Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/00680

 

 “УБТТС” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00302 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Д, Ч.Б нарт холбогдох 1 959 283 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд, хариуцагч М.Д, Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Алтангадас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани үндсэн үйл ажиллагааны хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн М.Дтэй автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Ингээд гэрээ байгуулсан өдөр автомашин хүлээлгэн өгөх акт үйлдэн түрээслэгчийн ашиглалтанд гэрээний зүйл болох 15-29 УНС улсын дугаартай “Хюьндай Элентра” маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн. Ч.Б нь түрээслэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг өөрийн хөрөнгөөр хангахаа илэрхийлж манай компанитай баталгааны гэрээ байгуулсан тул хариуцагчаар татаж байна. Түрээсийн хугацаанд М.Д нь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй түрээсийн төлбөрийн 15 өдрийн /450 000/ төгрөгийг төлбөртэй болсон тул санхүүгийн түрээсийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1-т зааснаар түрээсийн автомашиныг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр түр саатуулан акт үйлдсэн, оношлогоо хийлгээд түрээслэгчээр гарын үсэг зуруулан хүлээн авч “УБТТС” ХХК-ийн зогсоолд байрлуулсан. Ингээд түрээслэгчид зөрчлөө арилгах 14 хоногийн хугацаа өгсөн. Нэмэлт хугацаанд түрээслэгч зөрчлөө арилгаагүй тул гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.9-д зааснаар 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэрээг дуусгавар болгож холбогдох засвар үйлчилгээг “Монгол Хюьндай Автомотив” ХХК-д хийлгүүлсэн байдаг. Гэрээ дуусгавар болох үед түрээслэгч 450 000 төгрөгийн түрээсийн төлбөр, засварын 1 446 883 төгрөг, торгуулийн 212 400 төгрөг нийт 2 109 283 төгрөгийн авлагатай байснаас түрээслэгчийн барьцаанд өгсөн 150 000 төгрөгийг хасч тооцоод 1 959 283 төгрөгийг түрээслэгч М.Д, Ч.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.     

Хариуцагч М.Д, Ч.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Д “УБТТС” ХХК-д ажилд орж 15-29 УНС улсын дугаартай “Хюьндай Элентра” маркийн автомашин түрээслэн авч ажилласан. Ажиллаж байх хугацаанд сард 22 хоногийн түрээс төлсөн. Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хийх боломжгүй болж ажлаасаа гарахдаа 2 460 000 төгрөг, татвар 59 400 төгрөг төлж бүх төлбөр тооцоог дуусгасан. Гэтэл одоо надаас машины элэгдэл хорогдлын мөнгө нэхэж байгааг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь анх машин хүлээж аваад эргүүлээд бүрэн бүтэн хүлээлгэн өгч гарын үсгээ зурсан бөгөөд уг машиныг “УБТТС” ХХК нь өөр хүнд түрээслүүлж байгаа бөгөөд ямар нэг асуудалгүй зүгээр явж байгаа. Иймд хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.Д, Ч.Б нараас  240 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Улаанбаатар такси танспорт сервис”  ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 759 283 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 7 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “УБТТС” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд авагдсан түрээсийн төлбөрийн мэдээллээс түрээслэгч 15 хоногийн түрээсийн төлбөртэй гэдэг нь харагдаж байна. Шүүх түрээсийн төлбөрийн талаар дүгнэлт хийхдээ түрээслэгчийн нотолгоогүй тайлбарт хөтлөгдөн 50 000 төгрөгөөр багасган 400 000 төгрөг шийдсэн нь үндэслэлгүй байна. Гэрээнд сарын 660 000 төгрөг гэж байгаа боловч өдөрт 30 000 төгрөгөөр түрээсийн төлбөрийг төлнө гэдгийг хоёр тал тохиролцсон байдаг. Энэ талаар талууд маргаагүй иймээс түрээслэгч үүрэг зөрчөөгүй гэсэн дүгнэлт нь нотлох баримтгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн учир дутагдалтай дүгнэлт болсон байна Хариуцагчийн 1529 УНС улсын дугаартай автомашиныг түрээсэлж байх хугацаандаа үүсгэсэн засварын төлбөр болох 1 446 883 төгрөгийг шүүх хангаж шийдвэрлээгүй. Автомашин хүлээлгэн өгсөн, хүлээн авсан актад эд ангиудын бүрэн бүтэн байдлын талаар тэмдэглэл үйлдсэн байхад гэмтэл учирсан талаар дурьдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт байна. Хэргийн 18, 19, 20 дугаар хуудсанд байгаа акт болон оношлогооны хуудаснуудад энэ талаар тодорхой тэмдэглэсэн байгаа. Автомашин хүлээлгэн өгсөн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн түрээслэгчид автомашин хүлээлгэн өгсөн актад 1529 УНС улсын дугаартай автомашиныг 267.942 км явсан, явах эд ангиуд, болон бусад тоног төхөөрөмж, гадна сэв зэргийн хэвийн эсэх талаар баруун урд хаалга зурагдаж замаска хагарсан, хойд буфер хагарсан, зурагдсан, Зүүн хойд кирло жижиг зурагдсан, Зүүн хойд хаалга жижиг халцарсан, хойд шил цуурсан гэж тэмдэглэл үйлдэн түрээслэгчээр гарын үсэг зуруулсан байгаа. Үүнээс гадна түрээслэгч түрээслэх хугацаандаа 14.128 км явсан нь дээрх актууд дээрх км-ийн заалтын зөрүүнээс бас харагдаж байна. Энгийн хэрэглээний суудлын автомашин жилд 10.000 км-20.000 км зам явдаг ийм хэмжээний зам туулахад автомашины явах эд ангиудад 1-ээс доошгүй удаагийн засвар үйлчилгээг хийсэн байх шаардлагатай байдаг. Харин такси үйлчилгээний автомашин сард 5 000-8 000 км явдаг, иймээс энгийн суудлын автомашинаас олон удаа засвар хийх шаардлагатай байдаг. Иймд дээрх автомашиныг түрээслэгч 4 сар 20 хоногийн хугацаанд ашигласан 14.128 км явсан нь 1 удаа явах эд ангийн засвар хийлгэх нөхцөл бүрдсэн байгаа юм. Нийт 210 000 төгрөгийн торгуулийн төлбөртэй болсон байх бөгөөд хариуцагчийн түрээсийн хугацаанд үүсгэсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байхад гэрээнд тохиролцоогүй, мөн торгуулийг эзэмшигч этгээдэд ногдуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Түрээслэгч хэрвээ замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бол манай байгууллагын тээврийн хэрэгсэл дээр торгууль бичигдэхгүй байх байсан. Зөрчлийн тухай хуулийн дагуу тухайн зөрчлийг үйлдсэн этгээдэд зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулна гэж заасан байдаг. Иймээс торгуулийн төлбөрт нэхэмжилсэн 212 400 төгрөгийг нэхэмжлэгчид хууль заасан үндэслэлээр шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн түрээсийн төлбөрийн Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар, засварын төлбөрийг Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар засвар үйлчилгээний төлбөрийг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заанаар торгуулийн төлбөрийг тус тус шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

             Шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь хариуцагч М.Д, Ч.Б нарт холбогдуулан санхүүгийн түрээсийн төлбөрийн 450 000 төгрөг, засварын зардал 1 446 883 төгрөг, торгуулийн 212 400 төгрөг, нийт 1 959 283 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ. /хх.1-2, 60/

Зохигчид 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ТТ-18-067 тоот “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь хариуцагч М.Дд “Элантра” маркийн 15-29 УНС улсын дугаартай автомашиныг түрээслүүлэх, түрээслэгч түрээсийн төлбөрт сар бүр 660 000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  /хх.6-8/

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК М.Дтэй байгуулсан түрээсийн гэрээгээ цуцалж, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Автомашин хүлээлцэх акт” үйлдэн түрээслэгчээс автомашиныг буцаан авсан үйл баримт тогтоогдсон байна. /хх.19-20/

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-т зааснаар түрээслүүлэгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг төлүүлэхээр түрээслэгчээс шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК түрээсийн зүйлийг засаж сайжруулахад гарсан зардалд 1 449 883 төгрөг нэхэмжилсэн шаардлагын үндэслэлээ “...гэрээг дуусгавар болгож холбогдох засвар үйлчилгээг “Монгол Хьюндай Автомотив” ХХК-д хийлгүүлсэн” гэж тайлбарласан байна. Нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх бараа материалын зарлагын баримт, төлбөрийн баримт, засвар үйлчилгээний нэхэмжлэх гэсэн баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна. /хх.20,21,35-41/

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч М.Д тухайн автомашиныг эзэмшиж байх хугацаандаа уг автомашинд учирсан гэмтлийг засварлахад гарсан зардал байна гэж шууд дүгнэх боломжгүй байна. Учир нь, автомашиныг хүлээлцэх үед болон дараа нь эвдрэл хохирлын үнэлгээ хийгээгүй, автомашиныг хүлээлцсэнээс 2 сарын дараа автомашиныг засварласан үйл баримтууд тогтоогджээ.

Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт “Хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй” гэж заасан бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т заасан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан талаарх нотлох баримт байхгүй байна.

Түүнчлэн М.Д гэрээнд заасан хугацаанд автомашиныг ердийн элэгдлээс илүү хэмжээгээр муутгасан гэх байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагыг засварын зардалд нэхэмжилсэн 1 446 883 төгрөгийг хариуцагчийн буруутай ажиллагаанаас гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.  

Харин хариуцагч автомашины түрээсийн 14 хоногийн төлбөр 400 000 төгрөгийг төлөөгүй, анхан шатны шүүх төлбөрийн үлдэгдэл 400 000 төгрөгөөс урьдчилгаанд өгсөн 160 000 төгрөгийг хасч тооцон хариуцагчаас 240 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээнд торгуулийг хэн төлөх талаар тусгаагүй, торгуулийг “Улаанбаатар такси транспрот сервис” ХХК-д ногдуулсан гэсэн дүгнэлт хийж торгуулийн төлбөрт 212 400 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.  

Нэхэмжлэгч байгууллагын “...засварын зардал болон торгуулийн мөнгийг төлүүлэх”-ээр давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 42 299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ

                                          ШҮҮГЧ                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                 Ц.ИЧИНХОРЛОО