Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2020/00022

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.М/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Г” ХХК/РД: /-д холбогдох,

         

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт нөхөн хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М би “Г” ХХК-д 2016 оны 09 сарын 19-ний өдөр Хүний нөөцийн ажилтнаар ажилд орж, 2016 оны 12 сарын 14-ний өдрийн Б/151 тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдон ажилласан. Би ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан.

Гэтэл компаний гүйцэтгэх захирлын 2019 оны 09 сарын 17-ны өдрийн Б/256 тоот тушаалаар намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоолгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөрхуяг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Мын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжпэлийн шаардлагыг үндэслэлгүй болох дараах тайлбарыг гаргаж байна.

Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Таван толгойн уурхайгаас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 239 км экспортын уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замын засвар арчлалт, ашиглалтыг нь хариуцан, нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгж, жолооч, тээврийн хэрэгслүүдийн аюулгүй байдлыг хангаж, түргэн шуурхай нэвтрүүлэх, шалган нэвтрүүлэх цэгийн бүртгэл, хяналтын ажил, замын засвар арчлалт, гэрээт цагдаагийн тасаг ажиллуулан автын осол, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлж нүүрс тээврийн нэвтрүүлэх хурдыг нэмэгдүүлэн ажиллаж, үйлчилгээний болоод техникийн стандарт дүрэм, журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг онцлог бүхий газар байгаа.

Ийнхүү Монгол Улсын хилийн бүсийн онцгой обьектын найдвартай, түргэн шуурхай, аюулгүй ажиллагаа, үйлчилгээг хүргэх ажилтнуудад “Г” ХХК-ийн дотоод журмаар онцгой үүрэг хүлээлгэж, хариуцлага тооцдог.

Ажилтан Б.М нь энэхүү нөхцлийг зөвшөөрч 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр №GSR-16-01/015 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-г байгуулан, “Г” ХХК-д Хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа “Хөдөлмөрийн гэрээ”-нд ажлаас чөлөөлөхөөр заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

Ажилтан Б.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад”-ны кемпид байрлан ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны 21 цагаас 09 дүгээр сарын 07-ны шилжих үед архи, согтууруулах ундааны зүйл авч ирж хэрэглэн Компанийн “Хөдөлмөрийн харилцааг зохицуулах журам”-ын 12 дугаар зүйлийн 12.2.1-т “Ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсвэл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан, ажлын байрандаа болон ажилдаа ирэхдээ согтууруулах болон мансууруулах бодисыг хэрэглэсэн нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас шууд халах үндэслэл болно”, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “Энэхүү журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан, эсвэл сахилгын зөрчлийг давтан /2 удаа/ гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцална”, ажилтантай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”- ний 9 дүгээр зүйлийн 9.2.9-т “Ажлын байранд ажлын цагаар эсвэл албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа болон мансууруулах хэрэглэсэн” бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан.

Иймд ажил олгогчийн зүгээс Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Монгол Улсын Засгийн Газрын 2018.08.22-ны өдрийн 258 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч Б.Мтай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г ажил олгогчын санаачлагаар цуцалсан нь хууль зөрчөөгүй.

Б.Мын ажил хөдөлмөртөө хандах хандлага, гаргасан зөрчил, ажилчидтай харилцах хувь хүний зан байдал, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ноцтой зөрчил нь, удаа дараа ажилчидын өгсөн мэдээ мэдээлэл, гомдол болон ажилчдын кемпийн байрны камерний бичлэгт тус бүр баримтаар нотлогдсон тул түүнтэй байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлах хууль зүйн үндэслэл болсон. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.М хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Г” ХХК нь Б.М ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ноцтой зөрчил нь “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлах хууль зүйн үндэслэл болсон гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хариуцагчид хүний нөөцийн ажилтнаар ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн GSR-16-01/015 дугаар Хөдөлмөрийн гэрээ, № А486926 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасныг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/256 тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.4-т “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр томилолтоор Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цагаан хад нэртэй газарт ажиллаж, тээврийн хэрэгслийн тормоз эвдэрсэн шалтгаанаар тус газарт хоносон болох нь зохигчийн тайлбар, Ц.Мөнхтуяагийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

                                                                                                                      

Хариуцагч нь нэхэмжлэгч Цагаад хад нэртэй газарт байрлах хариуцагчийн ажлын байранд 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагаас 9 дүгээр сарын 07-нд өдөр шилжих үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.9-т заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байна.

 

2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн GSR-16-01/015 дугаар Хөдөлмөрийн гэрээний 9-ийн 9.2.9-т “Ажлын байранд ажлын цагаар, эсхүл албан үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа болон мансууруулах бодисыг хэрэглэсэн”, 9.3-т “Дээр дурьдсан 9.2.5-9.2.26 дахь заалтуудад заасан зөрчлийг ... ноцтой зөрчил гэж тооцох бөгөөд дээрх зөрчил гаргасан ажилтны гэрээг цуцлах үндэслэл болно.” гэжээ.

 

Хариуцагчийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр баталсан “Г” ХХК-ийн хөдөлмөрийн харилцааг зохицуулах журмын 12-ын 12.2.2-т “... Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажлаас халагдаж буй ажилтны аль ч сахилгын шийтгэлийн хувьд Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоосон, энэ тухай баримт, үндэслэлийг өөрт нь урьдчилан танилцуулсан байх ...” гэжээ.

 

“Г” ХХК-ийн хөдөлмөрийн харилцааг зохицуулах журмын 12-ын 12.2.2-т заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгч Цагаад хад нэртэй газарт байрлахдаа 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагаас 9 дүгээр сарын 07-нд шилжих шөнө ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг шалган тогтоох болон баримт бүрдүүлэх арга хэмжээ аваагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шалган тогтоох ажиллагааг хийгээд баримтжуулсан зүйл байхгүй” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрч Ц.Мөнхтуяа нэхэмжлэгчийг архи, пиво хэрэглэсэн гэдгийг нотолно гэх тайлбар гаргаж байх боловч гэрч Ц.Мөнхтуяа нь нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 9 дүгээр сарын 07-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэснийг хараагүй болох нь Ц.Мөнхтуяагийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 9 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цагаан хад нэртэй газарт байрлах хариуцагчийн ажилчдын амралтын байранд хоносон болох нь Ц.Мөнхтуяагийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 9 дүгээр сарын 07-нд шилжих шөнө ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол .... олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:”, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан .... гомдол;” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн хүний нөөцийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1 700 000/1700000+1700000+1700000=5100000, 5100000:3=1700000/ /нэг сая долоон зуун мянга/ төгрөг болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажлын 6/зургаа/ хоног, 3/гурав/ сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 5 574 414/1700000:21.5=79069, 79069x6=474414, 1700000x3=5100000, 474414+5100000=5574414/ /таван сая таван зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нөхөн бичилтийг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

          Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мыг хариуцагч “Г” ХХК-ийн хүний нөөцийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Г” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 5 574 414/таван сая таван зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мт олгож, хариуцагч “Г” ХХК-д олговорт ногдох нөхөн бичилтийг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мыг хариуцагч “Г” ХХК-ийн хүний нөөцийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Г” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 5 574 414/таван сая таван зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мт олгож, хариуцагч “Г” ХХК-д олговорт ногдох нөхөн бичилтийг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 104 140 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ