Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00624

 

Б.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00022 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Мийн хариуцагч “Гсаз” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

            Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гсаз” ХХК-д 2016 оны 9 сарын 19-ний өдөр Хүний нөөцийн ажилтнаар ажилд орж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/151 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдон ажилласан. Би ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан. Гэтэл компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/256 тоот тушаалаар намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоолгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч “Гсаз” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрхуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын хилийн бүсийн онцгой объектын найдвартай, түргэн шуурхай, аюулгүй ажиллагаа, үйлчилгээг хүргэх ажилтнуудад "Гсаз" ХХК-ийн дотоод журмаар онцгой үүрэг хүлээлгэж, хариуцлага тооцдог. Ажилтан Б.М нь энэхүү нөхцөлийг зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр №GSR-16-01/015 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулан, "Гсаз" ХХК-д Хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээнд ажлаас чөлөөлөхөөр заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Ажилтан Б.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны кемпид байрлан ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 9 дүгээр сарын 6-ны 21 цагаас 9 дүгээр сарын 7-ны шилжих үед архи, согтууруулах ундааны зүйл авч ирж хэрэглэн Компанийн Хөдөлмөрийн харилцааг зохицуулах журам-ын 12 дугаар зүйлийн 12.2.1-т Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсвэл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан, ажлын байрандаа болон ажилдаа ирэхдээ согтууруулах болон мансууруулах бодисыг хэрэглэсэн нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас шууд халах үндэслэл болно, Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.1.3-т Энэхүү журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан, эсвэл сахилгын зөрчлийг давтан /2 удаа/ гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална, ажилтантай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.9-т Ажлын байранд ажлын цагаар эсвэл албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа болон мансууруулах хэрэглэсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан. Иймд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч Б.Мтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-г ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хууль зөрчөөгүй. Б.Мын ажил хөдөлмөртөө хандах хандлага, гаргасан зөрчил, ажилчидтай харилцах хувь хүний зан байдал, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ноцтой зөрчил нь, удаа дараа ажилчдын өгсөн мэдээ мэдээлэл, гомдол болон ажилчдын кемпийн байрны камерний бичлэгт тус бүр баримтаар нотлогдсон тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мыг хариуцагч “Гсаз” ХХК-ийн хүний нөөцийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Гсаз” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 5 574 414 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мт олгож, хариуцагч “Гсаз” ХХК-д олговорт ногдох нөхөн бичилтийг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Гсаз ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 104 140 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрхуяг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Ажилтан Б.М нь “Гсаз" ХХК-д Хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Цагаан хад”-ны кемпид байрлан ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагаас эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл архи пиво зэргийг авч ирж ажилчдын кемп руу авч орж байгаа талаарх Цагаан хадны ажилчдын кемпийн байрны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хоорондох камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ц.Мөнхтуяагийн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдож байгаа. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлж үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоол, Компанийн “Хөдөлмөрийн харилцааг зохицуулах журам”-ын 12 дугаар зүйлийн 12.2.1, 'Хөдөлмөрийн дотоод журам”-ын 14 дүгээр зүйлийн 14.1.3, ажилтантай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 9 дүгээр зүйлийн 9.2.9-т заасан заалтуудыг Б.М зөрчсөн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан эрх зүйн үндэслэлийг шүүх анзаарч үзсэнгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “Гсаз” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжлснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1, 12-13 /

Ажил олгогч “Гсаз” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/256 дугаар тушаалаар Б.Мийг ажлаас чөлөөлж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэжээ. /хх.5/

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “...нэхэмжлэгч Цагаад хад нэртэй газарт байрлах хариуцагчийн ажлын байранд 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагаас 9 дүгээр сарын 07-нд өдөр шилжих үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” гэж тайлбарлажээ.

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн GSR-16-01/015 дугаар Хөдөлмөрийн гэрээний 9.2.9-т “Ажлын байранд ажлын цагаар, эсхүл албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа болон мансууруулах бодисыг хэрэглэсэн”, 9.3-т “Дээр дурьдсан 9.2.5-9.2.26 дахь заалтуудад заасан зөрчлийг ... ноцтой зөрчил гэж тооцох бөгөөд дээрх зөрчил гаргасан ажилтны гэрээг цуцлах үндэслэл болно” гэж тус  тус заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нөхцөлүүдийн аль нэг нь тогтоогдсон байхыг шаарддаг.

Хөдөлмөрийн харилцааг зохицуулах журмын 12.2.2-т “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажлаас халагдаж буй ажилтны аль ч сахилгын шийтгэлийн хувьд Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоосон, энэ тухай баримт, үндэслэлийг өөрт нь урьдчилан танилцуулсан байх” талаар тус тус заажээ.

“Гсаз ХХК нь Хөдөлмөрийн харилцааг зохицуулах журамд заасан архи уусан болохыг шалгаж тогтоосон, энэ тухай баримт, үндэслэлийг өөрт нь урьдчилан танилцуулсан байх эсэхээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон байна.

Хариуцагч байгууллага “нэхэмжлэгчийг ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасан нь ажилчдын кемпийн байрны камерийн бичлэг, гэрч Ц.Мөнхтуяагийн мэдүүлэгээр тогтоогдоно” гэж тайлбарлажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Мөнхтуяаг гэрчээр асуусан байх бөгөөд “...нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тортой зүйл бариад орж байхыг харсан, хайрцагттай пивоны лаазны зургийг авсан гэх боловч хэрэглэснийг хараагүй” гэсэн мэдүүлгийг гаргасан, түүний мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Мийг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр архи авч орсон нь нотлогдож байгаа” гэсэн үндэслэл зааж байгаа боловч гэрч Ц.Мөнхтуяагийн мэдүүлгээр “пиво авч орсон” үйл баримт тогтоогдож байгаа боловч “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх ажил олгогч нэхэмжлэгч Б.Мийн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж 2019 оны 9 дүгээр  сарын 06-ны өдрийн Б/256 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүх зөв тооцож, ажил олгогчоос 5 574 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын 7 дахь заалттай нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 140 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                          

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

                                                                                                Ц.ИЧИНХОРЛОО