Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 879

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 2 сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00606 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Б-д холбогдох

 

4 407 074 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Энар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Б- нь нэхэмжлэгч “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 4 сарын 12-ны өдрийн Б2-115 тоот тушаалаар хангамжийн менежер албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа өөрийн хариуцсан эм бараанаас 4 987 224 төгрөгийн дутагдал гаргасан ба үүн дээр 159 850 төгрөгийн эм барааг зээлээр аваад төлөөгүй тул нийт 5 147 074 төгрөгийн авлага үүсгэсэн. Гэвч хариуцагч тал үүнээс 2018 оны 7, 8 сарын цалингаас 620 000 төгрөгийг төлж, компанийн эрсдэлийн сангаас 120 000 төгрөг, нийт 740 000 төгрөг төлөгдөж, үлдэгдэл 4 407 074 төгрөгийг 2019 оны 7 сард төлнө гэж 2018 оны 10 сарын 01-ний өдөр өөрийн гарын үсэгтэй бичиг өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Хариуцагчийг ажилд томилсон тушаал 2018 оны 4 сарын 12-ны өдөр гарсан, гэхдээ түүнийг ажилд томилсон өдөр шууд эд хариуцагч болгоогүй, туршилтын хугацаагаар ажиллуулсан тул тэр өдөр бараа материалыг хүлээлгэж өгөөгүй. 2018 оны 5 сарын 30-ны өдөр тооллого хийж, нийт 70 321 150 төгрөгийн бараа, материалыг хүлээлгэж өгсөн гэж гарын үсэг зурсан. Үүнээс хойш 2018 оны 7 сарын 25-ны өдөр хүртэл эм барааны дутагдал нь 5 001 584.35 төгрөг болсон ба хариуцагчид ногдох нь 3 269 716.32 төгрөг байсан. Мөн хавтаст хэргийн 117 дахь талд авагдсан 2018 оны 8 сарын 30-ны өдрийн тооллогоор 2 250 125 төгрөгийн бараа дутсан ба үүнээс 1 717 508.04 төгрөгийг хариуцагч нь төлнө гэж гарын үсэг зурсан. Иймд хариуцагчаас 4 407 074.00 төгрөгийг гаргуулж манай компанид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан 2018 оны 10 сарын 01-ний өдрийн өр төлбөрийг 2018 оны 7 сарын 25-ны өдөр, 2018 оны 8 сарын 30-ны өдрийн тооллогоос тус тус гаргасан тооцоон дээр гарын үсэг зуруулсан байна. Гэвч 2018 оны 4 сарын 12-ны өдөр хариуцагч Х.Б-ыг эд хариуцагчаар томилох үедээ ямар нэгэн бараа хүлээлцсэн акт үйлдээгүй, бараа хүлээлгэж өгөлгүйгээр ажилд томилсон. Маш их бараатай агуулахыг ямар нэгэн баримтгүйгээр хариуцуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчид бараа хүлээлцэж өгөөгүй эрсдэлтэй ажил байна гэж удаа дараа сануулж байсан. Гэтэл хариуцагчийг ажилд томилогдсон өдрөөс хойш 3 сарын дараа тооллого хийж, гарсан үр дүн дээр гарын үсэг зуруулсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг дээрх хугацаанд эд хөрөнгө хариуцаж, агуулахад эд хөрөнгөтэй харилцаж байсан гэж тайлбарласан тул 2018 оны 4 сарын 12-ны өдрөөс хариуцагч Х.Б- нь эд хөрөнгө хариуцагчаар ажиллаж эхэлсэн нь нотлогдож байна. Гэтэл бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн баримт үйлдээгүй байна. 2018 оны 4 сарын 12-ны өдөр бараа хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй тул өөрт нь хариуцуулж өгсөн эд зүйлийг дутаасан гэх хууль бус үйлдэл тогтоогдохгүй гэж үзнэ. Хавтаст хэргийн 17, 19 дахь талд авагдсан баримтын үнийн дүнгүүд зөрүүтэй байна, мөн 20 дахь талд 1 717 000.00 төгрөг гэх үндэслэлгүй үнийн дүн байна. Хариуцагч нь маш их бараа бүтээгдэхүүнийг хариуцаж, захиалгын дагуу салбаруудад түгээдэг байсан, туслах хүнгүй, ганцаараа ажиллаж чадахгүй гэж ажил олгогчид хэлж байсан. Гэтэл ажил олгогч ямар ч баримтгүй мөнгө нэхэж байгаад гомдолтой байна. Хариуцагч Х.Б- нь 620 000 төгрөгийг сайн дураараа төлөөгүй, түүний цалингаас нь ажил олгогч зөвшөөрөлгүй суутгасан тул бараа дутаасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй, тэрээр ажил олгогчийн дарамтаас болж 2018 оны 10 сард тооллогын баримтад нөхөж гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч “А-” ХХК-ийн агуулах нь камертай тул бараа дутаасан гэдгийг үзлэг хийж нотлох боломжтой байсан, мөн агуулахын хаалганд түлхүүр байхгүй, энэ байдлыг ажил олгогч тал тодруулах шаардлагатай байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар 132.1, 133 дугаар зүйлийн 133.1-д тус тус зааснаар ажилтан өөрийн буруугаас байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохирлыг хариуцуулах тухай заасан. Гэвч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагчийн буруугаас байгууллагад хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.3-д заасныг тус тус үндэслэн Х.Б-аас 4 247 224.40 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 159 849.06 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 82 906 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч Х.Б- нь тус байгууллагад 2018 оны 4 сарын 03-ны өдрөөс бараа хариуцаж, агуулахад ажилласан эхэлсэн бөгөөд мөн өдөр ажил олгогч түүнтэй эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулж, түүнийг 2018 оны 4 сарын 12-ны өдөр хангамжийн менежерийн ажлын байранд томилсон баримтууд хэрэгт авагдсан. Гэтэл ажилтантай ажил хүлээлцсэн буюу ажилтанд агуулахын эд барааг хүлээлгэн өгсөн нь тодорхойгүйгээр шууд ажиллуулж эхэлснийг шүүх бодитой дүгнэсэнгүй. Эд барааг хүлээлцсэн акт үйлдээгүй атлаа ажилд орсноос хойш 58 хоног эд хөрөнгө хариуцуулж, ажиллуулсны дараа 2018 оны 5 сарын 30-ны өдөр тооллого хийж, түүнийг 3 269 716 төгрөгийн эм барааны дутагдал гаргасан, үүний дараа 2018 оны 8 сарын 30-ны өдрийн 1 717 508 төгрөгийн дутагдал нэмж гаргасан гэж  нийт 4 987 722 төгрөгийн дутагдал гаргасан гэх баримт хэрэгт гаргаж өгсөн атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад 4 407 074 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүхээс 4 247 550 төгрөгийг 5 сарын 30, 7 сарын 30-ны өдрүүдэд хийсэн тооллогоор гарсан дутагдлыг хариуцагч төлөх үүрэгтэй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхээс ажил олгогчийн Х.Б-тай байгуулсан эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулсныг эд хариуцан ажилласанд тооцоогүй, туршилтын хугацаагаар ажилласан гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Хэрвээ үүнийг туршилтын хугацаагаар ажилласан гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Хэрвээ үүнийг туршилтын хугацаанд ажиллаж байсан гэж үзвэл туршилтын хугацаанд эд хөрөнгө хариуцуулдаггүй байсан гэдгийг нэхэмжлэгч тал нотлоогүй. Тиймээс ажил олгогчийн зүгээс Х.Б-ыг 2018 оны 4 сарын 02-ны өдрийн эд хөрөнгийн хариуцлагын гэрээгээр ажиллуулж эхэлсэн өдрөө эд хөрөнгө хүлээлцсэн акт баримт үйлдээгүй, бараа бүтээгдэхүүнийг тоолж хүлээлгэж өгөөгүй. Хэрвээ туршилтын хугацаанд эд хөрөнгө хариуцдаггүй байсан тооллого хийх шаардлагагүй гэж үзсэн бол үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Үндсэн ажилтнаар ажиллуулж эхэлснээс хойш эд хөрөнгө хариуцуулж, хүлээлгэж өгсөн тооллого хийгээгүй, акт үйлдээгүй. 2018 оны 5 сарын 30-ны өдөр буюу эд хөрөнгө хариуцуулж эхэлснээс хойш 58 хоногийн дараа хийсэн тооллогыг эхлэлийн эд барааг хаанаас харж тооцож, дутагдал гаргасан гэж үзэж, хариуцагчийг төлбөр төлөх үүрэгтэй хэмээн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй тодорхойгүй. Анх ажилтанд туршилтын хугацаанд ч тэр үндсэн ажилтнаар томилогдсон өдөр ч тэр байгууллагын эм бараа бүтээгдэхүүнийг тоолж, хүлээлгэн өгсөн ямар ч баримт аль аль нь хэрэгт авагдаагүй судлан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

            Нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагч Х.Б-д холбогдуулан нийт 4 407 074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

                                          

            Зохигчид 2017 оны 4 сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулан, нэхэмжлэгч “А-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 4 сарын 12-ны өдрийн тушаалаар хариуцагч Х.Б- нь хангамжийн менежерээр туршилтын 3 сарын хугацаатай томилогдон ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 сарын 09-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас халах тухай тушаал зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 3-15-р тал/

             

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

           

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч Х.Б-ыг 4 987 224.40 төгрөгийн эм бараа дутагдуулсан, 159 850 төгрөгийн эм бараа зээлээр авч, нийт 5 147 074 төгрөгийн авлага үүсгэсэн бөгөөд өөрийн цалингаас 620 000 төгрөг, компанийн эрсдэлийн сангаас 120 000 төгрөг, нийт 740 000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 4 407 074 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт нотлох баримтаар хавсаргасан тооллогын баримтаар нэхэмжлэгч “А-” ХХК нь 2018 оны 5 сарын 30-ны өдөр хариуцагч Х.Б-д 601 төрлийн,  нийт 70 321 150 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн, 2018 оны 7 сарын 25-ны өдөр эм барааны тооллого хийхэд хариуцагч Х.Б- нь 3 269 716.32 төгрөгийн, 2018 оны 8 сарын 30-ны өдөр дахин тооллого хийхэд 1 717 508.08 төгрөгийн, нийт 4 987 224.4 төгрөгийн бараа дутагдуулсан болох нь тогтоогджээ. /тооллогын баримтын 1-9-р тал, хх-ийн 17-22-р тал/

 

            Харин хариуцагч Х.Б- нь 159 849.6 төгрөгийн эм барааг зээлээр авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

            Хариуцагч татгалзалдаа анх ажил хүлээн авах үед уг ажлын байранд өмнө нь 2-3 хүн ажиллаж байгаад гарсан, тухайн хүмүүс ажил хүлээлцэж, акт үйлдсэн нь тодорхойгүй, барааны үлдэгдэлд эхнээс нь тулгалт хийх саналтай байна гэж тайлбарлах боловч хэрэгт хавсаргасан эмийн сангийн нөөцийн тооллогын баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч “А-” ХХК нь хариуцагч Х.Б-ыг ажилд томилогдохоос өмнө буюу 2018 оны 1 сарын 25, 2 сарын 13-ны өдрүүдэд эм барааны үлдэгдлийг баталгаажуулан, тооллого хийж байсан нь тогтоогдож байна. Иймд хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй болно. /Эмийн сангийн нөөцийн тооллогын баримтын 5-222-р тал/

 

            Дутагдуулсан барааны үнэ 4 987 224 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 740 000 төгрөгийг хасч 4 247 224.4 төгрөгийг хариуцагч Х.Б-аас гаргуулж, нэхэмжлэгч “А-” ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.3-д заасантай тус тус нийцжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо анх ажилд томилохдоо ямар төрлийн тоо ширхэг бүхий, хэдэн төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн талаар акт үйлдээгүй гэх боловч энэхүү гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч “А-” ХХК нь 2018 оны 5 сарын 30-ны өдөр хариуцагч Х.Б-д 8 ширхэг, нийт 79 200 төгрөгийн 3D нүүр цэвэрлэгч мецил, 40 ширхэг, нийт 56 000 төгрөгийн хөвөн, 68 ширхэг, нийт 95 200 төгрөгийн чихний хөвөн, 5 ширхэг, нийт 30 000 төгрөгийн гуужуулагч, 6 ширхэг, нийт 24 000 төгрөгийн гар ариутгагч, 112 ширхэг, нийт 638 400 төгрөгийн гилгэрэм саван, 40 ширхэг, нийт 492 000 төгрөгийн гарын тос гэх мэтчилэн нийт 601 төрлийн 70 321 150 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар хавсаргасан тооллогын баримтаар тогтоогдсон. /тооллогын баримтын 1-9-р тал/

 

                        Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсгийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

           

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 83 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

     

         ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ

                                 

                                                                               Г.ДАВААДОРЖ