Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0895/з |
Дугаар | 385 |
Огноо | 2018-10-10 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 385
“З ч м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газар
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг 15823.53 га бүхий Баянтал нэртэй талбайд зарласан /Талбайн код: СШ 22-1/ тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/193 дугаар Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0263 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0381 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Б.Х,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч З.С нар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0263 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 10 дугаар зүйлийн 10.1.228 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн “Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг 15823.53 га бүхий “Баянтал” нэртэй талбайд зарласан /Талбайн код: СШ 22-1/ тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/193 дугаар “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0381 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын гомдол: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс магадлалын үндэслэлдээ зөвхөн дараах хоёр тайлбарыг хийсэн байна. Үүнд:
4. “... хариуцагч захиргааны байгууллагаас сонгон шалгаруупалтыг хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулсныг буруутгах үндэслэлгүй, энэхүү сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн боловч яг ямар үндэслэлээр ийнхүү дүгнэж байгаа нь огт ойлгомжгүй байна.
5. “... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор сонгон шалгаруулалт зарласан нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасантай нийцэж байх тул “тусгай хэрэгцээний газартай давхцалтай газарт сонгон шалгаруулалт явуулсан” гэх ... гомдол үндэслэлгүй юм” гэсэн байна.
6. Тайлбар: Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.6 дахь хэсэгт Уул уурхайн сайдын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/40 дүгээр тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулж “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж болно” хэмээн өөрчилсөн байдаг. Ийнхүү тусгай хэрэгцээний газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох тухай хууль зөрчсөн нэмэлт еөрчлөлт орсон.
7. Дээрх нэмэлт өөрчлөлт орсноос 3 сарын дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 04/08 дугаар тогтоол гарч тус аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутагт байрлах Баянтал нэртэй 15823.53 га талбайд 5 жилийн хугацаатай бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авч шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг зарласан тул нэхэмжлэгчийн зүгээс тус сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн.
8. Гэтэл дээрх нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн эзэмшиж, хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан талбай нь бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээний газарт авах ямар ч нөхцөл, шаардлага бүрдээгүй байсан буюу үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбай биш зэргээс үзвэл анхнаасаа зөвхөн “Ф м к” ХХК-ийг сонгон шалгаруулалтад оролцуулж тусгай зөвшөөрөл олгох үүднээс “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.6 дахь хэсгийн “орон нуттийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай” гэх шаардлагыг хангуулж хязгаарлагдмал хүрээнд сонгон шалгаруулалтыг явуулсан болох нь тодорхой байдаг.
9. Иймд нэгдүгээрт, дээрх тусгай хэрэгцээний газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулсан хоёрдугаарт, хязгаарлагдмал хүрээнд сонгон шалгаруулалт явуулж нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн нь дараах үндэслэлүүдээр тогтоогдоно гэж үзэж байна. Үүнд:
10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн захирамж, хариуцагчийн зөвшөөрлийн дагуу 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан журам нь хууль бус байсан болох нь тогтоогдсон тухайд:
11. “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.6 дахь зохицуулалт нь хууль болон тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниудын эрхийг зөрчиж, хууль бус хязгаарлалт тогтоосон, мөн сайд Засгийн газраас эрх олгоогүй байхад бүрэн эрхгүйгээр журам баталсан байсан учир нэхэмжлэгчээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан журмыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг журмыг хүчингүй болгон /аж ахуй нэгж байгууллагуудаас тус журамтай холбоотой ихээхэн гомдол гаргасныг мөн хүлээн авч/ 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шинэчилсэн сонгон шалгаруулалтын журмыг баталсан ба давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 221/Ш32018/0397 дугаар захирамжийг гаргасан байсан билээ.
12. Мөн “Ф м к” ХХК нь сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох үед буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/2223 тоот “Чиглэл өгөх тухай” Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтод хүргүүлсэн албан бичгээр “... 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулж, тухай бүр авсан арга хэмжээний талаар Сайдын зөвлөлд танилцуулж байхыг үүрэг болгосон” байдаг.
13. “Ф м к” ХХК нь орон нутагт үүсгэн байгуулагдаагүй орон нутгийн өмчийн оролцоотой компани биш болох нь: “Ф м к” ХХК нь дээрх журмын 1.6-т заасан орон нутагт үүсгэн байгуулагдаагүй, тэр ч байтугай орон нутгийн өмчит компани биш болох нь хавтаст хэрэгт авагдсан тус компанийн гэрчилгээ, дүрмээр тогтоогдож байхад шүүгч үндэслэлгүй дүгнэлт хийн, хууль, журмыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн.
14. Тусгай хэрэгцээний газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарласан нь хууль тогтоомж, холбогдох журмыг зөрчсөн бөгөөд шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстоп 4.1.13, 4.1.23, 17.5.2,19.1.4 дэх заалтуудыг хэрэглээгүй болох нь: дээрх газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.11 дэх хэсэгт “Бичил уурхайн зориулалтаар олгосон газар” гэсэн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Энэхүү тусгай хэрэгцээний зорилго нь зөвхөн бичил уурхайн зориулалтаар тогтоосон хугацаанд авах байсан. Газрын тухай хуулийн 4 дүгээр зуйлийн 4.1.4 дэх хэсэгт “Газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” нь төрөөс газрын талаар баримтлах зарчим болох талаар хуульчилсан тул зөвхөн үндсэн зориулалтаар нь газрыг ашиглах хуулийн зохицуулалтыг баримтлах ёстой.
15. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор сонгон шалгаруулалт зарласан нъ Ашигт маптмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасантай нийцэж байх тул “тусгай хэрэгцээний газартай давхцалтай газарт сонгон шалгаруулалт явуулсан” гэх ...гомдол үндэслэлгүй юм” гэсэн. Уг хуулийн зохицуулалтаар “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” гэсэн бөгөөд өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжид Засгийн газраас баталсан тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг зөвшөөрсөн, үүнтэй холбоотой журам байхгүй.
16. Харин хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дараах журмуудаар тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал хайх, ашиглахыг зөвшөөрсөн зохицуулалт огт байхгүйгээс гадна тусгай хэрэгцээнээс гаргах зохицуулалттай. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 1.2-т “энэхүү журам нь ус, цацраг идэвхт элемент агуулсан хүдэр, газрын тос, байгалийн хий, түгээмэл тархацтайгаас бусад төрлийн ашигт малтмалыг бичил уурхайгаар олборлох үйл ажиллагаанд хамаарна” хэмээн заасныг “ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хязгаарлагдмал сонгон шалгаруулалт зарлаж” хэмээн бичил уурхайгаар олборлох гэснийг хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хэмээн шууд өөрчилж сонгон шалгаруулалт зарласан байдаг.
17. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын 2.1.11-д “Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан бичил уурхайн зориулалттай газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-т заасан үйл ажиллагааг эрхлэх зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан байх”-аар зохицуулсныг зөрчсөн.
18. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23 дахь хэсэгт “бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажшлагааг ойлгоно хэмээн заасан байтал “Ф м к” ХХК нь нөхөрлөл, бүртгэгдээгүй нөхөрлөл, хоршооны аль нь ч биш юм.
19. Ашигт малтмалын тухай хуулийн, 4 дүгээр зүйлийн 4.1.13 “тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг, 17 дугаар зүйлийн 17.5-д “энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан талбай нь дараах шаардлагыг хангасан байна” гээд мөн хуулийн 17.5.2 дахь хэсэгт “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” хэмээн заасныг шууд зөрчиж тусгай хэрэгцээний газартай давхцалтай газарт сонгон шалгаруулалтыг явуулсан.
20. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орохоос өмнөх тухайн үеийн хуулийн зохицуулалтаар буюу мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах гол шаардлагын нэг нь тухайн талбай нь “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай ямар нэг байдлаар давхцаагүй” байхыг шаарддаг ба тусгай хэрэгцээний газартай давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, өмнө олгогдсон талбайг хүчингүй болгох үндэслэл болгодог.
21. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 287 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-д тус тус зааснаар тусгай хэрэгцээнд авсан газрыг зориулалтын дагуу ашиглаж, ашиглуулах, тусгай хэрэгцээнд авсан газрын зориулалтыг өөрчлөх, хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа явуулахыг хориглох, тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, улсын тусгай хэрэгцээнээс гаргах үндэслэл бүрдээгүй, эсхүл шаардлагагүй тохиолдолд тусгай хэрэгцээнээс гаргахгүй байхаар зохицуулсан байдаг.
22. Иймээс тусгай хэрэгцээний газрыг зөвхөн зориулалтын дагуу ашиглах бөгөөд тусгай хэрэгцээнээс гаргах тохиолдолд хууль, журамд заасан тодорхой нөхцөл, шаардлага хангагдсан тохиолдолд тусгай хэрэгцээнээс гаргаж өөр зориулалтаар ашиглах боломж бүрдэх байтал тусгай хэрэгцээний газартай давхцаагүй байх хуулийн шаардлагыг болон газрын зориулалтыг зөрчиж зориулалтын бусаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулсан нь анхнаасаа үндэслэлгүй тул илт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, төрөөс газрын талаар баримтлах зарчим, холбогдох журмуудыг зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан байтал шүүхээс үндэслэл бүхий тайлбарыг хийж, маргааныг шийдвэрлээгүйд гомдолтой байна. Уг нь эрх зүйн хэм хэмжээний эрэмбийн хувьд хууль нь журмаас илүү дээд хүчин чадалтай байж хууль зөрчсөн журмын дагуу бус хуулийн дагуу Захиргааны байгууллагын үйл ажиллагаа явагдах учиртай.
23. Хязгаарлагдмал хүрээнд сонгон шалгаруулалт явуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчсөн болох нь: нэхэмжлэгчийн зүгээс сонгон шалгаруулалтад оролцуулаагүй үйл баримттай маргаж, хууль бусаар хязгаарлагдмал хүрээнд сонгон шалгаруулалт явуулсан нь нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад эрх тэгш байдлаар оролцож Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмал, эрэх, хайх, ашиглах эрх зөрчигдөж, шалгаруулалтад оролцох эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж эрхийг зөрчиж байна хэмээн маргаж байтал шүүхээс ямар үндэслэл зааж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар үндэслэлтэй дүгнээгүй байна.
24. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “энэ хуулийн 7.1-д заасан хуулийн этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, мөн хуулийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно” хэмээн тус хуулиар сонгон шалгаруулалтыг хуулийн 7.1-д заасан хуулийн этгээдүүдээс хязгаарлаж тодорхой хүрээнд явуулж болох диспозитив хэм хэмжээ огт байхгүй төдийгүй сонгон шалгаруулалтад хуулийн 7.1-д заасан шаардлага хангасан ямар ч хуулийн этгээд оролцож болохыг хуулийн 18.1-д хуульчилсан.
25. Түүнчлэн Дорноговь аймгийн “Газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах, гарах журам”, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.11-д заасан сонгон шалгаруулалтад заасан “Баянтал” нэртэй 15873 га талбайн солбицлыг тогтоосон Засгийн газрын тогтоол, 17.1-д заасан мэдэгдэл, 17.2-д заасан хариу өгсөн эсэх талаарх баримтуудыг хэрэгт авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүхээс нотлох баримтууд болон хэргийн үйл баримтыг үнэн зөв, тал бүрээс нь үнэлж дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн.
26. Иймд нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0263 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 381 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
27. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд, маргааны үйл баримтуудад холбогдуулан хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
28. Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг Баянтал нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох “хязгаарлагдмал” сонгон шалгаруулалтыг зарласан, уг сонгон шалгаруулалтад оролцохоор “Ф м к” ХХК саналаа ирүүлж, оролцсон, Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 10 дугаар дүгнэлтээр, тус компани “нийт үнэлгээгээр 78,4 оноо” авч шалгарсан, нэхэмжлэгчээс уг сонгон шалгаруулалтыг “хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ, “...зөвхөн орон нутгийн компаниуд сонгон шалгаруулалтад оролцох эрхтэйгээр хязгаарлагдмал хүрээнд сонгон шалгаруулалтыг зарласнаар манай компани оролцох боломжгүй болсон, урьд уг талбай дээр тодорхой хэмжээний хөрөнгө зарж, хайгуулын ажил хийсний хувьд уг сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байсан, үндэслэлгүйгээр эрх хязгаарласнаар манай компанийн Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх зөрчигдсөн, ... тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан” гэж, хариуцагчаас “...“Тусгай зөвшөөрөд олгох сонгон шалгаруулалтын журам”... -д заасны дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулагдсан, ... хууль зөрчөөгүй” гэж маргажээ.
29. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “З ч м” ХХК нь 2001 оноос Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг Мандаа толгой нэртэй 15872,97 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаад, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших нийт 9 жилийн хугацаа дуусч, 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөр хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 04/08 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутагт байрлах Баянтал нэртэй 15873 га талбайг “бичил уурхайн зориулалтаар” аймгийн тусгай хэрэгцээнд авсан, эдгээр газрууд нь хоорондоо давхцалтай, талууд уг үйл баримттай маргаагүй байна.
30. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг шинэчлэн баталсан, уг журмын 1.6-д “... орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай, эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж болно” гэж заасан, уг журам хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд маргаан бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох “хязгаарлагдмал” сонгон шалгаруулалтыг зарлаж, явуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйл (2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан)-ийн 20.1-д “... /тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан/ үндэслэлээр тусгай зөвшөөрөл дуусгавар болсон ... бол төрийн захиргааны байгууллага... /уг талбайд/ сонгон шалгаруулалт явуулж, тусгай зөвшөөрөл шинээр олгоно” гэснийг зөрчөөгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
31. Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 04/08 дугаар тогтоолтой холбогдуулж нэхэмжлэгч шүүхэд маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага байхгүй тул уг тогтоолын хууль зүйн үндэслэлд шүүх дүгнэлт хийх боломжгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төөөлөгчийн “... “З ч м” ХХК-ийн эзэмшиж, хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан талбай нь бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээний газарт авах ямар ч нөхцөл, шаардлага бүрдээгүй байсан буюу үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбай биш” гэх гомдлын үндэслэлд хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй.
32. Нэхэмжлэгч “З ч м” ХХК-иас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаал, түүний 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар маргаан бүхий тушаал, журмыг хүчингүй болгож, шинэ журам баталсан ... тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх, нэхэмжлэгч талын “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн байна, ... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 221/Ш32018/0397 дугаар захирамжаар “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар ... /маргаан бүхий/ тушаалыг хүчингүй болгосон, ... /маргаан бүхий/ журам эрх зүйн үйлчлэлгүй болсноор ... нэхэмжлэлийн шаардлага хангагдсан” гэх үндэслэлээр “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
33. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... /дээрх захирамж гарснаар/ 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан журам нь хууль бус байсан болох нь тогтоогдсон” гэх боловч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаал, тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”, уг журмын 1.6-д заасан маргааны үйл баримтад холбогдох “... орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай, эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж болно” гэх заалтын хууль зүйн үндэслэлийг шүүх хянаагүй, түүнчлэн, хэм хэмжээний актыг батлан гаргах эрх бүхий этгээдээс уг хэм хэмжээний актаа өөрчлөх, хүчингүй болгох, шинээр гаргах бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, шинэ журам баталсан байхад дээрх шүүгчийн захирамжийг үндэслэж, “...өмнөх журам (журмын заалт) хууль бус байсныг шүүх тогтоосон” гэж дүгнэх боломжгүй юм.
34. Өөрөөр хэлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 1.6 дахь заалт “хууль бус” болох нь эрх бүхий этгээдээс тогтоогдоогүй байхад уг журмын дагуу зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтыг “хууль бус” гэж дүгнэх боломжгүй, энэ талаарх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
35. Иймд, нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн “Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг 15823.53 га бүхий “Баянтал” нэртэй талбайд зарласан /Талбайн код: СШ 22-1/ тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдэл зөв байна гэж үзлээ.
36. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “... хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх”-ээр зааснаас үзэхэд, нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь түүний “зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах зорилготой нийцэх ёстой, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “... “Ф м к” ХХК нь орон нутагт үүсгэн байгуулагдаагүй орон нутгийн өмчийн оролцоотой компани биш, дээрх журмын 1.6-т заасан орон нутагт үүсгэн байгуулагдаагүй, тэр ч байтугай орон нутгийн өмчит компани биш болох нь хавтаст хэрэгт авагдсан тус компанийн гэрчилгээ, дүрмээр тогтоогдсон”, “...тусгай хэрэгцээний газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарласан нь хууль тогтоомж, холбогдох журмыг зөрчсөн” гэх үндэслэлүүд нь маргаан бүхий талбайн хувьд ямар нэг эрх үүсээгүй, тухайн “хязгаарлагдмал” сонгон шалгаруулалтад оролцоогүй, оролцох эрх анхнаасаа үүсээгүй нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв болжээ.
37. Өөрөөр хэлбэл, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумдын нутаг 15823.53 га бүхий “Баянтал” нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт “хууль бус болох нь” дээрх байдлаар тогтоогдоогүй тул уг сонгон шалгаруулалтыг явуулахаар шийдвэрлэсэн болон сонгон шалгаруулалт зохион байгуулсан хариуцагчийн үйл ажиллагаа, уг сонгон шалгаруулалтад оролцсон болон шалгарсан этгээдүүдийн эрх зүйн байдалд хамаарах үйл баримтууд нь тухайн тохиолдолд нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Дорноговь аймгийн “Газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах, гарах журам”, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.11-д заасан сонгон шалгаруулалтад заасан “Баянтал” нэртэй 15873 га талбайн солбицлыг тогтоосон Засгийн газрын тогтоол, 17.1-д заасан мэдэгдэл, 17.2-д заасан хариу өгсөн эсэх талаарх баримтуудыг хэрэгт авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх зэрэг гомдлоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
38. Нэхэмжлэгчээс “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/193 дугаар “Комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар “Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... сонгон шалгаруулалт хууль бус байсан” гэх үндэслэлээр тайлбарласан, шүүхээс “З ч м” ХХК-ийн “...сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тохиолдолд, нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг мөн хангаж шийдвэрлэх боломжгүй.
39. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/193 дугаар тушаалаар Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 10 дугаар дүгнэлтээр гуравдагч этгээд “Ф м к” ХХК-ийг “нийт үнэлгээгээр 78,4 оноо авсан”-ыг баталгаажуулсан, мөн газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар шийдвэрээр сонгон шалгаруулалтаар 78,4 оноо авч шалгарсан “Ф м к” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохооор шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “... журамд заасны дагуу үнэлгээ өгч, хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчид тусгай зөвшөөрөл олгох” гэснийг зөрчөөгүй, сонгон шалгаруулалтад оролцоогүй нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, энэ талаар шүүхүүд мөн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
40. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх агуулгаар, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0263 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0381 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “З ч м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “З ч м” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА