Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2020/00315

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх  хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “А” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

                                 

Хариуцагч: О.Б/РД: /-д холбогдох,

 

Орон сууцыг хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, хариуцагч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Ти Ди Өргөө Констракшн” ХХК-тай 2016/15 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт гэрээг тус тус байгуулж, Гэрээний нийт үүнийн дүнгийн 20%-ийг бэлэн мөнгөөр, 80%-ийг орон сууцаар бартер хийхээр тохиролцсон.

Дээрхийн дагуу 2018 онд нийт 4 ширхэг орон сууцыг Ти Ди Өргөө ХХК-ийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэхээр тохиролцож ажлыг гүйцэтгэж дуусч, акт үйлдсэнээр орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр нь шилжүүлэхээр болсон.

Гэвч “Ти Ди Өргөө Констракшн” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй, дутуу ажлаа хийж гүйцэтгэхийг байнга шаардаж байгаа боловч ажлаа бүрэн хийж дуусгаагүй байна. Бидний зүгээс барилгын ерөнхий инженер, компанийн төлөөллийг байлцуулан манай компаниас материал, ажлын хөлсийг гаргаж, гүйцэтгэсэн ажил 73 180 770 төгрөг, дутуу гүйцэтгэсэн ажлыг гүйцэтгэх зардал 74 175 624 төгрөг, нийт 147 356 394 төгрөг гэсэн тооцоог гаргасан.

Ти Ди Өргөө ХХК-иас одоог хүртэл дутуу ажлаа гүйцэтгээгүй, акт үйлдэхгүй элдэв шалтаг тоочсоор байсан тул гэрээг цуцласан.

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж байгаатай холбогдуулан Ти Ди Өргөө ХХК-д бартераар эзэмшил, ашиглалтанд шилжүүлэхээр тохиролцсон 6 давхарын 39 тоот орон сууцыг/6 давхар, 39 тоот-40.67м2, 1м2-1 650 000 төгрөгөөр тооцох/ буцаан шилжүүлэхийг шаардсан боловч бидний зөвшөөрөлгүйгээр иргэн Н.Б гэх хүнд худалдан төлбөрийг бүрэн авсан байх уг айл нүүж орсон байдалтай, чөлөөлж өгөхүй байна. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11-р хорооны, Аз жаргал хотхоны А блок буюу 1-р орцны 5-р давхар, 39 тоот орон сууцыг Н.Бгийн хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Н.Б миний бие нь “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

Миний бие нь нэхэмжлэгч “А” ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй учир эрх зүйн харилцаа үүсэх, хариуцагчаар татагдах үндэслэл байхгүй болно. Миний бие “Ти Ди Өргөө констракшн” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан болохоос биш “А” ХХК-тай гэрээ байгуулаагүй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний хувьд “Ти ди өргөө констракшн” ХХК болон “А” ХХК нь гэрээг харуулаагүй байгаад гомдолтой байна. “Ти ди өргөө констракшн” ХХК-д тухайн орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. Мөн орон сууцны төлбөр төлсний дараа тог цахилгааны төлбөр өндөр гарч байсан. Хууль бус эзэмшигч гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Хариуцагч О.Бгийн өмгөөлөгч Х.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн тайлбар дээр нэмж хэлэхэд “Ти ди өргөө констракшн” ХХК-д мөнгө өгч, дууссаны дараа энэхүү маргаан нь үүссэн байдаг. Тухайн үед 2 компанийн төлөөлөлтэй уулзаж байсан боловч орон сууцны маргаантай байсан талаар огт мэдээгүй. Сүүлд нь нэмж тодруулж хэлэхэд 2 компанийн маргаанаас болж иргэн хохирч байна. Нэгэнт энэ хэргийн талаар Цагдаагийн газарт шалгагдаж байгаа учраас тухайн хэргийг шийдвэрлэгдэх хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А” ХХК хариуцагч О.Бд холбогдуулан                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Азжаргал хотхон, А блок буюу 1 дүгээр орц, 6-р давхрын 39 тоот орон сууцыг хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч О.Б нь “Ти ди өргөө констракшн” ХХК-д тухайн орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, 16/арван зургаа/ давхар, 96 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 359/гурван зуун тавин ес/ айлын орон сууцны захиалагч болон барилгын ажил гүйцэтгэгч болох нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2019/62 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Ти ди өргөө констракшн” ХХК-тай № 2016/15 Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь № 2016/15 “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбараар тогтоогдож байна.

 

№ 2016/15 Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/-ний 1-ийн 1.2, 3-ын 3.1-т зааснаар “Ти ди өргөө констракшн” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Үйлчилгээ, орон сууцны барилгын дотор цахилгаан угсралт, газардуулга аянга зайлуулагч, холбоо дохиолол/телефон, интернэт, кабелийн телевиз/ зэрэг ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Гэрээний 3-ын 3.1-т зааснаар нэхэмжлэгч нь ажлын хөлсний 55/тавин тав/ хувийг бэлэн мөнгөөр, 5/тав/ хувь нь чанарын баталгааны үлдэгдэл, 40/дөч/ хувийг орон сууцны байраар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тус Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан болох нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн № 2016/15 Ажил гүйцэтгэх гэрээний Нэмэлт гэрээгээр тогтоогдож байна.

 

2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн № 2016/15 Ажил гүйцэтгэх гэрээний Нэмэлт гэрээний 1, 2-т зааснаар “Ти ди өргөө констракшн” ХХК нь барилгын зөвхөн А блок буюу 1-р орцыг материал нийлүүлж гүйцэтгэхээр, нэхэмжлэгч нь ажлын нийт үнийн дүнгийн 20/хорь/ хувийг бэлэн мөнгөөр, 80/ная/ хувийг байраар хийж, “Ти ди өргөө констракшн” ХХК нь Азжаргал хотхоны А блок буюу 1-р орцны 5-р давхар, 6-р давхарт нийт 4 ширхэг байрыг Гэрээний төлбөрт суутган тооцож орон сууцны захиалгын гэрээ хийхээр харилцан тохиролцсон болох нь №2016/15 Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№ 2016/15 Ажил гүйцэтгэх гэрээний Нэмэлт гэрээний 2-т зааснаар нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “Ти ди өргөө констракшн” ХХК-тай № 2016-109 Захиалгаар орон сууц барих тухай гэрээ байгуулсан болох нь № 2016-109 Захиалгаар орон сууц барих тухай гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№ 2016/15 Ажил гүйцэтгэх гэрээний Нэмэлт гэрээ болон № 2016-109 Захиалгаар орон сууц барих тухай гэрээний 1-ийн 1.1.1, 1.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь “Ти ди өргөө констракшн” ХХК-ийн ажлын хөлсөд Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Азжаргал хотхон, 301-р байр, 6-р давхар, 39 тоот орон сууцыг шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн болох нь № 2016/15 Ажил гүйцэтгэх гэрээний Нэмэлт гэрээний болон № 2016-109 Захиалгаар орон сууц барих тухай гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т “Ажлыг тодорхой хэсгээр ... гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон “Ти ди өргөө констракшн” ХХК нь ажлыг тодорхой хэсгээр гүйцэтгүүлж, үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээний болон № 2016/15 Ажил гүйцэтгэх гэрээний Нэмэлт гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Азжаргал хотхон, А блок буюу 1 дүгээр орц, 6-р давхрын 39 тоот орон сууцыг “Ти ди өргөө констракшн” ХХК-ийн ашиглалтад шилжүүлэн өгсөн талаар маргахгүй байх боловч нэхэмжлэгч болон “Ти ди өргөө констракшн” ХХК-ийн хооронд нь ажлын үр дүн, ажлын хөлсний талаар маргаантай байгаа болох нь нэхэмжлэгчийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн № 59/2018 болон 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн № 134/2018, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн № 135/2018 болон 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн № 139/2018, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн № 33/2019 болон 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 83/2019 албан бичгүүдийн хуулбар, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актын хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн № 99/2019 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “Хөрөнгийг ... эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.”, 90.2-т “Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө ... буцаан шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон “Ти ди өргөө констракшн” ХХК нь Гэрээ болон № 2016/15 Ажил гүйцэтгэх гэрээний Нэмэлт гэрээний дагуу гүйцэтгэсэн гэх ажлын үр дүн болон ажлын хөлсний талаар маргаж байх тул Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, Азжаргал хотхон, А блок буюу 1 дүгээр орц, 6-р давхар, 39 тоот орон сууцны шударга эзэмшигч нь нэхэмжлэгч гэж үзнэ.

 

Зохигчид “Ти ди өргөө констракшн” ХХК нь хариуцагчид Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, Азжаргал хотхон, А блок буюу 1 дүгээр орц, 6-р давхар, 39 тоот орон сууцыг шилжүүлэн өгсөн талаар маргахгүй байна.

 

Хариуцагч нь 39 тоот орон сууцад оршин сууж байгаа талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, Азжаргал хотхон, А блок буюу 1 дүгээр орц, 6-р давхар, 39 тоот орон сууцны шударга эзэмшигч байх тул хариуцагчийг тус 39 тоот орон сууцнаас албадан чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч энэ хэргийн талаар Цагдаагийн газарт шалгаж байгаа маргаж байх боловч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст “Ти ди өргөө констракшн” ХХК-ийн захирал Д.Түвшиндалай, Л.Золбаяр нар 50 000 000/тавин сая/ төгрөгийг залилан авсан гэх иргэн Н.Аззаяагийн гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Н.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх боловч хариуцагч Н.Б нь О.Б болох талаар зохигчид маргаагүй болно.

 

Шүүх Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Бг Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Азжаргал хотхон, А блок буюу 1 дүгээр орц, 6-р давхрын 39 тоот орон сууцнаас албадан чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Бг Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Азжаргал хотхон, А блок буюу 1 дүгээр орц, 6-р давхрын 39 тоот орон сууцнаас албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 493 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 493 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ