Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2022/00021

 

Улаанбаатар такси транспорт сервис ХХК

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00302 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 680 дугаар магадлалтай,

Улаанбаатар такси транспорт сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй,

М.Даваахүү, Ч.Батчимэг нарт холбогдох 

1,959,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

1.Нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК нь хариуцагч М.Даваахүү, Ч.Батчимэг нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 1,959,283 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.    

2.Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00302 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.Даваахүү, Ч.Батчимэг нараас 240,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар такси танспорт сервис ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,759,283 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 7,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 680 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.23-ны өдрийн 184/ШШ2020/00302 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалуудад доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Манай компани М.Даваахүү, Ч.Батчимэг нараас 450,000 төгрөгийн түрээсийн, 1,446,883 төгрөгийн засварын, 212,400 төгрөгийн торгуулийн нийт 2,109,283 төгрөгөөс барьцааны 150,000 төгрөгийг хасч тооцон 1,959,283 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахыг хүссэн. Харин шийдвэр магадлалд түрээсийн төлбөрийн 450,000 төгрөгөөс хариуцагчийн нотлох баримтгүй тайлбарт хөтлөгдөн 400,000 төгрөгийг шийдвэрлэсэн. Энэ төлбөрөөсөө хариуцагчийн урьдчилгаанд тушаасан 150,000 төгрөгийг 160,000 гэж алдаатай бичиж хасч тооцоод 240,000 төгрөгийг манай компанид олгохоор шийдвэрлэсэн. Иймээс түрээсийн төлбөрөөс шийдэгдээгүй 50,000 төгрөг, бичилтийн алдаанаас хасагдаж тооцогдсон 10,000 төгрөг нийт 60,000 төгрөгийг ИХ-ийн 312 дугаар зүйлийн 312.1 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлүүлэхийг хүсч байна. Засварын 1,446,883 төгрөгийг шийдвэр, магадлалд хохирлын үнэлгээ хийгээгүй, автомашиныг хүлээлцсэнээс хойш 2 сарын дараа засварласан, Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д "хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй" мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289,1.4-т "эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан талаар нотлох баримт байхгүй" гэж дүгнэсэн байна. Тухайн автомашиныг хүлээн авмагцаа манай компани "Монгол Хюьндай автомотив" ХХК-д засвар хийлгэх захиалга өгдөг тухайн компани нь манай байгууллагын такси үйлчилгээнд ашиглагдаж байгаа 300 тээврийн хэрэгслийг бүгдийг нь засварладаг компани юм. Иймээс хүлээн авсан өдрөө засвар хийх боломгүй байдаг. Үнэлгээ хийлгээгүй гэсэн дүгнэлтийн хувьд автомашиныг түрээслэгч хүлээлгэн өгсөн өдөр буюу 2019.04.11-ний өдөр "Монгол Хьюндай Автомотив" ХХК-д хүлээн авсан автомашины эвдрэл гэмтлийн талаар оношлуулан түрээслэгчээр гарын үсэг зуруулсан нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Иргэний хуулийн 291 дүгээр зүйлд заасан 291.1, 289 дүгээр.зүйлийн 289.2.2-т заасан талаар хийсэн дүгнэлтийн хувьд Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т тус тус "Түрээслэгчийн гэм буруугаас санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ Мөн Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1-д "Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ." гэж зааснаар энэ тохиолдолд Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1, 289 дүгээр зүйлийн 289.2.2-т тус тус заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна. Иймээс Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т тус тус зааснаар засварын төлбөр болох 1,446,883 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж өгнө үү. Мөн шийдвэр, магадлалд түрээслэгч түрээсийн хугацаанд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийн 212,400 төгрөгийн төлбөрийг манай компани төлж барагдуулсан байгаа. Иймээс тухайн төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар шийдвэрлэж өгнө үү. Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК нь хариуцагч М.Даваахүү, Ч.Батчимэг нарт холбогдуулан санхүүгийн түрээсийн төлбөрийн 450,000 төгрөг, засварын зардал 1,446,883 төгрөг, торгуулийн 212,400 төгрөг, нийт 1,959,283 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагын үндэслэлээ ...гэрээг дуусгавар болгож холбогдох засвар үйлчилгээг Монгол Хьюндай Автомотив ХХК-аар хийлгүүлсэн гэж тайлбарласан, 2019.05.23-ны өдрөөс 2019.06.24-ний өдөр хүртэлх бараа материалын зарлагын баримт, төлбөрийн баримт, засвар үйлчилгээний нэхэмжлэх гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч ...гэрээг нэхэмжлэгч талаас санаачлан цуцалж, автомашиныг хураан авч өөр этгээдэд шилжүүлсэн, ямар нэг эвдрэл гэмтэлгүй буцаан өгсөн... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан байна.

6. Анхан шатны шүүх зохигчийн хооронд санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэн хариуцагч М.Даваахүү, Ч.Батчимэг нараас 240,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар такси транспорт сервис ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,759,283 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

7. Хэргийн баримтаас үзэхэд 2018.11.21-ний өдрийн ТТ-18-067 тоот Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ-гээр Улаанбаатар такси транспорт сервис ХХК нь М.Даваахүүд Элентра маркийн 15-29 УНС улсын дугаартай автомашиныг түрээслүүлэх, түрээслэгч түрээсийн төлбөрт сар бүр 660,000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон байх бөгөөд талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д нийцсэн байна.

8. Нэхэмжлэгч нь хариуцагч М.Даваахүүтэй байгуулсан түрээсийн гэрээгээ цуцалж, 2019.04.11-ний өдөр акт үйлдэн түрээслэгчээс автомашиныг буцаан авсан, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-т зааснаар түрээслүүлэгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг төлүүлэхээр түрээслэгчээс шаардах эрхтэй боловч гэрээний зүйлийг хүлээлцсэнээс 2 сарын дараа хийсэн засварын баримтыг үндэслэн засварын зардал шаардсан тул нэхэмжлэгчийн засварын зардалд шаардсан 1,446,883 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

9. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд торгуулийг хэн төлөх талаар тусгаагүй, торгуулийг Улаанбаатар такси транспорт сервис ХХК-д ногдуулсан тухай дүгнэлт хийж торгуулийн төлбөрт 212,400 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийг буруутгах боломжгүй юм.

10. Хариуцагч автомашины түрээсийн 14 хоногийн төлбөр 400,000 төгрөгийг төлөөгүй, анхан шатны шүүх төлбөрийн үлдэгдэл 400,000 төгрөгөөс урьдчилгаанд өгсөн 160,000 төгрөгийг хасч тооцон хариуцагчаас 240,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч байгууллагын хяналтын шатны шүүхэд гаргасан ...шийдвэр, магадлалд түрээсийн төлбөрийн 450,000 төгрөгөөс хариуцагчийн нотлох баримтгүй тайлбарт хөтлөгдөн 400,000 төгрөгийг шийдвэрлэсэн. Энэ төлбөрөөсөө хариуцагчийн урьдчилгаанд тушаасан 150,000 төгрөгийг 160,000 гэж алдаатай бичиж хасч тооцоод 240,000 төгрөгийг манай компанид олгохоор шийдвэрлэсэн тухай гомдол үндэслэлтэй байх тул гомдлын энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

11. Уг тогтоолын 8 болон 9-д заасан үндэслэлээр засварын зардал, торгуулийг хариуцагчаас гаргах ёстой гэсэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй, харин 10-т заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 680 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00302 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 240,000 гэснийг 250,000 гэж, 1,759,283 гэснийг 1,709,283 гэж, 2 дахь заалтын 7,850 гэснийг 8,150 гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 42,459 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД