Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 0056

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     И.Бд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

        Шүүх хуралдаанд: 

 

                    Прокурор                                          Б.Ж

                    Ялтан                                                 И.Б

                    Хохирогч                                           Б.Б

                    Хохирогчийн өмгөөлөгч               Я.Э

                    Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолтой И-н Б-д холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч Б.Бын заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт И-н Б.

Шүүгдэгч И.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Сэлэнгэ зочид буудалд Б.Быг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн И-н Б-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д зааснаар шүүгдэгч И.Б-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3.д зааснаар шүүгдэгч И.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулж,

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Хохирогч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагаас 6.044.900 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардал, олох байсан орлогоо нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эртхэйг дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Б давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие нь И.Бд цохиулсны улмаас бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгаар маш их хохирсон бөгөөд И.Б нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг бүрэн гүйцэт төлж барагдуулаагүй байхад шүүх хөнгөн ял шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж байна.

 

И.Бд зүүн нүдэндээ цохиулсны улмаас өнөөдрийн байдлаар зүүн нүдний булчин зангирч, хараа муудсан, гэм хор бүрэн арилаагүй цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон болно.

 

Хохирогч миний бие нь нэхэмжлэлийн шаардлагандаа эмчилгээний зардалд 4.116.060 төгрөг, олох ёстой орлого 5.400.000 төгрөг нийт 9.516.060 төгрөгийг нэхэмжилсэн юм. Үүнээс И.Б нь 3.500.000 төгрөгийг л төлсөн болно. Нэхэмжлэлийн шаардлагаас 6.016.060 төгрөгний хохирол барагдаагүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хүнээс болж наймаагаа үргэлжлүүлэн хийж чадахгүй болоод маш ихээр хохирч байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.28-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.   

 

Шүүгдэгч И.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг “Сэлэнгэ” зочид буудалд хохирогч Б.Бтай маргалдаж улмаар түүний биед нь тархи доргилт, зүүн нүдний дотор ханын хугарал, зүүн нүдний алимны доргилт, салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх И.Бд Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ.  

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоосон, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна.

 

Хохирогч Б.Б нь шүүгдэгч И.Бэс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 9.516.060 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангасан гэж 3.471.160 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж  шүүгдэгчээс гаргаж хохирогчид олгох, бусад баримтуудыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй гэж дүгнэж, цаашид гарах эмчилгээний зардал, олох ёстой байсан орлогоо нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн нь үндэслэл бүхий байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Бын гаргасан  “...гэм хор арилаагүй, хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байхад шүүгдэгч И.Бд хөнгөн ял оногдуулсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Бын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  З.ХОСБАЯР                                                                                                     

 

                ШҮҮГЧИД                                                           .             Ц.ТУЯА

 

                                                                                               С.ЦЭЦЭГМАА