Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 865

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 2 сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/00424 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г-” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт нийт 10 150 409 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.П

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э-” ХХК нь “Г-” ХХК-тай 2019 оны 1 сарын 01-ний өдөр №ЗГ190422 тоот эм, бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай эм, бараа нийлүүлэхээр тохиролцож, нийт 18 467 490 төгрөгийн эм, бараа нийлүүлсэн болно. “Г-” ХХК эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг ба гэрээний зүйл болох эм, бараа бүтээгдэхүүнийг авч үйл ажиллагаа явуулсан атлаа гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй нийлүүлэгч талыг хохироосоор байна. Гэрээний төлөлтийг шаардахад төлнө гэдэг ба төлбөр барагдуулах талаар бодитой үйлдэл хийдэггүй, холбоо барихаас татгалздаг. 2019 оны 12 сарын 02-ны өдрийн байдлаар “Г-” ХХК нь 2019 оны 1 сарын 01-ний өдрийн №ЗГ190422 тоот эм, бараа худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 5 318 314 төгрөг, алданги 4 823 595 төгрөг, учирсан хохирлын зардал буюу нотариатын үйлчилгээ авсан хөлс болох 8 500 төгрөг, нийт 10 150 409 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд “Г-” ХХК-иас гэрээний үүрэгт 10 150 409 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүнг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээг үндэслэн, нэхэмжлэл гаргаж байгаа. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний 7.6-д төлбөр тооцоог хийхдээ падааны мөнгөн дүн хугацаа гарын үсгийг үндэслэн санхүүгийн төлбөр тооцоогоо хийх тул гарын үсэг нь тодорхой бичигдсэн байна гэж заасан байгаа. Мөн гэрээний 3.2-т уг гэрээний талууд бараа нийлүүлэхдээ барааны нэр төрлийг тодорхой бичээд 2 хувь баримт хувьчлаад бараа хүлээлцэж байгаа хүнд нэг хувийг, нөгөө хувийг өөрөө авна гэж тодорхой заасан байгаа. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж өгсөн баримтууд нь хүлээн авсан эсэх дээр эргэлзээтэй байгаа. Жишээ нь хавтас хэрэгт нотлох баримтаар өгсөн 2019 оны 5 сарын 01-ний өдрийн баримтад “Г-” ХХК-ийн 1 117 305 төгрөг гэсэн баримтад тус компанийн ямар албан тушаалтай, хэн гэх хүн тухайн барааг хүлээлгэн өгсөн бэ гэдэг нь тодорхойгүй байна. 2019 оны 5 сарын 31-ний өдрийн баримтад эм зүйч Энхтуяа гэдэг хүн “Г-” ХХК-ийг төлөөлж бараа хүлээн авсан байгаа. Гэтэл үүнд Цэцгээ гэдэг хүн гарын үсэг зурсан байна. Энэ нь “Г-” ХХК-д ажилладаггүй хүн. Нэхэмжлэлийн үнийн дүн хүлээлгэж өгсөн бараанд зарим хэсэг нь хүлээж аваагүй барааны үнийг нэхэмжлээд гаргасан байна гэдэг үндэслэлээр хариуцагч тал татгалзаж байгаа. Мөн алдангийн тухайд авч үзвэл хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Гэтэл үндсэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнтэй бараг адил хэмжээний алданги тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “Г-” ХХК-иас 7 977 471 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 172 938 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177 357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 142 589 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Г-” ХХК нь “Э-” ХХК-тай 2019 оны 01 сарын 01-ний өдрийн ЗГ190422 тоот эм бараа, худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Уг гэрээний 7.6-д төлбөр тооцоог хийхдээ падааны мөнгөн дүн хугацаа, гарыг үсгийг үндэслэн санхүүгийн төлбөр тооцоогоо хийх тул гарын үсэг нь тодорхой бичигдсэн байна гэж заасан. Мөн гэрээний 3.2-т уг гэрээний талууд бараа нийлүүлэхдээ барааны нэр төрлийг тодорхой бичээд 2 хувь баримт хувилаад бараа хүлээлцэж байгаа хүнд нэг хувийг өөрөө авна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал энэхүү үүргээ биелүүлээгүй бөгөөд “Э-” ХХК-иас эм хүлээлгэн өгсөн нэхэмжлэлд дурьдсан хугацааны баримтууд тус компанид байдаггүй, тухайн ажлыг хариуцаж байсан нягтлан бодогч нь ажлаа хүлээлгэж өгөлгүй, орхиж явсан тул нэхэмжлэгч компанитай тооцоо нийлж, төлбөр барагдуулах боломжгүй байдал үүссэн. Энэхүү учир байдлаа “Г-” ХХК-ийн захирал анхны шүүх хуралдаан дээр тайлбарлаж талууд тооцоо нийлвэл, эвлэрэх боломжтой гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон. Уг шүүх хуралдааны дараа “Э-” ХХК-ийн ажилтан утсан дээрээ бүдэг дарсан санхүүгийн баримтууд үзүүлээд гарын үсгээ зур гэж шаардсаар байж зуруулсан, энэхүү гарын үсгийг зурж байхдаа шүүх хуралдаан дээр ярилцсаны дагуу уг үнийн дүн дээр эвлэрэх юм байна гэх ойлголтоор зурсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал миний гарын үсэг зурсан баримт дээр нэмж алданги тооцон шүүхээр нэхэмжлэх болсон. Улмаар намайг төөрөгдүүлэн зуруулсан баримтаа шүүхэд нотлох баримт болгож, миний эсрэг ашигласан. Миний бие арга буюу шүүхэд хандаж хүсэлт гаргасны дагуу “Э-” ХХК-ийн баримтыг эх хувиар нь авч ирүүлэн танилцахад 1 117 305 төгрөгийн хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан хүний гарын үсэггүй баримт байсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэргийн 12, 26 дахь талд тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт бичигт гарын үсэг зурсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн үнийн дүнгээс 1 117 305 төгрөгийг хасахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт заасан үнийн дүнгээс 1 117 305 төгрөгийг хасч өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                                                       

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Э-” ХХК нь хариуцагч “Г-” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 10 150 409 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2019 оны 1 сарын 01-ний өдөр эм, бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Э-” ХХК нь чанарын баталгаатай, эмчилгээний өндөр идэвхтэй, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц, эрхийн болон биет байдлын доголдолгүй эм барааг нийлүүлэх, хариуцагч “Г-” ХХК нь нийлүүлсэн эм барааны үнийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 5-7-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

           

            Талууд байгуулсан гэрээгээ зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн, төлбөрийг гэрээний хавсралтад заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх боловч төлбөл зохих хүүгийн хэмжээг тохиролцоогүйгээс үзвэл Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй байна.

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч “Э-” ХХК нь 2019 оны 1 сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 18 467 560 төгрөгийн эмийн бүтээгдэхүүнийг хариуцагч “Г-” ХХК-д нийлүүлснээс хариуцагч “Г-” ХХК нь 13 149 246 төгрөгийг төлж, 5 318 314 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, авлагын дэлгэрэнгүй тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгч “Э-” ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар гэрээний төлбөрийг алдангийн хамт шаардах эрхтэй юм. Тодруулбал, талууд 2019 оны 11 сарын 29-ний өдрийг дуустал хугацааны, 2020 оны 1 сарын 17-ны өдрийг дуустал хугацааны тооцоог хамруулж 5 314 314 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулжээ. /хх-ийн 8-9, 12, 36-р тал/

 

            Анхан шатны шүүх хариуцагч “Г-” ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрт 5 318 314 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Э-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь зөв байх бөгөөд алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцүүлэн, багасгаж алдангид 2 659 157 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо намайг төөрөгдүүлэн гарын үсэг зуруулсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг шүүх үнэлсэн, хэрэгт авагдсан 1 117 305 төгрөгийн баримтад хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан хүн гарын үсгээ зураагүй байхад нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна гэх боловч хариуцагч тооцооны үлдэгдлийн баталгаанд төөрөгдөж гарын үсэг зурсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Түүнчлэн хэргийн 67 дугаар талд авагдсан 2019 оны 5 сарын 1-ний өдрийн 1 117 305 төгрөгийн баримт нь гарын үсэггүй гэх боловч тухайн цаг хугацаанаас хойш буюу 2020 оны 1 сарын 17-ны өдрийг дуустал хугацааны тооцоог талууд нийлж, 5 318 314 төгрөгийн үлдэгдлийг баталгаажуулсан байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж, 196 дугаар зүйлийн 196.1.2-т талууд тохиролцсон бол гарын үсэг зурснаар гэрээ байгуулсанд тооцох талаар тус тус зохицуулжээ. Иймд зохигчид 2020 оны 1 сарын 17-ны өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийг хүлээн зөвшөөрч, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй юм. 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/00424 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулий 262 дугаар зүйлийн 262.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 589 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 111 224 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

    

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ 

                                               

                                         ШҮҮГЧИД                                                Ч.ЦЭНД

           

                                                                                                            Г.ДАВААДОРЖ