Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Сарангэрэл |
Хэргийн индекс | 119/2023/0013/з |
Дугаар | 119/ШШ2024/0014 |
Огноо | 2024-04-05 |
Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 119/ШШ2024/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч П.Ууганцэцэг, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ю” ХХК
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Г
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар,
Хамтран хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо,
Хариуагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ, И.Баярбал нарын хоорондын
“тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/931 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ, И.Баярбал, иргэдийн төлөөлөгч Т.Э, шинжээч Б.Г /цахимаар/, И.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ю” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон маргаан бүхий тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах” шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж дэмжсэн.
2. “Ю ” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах /цахим/ тендерт оролцсон байна.
3. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Ю ” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн “тендерт шалгараагүй” гэж тендерийн Үнэлгээний хороо дүгнэснийг мэдэгдсэн байна.
4. Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргаж, мөн оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлж тодруулсан. /1 дүгээр ХХ-ийн 1-4 дүгээр тал, 2 дугаар ХХ-ийн 134-136, 142 дугаар тал/
5. “Ю ” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
5.1. Захиалагчийн техникийн тодорхойлолтын шаардлага буюу Хөдөлгүүрийн хүчин чадал 1750-1900 rpm, 1082-1180 kw, 1400-1598 морины хүчтэй байх шаардлага тавьсан. Манай компанийн санал болгосон техник нь 1194, 1600 морины хүчтэй ба энэ нь техникийн шаардлагыг хангах төдийгүй илүү хүчтэй гэсэн үг. Санал болгосон техникийн хүчин чадал нь техникийн шаардлагаас илүү өндөр буюу илүү хүчтэй байгаа нь давуу тал болохоос татгалзах шалтгаан болохгүй гэж,
5.2. Хариуцагч талаас: “тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.8-ын 4-т заасан “тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолт болон стандартад нийцэж буйг нотлох баримтыг тусгайлан бэлтгэж тендерт ирүүлнэ...” гэж заасан. “Ю” ХХК нь захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй тендер ирүүлсэн учир Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргав.
6. Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн өмгөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “Ю” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан
- “тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”,
- “2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах”
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагууд гаргасаныг дэмжиж оролцож байна.
“Ю” ХХК-ийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай тендерт “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэх тендерт оролцсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын газраас 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “уг ажлыг гүйцэтгэхээр танаа ирүүлсэн тендер дараах шаардлагыг хангахгүй байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн танай тендерийг шалгаруулаагүй гэж Үнэлгээний хороо дүгнэсэнийг мэдэгдэж байна” гэх шийдвэрийг ирүүлсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч хуульд заасан хугацаандаа төсвийн асуудал эхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Монгол Улсын Сангийн яамнаас 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/1429 тоот албан бичгээр дээрх тендер шалгаруулалттай холбогдуулж танай компаниас ирүүлсэн гомдлыг тус яам “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1 дэх хэсгийг үндэслэн хянан үзэж, холбогдох шийдвэрийг захиалагчид 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №03-893 тоот албан бичгээр хүргүүлсэн. Иймд дээрх хуулийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогчид гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу гомдлыг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариу өгсөн.
Үүний дагуу бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг тендерийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ирүүлсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Учир нь манай компани 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр анх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” худалдан авах дугаартай тендерийн баримт бичигт холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт удаа дараа гомдол гаргаж байсан. Зөвхөн “Т” компанийн оруулж ирдэг “Komatsu” маркийн хүнд даацын өөрөө буулгагч автомашинд зориулж яг тухайн үзүүлэлттэйгээр удаа дараа тендерийн баримт бичгийг боловсруулсан. Ингээд нийт 4 удаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан бөгөөд эдгээр гомдлуудыг тухай бүр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газар үндэслэлтэй байна гэж үзсэн. Ингэж байж дүйцэхүйц гэдэг үгийг оруулж ирсэн байгаа.
Мөн анх тендер шалгаруулалтаас татгалзахад нь манай зүгээс Сангийн яаманд гомдол гаргасан. Ингээд Сангийн яам манай гомдлыг хүлээж аваад “Ю” ХХК бол тендерт хөдөлгүүрийн хүчин чадал 1194 kw, 1600 морины хүчтэй буюу 14 kw болон 2 морины хүчээр илүү, хурдны хайрцаг нь хувьсах тогтмол гүйдлийн цахилгаан хөтлөгчтэй хүчний генератортай, 2 цахилгаан хөдөлгүүртэй, дугуйн цахилгаан моторын редуктор, тохируулгын аппарат, бичил удирдлагын системтэй, хяналтын төхөөрөмжтэй автосамосвал санал болгосон бөгөөд тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 19.4-д заасны дагуу тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтоос зөрүүтэй талаар тайлбар, мөн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичгийг ирүүлсэн байх тул тус компанийн санал болгосон автосамосвалын техникийн үзүүлэлтийг тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын шаардлагад нийцэх эсэхийг хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэх нь зүйтэй байна гээд “Т” компанийг шалгаруулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд дээрх шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэхээр буцаасан. Ингээд дахин үнэлгээ хийгээд хариу ирүүлэхдээ мөн яг өмнө нь татгалзсан шалтгаанаараа нэг ч үг үсгийн зөрөөгүй татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан шаардлага тавьсан, нөгөө талаас өмнө нь бас олон удаагийн шүүх хуралдаан орсон. Манай техникийн шаардлага хангахгүй гэж үздэг. Гэсэн хэдий боловч бодит байдал дээр захиалагчийн техникийн тодорхойлолт зааснаас шалгарсан илүү үзүүлэлттэй гэдэг нь нэгдүгээрт тухайн үзүүлэлтээр авагдсан баримтууд, мөн шинжээчийн дүгнэлт зэргээр тодорхой харагддаг. Ийм учраас илүү хүчтэй, илүү үр бүтээмжтэй, үр ашигтай ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлж, ижил үнээр илүү бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байхад шаардлагад нийцэхгүй гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Иймд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 тоот албан бичигт дурдсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах дугаартай тендерт “Ю” ХХК-ийг шалгаруулж Эрдэнэт үйлдвэрт даалгаж өгнө үү гэснийг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Ингэж өөрчлөхдөө “тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах” гэж өөрчилсөн байгаа гэв.
7. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю” ХХК нь 2023 оны 03 сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 тоот албан бичигт дурдсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, хоёрдугаарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан 2022 оны 10 сарын 07-ны өдрийн “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 1008 дугаартай тендерт “Ю” ХХК шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулахыг захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 05 сарын 17-ны өдөр өөрчилсөн. Хариу тайлбартаа анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, өөрчилсөн, тодруулсаныг яръя, өмгөөлөгч сая зөрүүтэй яриад байна.
2023 оны 5 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Өөрчлөхдөө 2023 оны 03 сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаартай албан бичигт дурдсан Үнэлгээний хорооны 03 сарын 02-ны өдрийн 8 дугаартай хурлын тэмдэглэл буюу шийдвэрийг хүчингүй болгуулъя, мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 10 сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах 1008 дугаартай тендерт тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэе гэдэг 2 шаардлагаар өөрчилсөн. Тэгээд дараа нь 2023 оны 05 сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц-аас тодруулга гаргасан. Энэ тодруулгадаа хариуцагч “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2023 оны 03 сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” , хоёрдугаарт хариуцагч Үнэлгээний хороонд холбогдуулж “2023 оны 03 сарын 02-ны өдрийн 8 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”, “2022 оны 10 сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээг зохих журмын дагуу дахин хийлгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Эрдэнэт үйлдвэрээс “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” худалдан авах тендерийг хамгийн сүүлийн байдлаар 2023 оны 01 сарын 30-ны өдөр нээсэн байгаа. Үүнээс өмнө 2023 оны 01 сарын 23-ны өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар “Ю” ХХК-ийн гаргасан гомдлыг хянаад техникийн тодорхойлолт болоод холбогдох өөрчлөлтийг оруулсан. Зохих өөрчлөлтийг оруулсан учраас тендер шалгаруулалтаа үргэлжлүүлнэ үү гэсэн. Энэ тендер шалгаруулалт үргэлжилж байгаад 2023 оны 01 сарын 30-ны өдөр тендерийг нээсэн. “Ю” ХХК, “Б” ХХК, “Т” ХХК зэрэг 3 компани тендер ирүүлсэн. Үнэлгээний хороо 2023 оны 01 сарын 31-ний өдөр хуралдаж, “Т” ХХК-ийг “хамгийн сайн” тендер ирүүлсэн байна гэж шалгаруулсан. Үүний дагуу “Ю” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам 2023 оны 02 сарын 24-ний өдрийн 03/1049 дугаартай албан бичгээр захиалагчийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн ДҮ-495-496 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хий гэсэн. Үүний дараа тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 03 сарын 02-ны өдөр хуралдсан.
Ингээд энэ хурлаас 1008 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт шаардлага хангасан нэг ч оролцогч байхгүй тул бүх тендерээс татгалзаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас оролцогч компаниудад холбогдох албан бичгээр мэдэгдсэн.
Болсон үйл явдал, тендер шалгаруулалтын процесс ийм байна. Тэгээд “Ю” ХХК-иас 2023 оны 05 сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 931 дугаартай “Ю” ХХК-нд танай компанийн тендерээс татгалзаж байна гэдэг мэдэгдлийг өгсэн, энэ мэдэгдлийн илт хууль бус болохыг тогтоолгоё гэсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж байгаа шаардлага дээрээ тайлбарлаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх 7 үндэслэлийг заасан байдаг. Тэгэхээр энэ 7 үндэслэлийн яг аль үндэслэлээр нь илт хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа нь ойлгомжгүй байгаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас байгуулагдсан тендерийн Үнэлгээний хороо 1008 дугаартай тендерийг үнэлэхдээ тухайн үед энэ тендерийг үнэлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 хоногийн дотор, энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчдод тендерийг мэдэгдэнэ” гэсний дагуу бүх тендерээс татгалзаж байгаа мэдэгдлүүдээ нэгэн зэрэг албан бичгүүдээр хүргүүлсэн. “Ю” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам бол 2023 оны 02 сарын 24-ний өдрийн 03/1049 дугаартай албан бичгээр захиалагчийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Үүний дагуу хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэхийг мэдэгдсэн учраас дахин үнэлгээ хийгээд бүх тендерээс татгалзсан байгаа. Тэгэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т зааснаар захиалагчаас үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж Үнэлгээний хорооны эрх хэмжээг зааж өгсөн. Үнэлгээний хороо хуульд заасан арга хэмжээгээ авч, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа.
Мөн нэхэмжлэгч талаас Сангийн яам дахин үнэл гэсэн, дахин үнэлэхдээ яг ижилхэн үнэлээд татгалзчихлаа гээд байгаа. Сангийн яамнаас “дахин хянан үз” гэсэн энэ дагуу хуулийн 47 дугаар зүйлд зааснаар Үнэлгээний хороо хянан үзсэн. “Ю” ХХК-ийн ирүүлсэн 2 үзүүлэлт нь захиалагчийн тавьсан техникийн шаардлагад нийцэхгүй байсан учраас татгалзсан байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Баярбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч бол зөвхөн 1 талын өнцгөөс хараад байна. Манай энэ тендерт огт хамааралгүй тендерийн материалыг авхуулсан. Миний хэлэх гэж байгаа гол зүйл болохоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт зөвхөн эднийхээс гомдол гаргадаг. Анх 2022 оны 10 сарын 7-ны өдөр зарласан тендер. Нэхэмжлэгч талаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт удаа дараа гомдол гаргаад, гомдол нь дандаа техник тодорхойлолт дээр байдаг. Тэр болгонд нь бид нар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энийг хас, болохгүй гэсэн бүх заалтыг хуулийн дагуу тэдний хүсэж байгаагаар техникийн тодорхойлолтоо боловсруулаад ерөнхийдөө эднийд зориулсан тендер болж хувирсан. Тэгээд хамгийн сүүлийн байдлаар гомдол нь гараад 01 сарын 30-нд тендерээ нээсэн.
Тэгэхээр нэхэмжлэгч талын өөр этгээдэд зориулсан тендер гэж яриад байгаа ямар ч үндэслэлгүй. Ганцхан энэ тендер ч биш цаашид зарласан хүнд даацын өөрөө буулгагч бүх тендер дээр эднийх гомдол гаргадаг. Зөвхөн эднийд зориулсан тендер биш гэдгийг нэхэмжлэгч тал ойлгомоор байна. Захиалагч бол өөртөө нийцсэн, энэ уулын нөхцөлдөө таарсан хүнд даацын өөрөө буулгагч автомашиныг авахыг хүсэж байгаа учраас энэхүү тендерүүдийг зарлаж байгаа. Манай энэ тендер ч гэсэн ялгаагүй. Ингээд зарлагдсан 01 сарын 30-нд нээлт хийсэн, бид нар үнэлгээ хийгээд өгсөн. Хуульд зааснаар тендерт оролцогчдын хүчинтэй хугацаагаар тендер явдаг. эднийх 30 хоног гэсэн. Сангийн яам дээр гомдол гарсан. Уг гомдлын дагуу бид нар дахин хэлэлцэж, хуралдаад шийдвэрээ гаргаад эднийд мөн адилхан шалтгаан байсан учраас тэр шалтгаанаар нь өгсөн. Бид нар яаж үнэлдэг вэ гэхээр хуульд заасны дагуу тухайн тендерт заагдсан техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан шаардлагуудад нийцсэн тохиолдолд тэр тендерийг нийцсэн гэж үзнэ үү гэхээс, эднийх илүү юм байна аа гээд бусдад давуу эрх олгох байдлаар хэзээ ч үнэлгээ хийдэггүй.
Техникийн тодорхойлолтын гол татгалзаж байгаа үндэслэл нь хүч 2-оор илүү гээд байна. Хэлбэлзүүлсэн техникийн үзүүлэлт дээр тухайн 10-12 гэсэн бол 11 юм уу, 10 юм уу, 12 байвал тэр техникийн үзүүлэлтээ хангасан гэж үзнэ. Хоёрдугаарт хропыг та бүхэн мэднэ, бүгд автомат машин унадаг, автоматаар араагаа сольдог. Яг тэрэнтэй л адилхан шатлал. Бид нарын хүсээд байгаа хурдны хайрцаг нь автомат, 6 шатлалтай. Эдний цахилгаан бол ганцхан тэр энэ хурдны хайрцаг дээрээ давуу юм шиг боловч эднийх өөрөө бид нарын хүсээд байгаа 1 дүгээр араагаараа хүнд явдаг, 6 дугаар араагаараа хурдан явдаг тэр зүйлд нийцдэггүй учраас захиалагч заавал шатлалтай араа хүссэн байгаа. Энийг бид нар зүгээр нэг дур зоргоороо тавиагүй, уулын нөхцөлтэйгөө уялдуулаад техникийн хэлтэс өөрсдөө судалж баталдаг техникийн тодорхойлолт. Тийм техникийн тодорхойлолтоор явдаг” гэв.
9. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Эрдэнэт үйлдвэрт Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсгийн даргаар ажилладаг бөгөөд тендерийн Үнэлгээний хороонд орж ажилласан байгаа. Тэгээд И.Баярбал төлөөлөгчийн хэлж байгаа шиг манай уул геологийн нөхцөл маань урдны байснаасаа илүү хүндэрч далайн түвшнээс доошоогоо сууж байгаа учраас илүү шаардлага тавигдаад явж байна.
Авто машины өргөнөөс хамаараад зам талбайд ямар нэг асуудал байдаггүй. Яагаад гэвэл эдгээр машинуудын өргөн, өндөр, оврын хэмжээнүүд нь хол зөрүүтэй байдаггүй. Белаз фермийн 7513 гэдэг загварын машинуудын даацыг 140 тонн гэж өгсөн. belaz.by сайтаас үзэхэд 130-136 тонн гэж байсан. Үүнийг албан ёсны олон улсын боршур сайт дээрээ одоо 140 тонн болгоод өөрчилсөн байдаг. Ингэхдээ маргаантай тендерээс хойш сүүлийн 6 авто машины тендер явж байх үед өөрчилсөн. Яагаад гэвэл Эрдэнэт үйлдвэрээс тодруулга авсаны үндсэн дээр жинг хасаад даацаа нэмээд боршур үйлдсэн байдаг” гэв.
10. Иргэдийн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Зөвхөн өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг илүү гэдэг үүднээс Уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа бүх зүйлийг үнэлээгүй юм уу эсхүл үйл ажиллагааг нь сайн мэдэхгүй байж зөвхөн манайхыг сонго гэж байгаа юм шиг санагдаж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендер сонгон шалгаруулахдаа анхнаасаа тодорхой заагаад өгч болдоггүй юм болов уу гэж бодож байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж үзэж байна” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Ю” ХХК нь анх 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазраас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай тендерт “Ю” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулахыг захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан.
1.1. 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, мөн оны 05 дугаар сарын 18-ны өдөр
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан
-“Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”, мөн “2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах”,
“Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагуудаа тодорхойлсон.
1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г-ээс нэхэмжлэлийн дээрх өөрчилж, тодруулсан шаардлагын хүрээнд шүүх хуралдаанд мэтгэлцэн дэмжиж оролцов.
Хоёр. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарууд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 /Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй/ дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Гурав. Нэхэмжлэлийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
3.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/459 дугаартай “Үнэлгээний хороод байгуулах тухай” тушаалын 10 дугаар хавсралтад зааснаар байгуулагдсан Үнэлгээний хороо нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг зарлажээ.
3.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу тендер шалгаруулалтад оролцогчоос тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт удаа дараа гомдол гаргасныг холбогдох зөрчлийг арилгуулах талаар захиалагчид үүрэг өгч зохих өөрчлөлтийн оруулсан болох нь хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
3.3. Тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” худалдан авах тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерүүдийг хянан үзэж “Т” ХХК-аас ирүүлсэн тендерийг Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шаардлага /техникийн тодорхойлолт/-д нийцсэн “хамгийн сайн” тендер гэж үнэлжээ.
3.4. Нэхэмжлэгч “Ю” ХХК захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/1049 дугаартай албан бичгээр “...тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийх”-ийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т мэдэгдсэн байна. /ХХ-ийн 20-21 дүгээр тал/
3.5. Монгол Улсын Сангийн яамны дээрх албан бичгийн дагуу тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дахин үнэлгээ хийж, “Ю” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “...техникийн тодорхойлолтын хөдөлгүүрийн хүчин чадал 1194 квт, 1600 морины хүчтэй, хурдны хайрцаг хувьсах тогтмол гүйдлийн цахилгаан хөтлөгчтэй, хүчний генератортой, 2 цахилгаан хөдөлгүүртэй, дугуйн цахилгаан моторын редуктор, тохируулгын аппарат, бичил удирдлагын системтэй, хяналтын төхөөрөмжтэй байна” гэсэн нь шаардлагад нийцэхгүй учир бүх тендерээс татгалзаж, дахин зарлах нь зүйтэй гэж 08 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн. /ХХ-ийн 185-186 дугаар тал/
3.6. Тодруулбал, тендерийн Үнэлгээний хороо нь Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/1049 дугаартай албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т /энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ/ зааснаар хүлээн авч, захиалагчийн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.8-ын 4, техникийн тодорхойлолтод заасан “...хөдөлгүүрийн хүчин чадал 1750-1900 rpm, 1082-1180 kw, 1400-1598 морины хүчтэй 4 тактын усан хөргөлттэй, турбинтэй, хурдны хайрцагтай, урагш 6-аас багагүй, ухрах 2-оос ихгүй шатлалтай, эсхүл түүнтэй дүйцэхүйц байна” гэсэн шаардлагад нийцэхгүй гэж үзсэн нь үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт, техникийн шинжээчдийн дүгнэлт, хариуцагчийн тайлбар, “Ю” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг зэргээр тогтоогдож байна. /Хэрэгт авагдсан Захиалагчийн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт, CD-нд тус тус авагдсан/
3.7. Мөн техникийн шинжээчид “Ю” ХХК-ийн тендерийг захиалагчийн техникийн тодорхойлолтод заагдсан шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй болохыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06/160 дугаартай дүгнэлтээр тогтоосон болно. Тодруулбал, Техникийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06/160 тоот дүгнэлтэд:
“...Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын техникийн тодорхойлтод заагдсан хурдны хайрцагны үзүүлэлт нийцэхгүй байна гэж үзэж байна. Автомат хурдны хайрцагтай, урагш 6-аас багагүй, ухрах 2-оос ихгүй шатлалтай байна байна, эсхүл түүнтэй дүйцэхүйц байна” гэсэн шаардлага тавьсан. Харин нийлүүлэгч “Ю” ХХК-ийн тендерт ирүүлсэн техникийн тодорхойлтод хувьсах тогтмол гүйдлийн цахилгаан хөтлөгчтэй, хүчний генератортой, 2 цахилгаан хөдөлгүүртэй, дугуйн цахилгаан моторын редуктор, тохируулгын аппарат, бичил удирдлагын системтэй хяналтын төхөөрөмжтэй...” гэсэн нь тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтод нийцэхгүй гэж дүгнэсэн. /ХХ-ийн 185-186 дугаар тал/
3.8.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнийн “...манайх тендерийн баримт бичигт урагш 6-аас багагүй, ухрах 2-оос ихгүй шатлалтай гэж заасан нь уулын ажлын нөхцөл, их доороос шороо зөөх нөхцөл шаардлагадаа нийцүүлэн техникийн тодорхойлолтоо гаргасан, энэ нөхцөлд шатлалгүй цахилгаан мотор бүхий техник шаардлага хангахгүй юм” гэх тайлбар үндэслэлтэй байна.
3.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”, 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “тухайн бараа ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн болон тухайн бараа, ажил, үйлчилгээ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлох”, 12 дугаар зүйлийн 12.1-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан бөгөөд захиалагчаас тендерийн баримт бичгийг тодорхойлж боловсруулдаг ба тендерт оролцогч нь захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, тендерийн баримт бичигт заасан бараа, ажил, үйлчилгээг хүргэдэг онцлогтой.
3.10. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно”, 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж тус тус заасан.
3.11. Иймд дээрх үндэслэлүүдээр тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэр нь хууль зөрчөөгүй байх тул Үнэлгээний хорооны шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Дөрөв. Нэхэмжлэлийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын “2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/931 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
4.1. Дээрх албан бичгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г-ээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 /утга агуулгын илэрхий алдаатай/, 47.1.6 /захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй/-д зааснаар “илт хууль бус болохыг тогтоох“ үндэслэлтэй талаар тайлбарлаж мэтгэлцсэн.
4.2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж” бүх тендерээс татгалзах тухай” 08 дугаартай шийдвэрийг гаргасан.
4.3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар нь тендерийн Үнэлгээний хорооны дээрх 08 дугаартай шийдвэрийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/931 дугаартай албан бичгээр “Ю” ХХК-д мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “ ...бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ”Захиргааны актыг хаягласан этгээд болон эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэх зохицуулалтад нийцсэн байна.
4.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт ““захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тодорхойлсон бол мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэжээ.
4.5. Гэтэл нэхэмжлэгчийн илт хууль бусад тооцуулахыг хүсч буй дээрх “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/931 дугаартай албан бичиг нь “Ю” ХХК-ийн тендер /Үнэлгээний хороонд хүргүүлсэн/-ээс татгалзсан шийдвэр биш, харин Үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчид мэдэгдэж байгаа баримт бичиг байх тул түүнийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй.
4.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно”гэж зааснаар тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр хууль нийцсэн байх тул уг шийдвэрийг дамжуулан хүргүүлж буй захиалагчийн мэдэгдэл илт хууль бус байх шинжийг агуулаагүй байна.
Тав. “2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх”, 29 дүгээр зүйлд заасан “Гэрээ байгуулах эрх олгох”, шийдвэрүүдийг гаргах, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт зааснаар Үнэлгээний хороо гаргасан шийдвэрээ захиалагчид хүргүүлэхээр зохицуулсан.
5.2. ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Ю” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлага хангаагүй, нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчөөгүй, маргаан бүхий захиргааны акт илт хууль бус болох нь тогтоогдоогүй тул тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах үндэслэлгүй.
5.3. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Зөвхөн өөрийнхөө бараа бүтээгдэхүүнийг илүү гэдэг үүднээс Уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа бүх зүйлийг үнэлээгүй юм уу, эсхүл үйл ажиллагааг нь сайн мэдэхгүй байж зөвхөн манайхыг сонго гэж байгаа юм шиг санагдаж байна...” гэх дүгнэлтийг харгалзан үзэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5.4. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
5.5. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г-ийн хүсэлтээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн СЭ-112-12/3752, “Б” НХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №575-41/207 дугаартай албан бичгүүдийг нотлох баримтаар гарган ирүүлсэн бөгөөд тухайн албан бичгүүд нь маргаан бүхий тендерээс цаг хугацааны хувьд хойш, “Хүнд даацын өөрөө буулгагч” 6 ширхэг автомашин худалдан авах /өөр/ тендерт тодруулга авсан баримтууд болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр гаргахад үнэлээгүй,
5.6. Мөн Техникийн шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээчид нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3.1 дэх хэсэгт зааснаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд ирүүлж, шинжээчээр ажилласны хөлсөө нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1.14 , 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2.2, 47.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, “2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 210.600 /хоёр зуун арван мянга зургаан зуу/ төгрөгийг 1002210000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ