Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2020/00679

 

БНХАУ-ын иргэн Ш-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00070 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Дд холбогдох

 “Ханги хүдэр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт гаргуулах, татварын 216 433 600 төгрөгийн өртөлбөрийг төлүүлэх, Ш нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээний дагуу төлөх 1 600 000 юаны үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, 10 000 юань гаргуулах, худалдагч Ц.Дгийн эзэмшилд буй “Ханги Хүдэр” ХХК-ийн 20%-ийн буюу 23 650 ширхэг хувьцааг худалдан авагч Ш-д шилжүүлэх, гэрээнд заасны дагуу улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргийн биелэлтийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

  Гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрт 1 700 000 юань буюу 665 992 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, хариуцагч Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Сарнай шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амгаланбат, Н.Энхцэцэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ханги Хүдэр” ХХК 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг компани юм. “Ханги Хүдэр” ХХК-д Ц.Амарсанаа 30 хувь, Б.Сайнбилэг 20 хувь, БНХАУ-ын иргэн Фан Зи Ганг 50 хувийн хөрөнгө оруулж байгуулсан ба 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс БНХАУ-ын иргэн Жиао Жун Мин /Jiao Junmin/60 хувь, БНХАУ-ын иргэн Ванг Ядонг 40 хувийн эзэмшигчээр, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс Ц.Д 60 хувь, БНХАУ-ын иргэн Ванг Ядонг 40 хувь эзэмшигчийн хувийг, Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн С/2140 дугаар тушаалын нэмэлт өөрчлөлтөөр тус компанийн хувьцаа эзэмшигч Л.Лувсандаваа 10 хувь, БНХАУ-ын иргэн Zhao Jiye 30 хувийн эзэмшигч болохыг бүртгэсэн байдаг. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх” тухай гэрээ, мөн өдрийн “Компанийн эрх шилжүүлэх” гэрээнүүдээр “Ханги Хүдэр” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Д нь 40 хувийн хувьцаагаа, БНХАУ-ын иргэн Zhao Jiye нь 30 хувийн хувьцаагаа, иргэн Л.Лувсандаваа 10 хувийн хувьцаагаа БНХАУ-ын иргэн Zhao Jiye-д  компанийн эрхийн хамт гэрээгээр шилжүүлсэн байна. Ингэснээр тус компанийн хувьцааны 80 хувийг БНХАУ-ын иргэн Ш, 20 хувийг Ц.Д эзэмших болсон. Тус компанийн захиралаар өмнө нь 60 хувийн хувьцаа эзэмшигч Ц.Д ажиллаж байсан, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын иргэн Ш /SHI YI/ бүртгэгдэж тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болсон. Ингээд компанийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн Ш /SHI YI/ компанийн үйл ажиллагаа явуулах гэтэл Ц.Д нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт өгөлгүй одоог хүрсэн байна. Иймд Ц.Дгийн авч явсан “Ханги Хүдэр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг шүүхэд нэмэгдүүлэн гаргасан шаардлагадаа: 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 2017/011 дугаартай “Компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх тухай” гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 2017/012 дугаар “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний үүргийн биелэлтийг хангуулж, татварын 261 433 600 төгрөгийн өр төлбөрийг төлүүлэх, худалдан авагч Ш нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх” тухай гэрээний дагуу төлөх 1 600 000 юанын үүрэг дуусгавар болсоныг тогтоолгож, 10 000 юань гаргуулах, худалдагч Ц.Дгийн эзэмшилд буй “Ханги Хүдэр” ХХК-ийн 20 хувийн буюу 23 650 ширхэг хувьцааг худалдан авагч Ш-д шилжүүлэх, гэрээнд заасан журмын дагуу улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргийн биелэлтийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Ханги хүдэр” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд “Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу 40 хувийн хувьцаагаа БНХАУ-ын иргэн Ш гэх хүнд худалдсан болно. Тус компанийн хувьцааны 60 хувийг Ц.Д, 30 хувийг БНХАУ-ын иргэн Жао Жи Еэ, 10 хувийг Л.Лувсандаваа эзэмшдэг байсан бөгөөд харилцан тохиролцож БНХАУ-ын иргэн Ш-д 100 хувь хувьцаагаа худалдахаар болсон. Нийт 100 хувь хувьцаа буюу компаниа бүхэлд нь 2 700 000 юань-аар худалдахаар болж гэрээ байгуулахад 80 хувь хувьцаагаа шилжүүлж, 1 000 000 юань, улсын бүртгэлд бүртгүүлсэний дараа 1 000 000 юань, үлдэх 700 000 юанийг нь нэг жилийн дотор цувуулж өгч дуусгасны дараа үлдсэн 20 хувиа шилжүүлж өгөхөөр тохиролцсон болно. Гэвч Ш нь харилцан тохиролцсон ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэний дараа өгөх ёстой 1 000 000 юанаа өгөлгүй одоог хүрсэн бөгөөд холбоо барихгүй таг алга болсон. Мэдээж үлдэгдэл төлбөрөө бүрэн өгсний дараа тамга, тэмдэг зэргийг хүлээлгэн өгөх байсан. Ш нь тамга тэмдэгээ авья гэдэг талаар юу ч хэлэлгүй байж байгаад төлөөлөгчөөр дамжуулан хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тамга тэмдэг шинээр авахаар хүсэлт хүртэл гаргасан байсан. Иймд Ш нь компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээнийхээ дагуу үүргээ гүйцэтгээгүй байж компанийн тамга, тэмдэгийг шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь өөрөө үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь аж ахуй нэгж аль эсвэл иргэн гэдэг нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Сарнай нар нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Ц.Д “Ханги хүдэр” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд “Компанийн хувьцаа худалдах-худалдан авах” гэрээ болон “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу 40 хувийн хувьцаагаа БНХАУ-ын иргэн Ш-д худалдсан. Тус компанийн хувьцааны 60 хувийг Ц.Д, 30 хувийг БНХАУ-ын иргэн Жао Жи Еэ, 10 хувийн Л.Лувсандаваа эзэмшдэг байсан бөгөөд харилцан тохиролцож БНХАУ-ын иргэн Ш-д 100 хувь хувьцаагаа худалдан шилжүүлэхээр болсон. Нийт 100 хувь хувьцаа буюу компаниа бүхэлд нь 2 700 000 юанаар худалдахаар болж гэрээ байгуулахад 80 хувь хувьцаагаа шилжүүлж, 1 000 000 юань, улсын бүртгэлд бүртгүүлсний дараа 1 000 000 юань, үлдэх 700 000 юанийг жилийн дотор цувуулж өгч дууссаны дараа үлдсэн 20 хувиа шилжүүлж өгөхөөр тохиролцсон болно. Гэвч БНХАУ-ын иргэн Ш харилцан тохиролцсон ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсний дараа өгөх ёстой 1 000 000 юанаа өгөлгүй одоог хүрсэн бөгөөд холбоо барихгүй алга болсон. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргахын сацуу хэрэгт ямар ч ач холбогдолгүй өмнө болсон үйл баримтыг давхардуулан тайлбарлаж гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ц.Д сөрөг нэхэмжлэлдээ: “Ханги Хүдэр” ХХК-ний 100 хувь хувьцааг худалдан борлуулахаар БНХАУ-ын иргэн Ш гэх хүнтэй харилцан тохиролцож 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээгээр нийт 100 хувийн хувьцааг 2 700 000 юаниар худалдаж, гэрээг бичгээр байгуулахаас өмнө амаар тохиролцсон даруй 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 100 000 юань худалдан авагч тал төлсөн бөгөөд гэрээний төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон. Тиймээс гэрээг бичгээр байгуулсан даруй компанийн 80 хувийн хувьцааг худалдан авагч талд шилжүүлж, худалдан авагч нь 2 700 000 юань төлөх, гэрээнд гарын үсэг зурснаас хойш 7 хоногийн дотор 900 000 юань төлөхөөр, гэрээг бичгээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 7 хоногийн дотор 1 000 000 юань тус тус төлж, үлдэгдэл 700 000 юань улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 1 жилийн дотор төлж дуусгахаар тохиролцсон. Тохирсон ёсоор компанийн 80 хувийн хувьцааг шилжүүлсэн боловч худалдан авагч тал 1 000 000 юань төлснөөс хойш өөр төлбөр төлөөгүй, төлөх боломжгүй байна гэж гуйсных нь дагуу 2017 оны 11 сарын 03-ны өдөр “нэмэлт гэрээ” байгуулж 1 000 000 юань төлөх хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх сунгасан. Түүнээс хойш БНХАУ-ын иргэн нэг ч төлбөр төлөөгүйн дээр түүнтэй холбогдох боломжгүй болж, олдохгүй байсан хүн өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээний дагуу төлөгдөх үлдэгдэл төлбөр 1 700 000 юань буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол банкны зарласан ханш 1 юань=391 76 төгрөгөөр тооцож 665 992 000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Ш-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагийн Иргэний хуулийн 238.1, 238.4 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцох шаардлагийг удаа дараа тавж байсан. “Ханги хүдэр” ХХК өртэй байсан нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр нотлогддог ,гэрээний сая нэг зуун мянган юанийг төлсөн Ш-гийн бэлнээр хүлээлгэж өгсөн баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн үндсэн маргаан буюу 1 600 000 юанийн өр төлбөртэй байсан гэдэг нь нэгэнт шүүхийн шийдвэрээр нотлогдсон асуудал учраас дахин нотлох шаардлагагүй. Энэ өр төлбөрийг компани төлсөн үү төлөх ёстой байсан уу гэдгийг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон компани төлөөгүй юу төлөөгүй энэ нь “Ханги хүдэр” ХХК-ийн бусад баримтаар нотлогдоогүй хариуцагч энийгээ нотлох “Ханги хүдэр” ХХК-ийн дансанаас сая зургаан зуун арван мянган юанийг төлсөн гэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй учраас Ш 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний 3.4-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө компанийн өр төлбөрийн худалдагч бүрэн хариуцна, компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.1.1-д зааснаар татварын өр төлбөртэй гэж заалтуудаар энэ өр төлбөрийг удаа дараа шаардсан. Ш өр төлбөртэй компани авч дахин хохирох гээд байсны улмаас компанийн өр төлбөрийг өмнөөс нь төлж компанийн өр төлбөрийг дуусгавар болгосон. Ашиг олсон нөхцөлд үүрэг гүйцэтгэсэнд тооцох зарчмыг зөрчөөгүй байна гэж үзэж байна. Ш нь өр төлбөрийг төлсөн учраас үүрэг гүйцэтгэсэн ашиг олсон хувьцаа худалдагдсан. Компанийн дансанаас төлбөр гараагүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

           Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан сөрөг нэхэмжлэлийн хариуцагч БНХАУ-ын иргэн Ш-гээс 1 700 000 юань буюу 665 992 000 /зургаан зуун жаран таван сая есөн зуун ерэн хоёр мянган/ төгрөгийг гаргуулан Шаалай овогт Цолмонгийн Доржрагчаа /ЙЮ78122515/-д олгож, БНХАУ-ын иргэн Ш нь дээрх төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд “Ханги хүдэр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт, 20 хувийн буюу 23 650 ширхэг хувьцааг нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш-д шилжүүлэхийг хариуцагч Ц.Дд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 261 433 600 төгрөгийн татварын өр төлүүлэх, 1 600 000 юанийн үүрэг харилцан дуусгавар болсныг тогтоолгож, 10 000 юань гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч талаас урьдчилан 3 баримтаар төлсөн 4 801 171 /дөрвөн сая найман зуун нэг мянга нэг зуун далан нэгэн/ төгрөгийг, хариуцагчаас төлсөн 3 500 000 төгрөгний 3 487 910 /гурван сая дөрвөн зуун наян долоон мянга есөн зуун арван/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн илүү төлсөн 12 090 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж хариуцагч Ц.Дд, нэхэмжлэгчээс БНХАУ-ын иргэн Ш-гээс 3 487 910 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Дд олгож, хариуцагч Ц.Дгаас 70 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш-д тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх буюу хүнийг үндэс, угсаагаар ялгаварлахгүй байх зарчмыг шууд зөрчин, гэрээний талууд гэх хуулийн нэр томьёог Хятад, Монгол иргэн гэж өөрчлөн нэрлэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” байх зарчмыг мөн зөрчиж, урьдчилсан итгэл үнэмшилтэйгээр хэргийг шийдвэрлэсэн буюу бэлэн мөнгө өгч авсан асуудлыг нотлох баримтын хүрээнд үнэлж дүгнэх ёстой байтал “үнэн, худал нь мэдэгдэхгүй” гэсэн дүгнэлтийг шууд хийсэн. Монгол улсад бэлэн мөнгөний гүйлгээг хориглоогүй төдийгүй, бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн нь өөрөө түүнийг үгүйсгэх үндэслэл болохгүй, зөвхөн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх ёстой. Хувьцаа худалдагч Ц.Д нар нь ч хувьцааны урьдчилгаа төлбөрийг бэлнээр хүлээн авсан болохоо зөвшөөрсөн байдаг. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан заалтыг баримтлан гаргасан тайлбарыг шүүгч “тэр шийдвэр ямар хамаатай юм” хэмээн маш бүдүүлгээр няцааж, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар уг хэрэгт дахин үнэлэлт дүгнэлт өгч, хуулийн хүчинтэй болсон шүүхийн шийдвэрийг шууд үгүйсгэн, маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гол ач холбогдол бүхий дүгнэлтийг хийж чадсангүй. Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “нотлох баримт гаргах тухай” албан бичгээрээ 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Жао Жи Е-гийн 100 000 юань хүлээн авсан хятад хэл дээрх баримтыг орчуулгын хамт, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мөн Жао Жи Е-гийн 1 000 000 юань хүлээн авсан баримтыг гаргаж өгсөн. Худалдан авагч нь тухайн үед гэрээний дагуу 900 000 юань төлөх ёстой байсан боловч худалдагч нарын хүсэлт, талуудын бизнесийн шаардлага, итгэлцэл, мөн тухайн үед мөнгийг 1 000 000 юань болгон тэгшитгэн төлөх зорилгоор харилцан тохирч, ийнхүү илүү төлөлт хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн “мөнгө хүлээн авсан тухай” бичгийн нотлох баримтыг “хариуцагчийн баримтгүй тайлбараар няцааж буй нь нотлох баримт үнэлэх зарчимд нийцэхгүй байна. 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 100 000 юань хүлээн авсан тухай гэрээн дээр тусад нь зааж өгсөн байгаа бөгөөд хэрэв 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 1 000 000 юаньд энэ мөнгө шингэсэн гэсэн хариуцагчийн тайлбар үнэн бол ийнхүү тусад нь заалт болгон оруулах шаардлагагүй байхаас гадна өмнө баримт үйлдэж 100 000 юань хүлээн авсан хариуцагчид дахин мөнгө авахдаа энэ дүнг оруулан бичиж гарын үсэг зурсан гэдэг нь бодит байдал талаасаа ч итгэл үнэмшилгүй юм. Мөн хариуцагч нь 1 000 000 юань хүлээн авсан тухай баримтад гэрч хэмээн гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн бичгийн нотлох баримтыг няцаах үндэслэл бүхий баримт хариуцагч гаргаж өгөөгүй байхад зөвхөн түүний тайлбараар уг баримтыг няцаан үндэслэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч гэрээний үүргийн үлдсэн төлбөр 1 600 000 юань төлөх үүрэгтэйгээ хүлээн зөвшөөрч, уг үүргийн төлбөрийг уг гэрээнд хамааралгүй өөр үүргээр харилцан тооцуулахаар шаардлага гаргасныг шүүгч ойлгож дүгнээгүй байна. Шүүх талуудын хоорондох үүргийг харилцан тооцуулж дуусгавар болгох нэхэмжлэгчийн шаардлагыг няцаах үндэслэл болж чадахгүйгээс гадна гэрээ байгуулах болон хэрэгжилтийн бүх шатанд нэхэмжлэгч нь хариуцагчид энэ тухай саналаа гаргасаар ирсэн бөгөөд хариуцагч хүлээн аваагүй, гэрээний үүрэг харилцан тооцогдоогүй тул нэмэлт гэрээ байгуулагдсан, мөн үүний улмаас маргаан шүүхээр шийдвэрлүүлэх хэмжээнд хүрсэн юм. Худалдах-худалдан авах гэрээнд хуулиар тавигдах хэлбэрийн шаардлага, түүний бусад зохицуулалт нь нэхэмжлэгчийн “үүргийг харилцан тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй асуудал байхад шүүгч ямар хамаарлаар ийнхүү дүгнэсэн ойлгомжгүй байна. БНХАУ-ын иргэн Ш-ийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Цээл багийн нутаг, Агар-Уулд буй төмрийн хүдрийн уурхайг баяжуулах үйлдвэрийн хөрөнгө, 14828А, 13960 X тоот тусгай зөвшөөрлийн хамт эсхүл нийт 10 500 000 юань гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн “Ханги хүдэр” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12/171 дугаар хариу тайлбараар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийг гэрээ, “Ханги хүдэр” ХХК-ийн хооронд байгуулагдсан, зээлдүүлэгч үүргээ гүйцэтгэсэн нь давхар нотлогдож байхад зөвхөн компанийн эрх бүхий этгээдүүдийн сүүлд гаргасан зөрүүтэй худал тайлбар, санхүүгийн баримтыг үндэслэн шийдвэрлэсэн байдаг. Мөн уг үндэслэлээс тэс өөр буюу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гараагүй тухай үндэслэл заасан байдаг. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гараагүйгээс гэрээ хүчингүй болох, зээлсэн мөнгөө өгсөн эсэх нь нотлогдоогүйгээс гэрээг байгуулаагүй гэж үзэх 2 нь тэс өөр зохицуулалт, үр дагавартай байхад гаргасан шийдвэрээ зөвтгөх бүхий л үндэслэлгүй үндэслэлүүдийг хаман оруулж, үндэслэлийнхээ үр дагаврыг нэг мөр, зөв шийдээгүй хаясан. БНХАУ-ын иргэн Жиао Жун Мин /Jiao Junmin/-ийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан хүсэлт, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханги хүдэр” ХХК-ийн дүрэм , БНХАУ-ын Тариалан банк, картаас мөнгө авсан баримт, БНХАУ-ын иргэн Жиао Жун Мин /Jiao Junmin/ 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойлолтууд зэргээр дээрх үйл баримт давхар нотлогддог бөгөөд компанийн засаглал муу хэрэгждэг, санхүүгийн тайланд зээлийг шууд тусгаагүй бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн, хувьдаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хэлбэр төдий гаргаагүй нь дээрх 2 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд 2 хувьцаа эзэмшигч хоёулаа гарын үсэг зурсан, компанийн тамга тэмдэг дарсан байхад хувьцаа эзэмшигчийн тогтоол нэртэй тусдаа цаас гараагүй гэсэн хэлбэр төдий шаардлага тавьсан нь хууль зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлаа зөв шийдэж чадаагүй шүүх тус компанийн хувьцаа эзэмшигч Жиао Жун Мин-ийн “би энэ мөнгийг Ш-ээс компанидаа зээлсэн юм”, “би зээлийн мөнгийг Жиао Жун Мин /Jiao Junmin/-аар дамжуулж компанид өгсөн” гэсэн бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсаар байхад компанийн дансанд Жиао Жун Мин /Jiao Junmin/ нь 1 610 000 юань зээл нэртэй хийсэн нь санхүүгийн баримтаар нотлогдож байх тул тэрээр шаардах эрхтэй гэсэн бодит үйл баримтаас тэс хөндлөн, нэхэмжлэлийн шаардлагаас гадуур, түүнийг гуйвуулсан дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн өгсөн зээлийнхээ ядаж компанийн санхүүгийн баримтад тусгагдан, нотлогдож буй хэсгийг ч шаардах эрхийг шууд хаасан юм. Иймд нэхэмжлэгчийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үлдсэн үүрэг болох 1 600 000 юань төлөх үүрэг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагын гол үндэслэл нь дээрх үйл баримт, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 248 дугаар тогтоол юм. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2123/И дугаар шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэгдсэн. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх тухай 2017/011 дугаар гэрээний 3.4-т “худалдагчийн энэ гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнөх компанийн өр төлбөрийг худалдагч тал бүрэн хариуцна” гэсэн заалт байхад шүүгч хэргийн нөхцөл байдлыг үйл баримтын дараалал, логик уялдаагаар нь, бүрэн зөв дүгнээгүй байна. Өр төлбөр хэзээ үүссэн, шаардлагыг хэзээ гаргаснаас үл хамааран хариуцагчид шүүхийн шийдвэрээр шаардах эрхийн үндэслэл нь тогтоогдчихсон өр төлбөртэй гэдгээ мэдэж байсан, түүнийг төлж барагдуулаагүй байсан гэдэг нь хэрэгт нотлох баримтын чухал ач холбогдолтой юм. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар “компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй”, 9.3-т зааснаар “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан байх тул БНХАУ-ын иргэн Жиао Жун Мин /Jiao Junmin/ нэхэмжлэлийн шаардлагыг тухайн хэргийн хариуцагч ”Ханги хүдэр” ХХК биелүүлсэн байдал нь тухайн компанийн хувьцаа худалдсан, эрх шилжүүлсэн гэрээний үүргийг харилцан тооцох үндэслэл болохгүй юм. Шүүгч нэхэмжлэгч, ялангуяа хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтаас гадуур, “Ханги хүдэр” ХХК-ийн нэг ч дотоод дүрэм журам, санхүүгийн баримтад үндэслээгүй хэрэгт ямар ч хамааралгүй, ач холбогдолгүй дүгнэлт хийсэн. Учир нь, дээрх үйл баримт нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01357 дугаар захирамжаар нэгэнт тогтоогдсон, дахин нотлох шаардлагагүй асуудал. Нэхэмжлэгч Ш нь олон жил шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээр өнөөдрийг хүртэл маш их хохирлыг амссан бөгөөд “Ханги хүдэр” ХХК-ийн БНХАУ-ын иргэн Жиао Жун Мин /Jiao Junmin/-д төлөх өр төлбөрийн талаар маргаанд оролцогч талууд хэн аль нь сайн мэдэж байгаа, мэдэх ёстой үйл баримт бөгөөд үүнийг дахин нотлох шаардлагагүй, мөн нэхэмжлэгч хэлцлийн бүх шатанд энэ өр төлбөрийг суутгуулахаар санал гаргаж байсан боловч хариуцагчид хүлээн аваагүй тул энэ шаардлагыг шүүхэд гаргасан. Талуудын нэгэнт мэдэх, шүүхээр тогтоогдсон уг өр төлбөрийг Ш хэрхэн шаардах эрхтэй тухай хууль зүйн үндэслэл чухал юм. Шүүгчийн дээрх захирамжийн хүрээнд Жиао Жун Мин /Jiao Junmin/нь өөрийн төлөөлөгчөөс “Ханги хүдэр” ХХК-ийн өмнөөс Ш ийн төлсөн өр төлбөрийг хүлээн авсан тухайгаа баталж, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гүйцэтгэсэн ажлыг хүлээлцсэн акт үйлдсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 248 дугаар тогтоолоор шаардах эрхийн үндэслэл нь нотлогдсон өр төлбөрөө Жиао Жун Мин /Jiao Junmin/ хүлээн авснаа нотолж, шаардлагаа дуусгавар болгосноор өр төлбөрийг компанийн өмнөөс хувиасаа төлсөн Ш-д Иргэний хуулийн 123 дүгээр зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар өрийг гуравдагч этгээд буюу “Ханги хүдэр” ХХК-иас шаардах эрх үүссэн. Энэ зохицуулалтын хүрээнд шаардах эрх эзэмшигч Жиао Жун Мин /Jiao Junmin/шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэсэн Ш нар нь өр бүхий этгээд хуучин үүрэг гүйцэтгэгч “Ханги хүдэр” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулах, мэдэгдэх шаардлагагүй ч бодит байдлын хувьд тус компанийн хувьцаа эзэмшигчид энэ тухай мэдэж байсан. Хариуцагч буюу “Ханги хүдэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Д нь уг өр төлбөрөө компаниасаа төлсөн тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, компани өр төлбөрөө төлөөгүй нь нотлогдож /энэ нь хэрэгт ач холбогдолтой/ байхад эрх ашиг нь дээрдсэн компанийг хохирсон гэж үзсэн шүүгчийн дүгнэлт бодит үндэслэлгүй, хэт өрөөсгөл. Нөгөө талаас, өр төлбөр эзэмшигч буюу Жиао Жун Мин /Jiao Junmin/ нь шаардах эрхээ дуусгавар болсноо, Ш уг өрийг хувиасаа төлснөө тус тус баталж, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр акт үйлдэн нотариатаар батлуулсан нь шаардах эрх шилжсэнийг хангалттай нотлох бөгөөд ингэснээр Жиао Жун Мин /Jiao Junmin/ нь “Ханги хүдэр” ХХК-д дахин шаардлага гаргах эрхгүй болно. Ийнхүү Ш нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийг хуульд заасан журмаар шилжүүлэн авч шаардах эрх бүхий этгээд болсон бөгөөд “Ханги хүдэр” ХХК-д шилжүүлэн авсан хэмжээгээр шаардлагаа гаргах эрхтэй байна. Гэвч “Ханги хүдэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчидтэй байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 3.3-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө буюу компанийн хувьцааг бүрэн шилжүүлэхээс өмнөх бүх өр төлбөрийг худалдагч тал хариуцахаар заасан буюу “Ханги хүдэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа худалдахдаа компанийг өр төлбөргүй байлгах, өрийг хувьцаа эзэмшигчийнхээ хувиас хариуцан төлсөн байхаар талууд харилцан тохирсон тул худалдан авагч Ш дээрх өр төлбөр шаардах эрхээ компанийн хувьцаа эзэмшигчдэд /гэрээгээр хувьцаа эзэмшигчид хүлээсэн үүрэг хүлээн, баталсан/ тавих эрхтэй байна. Энэ тохиолдолд шүүгчийн дурдсан компани болон хувьцаа эзэмшигчийн үүргээ харилцан хариуцахгүй байх тухай хуулийн зохицуулалт үйлчлэхгүй, талуудын тохиролцоо нь гэрээний чөлөөт байдлын зарчимд бүрэн нийцсэн, мөн чанар, утга агуулгаараа хууль болоод аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн нөхцөл тогтоогдохгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ш нь  хариуцагч Ц.Дд холбогдуулан  “Ханги хүдэр” ХХК-ийн  улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт гаргуулах, татварын 216 433 600 төгрөгийн өр төлбөрийг төлүүлэх, Ш нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх” тухай гэрээний дагуу төлөх 1 600 000 юанийн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, 10 000 юань гаргуулах, худалдагч Ц.Дгийн эзэмшилд буй “Ханги Хүдэр” ХХК-ийн 20%-ийн буюу 23 650 ширхэг хувьцааг худалдан авагч Ш-д шилжүүлэх, гэрээнд заасны дагуу улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргийн биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг,

хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрт 1 700 000 юань буюу 665 992 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Монгол Улсын иргэн Ц.Д, Л.Лувсандаваа, БНХАУ-ын иргэн Жао Жи Е /Zhaо Jiye/ нар БНХАУ-ын иргэн Ш-тэй 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан, уг гэрээгээр “Ханги хүдэр” ХХК-ийн нийт хувьцааны Ц.Дгийн эзэмшдэг 60% буюу 70 950 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 70 950 ширхэг хувьцааг, Л.Лувсандаваагийн эзэмшлийн 10% буюу 11 825 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 4730 ш хувьцааг, Жао Жи Е /Zhaо Jiye/-ийн эзэмшдэг 30% буюу 35 475 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 42 570  ширхэг хувьцааг худалдан авагч Ш-д 2 700 000 юанаар худалдахаар тохиролцсон байна. /хэргийн 1 хавтас хуудас 35-36/

Мөн талууд 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр “Хэлцэл” гэсэн бичгийн баримт үйлдэн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 2017/ 011 тоот гэрээг үндэслэн нэмэлт гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэл сунгаж, худалдан авагч Ш гэрээний хүчинтэй хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн гэрээнд заагдсан 1 000 000 юанийг төлөөгүй тохиолдолд компанийн 60%-ийн 70 950 000 төгрөгийн 70 950 ширхэг эзэмшигч Ц.Д, компанийн 30%-ийн 35 475 000 төгрөгийн 42 570 ширхэг хувьцаа эзэмшигч Л.Лувсандаваа нарт буцаан шилжүүлэхээр тохиролцжээ. /хэргийн 1 хавтас, хуудас 38/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан  хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалттай нийцжээ.

Гэрээний 2.3.1-д “Гэрээ байгуулмагц худалдагч тал компанийн нийт хувьцааны 80% буюу 94 600 ширхэг хувьцааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 100 000 юань, гэрээнд талууд гарын үсэг зурснаас хойш ажлын 7 хоногийн дотор 900 000 юань,  компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор 1 000 000 юанийг төлөх, нийт хувьцааны 20% буюу 23 650 ширхэг хувьцааны үнэ болох 700 000 юанийг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш жилийн дотор төлөх төлбөрийг төлсөн тохиолдолд Ц.Д хувьцааны 20%-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохирчээ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Монгол улсын Улсын бүртгэлийн бүртгэлийн 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №000056239 тоот гэрчилгээгээр “Ханги хүдэр” ХХК-ийн 80%-ийн хувьцаа эзэмшигч, захирлаар БНХАУ-ын иргэн Ш сонгогдсоныг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх.6-10/

Нэхэмжлэгч Ш 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх” тухай гэрээний дагуу төлөх 1 600 000 юанийн үүрэг дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“Ханги хүдэр” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт  БНХАУ-ын иргэн  Жиао Жун Мин /Jiao Junmin/ төлөхийг хүлээн зөвшөөрсөн 1 610 000 юань буюу 609 884 100 төгрөгийг хариуцагч Ц.Дд төлөх 1 600 000 юань буюу 665 992 000 төгрөгийн өрөнд харилцан тооцуулна” гэж тайлбарлажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2018/01357 дугаар шүүгчийн хүчин төгөлдөр захирамжаар БНХАУ-ын иргэн Жиао Жун Мин /Jiao Junmin/ нь “Ханги хүдэр” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 610 000 юань буюу 609 884 100 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн “Ханги Хүдэр” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх.206/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ханги хүдэр” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт БНХАУ-ын иргэн  Жиао Жун Минд /Jiao Junmin/ төлөх 1 610 000 юань буюу буюу 609 884 100 төгрөгийг  нэхэмжлэгч Ш-гээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Ц.Дд төлөх 1 700 000 юань буюу 669 992 000 төгрөгийн төлбөрт харилцан тооцох үндэслэлээ Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4 дэх хэсэгт заасан заалтыг үндэслэн тайлбарлажээ.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байх бөгөөд “Ханги хүдэр” ХХК-ийн БНХАУ-ын иргэн  Жиао Жун Минд /Jiao Junmin/ зээлийн гэрээний үүрэгт төлөх 1 610 000 юань буюу 609 884 100 төгрөгийг  нэхэмжлэгч Ш-гийн худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Ц.Дд төлөх 1 700 000 юань буюу 669 992 000 төгрөгийн төлбөрт харилцан тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж заасан бөгөөд хоёр өөр этгээдүүдийн хооронд үүссэн, хоёр өөр эрх зүйн харилцааны үр дагаварыг ижил төрлийн харилцан тооцох шаардлага гэж үзэхгүй юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бөгөөд гэрээний талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний нэг тал нөгөө талаас үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч Ш нь хариуцагч Ц.Дгаас “Ханги хүдэр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт гаргуулах, “Ханги Хүдэр” ХХК-ийн 20 %-ийн буюу 23 650 ширхэг хувьцааг худалдан авагч Ш-д шилжүүлэхийг,

хариуцагч Ц.Д нь нэхэмжлэгч Ш-гээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 700 000 юань буюу 665 992 000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй байна.

Хэрэгт нотлох баримтаар 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн төлбөр хүлээн авсан баримт, 2017 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн  мөнгө хүлээж авсан зэрэг баримтууд авагдсан, дээрх баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Ш нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1 000 000 юань хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон үйл баримт байна.

Анхан шатны шүүх худалдан авагч Ш худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн хувьцааны үнэ төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. /1хх.231,233/

Иймд анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас “Ханги хүдэр” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, ашигт малтмалын 14828А дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтын хамт гаргуулах, “Ханги Хүдэр” ХХК-ийн 20 %-ийн буюу 23 650 ширхэг хувьцааг худалдан авагч Ш-д шилжүүлэхийг, мөн нэхэмжлэгч Ш-гээс 1 700 000 юань буюу 665 992 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Ц.Дгийн сөрөг шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан заалттай нийцжээ.

  Харин талууд 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Компанийн хувьцаа худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх” тухай 2017/011 тоот гэрээний 4.3-т “Худалдан авах хувьцааны үнийг бүрэн төлж барагдуулсны дараа хувьцаа болон компанийн эрхийг шилжүүлж өгөхийг шаардах эрхтэй” гэж тохиролцсон байх бөгөөд талуудын дээрх тохиролцоог хууль зөрчсөн гэж үзахгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэсний дараа хариуцагч Ц.Дд “Ханги хүдэр” ХХК-ийн бичиг баримт, тамга, тэмдэг, үлдэх 20%-ийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ш нь хариуцагч Ц.Дгаас татварын өр 261 433 600 төгрөгийг гаргуулах үндэслэлээ “Ханги хүдэр” ХХК-ийн төлөх татварын өрийг төлсөн гэж тайлбарласан. Анхан шатны шүүх тус компанийн татварын өрийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, Татварын Ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.25-д “татварын алба нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагч, хураагчийг хэлнэ” гэж заасан. Компанийн татварын өрийг нэг хувьцаа эзэмшигч нь нөгөө хувьцаа эзэмшигчээсээ шаардах эрх зүйн үндэслэлгүй болно.

Хэрэгт Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2123/И дугаар шийдвэрээр “Ханги хүдэр” ХХК-аас Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Цээл багийн нутаг Агар уулд буй төмрийн хүдрийн уурхайг баяжуулах үйлдвэрийн хөрөнгө, 14828 А, 13960Х тоот тусгай зөвшөөрлийн хамт эсхүл 10 000 юань буюу 2 348 115 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ш-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон,   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 202 дугаар магадлалаар “Ханги хүдэр” ХХК-аас 2 012 670 000 төгрөгийг гаргуулан Ш-д олгосон, Улсын Дээд шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 248 дугаар тогтоол Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. /1хх.209-221/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 10 000 юанийг гаргуулах өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 4 801 171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

                                 ШҮҮГЧИД                                    А.ОТГОНЦЭЦЭГ 

  Ц.ИЧИНХОРЛОО