Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01477

 

2021           12            02                                          001/ХТ2021/01477

“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00392 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 744 дүгээр магадлалтай,

“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

............т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,590,327,836 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч ............, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарсанаа, О.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “............” ХХК нь 2017.02.23-ны өдөр ............тай зээлийн гэрээ байгуулж, 3 сарын хугацаатай 2,5 хувийн хүүтэйгээр 2,000,000,000 төгрөгийн зээлийг олгосон. ............ нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Зээлийн гэрээний зөрчил үүсч байсан. Улмаар ............ нь “............” ХХК-д хандаж, зээлийн гэрээнийхээ хугацааг сунгах талаар хүсэлт өгч байсан. Хүсэлтийг “............” ХХК хүлээж аваад зээлийн гэрээг хоёр ч удаа сунгасан. Хамгийн сүүлийн гэрээний сунгалт 2018.02.16-ны өдөр дууссан. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Банкны зүгээс ............т удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусгаагүй. Нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 1,000,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 498,766,193 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 91,561,643 төгрөг, нийт 1,590,327,836 төгрөгийг ............аас нэхэмжилж байгаа. Талууд барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. Барьцааны гэрээгээр барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан дээр маргаан байхгүй. Зээлийг зөрчилгүй төлж явсан. 2 үл хөдлөх хөрөнгийг 1,000,000,000, 1,000,000,000 төгрөгөөр үнэлж, 2,000,000,000 төгрөгийн зээл авсан. Талууд 1,000,000,000 төгрөгийг төлөөд 1 хөрөнгөө чөлөөлнө гэсэн тохиролцоотой байсан. 1,000,000,000 төгрөг төлсний дараа 1 хөрөнгийг нь барьцаанаас чөлөөлж өгөөгүйгээс асуудал гарч өнөөдрийг хүргэсэн. ............ үндсэн зээлд 1,000,000,000, хүүд 300,302,300 төгрөгийг төлсөн байдаг юм. 300,302,300 нь дотроо хүүгийн төлбөрт 280,411,889 төгрөгийг төлсөн гээд тайлбар дээр тодорхой бичсэн. Нэмэгдүүлсэн хүүд 19,890,411 төгрөгийн төлбөрүүдийг төлсөн байдаг. ............ нь 1,191,012,583 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. 2018.12.30-ны өдөр банк шаардах ёстой, шаардах эрхийнхээ хүсэлтийг бол тавьсан. Хоорондоо тохиролцоонд хүрч чадахгүй энэ асуудлаа шийдвэрлэх боломжгүй болсон. Тэрнээс хойш банк хугацаа алдаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаатай холбогдон хүү, алданги нэмэгдсэн. Энэ байр сууриа ч гэсэн хамгаалж, банктай эвлэрэн хэлэлцэх гэж олон удаа уулзсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 399,315,253 төгрөгийг хасч шийдэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Нэг эд хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна. Нөгөө хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00392 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ............аас зээлийн гэрээний үүрэгт 1 590 327 836 төгрөг гаргуулж, ............ ХХК-д олгож, хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан ............ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/, 420/1 9 дүгээр давхар, 1259.55 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/, 420/1 10 дугаар давхар 1259.56 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 250 092 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............аас улсын тэмдэгтийн хураамжид 8 249 989 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............ ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 744 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00392 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1,788,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч ............, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн хяналтын гомдолдоо: ...Шийдвэр гарсан бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч гомдол гаргасны дагуу магадлал гаргасан. Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1 дахь хэсэгт “...Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана: шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхээс 1,590,327,836 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчаас 1,590,327,836 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа хэдий ч энэхүү нэхэмжлэлийн шаардлагын 325,479,451 (гурван зуун хорин таван сая дөрвөн зуун далан есөн мянга дөрвөн зуун тавин нэг) төгрөг гаргуулах болон барьцаа 1 эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байдаг. Харин давж заалдах шатны шүүхэд зөвхөн 325,479,451 төгрөгтэй холбоотой хэсэгт гомдол гаргасан. Хэдийгээр энэ хэсэгт гомдол гаргасан байдаг ч давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “...Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ...” гэж зааснаар хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй байтал бүхэлд хяналгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайлбал хүлээн зөвшөөрөхгүй барьцаа хөрөнгөтэй холбоотой хэсэгт дүгнэлт өгөх ёстой байсан гэж үзэн гомдолтой байна. Би ............тай Зээлийн гэрээ байгуулж 2,000,000,000 (хоёр тэрбум) төгрөгийг 3 сарын хугацаатай, 2.5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон. Барьцааны гэрээгээр 2 ширхэг үл хөдлөх хөрөнгө барьцаалсан ба үл хөдлөх хөрөнгүүдийг тус бүр 1 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд 1 тэрбум төгрөгийн үндсэн зээл төлөгдсөн даруйд 1 барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэхээр тохиролцсон. Зээлийн гэрээний Хавсралт №01-д үндсэн зээлийн төлбөрийг бүхэлд нь хугацааны эцэст буюу 2017.05.16-ны өдөр 2,000,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Барьцааны гэрээнд заасанчлан 1 барьцаа хөрөнгөнд ногдох бүх төлбөрийг төлсөн даруйд чөлөөлүүлэхээр тохиролцсон тул зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу зээлийн гэрээний хугацаанд 1,000,000,000 төгрөгийг төлсөн. Ингэж зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хавсралтаар тохиролцсон графикаас өмнө 2017.03.28-ны өдөр төлсөн гол зорилго нь 1 барьцаа хөрөнгөө харилцан тохиролцсон ёсоороо чөлөөлүүлэх хүсэлтэй байсанд оршино. Гэтэл 1 барьцаа хөрөнгөнд ногдох үндсэн төлбөрөө бүрэн төлсөн байтал чөлөөлөөгүй тул барьцааны гэрээтэй холбоотой маргаан үүссэн байдаг. Тухайн үед харилцан тохиролцсоны дагуу гэрээнд зааснаараа 1 хөрөнгийг чөлөөлсөн бол ийм маргаан гарахгүй байсан. Ийм байтал баримтаар нотлоогүй гэж дүгнэн шийдвэрлэсэнг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний 1 барьцаа хөрөнгө нь л гэхэд 1,259 м2 талбайтай, борлуулж байгаа үнэлгээ нь 1 м2 талбайг хамгийн бага 6,500,000 төгрөгөөр тооцоход 8,183,500,000 төгрөг байна. Давж заалдах шатны шүүх “...гэх боловч нэхэмжлэгч ............ ХХК нь хууль буюу гэрээнд заасан журмын дагуу зээлийн тооцооллыг хийсэн байх бөгөөд тооцоолол буруу гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй...” гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3 дахь хэсэгт “...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна...” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “...Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө...” гэж зааснаар зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болно. Гэтэл нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо 2017.05.16-ны өдрөөс хойш тооцон авсанд гомдолтой байдаг. Хэрэгт нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон авсан талаар нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримттай, уг баримтаар хэрхэн тооцоолсон нь тодорхой байтал хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, тооцоолол зөв хийгдсэн гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зээлдэгчээс 1,000,000,000 төгрөгийн зээлийг төлөх үүрэг нь 2017.11.30-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ ёсоор 2018.02.16-ны өдөр байх бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүг тооцон бодох хугацаа нь энэхүү хугацаанаас эхлэх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь анх шүүхэд 2018.10.18-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг 1,264,848,385 төгрөг гэж тодорхойлсон. 2018.02 дугаар сараас хойш 10 дугаар сар хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргалгүй хүү, нэмэгдүүлсэн хүүг хуульд заасан давуу эрхээрээ нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрч болох ч түүнээс илүү нэмэгдүүлэн шаардаж байгааг харин хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд хариуцагч огт буруугүй ба шүүхээр хэрэг маргаан удаан хугацаанд шийдвэрлэгдсэнд ч гэсэн ямар ч буруугүй юм. Зээлийн гэрээний хугацаа дууссан даруйд зээлийн төлбөрийг шаардан авах үүрэг нь нэхэмжлэгчид өөрт нь байсан бөгөөд тэр үүргээ биелүүлээгүй хариуцлагыг би хариуцахгүй юм. Иймд шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас 325,479,451 (гурван зуун хорин таван сая дөрвөн зуун далан есөн мянга дөрвөн зуун тавин нэг) төгрөгийн хэсгийг хангахгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “...Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хяналтын шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэнэ...” гэж зааснаар хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч ............ би биечлэн оролцох хүсэлтэй байх тул шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд урьдчилан мэдэгдэхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “............” ХХК нь хариуцагч ............т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,590,327,836 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч хэтэрсэн хугацааны хүүг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Талууд 2017.02.23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ, түүнчлэн зээлийн нэмэлт гэрээ байгуулсан, хариуцагч нь 2,000,000,000 төгрөгийг, жилийн 30 хувийн хүүтэй, зээлж авсан, гэрээний хугацааг 2017.08.16 хүртэл сунгасан, зээлдэгч нь үндсэн зээлд 1,000,000,000 төгрөг, зээлийн хүүд 280,411,885 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 19,890,411 төгрөг, нийт 1,300,302,296 төгрөг төлсөн, шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм. Банкнаас зээл олгох гэрээгээр банк мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд  мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд банкнаас зээл олгох гэрээний харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Барьцааны гэрээнд ............ нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/, 420/1 дүгээр байр, 10 дугаар давхарт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ............ дугаартай, 1259.56 м.кв талбайтай, үйлчилгээ оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж /13312/, 420/1 дүгээр байр, 9 дүгээр давхарт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ............дугаартай, 1259.55 м.кв талбайтай, үйлчилгээ оффиссын зориулалттай үл хөдлөх 2 эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан ба 1 тэрбум төгрөгийг төлснөөр нэг эд хөрөнгийг нь чөлөөлөх талаар гэрээнд тохироогүй байх тул банк энэ үүргээ зөрчсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. Түүнчлэн зээлийн үүргээс 325,479,451 төгрөгийг хасах гомдлыг хангах эрх зүйн үндэслэл байхгүй байна.

Хариуцагч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн буруутай, зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохирсон тул үүргийг багасгах үндэслэлгүй юм.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00392 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 744 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 1,788,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД