Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2016/0562

 

Иргэн Д.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.Оюунтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баяржаргал, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ, хариуцагч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга П.Мандахбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Д.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 23 дугаар зүйлийн 23.11, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан Д.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдуулж гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Д.Оюунтуяаг огцруулах тухай” Б/11 дүгээр захирамж, Баянзүрх дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяаг огцруулах саналыг хүргүүлэх тухай” 03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Оюунтуяаг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт “ … Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-д “Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах бол... хуралд нийт өрхийн 50-аас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно гэжээ. Тэгвэл Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 2016 оны 3 сарын байдлаар 4426 өрхтэй, уг өдөр иргэдийн Нийтийн хуралд 165 иргэн оролцсон гэдэгтэй хэргийн оролцогчид маргадаггүй. Үүнээс үзвэл тухайн өдрийн хуралдаанд 4 дүгээр хорооны нийт өрхийн 50 хувь нь оролцоогүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох хуралд оролцсон хүмүүсийн нэрсийн жагсаалтаар нотлогдож байна...” гэж дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-д зааснаар нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11 дэх хэсэгт “Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах буюу огцрох тухай хүсэлтийг нь хэлэлцэх тохиолдолд аймгийн төвийнхөөс бусад сумын багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно” гэж заасан байна. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл Монгол Улсын засаг захиргааны нэг нэгж болсон багийн хурлын хуралдааныг тусгайлан зохицуулсан хуулийн заалт байхад анхан шатны шүүхийн зүгээс энэхүү зохицуулалтыг хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд шууд хамаатуулж хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, дээрх хуульд аймгийн төвийн сумын баг, аймгийн төвийнхөөс бусад сумын баг хэмээх ойлголтуудыг хуульчилж, нутаг дэвсгэр, хүн амын тооны онцлог байдлыг ялгаатайгаар зохицуулсан байхад аймгийн төвийнхөөс бусад сумын багийн Хуралд хамаарах зохицуулалтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах, мөн хуулийн 24.2 дахь хэсэгт иргэд хуралд санал дэвшүүлэх эрхтэй байхаар заасан бөгөөд иргэдээс гаргасан саналыг хурлын тэргүүлэгчид дэмжиж, хүлээн авсан нь хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан хурлын тэргүүлэгчид асуудал санаачлан хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулсан гэх үндэслэлд хамаарахаар байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга П.Мандахбаяр шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “1. Шүүх тогтоохдоо Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй гэж үзжээ.

Ингэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.11-д “Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах буюу огцрох тухай хүсэлтийг нь хэлэлцэх тохиолдолд аймгийн төвийнхөөс бусад сумын багийн Хуралд багийн нийт өрхийн 50-аас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Дээрх заалт нь хорооны иргэдийн Нийтийн Хуралд хамаарахгүй заалт бөгөөд аймгийн төвийнхөөс бусад сумын багийн Хуралд хамаарах хуулийн заалтыг буруу хэрэглэсэн.

2. Мөн шүүх хорооны иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1-д ”Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” тул иргэд Хуралд асуудал оруулах эрхгүй этгээд гэж үзжээ. Энэ заалт нь хорооны иргэдийн Нийтийн Хуралд хамаарах заалт биш бөгөөд аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгуулийн зарчмаар сонгогдож 4 жилийн хугацаатай бүрэн эрхтэй төлөөлөгч тухайн хуралдаа асуудал оруулах эрхтэй байтал хорооныхоо иргэдийн Нийтийн хуралд байнга оролцож, асуудал хэлэлцэхэд бие даан шийдвэр гаргадаг иргэн асуудал санаачлан оруулах эрхгүй гэж үзсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9/ “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” гэсний дагуу шууд төрийг удирдах хэрэгт оролцох эрхийг нь хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн Хуулийн 62 дугаар зүйлийн 1-д ”Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх”, 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1-д “Баг, хорооны Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17,1.3-д “Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 17.2-т “Баг, хорооны Хурлын энэ хуулийн 17.1.1-17.1.3, 17.1.8-д зааснаас бусад бүрэн эрхийг уг Хурлын хуралдааны чөлөө цагт тухайн Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ” гэж зохицуулсан эрхүүдийг зөрчиж мөн хуулийг буруу хэрэглэжээ.

Иймд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.1-д ”Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд баталсан тогтоолыг хүчингүй болгож, уг тогтоолыг үндэслэн гаргасан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж, хэргийн оролцогчдын маргаж байгаа асуудалд дүгнэлт өгөөгүйгээс шийдвэр нь ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Д.Оюунтуяагаас “Баянзүрх дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.Оюунтуяаг огцруулах саналыг хүргүүлэх тухай” 03 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Д.Оюунтуяаг огцруулах тухай” Б/11 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан хийгдээгүй, 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааныг тайлангаа хэлэлцүүлэх этгээдүүд болон Засаг даргад мэдэгдэлгүй хуралдсан, хуралд ирсэн иргэдийн ирц хүрээгүй, баримт бичгийг нь шалгалгүй хуралдаанд оролцуулсан буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан гэж тодорхойлж маргажээ.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2/97 дугаар албан бичгээр хорооны эрүүл мэндийн төв, хэсгийн цагдаа, Засаг даргаас хорооны иргэдэд ажлаа тайлагнах хурлыг 2016 оны 03 дугаар сард багтаан зохион байгуулах чиглэл өгсний дагуу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор тус хорооны Засаг дарга Д.Оюунтуяаг чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж дүгнэн, үүнтэй холбогдуулан иргэдийн Нийтийн Хурлыг 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагт хийхээр тогтоожээ.

Хэрэгт авагдсан баримтууд, тухайлбал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээр П.Мандахбаяр, Ж.Баасандаш, Б.Дөлгөөнжаргал, Д.Мягмаржав нар сонгогдон ажилладгаас тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл[1]-д 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд Тэргүүлэгч П.Мандахбаяр, Ж.Баасандаш, Б.Дөлгөөнжаргал нар, мөн ахмадын зөвлөлийн дарга Ц.Тооёог оролцуулж, ирцийг 75 хувь бүрдсэн гэж үзсэн байна. Мөн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч Д.Мягмаржав “тухайн Тэргүүлэгчдийн Хуралдаан хуралдаагүй”[2] гэх мэдүүлгийг өгчээ.

Үүнтэй холбогдуулж шүүхээс тухайн ойлгомжгүй байдлыг тодруулж, хурлын бусад Тэргүүлэгчид болон хуралдаанд оролцсон этгээдүүдээс энэ талаар тодруулах шаардлагатай байжээ.

Үүнээс гадна хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой асуудлыг тодруулаагүй, тухайлбал, иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны зарыг хорооны иргэдэд ямар байдлаар хүргэсэн, тухайн өдрийн хуралдаанд оролцсон иргэдийн бүртгэл үнэн, зөв хийгдсэн эсэх, хуралдааныг өөрийн тогтоосон дэгийн дагуу явуулж, хэлэлцэх асуудлын дагуу бүрэн хийгдсэн эсэхтэй холбоотой баримтуудыг цуглуулж, тухайн асуудалд дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь заалтуудыг зөрчжээ.

Эдгээр байдлыг тодруулаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагуудад дүгнэлт хийж, хэргийн хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР