Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 183/2019/01962/И |
Дугаар | 746 |
Огноо | 2020-04-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 746
Л.Н-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00146 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Л.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Э- болон “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлд холбогдох
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, хариуцагч “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Л.Н-,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.С
Хариуцагч нарын өмгөөлөгч: Х.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.О нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Н- нь “Г-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд “Мянга далан хоёр хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” НҮТББ-ын тэргүүнээр ажилладаг. “Г-” ХХК нь “Г” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чанартай уулзалт, үзэсгэлэнг найм дахь жилдээ зохион байгуулан үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Улмаар 2018 оны 7 сарын 04-ний өдөр “Г-” ХХК нь “Э” ХК-тай үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу захиалагч “Э” ХК нь чуулганы ивээн тэтгэгчээр оролцсоны хариуд гэрээний хавсралт №1-т заасан үйлчилгээнүүдийг үзүүлэхээр харилцан тохиролцон гэрээ байгуулж, баталгаажуулсан байдаг. Мөн “Э” ХК-иас 2018 оны 7 сарын 25-ны өдрөөс 8 сарын 07-ны өдрүүдэд зарласан ЭТТ201802205-1 тоот урилгын дугаар бүхий зөвлөх үйлчилгээний тендерт оролцож, 2018 оны 10 сарын 01-ний өдөр техникийн саналаар шалгарсан. Гэтэл тендер зарлагч байгууллага “Э” ХК нь гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй байснаар хүчинтэй байх 45 хоног дууссан. Үүнтэй холбоотойгоор “Г-” ХХК эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдэж 2019 оны 4 сарын 19-ний өдрийн дугаар 128/ШШ2019/0247 тоот “Э” ХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Г-” ХХК-тай тендерийн гэрээ байгуулахыг даалгасан шийдвэр гарсан. Дээрхээс дүгнэн үзвэл, “Э” ХК болон “Г-” ХК нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр талуудын хооронд үүрэг үүссэн байдаг. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан. Гэтэл компанийн хуулийн дагуух үйл ажиллагааг иргэн Л.Н- намайг авсан мэтээр 2018 оноос эхлэн С.Э- нь Монголын олон нийтийн сайтуудад тэр дундаа www.пеws.mn, www.buzznews.mn, www.livetv.mn, www.olloo.mn, www.tovch.mn болон Э “Э” фэйсбүүк цахим хуудсаар гутаан доромжилж дараах байдлаар миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж, худал мэдээлэл тараасаар байна. Л.Н- миний талаар “Энэ Лүндэг Наранбаатар гэж Энхсайханы гар хөл. Таван толгойг хятадад өгөх ёстой гээд гүйж байсан. Одоо гэнэт хувьцаа хамгаалагч болчихож”, “жагсаалд ирсэн 10 хүнийг зодоогүйд баярлах хэрэгтэй”, “атаархаж хорсогчдын дайралтад байнга өртөх боллоо” хэмээн гарчиг бүхий нийтлэлийг нэхэмжлэгч миний нэрийг дурдаж, олон нийтэд байнга доромжилж нэр төрд халдсан. “Л.Н- өшөө их мөнгө авах гэж шунахайрч дайраад тендерт ялж чадаагүй болохоор хорсож энэ бүхнийг хийж байгаа юм. Энэ хүн улс төрийн ашиг хонжоо хайж байна уу, эсвэл эх орноосоо урваж байна уу гэдгийг ялгаж хэлэх боломжгүй. Манайхаас 40 000 ам.доллар нэхэхэд нь манайхаас 20 000 ам.доллар өгсөн юм билээ” гэх мэт ярилцлага, “Нэг жоохон хүүхэд шүү дээ, юун учиргүй юм мэддэг болчихсон юм, 40 000 ам доллар нэхсэн. Тэгээд манай компани түүнээс 50 хувийг өгсөн” гэх мэт ярилцлага болон худал мэдээллүүдийг одоог хүртэл нийтэлсээр байна. 2019 оны 5 сарын 30-ны өдөр Үндэсний мэдээллийн төвд “Э” үйлдвэрчний эвлэлээс хэвлэлийн бага хурал хийсэн байдаг. Тус хуралд жагсаалд ирсэн 10 хүнийг зодоогүйд баярлах хэрэгтэй”, “Э” үйлдвэрчний эвлэлээс улс төрийн үйл ажиллагаа явуулах болно” гэх мэтээр хэвлэлийн бага хурлын явцад мэдэгдсэн байдаг. 2019 оны 5 сарын 30-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Манай байгууллагын гадаа болсон өчигдрийн жагсаалд дандаа ардчилсан намынхан оролцож байгаа. Түүний ард Эм си эс байгаа зэргээр илтэд гүтгэн доромжилсон мэдээлэл хийсэн, мөн Лүндэгийн Наранбаатарыг 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалан компанийн гүйцэтгэх удирдлага болон, төлөөлөн удирдах зөвлөлд шаардлага тавьсны төлөө “Э” ХК-иас 20 000 доллар шантаачилж авсан, одоо тендер авах гээд явж байгаа гэх мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр илтэд гүтгэн доромжилж, нэр төрийг гутааж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэг, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрхийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд “Э” ХК-ийн “Э” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Э-н 40 000 ам.доллар нэхсэн, тендерт шалгараагүйдээ шаралхсан гэх худал гүтгэлгийн, нэр төр алдар хүндэд халдсан үйлдлийг гаргасаар байгаа учир нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаан, уучлалт хүсэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Мөн 2019 оны 5 сарын 30-ны өдөр үндэсний мэдээллийн төвд “Э” ХК-ийн “Э” үйлдвэрчний эвлэлээс хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд тус хурлын үеэр тэргүүн С.Э- төлөөлөн иргэн Л.Н- миний нэр хүндэд халдсан мэдээлэл тараасан. Мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт үйлдвэрчний эвлэлүүд нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа дор дурдсан үндсэн эрх эдэлнэ” гээд хөдөлмөрийн харилцаатай холбоотой 10 эрхийг хуульчилжээ. Үүнээс харвал Үйлдвэрчний эвлэл нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулах эрхтэй нь тодорхой хуульчлагдсан байна. Үйлдвэрчний эвлэлүүд нь хамтын гэрээ байгуулах, нийт ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалахын тулд захиргаанд шаардлага өгөх, онцгой тохиолдолд хамтын маргаан үүсгэх, ажил хаялт зохион байгуулах зэрэг нийт ажилтнуудын эрх ашгийг хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Гэтэл “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэл нь ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах бус хуулийн этгээд гэсэн нэрийн дор улс төрийн шинжтэй, Монгол Улсын хууль тогтоомж болон өөрийн дүрмийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж, мэдэгдэл хийсэн бөгөөд үүний улмаас иргэн Л.Н- миний нэр хүндийг гутаагаад байна. Иймд “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийг хариуцагчаар татаж, тус байгууллагыг үйл ажиллагаа явуулахдаа Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг зөрчсөнийг тогтоож, Л.Н-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоож, уг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Э- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Н-ын нэхэмжлэлд намайг Л.Н-ыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр илтэд гүтгэн доромжилж, нэр төрийг гутаасан, худал мэдээллүүдийг одоог хүртэл нийтэлсээр байна гэжээ. Тэгвэл үнэн хэрэгтээ бол би хэнийг ч тэр тусмаа Л.Н- гээд нэхэмжлэгчийн нэр төрд халдсан нэр төрийг гутаасан зүйл огт хийгээгүй харин үнэн бодиттой зүйлийг л хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг сонсоосой, дуулаасай гэсэн үүднээс л хүмүүст үнэнийг хүргэх гэж бичсэн, хэлсэн үнэн юм. Тэрнээс хүнийг огт байхгүй оргүй зүйлд гүтгэж хүний нэр төрийг гутаах гэсэн зорилго огтоос байхгүй. Харин Л.Н-ын өөрийг нь гүтгэж доромжилж нэр төрд халдаад байна гээд бичээд байгаа зүйл нь үнэн бодиттой баримттай тул би нотлох баримтыг шүүхэд гаргаж өгнө. Тийм болохоор Л.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй харин эсрэгээрээ үнэн бодиттой гэдэг нь нотлогдох тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан хариуцагч С.Э-, “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлд холбогдуулан гаргасан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцааж, уучлалт гуйхыг даалгахыг хүссэн нэхэмжлэгч Л.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Компанийн хуулийн дагуух үйл ажиллагааг иргэн Л.Н- нь хувьдаа авсан мэтээр 2018 оноос эхлэн С.Э- нь Монголын олон нийтийн сайтуудад тэр дундаа www.пеws.mn, www.buzznews.mn, www.livetv.mn, www.olloo.mn, www.tovch.mn болон Э “Э” фэйсбүүк цахим хуудсаар гутаан доромжилж Л.Н-ын нэр тѳр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилж, худал мэдээлэл тараасаар байсан. С.Э-н яриад байгаа 20 000 ам.долларын асуудал нь “Г-” ХХК нь Coal mongolia нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чанартай уулзалтыг зохион байгуулахад тус уулзалтанд “Э” ХК нь ивээн тэтгэгчээр оролцоход төлсөн төлбөр бөгөөд энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээ дүгнэсэн акт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүдээс авсан мэдүүлэг зэргээр нотлогддог. Хэрэгт нотлох баримтаар авагдсан сиди бичлэгүүд болон үзлэгийн тэмдэглэл зэргээс С.Э- нь Л.Н-ыг мөнгө шантаачилж авсан, “Э” ХК-иас мөнгө нэхсэн зэргээр илтэд худал мэдээлэл тараасан болох нь тодорхой харагддаг. Мөн С.Э-н ярьсан зүйлээс үүдэн нийтийн дунд Л.Н- гэх хүний нэр хүнд унаж, түүний талаар сөрөг үнэлэмжийг бий болгосон нь тэрхүү мэдээ, бичлэгүүдийн дор хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдээс илэрхий харагддаг. Шүүх нь С.Э-н ярьсан зүйл нь үнэн зөв байна гэж дүгнэлтийг хийж байгаа нь өөрөө Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн, илэрхий алдаатай шүүхийн шийдвэр байна гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн талаар хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан зүйлийнхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв нотолж чадахгүй бол учруулсан гэх хорыг арилгах ёстой. Гэтэл хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлаа нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Мөн гэрч асуусан тэмдэглэл, сайтын мэдээ болон сэтгэгдэл хэсэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд “Г-” ХХК нь 20 000 ам.доллар авсан үйлдэл, мөн “Э” ХК-ийн зарласан тендерт оролцсон явдал нь хууль ёсны дагуу хийгдсэн үйлдэл болох нь харагдаж байхад нотлох баримтуудад үндэслэсэн шүүхийн шийдвэр болоогүй. Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын тухайд “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг үйл ажиллагаа явуулахдаа Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгох “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийг төлөөлөн 2019 оны 5 сарын 30-ны өдөр С.Э- нь холбогдох ажилтнуудын төлөөллийн хамт хэвлэлийн бага хурал хийсэн. Энэхүү хэвлэлийн хурлын үеэр нийтэд тараасан мэдээлэл нь огт үндэслэлгүй худал мэдээлэл бөгөөд Л.Н-ын нэр хүндэд халдсан үйлдэл болсон. “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэл нь ажилчдынхаа эрх ашгийг хамгаалах бус хуулийн этгээд гэсэн нэрийн дор улс төрийн шинжтэй, Монгол Улсын хууль тогтоомж болон өөрийн дүрмийг зөрчсөн үйл ажиллагаа ажиллагаа явуулж, мэдэгдэл хийсэн бөгөөд үүний улмаас иргэн Л.Н-ын нэр хүнд нийтэд гутаагдаад байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа ийнхүү тодорхойлсон боловч шүүхийн шийдвэрт энэхүү шаардлагатай холбоотой дүгнэлтийг огт хийгээгүй бөгөөд бүхэлд нь дүгнээгүй орхигдуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад үндэслэлгүй буруу шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг нийтэд ил болгон “Л.Н- 20 000 ам. доллар аваагүйгээ шүүх дээр нотолж чадалгүй ялагджээ” гэх мэдээллийг цацан нэхэмжлэгчийн нэр хүндэд халдсан үйлдэл гаргасаар байгаа болно. Иймд нотлох баримтаар хангалттай тодорхой нотлогдож байгаа 20 000 ам.долларыг гэрээний үндсэн дээр авсан болохоо нэхэмжлэгч нотолж чадаагүй хэмээн дүгнэсэн. Өөрийн тараасан мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хариуцагчид байхад тэр талын баримтгүйгээр хэргийг шийдсэн, мөн 2 шаардлага бүхий нэхэмжлэлийн 1 шаардлагад бүхэлд нь дүгнэлт хийлгүй орхигдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Л.Н-ын нэр төрийг сэргээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Л.Н- нь хариуцагч С.Э- болон “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийн байгууллагад холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, хариуцагч “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дах хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.17 дах заалтад хүний нэр төр, алдар хүндийг хуулиар тогтоон хамгаалах талаар, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дах заалтад Монгол Улсын иргэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүрэгтэй болохыг зааж баталгаажуулсан. Энэхүү баталгааны хүрээнд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээх” талаар, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” талаар, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээх” тухай тус тус заасан.
Хариуцагч “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийг төлөөлж тус үйлдвэрчний эвлэлийн дарга буюу хариуцагч С.Э- нь 2019 оны 5 сарын 30-ны өдөр Үндсэний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, тус хэвлэлийн бага хуралд гаргасан мэдэгдэлдээ:
“... Л.Н- болон түүний дагагч нар ардчилсан намын гишүүд байсныг мэдэгдэх нь зүйтэй, ... Л.Н- гэдэг хүн 2015 онд “Эм си эс” ХХК-д ажиллаж байхдаа, ашиг сонирхол нэгтэй байхдаа “Э” ХХК нь ямар ч ашиггүй байгууллага, үүнийг хурдан зарж, үр гэдэг сэтгэлгээгээр хандаж байсан, ингэж хэлж байсан хүн. Өнөөдөр ашиг, орлоготой болоод ирэхээр энэ хувьцааг төмөр замд оруулах ёстой гэж ярьж явсан хүн. Харин өнөөдөр тэс хөндлөнгөөр энэ хувьцааг ард түмэн авах ёстой гэсэн байдлаар явсан” гэж,
“танайхаас Л.Н- 160 000 000 төгрөг авсан гэдэг, тэр ямар учиртай вэ” гэх сэтгүүлчийн асуултад “ ... 40 000 ам.доллар авах хүсэлт гаргасан байна лээ, манай байгууллага 20 000 ам.доллар өгсөн, ... тэр хүний үйл ажиллагааг нь дэмжсэн ... харин бүр даварч байна, иймэрхүү залиар ганцхан манай байгууллагаас биш өөр олон байгууллагаас ийм байдлаар мөнгө авсан байх магадлал их өндөр шүү” гэсэн мэдээлэл хийсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дүрс бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.
Энэхүү мэдээлэл нь нэхэмжлэгч Л.Н-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн талаар сөрөг агуулгатай байх тул хариуцагч нар нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дах хэсэгт зааснаар олон нийтэд хандан гаргасан уг мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй. /хх-ийн 136-137-р тал/
Хариуцагч “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийн дарга С.Э- нь хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн асуусан асуултад хариулахдаа нэхэмжлэгч Л.Н-ыг хувьдаа 20 000 ам.доллар авсан, ардчилсан намын гишүүн, “Эм си эс групп” ХХК-д ажиллаж, ашиг сонирхол нэг байсан зэрэг агуулгатай мэдээлэл хийсэн байна. Хариуцагч нарын зүгээс энэхүү мэдээлэлд заагдаж буй үйл баримт, үнэн зөвийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлтийг гаргаагүй. Тухайн мэдээллийнхээ үнэн, зөвийг нотлох үүргээ хариуцагч С.Э- болон “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэрэгжүүлээгүй байна. Иймд бусдын нэр төр, алдар хүндэд халдсан мэдээллийн үнэн зөвийг нотолж чадаагүй гэж үзнэ.
Хэрэгт нэхэмжлэгч Л.Н-ын хувьцааг нь эзэмшдэг “Г-” ХХК нь “Э” ХК-тай үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 20 000 ам.доллар авсан тухай баримт авагдсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч Л.Н- нь “Г-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд тус компани нь 2018 оны 7 сарын 04-ний өдөр “Э” ХК-тай үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу “Г-” ХХК нь “Соal Mongolia-2018” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулах, захиалагч буюу “Э” ХК нь тус чуулганы ивээн тэтгэгчээр оролцож, гэрээнд заасан 20 000 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд талууд 2019 оны 7 сарын 02-ны өдөр гэрээг дүгнэж, захиалагч “Э” ХК нь гэрээнд заасан 20 000 ам.доллар буюу 49 255 600 төгрөгийг гүйцэтгэгч “Г-” ХХК-д шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, үйлчилгээ үзүүлэх гэрээ, гэрч Э.Самбуудорж, Д.Гэрэлмаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 13-18, 216-217-р тал/
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2 дах хэсэгт заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан. Хариуцагч С.Э- болон “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийн хийсэн дээрх мэдээлэлд 20 000 ам.долларыг ямар үндэслэлээр авсан тухай бодит баримтын талаар бүрэн гүйцэд мэдээлээгүйн улмаас нэхэмжлэгч нь хувь хүнийхээ хувьд мөнгө шаардаж авсан гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан байна. Иймд хариуцагч С.Э- болон “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь нэхэмжлэгч Л.Н-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан дээрх мэдээллийг тараасан арга хэрэгслээрээ няцаах үүрэг үүснэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Э- нь нэхэмжлэгч Л.Н-ыг “Г-” ХХК-ийг төлөөлөн олон улсын чуулга уулзалт зохион байгуулах зорилгоор 20 000 ам.доллар авсан байдлыг дутуу мэдээлсний улмаас нэр төр, алдар хүндэд нь гэм хор учирсан байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Н-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийх хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагч С.Э- болон “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хариуцагч “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч Л.Н- нь уг байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шаардах эрхтэй этгээд бус, тус үйлдвэрчний эвлэлийн гишүүн биш байна. Уг үйлдвэрчний эвлэл хуульд заасан үүргээ зөрчсөн үйлдэл, эс үйлдлээс нэхэмжлэгчийн субьектив эрх, ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөж байгааг нотлоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор шаардлага гаргах эрх бүхий этгээд биш байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00146 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Н-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Үндэсний мэдээллийн төвд няцаалт хийхийг хариуцагч С.Э- болон “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийн байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Э- болон “Э” ХК-ийн Э үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Н-т олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ
Г.ДАВААДОРЖ