Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/00424

 

2020 оны 02 сарын 12 өдөр

   Дугаар 183/ШШ2020/00424

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, тоотод байрлах, Э- ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, давхарт байрлах, Г-ХХК /РД:/-д холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 150 409 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов.                                     

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Э- ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э- ХХК, ГХХК нар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №ЗГ190422 тоот эм, бараа худалдах, худалдан авах гэрээгээр 12 сарын хугацаатай эм, бараа нийлүүлэхээр тохиролцож нийт 18 467 490 төгрөгийн эм, бараа нийлүүлсэн болно. ГХХК эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг ба гэрээний зүйл болох эм, бараа бүтээгдэхүүнийг авч үйл ажиллагаа явуулсан атлаа гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй нийлүүлэгч талыг хохироосоор байна. Гэрээний төлөлтийг шаардахад “төлнө, өгнө” гэдэг ба төлбөр барагдуулах талаар бодитой үйлдэл хийдэггүй, холбоо барихаас татгалздаг. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ГХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №ЗГ190422 тоот эм, бараа худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 5 318 314 төгрөг, алданги 4 823 595 төгрөг, учирсан хохирлын зардал буюу нотариатын үйлчилгээ авсан хөлс болох 8 500 төгрөг, нийт 10 150 409 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд ГХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 150 409 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүнг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан гэрээг үндэслээд нэхэмжлэл гаргаж байгаа. Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний 7.6-д төлбөр тооцоог хийхдээ паданы мөнгөн дүн хугацаа гарын үсгийг үндэслэн санхүүгийн төлбөр тооцоогоо хийх тул гарын үсэг нь тодорхой бичигдсэн байна гэж заасан байгаа. Мөн гэрээний 3.2-т уг гэрээний талууд бараа нийлүүлэхдээ барааны нэр төрлийг тодорхой бичээд 2 хувь баримт хувьчлаад бараа хүлээлцэж байгаа хүнд нэг хувийг нөгөө хувийг өөрөө авна гэж тодорхой заасан байгаа. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж өгсөн баримтууд нь хүлээн авсан эсэх дээр эргэлзээтэй байгаа. Жишээ нь хавтас хэрэгт нотлох баримтаар өгсөн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн баримтад ГХХК-ийн 1 117 305 төгрөг гэсэн баримтад тус компанийн ямар албан тушаалтай, хэнд гэх хүн тухайн барааг хүлээлгэн өгсөн бэ гэдэг нь тодорхойгүй байна. 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн баримтад эм зүйч Энхтуяа гэдэг хүн ГХХК-ийг төлөөлж бараа хүлээн авсан байгаа. Гэтэл үнд Цэцгээ гэдэг хүн гарын үсэг зурсан байна. Энэ нь бол ГХХК-д ажилладаггүй хүн. Нэхэмжлэлийн үнийн дүн хүлээлгэж өгсөн бараанд зарим хэсэг нь хүлээж аваагүй барааны үнийг нэхэмжлээд гаргасан байна гэдэг үндэслэлээр хариуцагч тал татгалзаж байгаа. Мөн алдангын тухайд авч үзвэл хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Гэтэл үндсэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнтэй бараг адил хэмжээний алданги тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э- ХХК нь хариуцагч ГХХК-д холбогдуулан 10 150 409 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Эм, бараа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 318 314 төгрөг, алданги 4 823 595 төгрөг, хохиролд 8 500 төгрөг, нийт        10 150 409 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. “гэж тайлбарлаж байна.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

             

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э- ХХК болон ГХХК-ийн хооронд 2019 оны 01 сарын 01-ний өдөр ЗГ-19-04-22  дугаар эм, бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Э- ХХК нь чанарын баталгаатай, эмчилгээний өндөр идэвхтэй, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц эм, барааг худалдан авагчийн хүсэлтээр нийлүүлэх, худалдан авагч ГХХК нь барааны төлбөрийг заасан хугацаанд төлөхөөр тохиролцжээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээх заалтад нийцсэн тул нэхэмжлэгч Э- ХХК болон хариуцагч ГХХК-ийн хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.  

 

            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж дээрх гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

            Хариуцагч 2019 оны 05 сарын 01-ний өдрийн бараа хүлээлгэж өгсөн баримтад хүлээн авсан гарын үсэг зураагүй тул 1 117 305 төгрөгийн эм, бараа хүлээн авсан гэж үзэхгүй гэх татгалзал нь талуудын тооцооны үлдэгдлийн баталгаа гэх 2 удаагийн тооцоо нийлсэн баримтаар үгүйсгэгдэж байна.               

 

            Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу хариуцагч ГХХК-д нийт 18 467 490 төгрөгийн эм барааг нийлүүлсэн болох нь бараа материалын зарлагын баримт болон зохигчийн тайлбараар нотлогдож байх ба худалдан авагч буюу хариуцагч нь 2019 оны 10 сарын 25-ны өдрийн байдлаар нийт 13 149 246 төгрөгийн төлөлт хийсэн, үлдэгдэл                      5 318 314 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй болох нь 2 удаагийн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтуудаар тогтоогдож байна./хх-12, 26/

 

            Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4, 8.4-т “... худалдан авагч тал тохирсон хугацаанд эм, барааны төлбөрөө хийж, гэрээний үүргийн биелэлтээ хангаагүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлнө. Үүргийн биелэлтийг хангах хүлээлгийн хугацаа 10 хоног байна...” гэх тохиролцооноос үзэхэд хариуцагчийг нийт 228 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, хариуцагч дээр үйл баримтыг няцаагаагүй болно.

 

            Нэхэмжлэгч Э- ХХК-ийн алдангийн тооцоолол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Э- ХХК нь хариуцагч ГХХК-иас Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 5 318 314 төгрөг, алданги 2 659 157 төгрөг, нийт 7 977 471 төгрөг шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн 8 500 төгрөгийн үнийн дүн бүхий Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбарын бичвэр засвартай, нотлох баримтын шаардлага хангахгүйн дээр тус зардлыг хохиролд тооцох үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч ГХХК-иас 7 977 471 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 172 938 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177 357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 142 589 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГХХК-иас 7 977 471 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 172 938 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177 357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 142 589 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ