15-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд бетон зуурмагийг холбогдох гэрээнд заасан нөхцлөөр нийлэхээр тохирч баталгаажуулж талууд гарын үсэг зуржээ. /хх-12 дугаар тал/

 

Үүний дараа “Э” ХХК  нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “У” ХХК-д албан бичиг хүргүүлсэн байх ба уг албан бичигт “...”З” ХХК-иас “У” ХХК-д өгөх өглөг болох 166 600 ам.доллар буюу 333 013 408 төгрөг түүний хүү 14 652 000 төгрөг нийт 347 665 408 төгрөгт “Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Саруул хотхон” хорооллын Б блок 1 дүгээр орц, 10 давхар С байр 63.20 м.кв талбай бүхий орон сууцыг 151 680 000 төгрөгт тооцон захиалгын гэрээг хийлгэж нэр шилжүүлэх, үлдсэн төлбөр болох 195 985 408 төгрөгт “Э” ХХК -иас бетон зуурмаг нийлүүлэх 16/001 тоот гэрээ байгуулж, уг гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар болон хэргийн 43 дугаар тал дах бичгийн баримтаар тогтоогджээ.

 

Дээрх тохиролцооны дагуу “Э” ХХК -ийн шилжүүлэн авсан өр төлбөр болох 195 985 408 төгрөгт “Э” ХХК  нь “У” ХХК-д бетон зуурмаг нийлүүлж, барагдуулахаар тохиролцсон болох нь хэргийн 4-6 дугаар тал дах нэхэмжлэгч “Ундрам-Орчлон”, хариуцагч “Э” ХХК -ийн хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16/001 тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Талууд бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулах үед “Э” ХХК -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд Ц.Э , “Э” ХХК -ийг  итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд Ц.Э , “З” ХХК -ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс өнөөг хүртэл Ц.Э байсан болох нь хэргийн 51-69, 113 дугаар тал дах хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон тул эдгээр компаниудыг хамаарал бүхий этгээдүүд гэж үзэх бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулах үед Ц.Э дээрх компаниудад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тухай үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаангүй.

 

Нэхэмжлэгч “У” ХХК-тай хариуцагч “Э” ХХК  нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр талууд гэрээний тусгай нөхцлийг тохирсон уг нөхцөлд “Э” ХХК  нь “У” ХХК-д 195 985 408 төгрөгний бетон зуурмагийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийлүүлэх, төлбөрийг “Э” ХХК -тай хоорондын төлбөр тооцоог хийх, хугацаандаа нийлүүлээгүй бетон зуурмаг төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр “У” ХХК-ийн захирал У.А , “Э” ХХК -ийн захирал Ц.Э нар тохиролцож гарын үсэг зурсан болох нь хэрэгийн 4-6 дугаар тал дах бетон зуурмаг нийлүүлэх гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Дээрх гэрээгээр “У” ХХК-д “Э” ХХК  нь 195 985 408 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлэх, төлбөр тооцоог “Э” ХХК -тай хийхээр тохирсон тул “Э” ХХК  нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу “Э” ХХК -ийн өр төлбөрийг гэрээний дагуу өөртөө шилжүүлэн авч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлэх болсон гэж үзнэ. Энэ талаар “Э” ХХК “Э” ХХК -ийн өрийг шилжүүлж аваагүй гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн талаар зөв дүгнэж бетон зуурмагийн үнэ болох 195 985 408 төгрөгийг гаргуулсан нь зөв болжээ.

 

Хариуцагч “Э” ХХК-ийн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул шүүх хариуцагч “Э” ХХК -иас алданги 979 927 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн, нэхэмжлэгч нь хариуцагч “Э” ХХК , “З” ХХК -иудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчийг сольсоны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр явуулах байсан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч “Э” ХХК , “З” ХХК -иудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “У” ХХК  татгалзсаныг баталж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь зарим хариуцагч нараас татгалзсан нь хариуцагчийг солих ажиллагаа хийх үндэслэл биш тул хариуцагчийн энэ гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж “Э” ХХК -иас 293 978 112 төгрөгийг “У” ХХК-д  олгохоор шийдвэрлэсэн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/00215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 627 840 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ