Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 744

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00392 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Т-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.С-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 1 590 327 836 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А, А.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Д нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т-” ХХК нь 2017 оны 2 сарын 23-ны өдөр Ж.С-тай зээлийн гэрээ байгуулж, 3 сарын хугацаатай 2,5 хувийн хүүтэйгээр 2 000 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Ж.С- нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Зээлийн гэрээний зөрчил үүсч байсан. Улмаар Ж.С- нь “Т-” ХХК-д хандаж, зээлийн гэрээнийхээ хугацааг сунгах талаар хүсэлт өгч байсан. Хүсэлтийг “Т-” ХХК хүлээж аваад зээлийн гэрээг хоёр ч удаа сунгасан. Хамгийн сүүлийн гэрээний сунгалт 2018 оны 2 сарын 16-ны өдөр дууссан. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Банкны зүгээс Ж.С-т удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусгаагүй. Нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 1 000 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 498 766 193 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 91 561 643 төгрөг, нийт 1 590 327 836 төгрөгийг Ж.С-аас нэхэмжилж байгаа. Талууд барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Барьцааны гэрээгээр барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан дээр маргаан байхгүй. Зээлийг зөрчилгүй төлж явсан. 2 үл хөдлөх хөрөнгийг 1 000 000 000, 1 000 000 000 төгрөгөөр үнэлж, 2 000 000 000төгрөгийн зээл авсан. Талууд 1 000 000 000 төгрөгийг төлөөд 1 хөрөнгөө чөлөөлнө гэсэн тохиролцоотой байсан. 1 000 000 000 төгрөг төлсний дараа 1 хөрөнгийг нь барьцаанаас чөлөөлж өгөөгүйгээс асуудал гарч өнөөдрийг хүргэсэн. Ж.С- үндсэн зээлд 1 000 000 000, хүүд  300 302 300 төгрөгийг төлсөн байдаг юм. 300 302 300 нь дотроо хүүгийн төлбөрт 280 411 889 төгрөгийг төлсөн гээд тайлбар дээр тодорхой бичсэн. Нэмэгдүүлсэн хүүд 19 890 411 төгрөгийн төлбөрүүдийг төлсөн байдаг. Ж.С- нь 1 191 012 583 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2018 оны 12 сарын 30-ны өдөр банк шаардах ёстой, шаардах эрхийнхээ хүсэлтийг бол тавьсан. Хоорондоо тохиролцоонд хүрч чадахгүй энэ асуудлаа шийдвэрлэх боломжгүй болсон. Тэрнээс хойш банк хугацаа алдаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаатай холбогдон хүү, алданги нэмэгдсэн. Энэ байр сууриа ч гэсэн хамгаалж, банктай эвлэрэн хэлэлцэх гэж олон удаа уулзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 399 315 253 төгрөгийг хасч шийдэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Нэг эд хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна. Нөгөө хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.С-аас зээлийн гэрээний үүрэгт 1 590 327 836 төгрөг гаргуулж, “Т-” ХХК-д олгож, хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.С-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/, 420/1 9 дүгээр давхар, 1259.55 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/, 420/1 10 дугаар давхар 1259.56 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 250 092 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.С-аас улсын тэмдэгтийн хураамжид 8 249 989 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй. Хариуцагчийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу баримтаар нотлоогүй гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зээлийн гэрээний хавсралт №1-д үндсэн зээлийн төлбөрийг бүхэлд нь хугацааны эцэст буюу 2017 оны 5 сарын 16-ны өдөр 2 000 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Барьцааны гэрээнд заасанчлан 1 барьцаа хөрөнгөд ногдох бүх төлбөрийг төлсөн даруйд чөлөөлүүлэхээр тохиролцсон тул зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу зээлийн гэрээний хугацаанд 1 000 000 000 төгрөгийг төлсөн. Ингэж зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хавсралтаар тохиролцсон графикаас өмнө 2017 оны 3 сарын 28-ны өдөр төлсөн гол зорилго нь 1 барьцаа хөрөнгөө харилцан тохиролцсон ёсоороо чөлөөлүүлэх хүсэлтэй байсанд оршино. Гэтэл 1 барьцаа хөрөнгөд ногдох үндсэн төлбөрөө бүрэн төлсөн байтал чөлөөлөөгүй тул барьцааны гэрээтэй холбоотой маргаан үүссэн байдаг. Тухайн үед харилцан тохиролцсоны дагуу гэрээнд зааснаараа 1 хөрөнгийг чөлөөлсөн бол ийм маргаан гарахгүй байсан. Ийм байтал баримтаар нотлоогүй гэж дүгнэж, шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. 1 барьцаа хөрөнгө 1 259 м.кв талбайтай, борлуулж байгаа үнэлгээ нь 1 м.кв талбайг хамгийн бага 6 500 000 төгрөгөөр тооцоход 8 183 500 000 төгрөг байна. Нэхэмжлэгч нь анх шүүхэд 2018 оны 10 сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг 1 264 848 385 төгрөг гэж тодорхойлсон. 2018 оны 7 – 10 сар хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хүү, нэмэгдүүлсэн хүүг хуульд заасан давуу эрхээрээ нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрч болох ч түүнээс илүү нэмэгдүүлэн шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний хугацаа дууссан даруйд зээлийн төлбөрийг шаардан авах үүрэг нь нэхэмжлэгчид өөрт нь байсан бөгөөд тэр үүргээ биелүүлээгүй хариуцлагыг би хариуцахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 325 479 451 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

            Нэхэмжлэгч “Т-” ХХК нь хариуцагч Ж.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1 590 327 836 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2017 оны 2 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Т-” ХХК нь 2 000 000 000 төгрөгийг, жилийн 30 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, хариуцагч Ж.С- нь зээлийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч “Т-” ХХК нь 2017 оны 02 сарын 23-ны өдөр 2 000 000 000 төгрөгийг хариуцагч Ж.С-ын зээлийн дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 9-11, 21-р тал/

            Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Ж.С-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/, 420/1 дүгээр байр, 10 дугаар давхарт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204080807 дугаартай, 1259.56 м.кв талбайтай, үйлчилгээ оффиссийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/, 420/1 дүгээр байр, 9 дүгээр давхарт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204080806 дугаартай, 1259.55 м.кв талбайтай, үйлчилгээ оффиссийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалжээ. /хх-ийн 15-16, 44-45-р тал/  

           

            Улмаар талууд 2017 оны 5 сарын 31, 2017 оны 11 сарын 30-ны өдөр тус тус зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2018 оны 02 сарын 16-ны өдөр хүртэл сунгасан байна. /хх-ийн 13-14-р тал/

 

                        Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “… зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-т зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон /хх-ийн 9-р тал/ байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч Ж.С- нь биелүүлэх үүрэгтэй юм.

 

            Нэхэмжлэгч “Т-” ХХК нь 2017 оны 9 сарын 12, 2017 оны 10 сарын 11, 2018 оны 6 сарын 06, 2018 оны 6 сарын 21-ний өдрүүдэд хариуцагч Ж.С-т зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг өгч байсан бөгөөд хариуцагч Ж.С- нь үндсэн зээлд 1 000 000 000 төгрөг, зээлийн хүүд 280 411 885 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 19 890 411 төгрөг, нийт 1 300 302 296 төгрөг төлж, зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байна. /хх-ийн 38-43, 46-49-р тал/  

 

                        Иймд хариуцагч Ж.С-аас үндсэн зээлд 1 000 000 000 төгрөг, зээлийн хүүд 498 766 193 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 91 561 643 төгрөг, нийт 1 590 327 836 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Т-” ХХК-д олгуулж, хариуцагч Ж.С- нь зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

           

            Хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч “Т-” ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссан даруйд зээлийн төлбөрийг шаардан авах үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй хариуцлагыг хариуцагч Ж.С- хариуцахгүй тул шүүхийн шийдвэрээс 325 479 451 төгрөгийг хассан өөрчлөлт оруулж өгнө үү гэх боловч нэхэмжлэгч “Т-” ХХК нь хууль буюу гэрээнд заасан журмын дагуу зээлийн тооцооллыг хийсэн байх бөгөөд тооцоолол буруу гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй болно. 

 

                        Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00392 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1 788 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

     

         ШҮҮГЧ                                       Б.НАРМАНДАХ

                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ