Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 672

 

 

Б.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00239 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б гийн хариуцагч М д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуусталх хугацааны цалин олговорт 9 334 470 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж баталаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч: О.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б сонгон шалгаруулалтын дагуу Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 5- ны өдрийг хүртэл дадлагажигч багшаар ажилласан. Миний бие энэ хугацаанд, тэнхимийн эрхлэгчийн өгсөн даалгаваруудыг цаг ямагт бүрэн дүүрэн биелүүлж байсан бөгөөд 5 төрлийн хичээл заан оюутны сэтгэл ханамжийн судалгаанаас дунджаас дээгүүр үнэлгээ авч, хичээлийн бус цагаар тогтмол оюутнуудад зүг чиглэл өгөн дэлхийн стандартад ойртсон мэдлэгийг түгээхийн төлөө хүчин зүтгэж ирсэн. Тиймээс ч заах арга зүй болон хичээлийн арга барил таалагддаг эсэх талаар оюутнуудаас е-майл авч байсан. Мөн мэргэжлийн түвшинд өндөрөөр үнэлэгддэг Олон улсын индекс Imfactor Factor (Төрийн удирдлага салбарт тэргүүлэх 47 сэтгүүлээс 1-т ордог сэтгүүлийн ОУ-н хуралд илтгэл гэх мэт) бүхий сэтгүүлийн хурлуудад илтгэл тавин, өөрийн судалгаа бүтээлээ хэвлүүлж, дэлхийн стандартад ойртсон мэдлэгийг түгээхийн төлөө хүчин зүтгэж ирсэн. Намайг ажилд томилогдсон үеэс эхлэн тэнхимийн эрхлэгч Н.Б ойрын 2 жил жирэмсэлж яасан ч болохгүй гэж байсан бөгөөд тухайн үед миний бие өөрийгөө жирэмсэн эсэхийг мэдээгүй бөгөөд эрхлэгчдээ уучилаарай би жирэмсэн байсан байна гэж хэлснээс хойш захиргааны дарамт маш ихээр ирэх болсон. Гэтэл тэнхимийн эрхлэгч нь Ажлаас чөлөөлөх тухай албан ёсны шийдвэр тушаал гараагүй байхад 2 дугаар сарын 15-ны өдөр 14 цагт намайг ажилаа хүлээлгэн өгөхийг шаардан дахин ирэх хэрэггүй, чи халагдана... гэх мэтээр аашлан, миний хуваарьт хичээлүүдийг багш С.А-т шилжүүлсэн. Мөн тэнхимийн 402 тоот өрөөний түлхүүрийг сольж, миний оюуны өмч болох компьютер доторх файл болон бусад эд хөрөнгө эзэмших, өмчлөх иргэн миний халдашгүй дархан эрхэд хууль бусаар халдсан. Мөн ажлаас халагдах тушаал гаргахдаа 2018 оны 2 дугаар сарын 14-ний хурлын тэмдэглэлийг үндэслэн ажлаас халах тушаал гаргасан нь бодит байдалд нийцэхгүй илт хууль зөрчсөн байна. Уг тэмдэглэлтэй би огт танилцаагүй, агуулгыг нь мэдэхгүй тул би танилцуулахыг хүсэн өргөдөл гаргасан боловч татгалзсан. Монгол улсын их сургууль Б.Б тай  гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулт зөрчсөн, энэ хуулинд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж туршилтын хугацааг 3 сар болгосон байхад ажил олгогч 6 сарын туршилтын хугацаатай гэрээ байгуулсан байна. Тэгсэн мөртлөө тушаал дээрээ 2311 буюу 3 сарын хугаатай байна гэдгийг барьсан байгаа юм. Энэ хуулийг үндэслэж Монгол улсын их сургууль дотоод журамдаа өөрчлөлт оруулах ёстой. Хуулиас давсан дотоод журам гэж байх ёсгүй. Б.Б.Б тай  байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр бол хугацаа заагаагүй, дадлагажигч багш гэж байгаа. Гэрээний хамгийн арын хуудсанд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 6 сар гээд гараар бичсэн байгаа юмаа. Энд заасан хугацаагаар нь 6 сар гээд тоолоход 03 дугаар сарын 20-нд хугацаа нь дуусахаар байгаа. Нийгмийн даатгалын дэвтэр дээр бол 03 дугаар сарын 20- ны өдрийн тушаалаар халагдсан гэж байна. Нэхэмжлэгч Б.Б г ажлаас нь халсан Б/115 дугаар тушаал 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гарч 2019 оны 02 дугаар сарын 15- ны өдрөөр тасалбар болгосон, гэтэл Болормаа 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ажилаа хүлээлгэж өгсөн. Б.Б нь төрж 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Мэргэн мэндэлсэн, тэгэхээр Болормаа ажлаас халагдах үедээ жирэмсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1.-т мөн хуулийн 40.1.1, 40.1.5.- т заасанаас бусад шалтгаанаар жирэмсэн эмэгтэйг ажилаас нь халахыг хориглосон байдаг. Жирэмсэн гэсэн үндэслэлээр ажлаас нь халж их хохирч байна, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас хүүхэд төрүүлсэний тэтгэмжүүдээ бүгдийг нь авч чадаагүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс буюу 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуусталх хугацааны цалин олговот 9.334.470 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн дадлагажигч багш Б.Б.Б тай  байгуулсан туршилтын 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон. Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.7.- д туршилтын хугацаа нь 6 сар байна гээд заачихсан байгаа бөгөөд Б.Б г 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/466 дугаартай тушаалаар дадлагажигч багшаар томилсон байгаа. Танхимын эрхлэгч Н.Б Б.Б д  ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа тухай удаа дараа сануулж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б.Б д  мэдэгдэл хүрүүлсэн. Түүний зааж байсан хичээлд нь үнэлгээ өгөхөд 75 хувь буюу хангалтгүй үнэлгээ авч үр дүн гарааагүй. М д профессор багш ажиллуулах журмын 5.9.-д дадлагжигч багшийг 6 сар хүртэл туршилтын хугацаатай авч жинхлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Б.Б гийн ажилд үнэлгээ өгөөд хангалтгүй үнэлгээ авсан тул 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Нэг жилийн эхний улирал нь 02 дугаар сарын 15-ны өдөр дуусдаг тул 6 сар гэж ярьдаг юмаа. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 15-ны хоорондох хугацаа бол хагас семистр бөгөөд нэг семистр гэдэг нь хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа юм. Монгол Улсын их сургууль Б.Б г ажлаас нь халаагүй, Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул гэрээ дуусгавар болсон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт хамаарахгүй, дуусгавар болгосон гэдэг нь мэргэжил ур чадвартаа тэнцэхгүй гэсэд үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Их сургуулийн онцлогоос хамаарч туршилтын хугацаа 6 сар гэж оруулсан. Б.Б г жирэмсэн гэдгийг ажил олгогч мэдээгүй, түүнд өгсөн мэдэгдэлд ажлаас нь чөлөөлж буй тухай үндэслэлийг тодорхой бичиж өгсөн , Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар байнгын ажлын байран дээр, хугацаагүй гэрээтэй үед яригдана, Б.Б г ажлаас нь халаагүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул чөлөөлсөн. Б.Б г гэнэтхэн халаагүй, Хөдөлмөрийн гэрээний 5.3.-т заасны дагуу мэргэжил ур чадвар, багшлах арга зүйд нь дүгнэлт гаргаж өөрт нь мэдэгдсэн. Б. Б.Б тай  байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгож 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/115 тоот Захирлын тушаалаар ажлаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б г Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд дадлагажигч багшийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 8 347 915 төгрөг гаргуулан Б.Б.Б д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 986 555 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан цалинд тооцсон дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрх цалинд ногдох шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 145 481 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар. хариуцагч талын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай нэг бүрчлэн харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Ажилтан Б.Б г МУИС-ийн захиралын 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/466 дугаар тушаалаар Монгол Улсын Их сургуулийн ОУХНУС-ын Нийтийн удирдлагын танхимд дадлагажигч багшаар /2018.09.12-2019.02.15-ны өдөр хүртэл/ ажлуулсан үйл баримтын талаар талуудын хэн аль нь маргаагүй болно. Энэ үйл баримтыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч байгаа талаар шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарлсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болно гэсэн хөдөлмрийн тухай хуулийн холбогдох заалтын талаар дүгнэж, хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан ажилтын ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, тулирлага, тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршштын хугацаа тогтоож болно гэсэнтэй нийцсэн байна... ” гэж зөв дүгнэсэн атлаа шийдвэр гаргахдаа алдаатай шийдвэр гаргасан. Б.Б г анх МУИС-ын хөдөлмөрийн дотоод журамд заасан: “...шинээр орж байгаа багш, ажилтантай туршилтын хугацаанд ходолморийн гэрээг байгуулна. Ажилтантай ходолморийн гэрээ байгуулах туршилтын хугаиаа, албан тушаал 6 сар хүртэл, дадлагжигч багштай байгуулах туршилтын хугацаа 1 хичээлийн жил байна...”, Профессор багш, ажиллуулах журамд: “...сонгон шалгаруулалтаар шинээр авч байгаа багшийг 6 сар хүртэл туршилтын хугацаанд ажлуулсаны дараа холбогдох тэнхим, салбар, бүрэлдэрхүүн сургуулийн саналыг үндэслэн жинхлүүлэн ажллах асуудлыг шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу дадлагжигч багшаар ажилд авсан. Б.Б нь ажиллах хугацаандаа багшийн хувьд зөрчил, дутагдал гаргаж байсан боловч МУИС-н удирдлагын зүгээс түүнд багш нарт тавигдах шаардлага, багшийн заах арга зүйд нь анхааруулга, сануулга өгч, удаа дараа алдаа дутагдлаа засаж залруулах, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх талаар заавар зөвлөмж өгч байнга тусалж дэмжиж ирсэн байдаг. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөдөлмөрийн гэрээнд зааснаар гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусахаар байсан бөгөөд дадлагжигч багшийн туршилтын хугацаа дуусах дөхөх үед буюу 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр МУИС-аас дадлагажигч багш Б.Б.Б тай  байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу туршилтын 3 сарын хугацаа өнгөрсний дараа ажлын үр дүнг комиссоор хэлэлцэх байсан боловч 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улиралд зааж буй хичээл нь дуусаагүй, ажлын үр дүнг нь үнэлэхэд хангалтгүй гэж үзэн тайлангийн хуралыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 14 цаг 00 минут зарлан хойшлуулж энэ талаар ажилтанд мэдэгдсэн үйл баримт хэргийн баримтаар нотлогддог. Гэвч шүүхээс хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 43 дугаар зүйлийн 43.2- т заасныг баримтлан ажлыг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээлцсэн байх тул түүнийг энэ өдрөөр ажлаас халагдсан /чөлөөлөгдсөн/ гэж дүгнэн хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсан тооцно гэж заасныг баримтлан Б.Б.Б тай  байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэстэй гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай, баримтанд тулгуурлаагүй гэж үзэхээр байна. Учир нь МУИС-ийн ОУХНУС-ийн захиралын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А/04 дугаартай комисс томилох тушаалын дагуу томилогдсон комиссын гишүүд нийтийн удирдлагын тэнхимд дадлагжигч багшаар ажиллаж байсан Б.Б гийн ажиллах туршилтын хугацаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хуралдсан хуралдааны тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд уг хуралдаанаар дадлагжигч багшийн заасан хичээлийн багцын чанар хангалтгүй, хичээлийн материал бүрэн биш, багш, оюутнуудаас удаа дараа гомдол ирж байсан гэж үзэн гэрээний хугацааг сунгахгүй гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэр гарсантай холбогдуулан Монгол улсын Их сургуулийн хүний нөөцийн даргад албан бичгээр хандан улмаар 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Б/115 дугаар тушаалаар түүнийг хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...ажилтан Б.Б нь ажиллаж байх үедээ буюу 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 29-30 неделтэй жирэмсэн байсах байх бөгөөд улмаар 2019 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүү Б.М-ийг төрүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна гэж дүгнэн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн нь илт үндэслэлгүй болсон байх ба шүүх хуулийг буруу хэрэглэн тайлбарласан гэж үзэх үндэслэл болсон. Учир нь анх гэрээ байгуулах үед Б.Б нь жирэмсэн гэдгээ ажил олгогчид огт мэдэгдээгүй байсан бөгөөд түүний ажлыг дүгнэх хуралдааны үеэр ч энэ талаар комиссын гишүүдэд болон ажил олгогч талд огт хэлээгүй тул ажил олгогч түүнийг жирэмсэн гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Мөн хэдийгээр хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт: “...хуульд зааснаас бусад үндэслэлээр ажлаас халахыг хориглодог...” бөгөөд энэ зохицуулалт нь байнгын ажлын байран дээр, хөдөлмөрийн хугацаагүй гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа тухайн байгууллагын үндсэн ажилтаны хувьд яригддаг зохицуулалт юм. Гэвч шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт тодорхой хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан үйл баримт баримтаар нотлогдож байгаа талаар тодорхой дүгнэсэн атлаа шийдвэр гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь М д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 9 334 470 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Монгол Улсын Их сургуулийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/466 дугаар захирлын тушаалаар Б.Б г Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимд дадлагажигч багшийн албан тушаалд туршилтын 6 сарын хугацаагаар томилж, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, ажил олгогчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/115 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт талуудын тайлбар болон хэргийн 4, 5-10, 88-100, 143 дугаар тал дахь баримтаар тогтоогдсон байна.

Хэргийн 12 дугаар талд авагдсан баримтаар хариуцагч байгууллагаас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дуусч байгаатай холбогдуулан түүний хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, тайланг танилцуулах тайлангийн хурал 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минутад Монгол Улсын Их сургуулийн 5 дугаар байрны 203 тоотод болох тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Б.Б д  гардуулсан үйл баримт тогтоогдож байна.

Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн дадлагажигч багшийн ажилд үнэлгээ өгөх комиссын хурал 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минутад хичээлийн 5 дугаар байрны 203 тоотод Б.Б г оролцуулан хуралдсан болох нь хэргийн 61-72 дугаар тал дахь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. Уг тайлангийн хурлаар комиссын гишүүд Нийтийн удирдлагын тэнхимийн дадлагажигч багш Б.Б гийн туршилтын хугацаанд ажилласан байдлыг 100 хувийн саналаар “хангалтгүй” гэж дүгнэсэн.

Үүний дараа Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн Захиргааны зөвлөл нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 00 минутад хуралдаж, Нийтийн удирдлагын тэнхимийн дадлагажигч багш Б.Б гийн туршилтын хугацаа дуусч байгаатай холбогдуулан тайланг хэлэлцэж, гэрээг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх асуудлыг хэлэлцээд Захиргааны зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар гэрээг сунгах боломжгүй гэж шийдвэрлээд Захиргаа хүний нөөцийн газарт уламжлахаар тогтож, улмаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 09/10 тоот албан бичгээр шийдвэрээ Монгол Улсын Их сургуулийн Захиргаа хүний нөөцийн газарт уламжилсан болох нь хэргийн 35-50, 53 дугаар тал дахь бичгийн баримтаар тогтоогдсон.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцүүлэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас дүгнэж чадаагүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг дараах байдлаар залруулах боломжтой.

Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.4-т “ажил мэргэжлийн онцлогоос хамаарч дадлагажигч багшаар ажиллах иргэнтэй гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг дүгнэх боломжтой хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулахаар” зохицуулсан байх бөгөөд дадлагажигч багшаар ажиллах туршилтын хугацааг 6 сараар талууд хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж тохиролцсон байна.

Нэхэмжлэгчтэй хариуцагч байгууллагын байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгах эсэхийг шийдвэрлэхийн тулд түүний хийсэн ажлын үр дүн, тайланг хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хэлэлцэж, Б.Б гийн хийсэн ажлын тайланг гарган дүгнэлтийг хариуцагч байгууллагын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Дээрх үнэлгээ болон Захиргааны зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тус сургуулиас 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөр Б.Б г ажлаас чөлөөлсөн тушаал гарсан байна.

Уг тушаалд нэхэмжлэгчтэй байгуулсан туршилтын 6 сарын хугацаа буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлийг заан ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасантай нийцжээ.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалдаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа огноо буюу хугацааг тодорхой заасан. Нэхэмжлэгчийн хувьд ажлаас чөлөөлөх үндэслэл буюу цаашид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид ажиллуулах боломжгүй дуусгавар болсноор чөлөөлсөн нөхцөл байдлын талаар мэдсэн үйл баримтын талаар маргаагүй, хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдах нөхцлийг хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар эсхүл ажил олгогчийн санаачлагаар “цуцлах санал тавиагүй” бол гэх агуулгаар зохицуулсан бөгөөд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг ажилтанд зохих ёсоор тавьсан байна. Иймд хөдөлмөрийн гэрээг сунгагдсан гэж үзэхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглосон. Хуулийн энэхүү заасан үг, хэллэгийг шууд утгаар тайлбарлан ойлгоход Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “ажлаас чөлөөлөх” бүх тохиолдол бус, харин зөвхөн “ажлаас халах” тохиолдлыг хуульчилсан байна. Ажил олгогч нь Б.Б г ажлаас нь халах замаар чөлөөлөөгүй харин хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар чөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт мөн хуулийн 37 дугаар зүйл хамаарахгүй, харин мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэснийг ойлгоно.

 

Иймээс нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуусталх хугацааны цалин олговорт 9 334 470 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж баталаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00239 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуусталх хугацааны цалин олговорт 9 334 470 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж баталаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148 516 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ