Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00081

 

  

Ундрам-Орчлон ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/00215 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 730 дугаар магадлалтай, 

Ундрам-Орчлон ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Эрдэмбродерс ХХК, ЭНГИС ХХК, Зэст-Өндөр ХХК-иудад холбогдох  

Гэрээний үүрэгт 293,978,112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Эрдэмбродерс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамбын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Анхбаатар, өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, хариуцагч Эрдэмбродерс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Ундрам-Орчлон ХХК нь Эрдэмбродерс ХХК, ЭНГИС ХХК, Зэст-Өндөр ХХК-иудад холбогдуулан гэрээний үүрэгт 293,978,112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ЭНГИС ХХК, Зэст-Өндөр ХХК-иудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, мөнгийг хариуцагч Эрдэмбродерс ХХК-аас гаргуулахыг хүссэн, тус компани нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, мэтгэлцжээ. 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/00215 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эрдэмбродерс ХХК-аас 293,978,112 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ундрам-Орчлон ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,627,850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Эрдэмбродерс ХХК-аас 1,627,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ундрам-Орчлон ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ундрам-Орчлон ХХК нь хариуцагч ЭНГИС ХХК, Зэст-Өндөр ХХК-иудад холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 730 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/00215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1,627,840 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.  

3. Хариуцагч Эрдэмбродерс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаагүй, хэргийн үйл баримтыг үнэн зөв дүгнээгүй. Уул уурхайн олборлорлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн ажил захиалах, гүйцэтгэх гэрээг анх 2014.04.23-ны өдөр байгуулсан ба гэрээний 3.10-т заасан баталгааны үнэ 250,000 ам.доллартой тэнцэх төгрөгийг Зэст-Өндөр ХХК-ийн дансанд шилжүүлсэн ба энэ баримт нь хэрэгт авагдсан. Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсэн, худалдан авагч тал үнийг бүрэн төлсөн, харин худалдагч тал гэрээгээр тохирсон чанар, хэмжээ бүхий бетон зуурмагийг хугацаанд нь нийлүүлээгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч Уул уурхайн олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн ажил захиалах, гүйцэтгэх тухай 2014.04.23-ны өдрийн гэрээний дагуу Иргэний хуулийн 231 дугаар зүйлийн 231.1.3-т заасан баталгаа гаргаж, уг ажлыг гүйцэтгэхдээ харилцан гаргасан баталгааны мөнгийг Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үнэ төлбөр төлсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байна. Учир нь баталгааг Зэст-Өндөр ХХК-д гаргасан ба түүний дансанд шилжүүлсэн. Хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гаргасан ЭНГИС ХХК нь байр өгч үлдэгдэл дүнд Эрдэмбродерс ХХК бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй. Тухайн баталгаан дээр ЭНГИС ХХК бусдын өмнөөс даалгавар гүйцэтгэж, байр шилжүүлэн өгсөн байх бөгөөд ЭНГИС ХХК өр төлбөрийг хариуцан бетон зуурмагийн төлбөрийг шилжүүлэн өгнө гэсэн харилцаа үүсээгүй юм. Иргэний хуулийн 124 дугаар зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасны дагуу ЭНГИС ХХК, Ундрам-Орчлон ХХК-иудын хооронд тооцооны үлдэгдлийн баталгааны дүн 195,985,408 төгрөгийг Эрдэмбродерс ХХК төлөх талаар гэрээ, өр шилжүүлэн авсан баримт байхгүй байхад шүүх өр төлбөрийг хариуцах ёстой гэж шийдсэн нь хэргийн үйл баримтыг үнэн зөв дүгнэж чадаагүй, тус хуулийн тодорхой зохицуулалтыг зөрчсөн дүгнэлт хийсэн.

3.1. Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх ...Талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байгаа бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ бетон зуурмагийн үнэ төлөгдөөгүй гэж тайлбарласан... хэмээн, Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдан авагч тал үнийг бүрэн төлсөн, харин худалдагч тал гэрээгээр тохирсон чанар, хэмжээ бүхий бетон зуурмагийг хугацаанд нь нийлүүлэх үүргээ биелүүлээгүй... гэж тус тус дүгнэж хэргийг шийдвэрлэжээ. Гэтэл Эрдэмбродерс ХХК-ийн зүгээс бетон нийлүүлэх гэрээнд ЭНГИС ХХК-ийг оролцуулаагүйгээр үүрэг болгон гэрээ байгуулж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 124.1, 123.8-д заасныг зөрчсөн, гэрээ байгуулах замаар өр үүссэн гэж үзсэн бол гэрээ байгуулах замаар өрийг шилжүүлэхээр хуульчилсан хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэдэг тус тус үндэслэлээр гэрээг хэрэгжих боломжгүй гэж маргасан байдаг ба хуралдааны үеэр ч энэхүү тайлбарыг удаа дараа гаргасан. Нөгөөтээгүүр бусдыг үүргийг даалгаваргүй гүйцэтгэсэн гэж үзвэл гүйцэтгээгүйтэй холбоотой үүдэн гарах үүргийг Эрдэмбродерс ХХК хариуцахгүй юм. Өөрөөр хэлбэл хууль болон гэрээгээр үүрэг үүсэхгүй. Харин бетон нийлүүлэх гэрээнд ЭНГИС ХХК гуравдагч этгээдээр оролцож, бетон зуурмагийн төлбөр төлөх үүргийг хүлээж гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан бол түүнээс төлбөр нэхэх эрх нь Эрдэмбродерс ХХК-д байх байсан. Гэтэл шаардах эрх шилжүүлсэн зүйл байхгүй, бетон зуурмагийн төлбөрийг төлүүлэх үүргийг шаардах эрхийг Ундрам-Орчлон ХХК өөрөө хүлээж байсан атлаа энэ үүргээ биелүүлээгүй. Тиймээс төлбөр төлөх үүргээ Ундрам-Орчлон ХХК өөрөө биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Бетон зуурмагийн төлбөр төлөгдөөгүй бол бетон зуурмаг нийлүүлэх боломжгүй нь ойлгомжтой юм. Хуулийн этгээд нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. гэж заасны дагуу Зэст-Өндөр ХХК, ЭНГИСХХК, Эрдэмбродерс ХХК тус тусдаа эрх эдэлж, үүрэг хүлээх этгээдүүд бөгөөд нэгнийхээ үүргийг шууд хариуцах хуулийн этгээдүүд биш юм. Түүнчлэн Ундрам-Орчлон ХХК-ийн анхлан гаргасан 250,000 ам.долларын баталгаа хэрхэн яаж Зэст-Өндөр ХХК-ийн өр болон өөрчлөгдөж байгаа, ЭНГИС ХХК Ундрам-Орчлон ХХК-д орон сууц шилжүүлэн зарим үүргийг гүйцэтгэж байгаагаараа яагаад Зэст-Өндөр ХХК-ийн бусад үлдсэн үүргийг хүлээх ёстой болж, бетон зуурмаг нийлүүлэх гэрээний төлбөрийг төлөх үүрэгтэй болсон, бетон зуурмагийн төлбөрийг ЭНГИС ХХК төлөөгүй байхад Эрдэмбродерс ХХК яагаад бетон нийлүүлэх үүргийг хүлээх ёстой болсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг бодитоор шийдвэрлэж чадаагүй. Мөн хариуцагч талын тайлбарыг мушгин гуйвуулж тайлбарласан нь мэтгэлцэх, тайлбар гаргах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ: 

4. Хариуцагч Эрдэмбродерс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамбын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.  

Ундрам-Орчлон ХХК анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ЭНГИС ХХК, Зэст-Өндөр ХХК-иудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул хариуцагч Эрдэмбродерс ХХК-д холбогдох нэхэмжлэлийн хүрээнд, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэлт хийнэ.  

6. Зэст-Өндөр ХХК, Ундрам-Орчлон ХХК-иудын хооронд 2014.04.23-ны өдөр Уул уурхайн олборлолт, боловсруулалт, тээвэрлэлтийн ажил захиалах, гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний гүйцэтгэлийн баталгаа болгон Ундрам-Орчлон ХХК-аас Зэст-Өндөр ХХК-д 328,358,950 төгрөгийг байршуулсаныг хувьцаа эзэмшигч Т.Найдандоржид хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр зээлүүлжээ. 

Тэдний хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй, Зэст-Өндөр ХХК Ундрам-Орчлон ХХК-д уг мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлээгүй болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.  

Ундрам-Орчлон ХХК-ийн гүйцэтгэлийн баталгаа гэж хариуцагч Зэст-Өндөр ХХК-д шилжүүлсэн 328,358,950 төгрөгийг тус компанийн өмнөөс ЭНГИС ХХК 2014.08.25-ны өдрөөс эхлэн жилийн 3.3 хувийн хүүтэй төлөхөөр харилцан ярилцан уулзалт хийж, уг төлбөрийг хэрхэн барагдуулах талаар шийдвэр гаргах талаар мэдэгдэл хүргүүлж байсан нь ЭНГИС ХХК-ийн 2015.05.04-ний өдрийн албан бичгээр тогтоогджээ. 

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж хуульчилжээ.

ЭНГИС ХХК-ийн 2015.05.04-ний өдрийн албан бичиг, дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэвэл Ундрам-Орчлон ХХК-д Зэст-Өндөр ХХК-ийн төлөх өр төлбөрийг ЭНГИС ХХК өөртөө шилжүүлэн авсан гэж үзнэ.  

Талууд харилцан тохиролцсоны дагуу өр шилжсэнээр үүрэг гүйцэтгэгч нь өөрчлөгдөж, ЭНГИС ХХК нь Ундрам-Орчлон ХХК-ийн өмнө мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн байна.

7. Ундрам-Орчлон ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Анхбаатар, ЭНГИС ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэмжаргал нар тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдэж, уг баримтаар тус хоёр байгууллага 2014.08.25-ны өдрөөс 2016.01.14-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр тооцоог нийлэхэд ЭНГИС ХХК 347,665,408 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг баталж, 151,680,000 төгрөгт 63.2 м.кв орон сууцыг 2016.07.01-ний өдөр шилжүүлэн өгөх, үлдэх 195,985,408 төгрөгт 2016.04.15-ны өдрөөс 2016.07.01-ний өдрийн хооронд бетон зуурмагийг холбогдох гэрээнд заасан нөхцөлөөр нийлэхээр тохирч, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. 

Зэст-Өндөр ХХК-аас Ундрам-Орчлон ХХК-д өгөх өглөг болох нийт 347,665,408 төгрөгт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Саруул хотхон хорооллын Б блок 1 дүгээр орц, 10 давхар С байр 63.20 м.кв талбай бүхий орон сууцыг 151,680,000 төгрөгт тооцон захиалгын гэрээг хийлгэж нэр шилжүүлэх, үлдсэн төлбөр болох 195,985,408 төгрөгт Эрдэмбродерс ХХК-аас бетон зуурмаг нийлүүлэх 16/001 тоот гэрээ байгуулж, уг гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан ЭНГИС ХХК-ийн 2016.01.14-ний өдрийн №16/02 тоот албан бичгээр тогтоогдсон байна. 

Улмаар Ундрам-Орчлон ХХК, Эрдэмбродерс ХХК-иудын хооронд 2016.01.14-ний өдрийн 16/001 тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдсан байна.  

Дээрх бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулах үед Эрдэмбродерс ХХК-ийг 2012.08.17-ны өдрөөс 2016.04.26, ЭНГИС ХХК-ийг 2014.08.19-ний өдрөөс 2018.09.17, Зэст-Өндөр ХХК-ийг 2016.04.29-ний өдрөөс өнөөг хүртэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.Эрдэмжаргал байсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байх тул эдгээр компаниудыг хамаарал бүхий этгээдүүд гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

Ундрам-Орчлон ХХК, Эрдэмбродерс ХХК-иудын хооронд 2016.01.14-ний өдрийн 16/001 тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулахад Ц.Эрдэмжаргал дээрх компаниудад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тухай үйл баримтад талууд маргаагүй байна. 

Уг гэрээ хүчин төгөлдөр болох талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. 

Талуудын дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бичгээр үйлдэж, хэн аль гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй. 

8. Ундрам-Орчлон ХХК, Эрдэмбродерс ХХК-иудын 2016.01.14-ний өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний тусгай нөхцөлд ...195,985,408 төгрөгийн бетон зуурмагийг 2016.04.15-ны өдрөөс 2016.07.01-ний өдрийн хооронд нийлүүлэх, ...төлбөрийг ЭНГИС ХХК-тай хоорондын төлбөр тооцоог хийх, ...хугацаандаа нийлүүлээгүй бетон зуурмаг төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алдангийг төлнө... гэж заасан байхаас гадна уг гэрээний 4.2-т ЭНГИС ХХК-аас үүссэн өглөгийн төлбөр бетон нийлүүлэх, 8.1-д тусгай нөхцөлд заасан хэмжээгээр алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

Эрдэмбродерс ХХК нь ЭНГИС ХХК-ийн төлбөр 195,985,408 төгрөгт бетон зуурмагийг нийлүүлэхээр тохирсныг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар ЭНГИС ХХК-ийн өр төлбөрийг гэрээний дагуу өөртөө шилжүүлэн авч, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсч, хариуцагч гэрээнд бетон зуурмагийг нийлүүлэх үүрэгтэй талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулан хуульчилжээ. 

Ундрам-Орчлон ХХК-ийн 2016.12.15-ны өдрийн 16, 2017.09.12-ны өдрийн 12/17 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр 2016.01.14-ний өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэх, алдангийн тооцооны талаар Эрдэмбродерс ХХК-д мэдэгдсэн байна. Энэ талаар зохигч маргаагүй болно. 

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл талуудын хооронд 2016.01.14-ний өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээнд заасан үүргээ хариуцагч цаашид биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хэн аль нь гэрээнээс татгалзсан гэж хууль зүйн хувьд дүгнэнэ.  

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрдэмбродерс ХХК-аас бетон зуурмагийн үнэ, алданги нийт 293,978,112 төгрөгийг гаргуулж Ундрам-Орчлон ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь талуудын хооронд 2016.01.14-ний өдөр байгуулагдсан гэрээнд нийцсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

10. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Эрдэмбродерс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамбын гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/00215 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 730 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Эрдэмбродерс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамбын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,627,850 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     П.ЗОЛЗАЯА

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Г.АЛТАНЧИМЭГ

                                                           ШҮҮГЧИД                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД