Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2016/0395/З |
Дугаар | 510 |
Огноо | 2016-07-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 510
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч
Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.О*******
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга П.М*******
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 тоот захирамжыг хүчингүй болгуулах, Засаг даргын ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О*******, түүний өмгөөлөгч О.Б, хариуцагч П.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гэрч Д.М*******, Б.Р******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Д.О******* 2016 оны 5 дүгээр сарын 6 -ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Яагаад хууль бус гэж үзэж байгаа вэ гэхээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэд Нийтийн Хурлыг хуралдуулахад Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд захирагдаж энэ ажил явагдах ёстой. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хэд хэдэн заалтуудыг зөрчиж хорооны иргэд Нийтийн Хурлыг хуралдуулсан. Хурлыг хуралдуулах тухай албан бичгийг Баянзүрх дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын ажлын албанаас бүх хорооны иргэд нийтийн хурлын дарга нарт хүргүүлсэн байдаг. Энэ албан бичиг нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2/97 дугаар албан бичиг байгаа. 3 дугаар сард багтаагаад хорооны иргэдийн Нийтийг Хурлыг хуралдуулж хорооны өрхийн эмнэлэг, хорооны цагдаа, хорооны Засаг даргын тайланг хэлэлцүүлж иргэдээр үнэлэлт дүгнэлт өгнө үү гэсэн байгаа. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тус албан бичиг гараад хороонуудад тараагдах ёстой. Гэтэл 2016 он 3 дугаар сарын 11-ний өдөр гараад П.М******* даргын хорооны Тэргүүлэгчид хуралдаж тогтоол гаргасан байдаг. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 03 дугаар тогтоолыг гаргасан. Тус тогтоолд “...хорооны Засаг дарга Д.О******* чиг үүргээ хангалтгүй гэж дүгнэсүгэй” гэсэн байгаа. Миний ажлын сайн муугийн талаар иргэд дүгнэх ёстой. Иргэдээс миний тайлан хэлэлцэгдээд иргэд үнэлэлт, дүгнэлт өгөөд муу ажилласан бол сануулах анхааруулга өгөх ёстой. Тухайн хурал дээр Засаг даргыг огцруулах тухай асуудал яригдахгүй. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 он 3 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хууль бус тогтоолыг үндэслэж гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш олгогдоогүй байгаа 3,291,110 төгрөгийн цалин урамшууллыг нөхөн олгуулах, энэ хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын ажилд эгүүлэн томилуулж өгнө үү гэжээ.
Хоёр. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1 дүгээр албан бичгээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.О*******г огцруулах тухай албан бичгийг 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн байдаг. Тус тогтоолыг үндэслээд маргаан бүхий Б/11 дүгээр захирамжийг гаргасан. Маргаан бүхий актыг тайлбарлахын тулд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг тайлбарлах ёстой. Нэхэмжлэгч талаас надад хурлын товыг мэдэгдээгүй, хуралд биечлэн байлцаагүй гэж тайлбарлаад байна. Гэвч 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч болох П.М*******, Б*******, Д******* гэсэн 3 тэргүүлэгч хуралдаад 2016 оны 3 дугаар сард багтааж тайлангийн хурлаа иргэдээ тавих ёстой, тайлангийн хурал тавигдах хугацаа болсон байгаа учраас Д.О*******гийн тайлангийн хурлыг тавих шаардлагатай гэж үзсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаартай тогтоол гарсан. Тус тогтоолд заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 12 цагт хэлэлцүүлье гэдэг тогтоол гарсан. Тухайн өдрөө буюу 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр П.М******* дарга нэхэмжлэгч Д.О******* руу ярихад утсаа авахгүй байсан болохоор мессеж бичиж үлдээсэн. Мэдэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. П.М******* даргын тайлбарлаж байгаагаар энэ хүн эхний 3 дугаар сард багтааж тайлангийн хурлаа тавина гэдгийг мэдэж байсан. Тийм учраас мэдэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. 4 дүгээр хорооны хэсгийн ахлагч болон иргэний танхимын ажилтнуудаа цуглуулаад 4 дүгээр хорооны олон нийтийн гудамж талбайд иргэдийн Нийтийн Хурал болохыг зарыг тавьсан. Мөн Д.О******* даргад мэдэгдсэн. Утсаа авахгүй байсан. Утсаа авахгүй ямар нэгэн байдлаар холбогдоогүй учраас мессеж бичиж үлдээсэн. Тийм учраас Д.О******* дарга хуралдааны товыг мэдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч “маргаан бүхий 03 дугаар тогтоол хуурамч, сүүлд нөхөж гаргасан тогтоол” гэж тайлбарлаад байна. Иргэдийн Нийтийн Хурлын Тогтоол, иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолууд нь адилхан 03 гэсэн дугаартай байгаа. 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 12 цагт хурал эхэлсэн. Энэ хуралдаанд нэхэмжлэгч Д.О******* биечлэн ирээгүй. Иргэд 12 цагт цуглаад 2 цаг гаруй Д.О*******г хүлээсэн. Хүлээсний дараа иргэд өөрсдөө Д.О******* даргын огцруулах тухай саналыг заалнаас гаргасан. Иргэдээс гаргасан саналыг иргэдийн Нийтийн Хурлын дарга хүлээж аваад саналыг дагуу комиссоо байгуулаад санал хурааж тогтоол гаргасан. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу гарсан учраас хүчингүй болгох үндэслэл байхгүй гэв.
Гурав. Хариуцагч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга П.М******* 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэдийн Нийтийн Хурал товлогдоод зарлагдсны дагуу хийгдсэн. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн орой Тэргүүлэгчдийн хурлыг миний өрөөнд хийсэн. Оролцсон тэргүүлэгчид бол Б*******, Д******* бид 3 байсан. Тухайн үед ажил тарсан байсан учраас М******* төлөөлөгч явсан байсан. Утсаар нь залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Бид 3 Тэргүүлэгчдийн хуралд оролцсон. Энэ нь иргэдийн хүсэлтийн дагуу хийгдсэн. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн. Иргэдийн Нийтийн Хурал жилдээ 2 удаа болдог. 3 жил болоход Д.О******* Засаг дарга байхдаа тайлангаа тавьж байсан. Тайлангаа дандаа 3 дугаар сард буюу эхний улиралд багтааж тавьдаг. Хурлыг зарлаад бүх хэсгийн ахлагч нар зар тараасан байсан. 2016 оны 03 дугаар сар 28-ны өдөр Д.О******* хурлыг хийлгэхгүй гээд 33 дугаар сургуулийн захирлыг “наад хурлаа болиул би хурал зарлаагүй гэж” хэлсэн. Та тайлангаа тавих ёстой гэж Д.О******* даргад хэлсэн. Иргэдээс хороо муу ажиллаж байна гэсэн гомдол байнга иргэдээс ирдэг учраас Д.О*******гийн тайланг тавиулах зорилготой байсан. Түүний өмнө хорооны цагдаа тайлангаа тавьсан байсан. Иргэдийг бүрэн хамруулахын тулд иргэний танхимын ажилтан Сарангуад үүрэг өгсөн байгаа. Түүний дагуу Сарангуа зараа тараагаад хурлаа явуулсан. Хурал хийгдэнэ гэж хэлсэн. Иргэдийн Нийтийн Хурал болохоос Засаг дарга тайлангаа тавьдаг хурал биш гэж хэлж байсан. 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хурал ирэх ёстой тайлангаа тавьж гэж хэлсэн. Тухайн үед утсаа авахгүй мөн мессеж бичиж үлдээсэн. Хурлын бичлэг байгаа бол үзэх хэрэгтэй. Хорооны 165 гаруй хүн оролцсон. 2 цагдаа байсан. Өөр хорооны иргэн оролцох ямар ч боломж байхгүй. Д.О*******г бүтэн цаг хүлээсэн. Иргэд уурлаад огцруулах саналыг гаргасан. Бичлэгт тодорхой байгаа. Дараагийн сургуулийн ажил явагдах гээд байна, заалаа чөлөөл гэсэн шаардлагыг сургуулийн захирал тавьж байсан. Д.О*******г огцруулах саналыг иргэд өөрсдөө гаргасан. Нэгэнт огцруулах санал гаргасан тул редакцын комиссоо байгуулъя гэсэн. Редакц болон тооллогын комиссоо томилсон. Миний бие далд санал хураая гэдэг санал гаргасан. Гэтэл иргэд илээр санал авъя гэж хэлсэн. Хорооны иргэд болон ажилчид үнэхээр ажиллаж чадахгүй байна гэж үзсэн. Жил болгон тайлангаа тавьдаг байсан, 3 дугаар сард багтааж тайлангаа тавьдаг байсан мэдэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Хуралд оролцсон хүмүүсийн баримт гарын үсэг, тамгатай хамт байгаа. Хэсгийн ахлагч нар бүх зарыг тараасан байгаа гэжээ.
Дөрөв. Нэхэмжлэгч Д.О******* 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2013 оны 01 дүгээр сараас эхлэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байна. 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Яагаад хууль бус гэж үзэж байгаа вэ гэхээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэд Нийтийн Хурлыг хуралдуулахад Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд захирагдаж энэ ажил явагдах ёстой. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хэд хэдэн заалтуудыг зөрчиж хорооны иргэд Нийтийн Хурлыг хуралдуулсан. Хурлыг хуралдуулах тухай албан бичгийг Баянзүрх дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын ажлын албанаас бүх хорооны иргэд нийтийн хурлын дарга нарт хүргүүлсэн байдаг. Энэ албан бичиг нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2/97 дугаар албан бичиг байгаа. 3 дугаар сард багтаагаад хорооны иргэдийн Нийтийг Хурлыг хуралдуулж хорооны өрхийн эмнэлэг, хорооны цагдаа, хорооны Засаг даргын тайланг хэлэлцүүлж иргэдээр үнэлэлт дүгнэлт өгнө үү гэсэн байгаа. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр тус албан бичиг гараад хороонуудад тараагдах ёстой. Гэтэл 2016 он 3 дугаар сарын 11-ний өдөр гараад П.М******* даргын хорооны Тэргүүлэгчид хуралдаж тогтоол гаргасан байдаг. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 03 дугаар тогтоолыг гаргасан. Тус тогтоолд “...хорооны Засаг дарга Д.О******* чиг үүргээ хангалтгүй гэж дүгнэсүгэй” гэсэн байгаа. Миний ажлын сайн муугийн талаар иргэд дүгнэх ёстой. Иргэдээс миний тайлан хэлэлцэгдээд иргэд үнэлэлт, дүгнэлт өгөөд муу ажилласан бол сануулах анхааруулга өгөх ёстой. Тухайн хурал дээр Засаг даргыг огцруулах тухай асуудал яригдахгүй. Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид хуралдсан гэдэг боловч Тэргүүлэгчид хурлыг огт зарлан хуралдуулаагүй гэдгийг нотолдог. Нотолгоо болсон миний гар утасны бичлэг байна. 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч Д*******ын бичлэг байна. Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид огт хуралдаагүй. Өнөөдрийг хүртэл хурал товлогдоогүй байна гэдэг мэдээллийг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр надад өгсөн. 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэдийн Нийтийн Хурал гэгддэг хуурамч хурал хуралдсан. Тус тогтоолд П.М******* дарга 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулсугай гэсэн байгаа. Зарыг олон нийтэд танилцуулах ёстой. Би Засаг дарга учир тайлангийн хуралд бэлдэх хэрэгтэй. Хурлын бэлтгэл ажлыг хангах үүрэг нь Засаг даргад байдаг. Гэтэл тогтоол танилцуулагдаагүй. 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хурал хуралдсан. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 19 цаг хүртэл хурлын зарыг маш олон хүнээс эрэн сурвалжилсан. Гэтэл хурлын тов зарлагдаагүй. 2016 оны 4 дүгээр сарын 14, мөн 2016 оны 03 дугаар сарын 25-ны орой Мэндсайхан даргаас хурлын тогтоол ирсэн үү гэхэд ирээгүй гэдэг тайлбарыг өгсөн байдаг. Хурал зарлагдаагүй гэж бодож байтал хурал 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэн Р******* утасдаад таныг 97 дугаар сургуульд дээр хуралдаад огцруулсан гэж хэлсэн. Ямар ч бэлтгэлгүй, зар мэдээгүй байсан. Өрхийн эмчид хандаад таньд зар ирсэн үү, хорооны цагдаа, өрхийн эмнэлэг, Засаг дарга тайлангаа тавих ёстой байсан байна гэхэд хурлын зар тогтоол ирээгүй тайлангаа тавих байсан, иргэдтэй хамт хэлэлцүүлэх байсан гэж хэлсэн. н.Батхүү даргад гомдлоо өгсөн. П.М******* 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 3 дугаартай тогтоолыг гаргаад хуралдуулах шийдвэр гаргасан байдаг. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 26-ны дахин 3 дугаартай тогтоол гаргасан. Албан бичгийг дугаар давхцах ёсгүй. Сүүлд нөхөж гаргасан хуурамч бичиг баримт гэж үзэж байна. 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар тогтоод “...Д.О*******г огцруулсугай” гэсэн байгаа. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасан байгаа. 4 дүгээр хорооны иргэд биеийн байцаалтаа үзүүлж оролцсон эсэх нь тодорхойгүй байна. Ямар ч хяналт байхгүй. 100 гаруй хүн цугласан гэж ярьдаг. Миний бие хорооны шуурхай хурлыг 7 хоног бүрийн даваа гаригт хийдэг. Хорооны үйл ажиллагаа хэвийн явагддаг. Гэтэл тайлангийн хурал дээр Засаг дарга байхгүй байхад огцруулах саналыг хэлэлцэхгүй гэж маш олон иргэд эсэргүүцсэн байдаг. Тус иргэдийн эсэргүүцлийг хүлээж аваагүй. Монгол Ардын Намын 30-40 гаруй хүн хурлыг орхиж гарсан. Түүний дараа огцруулах санал авсан. Хүний эрхийг маш их зөрчиж хохироож байна. Ганцхан Засаг дарга Д.О******* гэдэг хүний хууль ёс эрх ашиг зөрчигдөхгүй. 16600 гаруй иргэний эрх ашиг зөрчигдөж байгаа учраас гомдолтой байна. П.М******* 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолд “... Засаг дарга Д.О******* чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж дүгнэсүгэй” гэж дурдсан байдаг. Чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг юугаар нотолж байгаа гэдэг асуудал байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаад 2014 онд Баянзүрх дүүргийн гутгаар хороогоор шалгаж ажлаараа оны эцэст дүүргийн Тэргүүний хороогоор шалгарч байсан. 6 сарын дотор ажлаа унагааж доошоо орохгүй. Хүн болгон амжилтаа бататгадаг. Амжилтаа бататгасны үндсэн дээр 2015 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулагдсан 4 дүгээр их наадамд тэргүүн байраар шалгарсан. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын хамтарсан хөршийн өдрийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн 28 хорооноос шилдгийн шилдэг нэг хороогоор шалгарсан. Архив албан бичиг хөтлөлтийн улсын үзлэгээр 97,8 А үнэлгээ авсан. Баянзүрх дүүргийн цэргийн штабын ажлын үзүүлэлтээр нэгдүгээр байранд орж 95,3 хувьтай онц үнэлгээ авсан. Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтээр А үнэлгээтэй байгаа. Хүн ам мэдээллийн сангийн бүртгэл хөтлөлт 2015 оны завсрын тооллогоор Нийслэлээс ирсэн багийн ажлын үнэлгээгээр А үнэлгээтэй байсан. 7 төрлөөр Нийслэлээс тэргүүн байр эзэлсэн байхад чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг шалтгаанаар огцруулах шалтгааныг ойлгохгүй байна. Ийм байдалтайгаар миний эрхийг зөрчиж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу бүх зүйл зохицуулагдах ёстой. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан “хуралдааны дэгийг тухайн хурал өөрөө тогтоож” батална гэсэн заалтыг зөрчсөн. Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид хурлын дэгээ батлаагүй. Хурлын тэргүүлэгч, редакцын комиссоо сонгоогүй. Тооллогын комисс сонгогдоогүй. Зөвхөн Д.О******* гэдэг хүнийг огцруулах саналыг 10 гаруй хүнээр гар өргүүлэн батлуулчхаад огцруулсан. Сүүлд редакцын комиссын тогтоол, тооллогын комиссын тогтоолыг хуурамчаас хавтаст хэргийг материалд өгсөн. Хурлын бичлэгт бүх зүйл тодорхой харагдана. Иргэд Нийтийн Хурлын 5 тэргүүлэгч байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу 4 жилийн хугацаанд иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх хэрэгждэг. Анхдугаар хуралдаандаар 4 жилийн бүрэн эрхтэй сонгосон. Тэргүүлэгчид хэн ордог вэ гэхээр иргэдийн Нийтийн Хурлын дарга П.М*******, Б*******, М*******, Д*******, Н******* /нас барсан/ байсан. Одоо бол 4 тэргүүлэгч байгаа. Нас барсан хүний орон тоо дээр Тэргүүлэгчдийг хуралдуулж нөхөн хүн томилоогүй байгаа. 3 жил 3 сарын хугацаанд хорооны иргэдийн Нийтийн Хурлыг Тэргүүлэгчид хуралдаж байхыг хараагүй. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 он 3 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хууль бус тогтоолыг үндэслэж гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш олгогдоогүй байгаа 3,291,110 төгрөгийн цалин урамшууллыг нөхөн олгуулах, энэ хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Тав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэдийн Нийтийн Хуралд 165 хүн ирсэн. Засаг дарга огцруулах саналыг 162 хүн дэмжсэн гэж яриад байна. Гэрчийн мэдүүлгээс харахад 165 хүнийг хуралд орж ирэхэд нь буюу нэрсээр нь бүртгэсэн байна. Хүмүүс гарч яваад эсэргүүцсэн хүмүүсийн гарын үсгийг зуруулаагүй үйл явдал болсон гэж ойлголоо. Эхний гэрчийн хувьд бол иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч байгаа. Өдөр болгон хороон дээр байдаг хүн байна. Гэтэл ямар ч хурлыг тов мэдээгүй байна. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажил таслаагүй байна. Зохион байгуулалттай, нууц байдалтайгаар заваан зүйл болсон гэдэг нь харагдаад байна гэв.
Зургаа. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 03 дугаартай тогтоол гарсан. Тус тогтоолд заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 12 цагт хэлэлцүүлье гэдэг тогтоол гарсан. Тухайн өдрөө 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр П.М******* дарга нэхэмжлэгч Д.О******* руу ярихад утсаа авахгүй байсан болохоор мессеж бичиж үлдээсэн. Мэдэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. П.М******* даргын тайлбарлаж байгаагаар энэ хүн эхний 3 дугаар сард багтааж тайлангийн хурлаа тавина гэдгийг мэдэж байсан. Тийм учраас мэдэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. 4 дүгээр хорооны хэсгийн ахлагч болон иргэний танхимын ажилтнуудаа цуглуулаад 4 дүгээр хорооны олон нийтийн гудамж талбайд иргэдийн Нийтийн Хурал болохыг зарыг тавьсан. Мөн Д.О******* даргад мэдэгдсэн. Утсаа авахгүй байсан. Утсаа авахгүй ямар нэгэн байдлаар холбогдоогүй учраас мессеж бичиж үлдээсэн. Тийм учраас Д.О******* дарга хуралдааны товыг мэдсэн үзэж байна. Нэхэмжлэгч “маргаан бүхий 03 дугаар тогтоол хуурамч, сүүлд нөхөж гаргасан тогтоол” гэж тайлбарлаад байна. Иргэдийн Нийтийн Хурлын Тогтоол, иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолууд нь адилхан 03 гэсэн дугаартай байгаа. 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 12 цагт хурал эхэлсэн. Энэ хуралдаанд нэхэмжлэгч Д.О******* биечлэн ирээгүй. Иргэд 12 цагт цуглаад 2 цаг гаруй Д.О*******г хүлээсэн. Хүлээсний дараа иргэд өөрсдөө Д.О******* даргын огцруулах тухай саналыг заалнаас гаргасан. Иргэдээс гаргасан саналыг иргэдийн Нийтийн Хурлын дарга хүлээж аваад саналыг дагуу комиссоо байгуулаад санал хурааж тогтоол гаргасан. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу гарсан учраас хүчингүй болгох үндэслэл байхгүй. 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслээд Баянзүрх дүүргийн Засаг дарга Б/11 дүгээр захирамжийг гаргасан. Нэхэмжлэгч тал “н.Н******* гэдэг хүн нас барсан байхад оронд нь хүн томилоогүй, иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаа зарлаад огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн” гэсэн асуудал ярьж байна. 5 тэргүүлэгч байх ёстойгоос нэг хүн нь нар барсан. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 3 хүн оролцсон. Ирцийн хувьд маргаан байхгүй гэж үзэж байна. 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай тогтоол бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу гарсан учраас тус тогтоолыг үндэслэж гарсан Баянзүрх дүүргийн Засаг даргын Б/11 дүгээр захирамж хууль ёсны дагуу гарсан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Долоо. Хариуцагч Баязүрх дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга П.М*******: 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэдийн Нийтийн Хурал товлогдоод зарлагдсны дагуу хийгдсэн. 206 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн орой Тэргүүлэгчдийн хурлыг миний өрөөнд хийсэн. Оролцсон тэргүүлэгчид бол Б*******, Д******* бид 3 байсан. Тухайн үед ажил тарсан байсан учраас М******* төлөөлөгч явсан байсан. Утсаар нь залгасан боловч холбогдох боломжгүй байсан. Бид 3 Тэргүүлэгчдийн хуралд оролцсон. Энэ нь иргэдийн хүсэлтийн дагуу хийгдсэн. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн. Иргэдийн Нийтийн Хурал жилдээ 2 удаа болдог. 3 жил болоход Д.О******* Засаг дарга байхдаа тайлангаа тавьж байсан. Тайлан тавихдаа дандаа 3 дугаар сард буюу эхний улиралд багтааж тавьдаг. Хурлыг зарлаад бүх хэсгийн ахлагч нар зар тараасан байсан. 2016 оны 03 дугаар сар 28-ны өдөр Д.О******* хурлыг хийлгэхгүй гээд 33 дугаар сургуулийн захирлыг “наад хурлаа болиул би хурал зарлаагүй гэж” гэж хэлсэн. Та тайлангаа тавих ёстой гэж Д.О******* даргад хэлсэн. Иргэдээс хороо муу ажиллаж байна гэсэн гомдол байнга иргэдээс ирдэг учраас Д.О*******гийн тайланг тавиулах зорилготой байсан. Түүний өмнө хорооны цагдаа тайлангаа тавьсан байсан. Иргэдийн бүрэн хамруулахын тулд иргэний танхимын ажилтан Сарангуад үүрэг өгсөн байгаа. Түүний дагуу Сарангуа зараа тараагаад хурлаа явуулсан. Хурал хийгдэнэ гэж хэлсэн. Иргэдийн Нийтийн Хурал болохоос Засаг дарга тайлан тавьдаг хурал биш гэж хэлж байсан. 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хурал ирэх ёстой тайлангаа тавьж гэж хэлсэн. Тухайн үед утсаа авахгүй мөн мессеж бичиж үлдээсэн. Хурлын бичлэг байгаа бол үзэх хэрэгтэй. Хорооны 165 гаруй хүн оролцсон. 2 цагдаа байсан. Өөр хорооны иргэн оролцох ямар ч боломж байхгүй. Д.О*******г бүтэн цаг хүлээсэн. Иргэд уурлаад огцруулах саналыг гаргасан. Бичлэгт тодорхой байгаа. Дараагийн сургуулийн ажил явагдах гээд байна. Заалаа чөлөөл гэсэн шаардлагыг сургуулийн захирал тавьж байсан. Д.О*******г огцруулах саналыг иргэд өөрсдөө гаргасан. Нэгэнт огцруулах санал гаргасан тул редакцын комиссоо байгуулъя гэсэн. Бичлэгт байх ёстой. Редакц болон тооллогын комиссоо томилсон. Миний бие далд санал хураая гэдэг санал гаргасан. Гэтэл иргэд илээр санал авъя гэж хэлсэн. Бичлэгээр ил тод харагдах ёстой. Гадны сурвалжлагч оролцъё гэсэн. Тус сурвалжлагч хурлын бичлэгийг бүтэн бичсэн байх ёстой. Манай хийсэн бичлэгүүд байгаа. Энэ хурал хүчин төгөлдөр биш юм. Хорооны иргэд болон ажилчид үнэхээр ажиллаж чадахгүй байна гэж үзсэн. Жил болгон тайлангаа тавьдаг байсан, 3 дугаар сард багтааж тайлангаа тавьдаг байсан мэдэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Хуралд оролцсон хүмүүсийн баримт гарын үсэг, тамгатай хамт байгаа. Хэсгийн ахлагч нар бүх зарыг тараасан байгаа.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч нар 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороны Иргэдийн Нийтийн Хурал хууль заасан журмын дагуу явагдсан эсэх дээр маргадаг. Шүүх доорхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2/97 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч нарт “хорооны өрхийн эрүүл мэндийн төв, хэсгийн цагдаа, Засаг даргаас ажлаа тайлагнах хурлыг 2016 оны 3 дугаар сард багтаан зохион байгуулахыг даалгасан албан бичиг ирсэн байна. Үүний дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдаан хуралдуулах тухай” 03 дугаар тогтоол гарчээ. 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Иргэдийн Нийтийн Хурал болж хурлын тэмдэглэл хөтлөх “редакцын комиссыг томилох тухай” 01 дүгээр, дүүргийн Засаг дарга хуралдаа ирж ажлаа тайлагнаагүй тул иргэдээс Засаг даргыг огцруулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч “Санал тоолох дүнгийн тухай” 02 дугаар, “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.О*******г огцруулах саналыг хүргүүлэх тухай” 03 дугаар тогтоолуудыг тус тус гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-т “Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах бол...” хуралд нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно гэжээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 2016 оны 3 дугаар сарын байдлаар 4426 өрхтэй, уг өдөр Иргэдийн Нийтийн хуралд 165 иргэн оролцсон гэдэгтэй хэргийн оролцогчид маргадаггүй. Үүнээс үзвэл тухайн өдрийн хуралдаанд 4 хорооны нийт өрхийн 50 хувь нь оролцоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох хуралд оролсон хүмүүсийн нэрсийн жагсаалтаар нотлогдож байна. Баянзүрх дүүргийн 4 хорооны 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааныг “Засаг дарга Д.О*******г чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж, ажлынх нь тайланг сонсгохоор зарласан боловч Д.О******* ирээгүй учир хуралд оролцсон иргэдийн зүгээс Засаг даргаа огцруулах тухай санал оруулсан болох нь хариуцагч П.М*******ын “...Засаг даргыг их хүлээж иргэд бухимдсан заалнаас Засаг даргыг огцруулах санал гарсан... гэсэн, гэрч Б.Р*******гийн “... Засаг дарыг их олон хүн муу хэлсэн тэгээд заалнаас огцруулах санал гарч хурлын Тэргүүлэгчид хүлээн авч санал хураах болсон. Би ингэж болохгүй гэж зөндөө хэлсэн боловч тоогоогүй...” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “...Иргэдийн Нийтийн Хуралд Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүний төлөөлөгчид, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй...” гэжээ. Хуулийн энэ заалтаас үзэхэд Иргэдийн Нийтийн Хуралд оролцож байгаа иргэд Хуралд асуудал оролцуулах эрхтэй этгээдүүд биш бөгөөд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.О*******г огцруулах саналыг хүргүүлэх тухай” 03 дугаар Тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Энэхүү хууль зүйн үндэслэлгүй тогтоолыг үндэслэн гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Д.О*******г огцруулах тухай” Б/11 дүгээр захирамж нь хууль бус захирамж болжээ гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106. 3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг баримтлан Д.О*******гийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдуулж гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Д.О*******г огцруулах тухай” Б/11 дүгээр захирамж, Баянзүрх дүүргийн Иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.О*******г огцруулах саналыг хүргүүлэх тухай” 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Б.О*******г Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөлшүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ