Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/82

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Г.Аргайтөмөр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Аргайтөмөрт холбогдох эрүүгийн 1717000850036 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Ганхуягийн Аргайтөмөр /РД:УД91062931/ Улаанбаатар хот Налайх дүүрэгт 1991 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуарангийн 36-20 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Г.Аргайтөмөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СЭТ” бааранд иргэн Б.Түвшинтөгсийн толгойн тус газар пивоны шилээр цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Г.Аргайтөмөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СЭТ” бааранд Б.Түвшинтөгсийг хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар түүний толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Г.Аргайтөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг тохирч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй гэв.

 

1.2. Яллагдагч Г.Аргайтөмөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Тэр өдөр охинтой болсон баяраа тэмдэглэхээр 22 цаг өнгөрч байхад найз Идэрзоригийн хамт СЭТ бааранд ороод хаалган талын эхний ширээнд суугаад хоёр, хоёр шил пиво захиалж уусан. Дараа нь 1 шил “Экс” нэртэй архи авч уугаад нилээд согтсон. Тэгээд баарнаас гарах гээд байж байхад манай ширээн дээр нэг танихгүй залуу ирээд Идэрзоригтой юм яриад маргалдаад байх шиг болохоор нь болио хөгшөөн яах гээд байгаа юм бэ гэхэд тэр миний өөдөөс чи хаанахын хэн бэ гэж хэлэхэд нь бид хоёр маргалдаж, зууралдаж байгаад больцгоосон. Тэгээд түүнийг цаашаа хараад зогсож байхад нь би ширээн дээрээс уугаад дууссан байсан 0,5 литрийн Сэнгүүр пивоны шилээр толгойн зүүн хэсэгт нь нэг удаа цохисон. Би нилээд согтсон байсан болохоор зарим зүйлийг тод сайн санахгүй байгаа. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32/

 

1.3. Хохирогч Б.Түвшинтөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 28-ны орой 23 цаг өнгөрч байхад Сүмбэр сумы 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг СЭТ бааранд орсон. Бумаагийн ширээн дээр очиж түүнтэй юм ярьж сууж байгаад гарч талбай дээр бүжиглээд гадаа гарахаар үүд рүү явж байхад хамгийн эхний ширээн дээр Идэрзориг нэг танихгүй хүнтэй хамт нилээн согтуу сууж байсан. Идэрзоригтой мэндлэхэд чи миний албан тушаалыг хүндлэхгүй байна гэхээр нь би чамтай мэнд мэдэхэд албан тушаал ямар хамаатай юм бэ гээд баарны хөгжим чанга дээрээ байсан болохоор бид хоёр хоорондоо нилээн чанга чанга орилолдож ярьсан. Тэгэхэд түүнтэй хамт сууж байсан танхигүй залуу чи одоо ширээн дээр ирчихээд юу гээд том дуугараад байгаа юм бэ, хэн бэ чи гэж хэлээд босоод ирсэн. Тэгэхээр нь би энд хүнтэй юм ярьж байна, чамтай юм яриагүй байна гэхэд тэр залуу миний өөдөөс ирээд шууд намайг ширээний ард сууж байхад заамдаад авахаар нь би гарыг нь тавиулсан. Тэгээд би өөдөөс нь чи муу одоо яаж байна аа гээд хэрэлдээд босоод ирэхэд Бумаа над дээр ирээд боль боль ийшээ гаръя битгий хүнтэй муудаж маргалд гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүний үгэнд ороод за за хөгшөөн гээд тэк рүү хараад гаръя гэж бодоод зогсож байтал миний араас тас хийгээд л зүүн талын шанаа чихний дээд хэсгийн орчимд нэг хүн хатуу зүйлээр цохисон. Миний толгой эргээд манараад эргээд хартал Идэрзоригтой хамт сууж байсан залуу пивоны шилээр намайг цохисон байсан. Шил нь хагарч шалан дээр унасан. Тэгэхэд тэр миний хоёр чихнээс хоёр гараараа зэрэг атгачихаад тавихгүй байсан. Би гарыг нь тавиулах гээд нэг хэсэг зууралдаж байхад Идэрзориг, Бумаа нар салгасан. Пивоны шилээр цохиулснаасаа хойш толгой дүнгэнээд сонин болчихоод байсан. Түүнээс цааш юу болсныг сайн санахгүй байна. Миний биеийн байдал ерөнхийдөө гайгүй. Толгойны зүүн хэсэг чихний дээд хэсгээр хөндлөн 7 см урттай зүсэгдсэн. Эмнэлэгт очиж үзүүлж 8 оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 12-13/

 

1.4. Гэрч Г.Түмэнбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би “СЭТ” бааранд хамгаалагч хийдэг юм. 01 цаг өнгөрч байхад Түвшинтөгс гэх залуу нь хүний ширээгээр хэсээд яваад байсан бөгөөд Аргайтөмөр гэх залуугийн ширээн дээр ирээд маргаад байх шиг байсан. Тэгэхэд нэг найз нь Түвшинтөгс гэх залууг салгаад үүд рүү аваад явсан. Тэгсэн чинь Аргайтөмөр гэх залуу Түвшинтөгсийн араас очоод пивоны шилээр толгой руу нь цохисон чинь пивоны шил хагарсан. Тэгээд Түвшинтөгс гэх залуугийн толгой хэсгээс өтгөн цус гарсан” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 14-15 хуудас/

 

1.5. Гэрч О.Идэрбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би “СЭТ” бааранд бармен ажилтай. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө 01 цаг өнгөрч байхад үйлчлүүлэгч нартай тооцоо хийгээд текний ард зогсож байхад манай баарны хамгаалагч Түмэнбаатар цагдаа дуудаарай 2 хүн маргалдаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь баарны заал руу харахад эхний ширээний хажуу талд хүмүүс бөөгнөрчихсөн байсан. Би Түмэнбаатараас цагдаад юу гэж дуудлага өгөх юм бэ гэж асуухад пивоны шилээр нэгийгээ цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед хэн нь хэнтэй маргалдсан, хэн нь хэнийгээ цохиж зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/,

 

1.6. Гэрч Б.Бумбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 11 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн үед СЭТ бааранд найз Хатанзоригийн хамт орсон. Бид 2 ороод эхнээсээ хоёр дахь ширээн дээр суугаад пиво захиалж уусан. Бид 2 орохдоо эрүүл байсан. Ширээндээ сууж байхад манай хуучны танил Түвшинтөгс ирж надтай юм ярьж сууж байгаад босоод явсан. Би босоод талбай дээр бүжиглээд байж байтал манай найз Хатнаа ирээд намайг дуудаад Түвшинтөгс тэнд хүнтэй муудаад байх шиг байна аа очиж салга хөгшөөн гэхээр нь би явж очиход миний сууж байсан ширээний хажуугийн эхний ширээн дээр сууж байсан хоёр залуугийн нэгтэй Түвшинтөгс маргалдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би хүнтэй маргалдаж муудаж яах гээд байгаа юм бэ одоо болио гэж хэлэхэд Түвшинтөгс болиод гадагш гарахаар эргэхэд нь миний өмнүүр ороод маргалдаж байсан согтуу залуу нь хүрэн өнгийн пивоны шилээр толгойны зүүн талын чихний дээд хэсэгт нэг удаа цохиход шил нь хагараад газарт унасан. Би хэрэгт орох юм байна гэж бодоод холдоод өөрийнхөө ширээн дээр очоод суучихсан. Тэгэхэд тэр хоёр тэнд зууралдаад унаж тусаад байх шиг байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаа нарыг ирэхээс өмнө цохисон шилийг нь цэвэрлэгч нь шүүрдээд цэвэрлээд байсан. Тэр танихгүй залуутай хамт манай багийн дарга Идэрзориг сууж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/

 

1.7. Гэрч Н.Идэрзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 28-ны орой бид хоёр уулзаад түүнийг хүүхэдтэй болсныг тэмдэглэж СЭТ бааранд 21 цагийн үед ороод хаалганы хажуу талын хамгийн эхний ширээн дээр суугаад нэг шил архи, дөрвөн шил Сэнгүүр пиво авч уусан. Бид хоёр захиалсан юмнуудаа ууж дуусгаад гарах гээд байж байхад миний хуучны танил Түвшинтөгс манай ширээн дээр ирээд надтай мэнд мэдчихээд ойр зуурын юм яриад байж байхад манай найз Аргайтөмөр түүнийг надтай маргалдлаа л гэж ойлгосон юм шиг байсан. Бид хоёрыг юм яриад байж байхад түүний цаанаас нь Аргай Түвшинтөгсийг татаад нэг юм яриад байсан. Яг юу гэж хэлснийг нь мэдэхгүй баарны хөгжим нь чанга байсан болохоор юу ярьж байгаа нь сонсогдохгүй байсан. Тэгснээ Аргай, Түвшинтөгс хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би голоор нь орж болиулаад зогсож байтал манай найз Аргайтөмөр ууж дуусаж байсан хүрэн өнгийн Сэнгүр нэртэй пивоны шилээр Түвшинтөгсийн араас толгойд цохисон. Шил нь хагараад газар унасан. Тэгээд хүмүүс бөөгнөрөөд тэр хоёрыг салгаад байж байтал цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

 

1.8. Гэрч Б.Алтанзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би түр хугацаагаар СЭТ бааранд үйлчилэгчээр ажиллаж байсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө буюу 01 цаг өнгөрч байсан шиг санаж байна хоёр залуу хоорондоо маргалдаад нэгнийхээ толгойг пивоны шилээр цохисон л гэж сонссон. Би бол яг яаж зодолдсоныг нь хараагүй арын өрөөнд байсан. Тэгээд баар хаагаад хүмүүс гарцгааж байхад цэвэрлэгээ хийхээр ороход зүүн гар талын эхний ширээний наад талд шалан дээр хүрэн өнгийн пивоны шилний хагархай байсан. Би шилийг нь шүүрдэж аваад хогийн саванд хаясан. Тухайн шил нь бутраад юу ч үгүй болсон байсан. Шил байсан хэсгийн орчимд шалан дээр цус болсон байсан. Түүнийг нь битгий цэвэрлээрэй цагдаа ирж байгаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21хуудас/

 

1.9. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 444 дугаартай дүгнэлтэнд: Г.Аргайтөмөрийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 24 хуудас/

 

1.10. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 445 дугаартай дүгнэлтэнд: Б.Түвшинтөгсийн биед зүүн хацрын төвгөр болон шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 26 хуудас/

 

1.11. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 7-8 хуудас/

 

1.12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-6 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Г.Аргайтөмөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Г.Аргайтөмөрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Б.Түвшинтөгс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...эмчилгээ хийлгэхэд 80000 төгрөгийн хохирол учирсан. 80000 төгрөгөө би Аргайтөмөрөөс гаргуулж авсан. Тэр надаас уучлалт гуйсан. Бид учраа олсон тул санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/

 

2.2. Гэрч Л.Жаргалтогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Аргайтөмөр нь миний төрсөн дүү Жавзантогтохтой 2010 онд танилцаж гэр бүл болсон. 2014 онд том хүүхэд нь сая 11 дүгээр сард бага хүүхэд төрсөн хоёр хүүхэдтэй Улаанбаатар хотод амьдардаг. Аргайтөмөр нь даруу төлөв зантай ааш араншингүй өмнө нь хэрэг төвөгт орж байгаагүй. Ажилсаг, архи дарс хэрэглээд байдаггүй тийм л хүүхэд байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/

 

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 34-35 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Аргайтөмөр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Аргайтөмөр нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Аргайтөмөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аргайтөмөрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аргайтөмөрт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аргайтөмөр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Аргайтөмөр нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Аргайтөмөр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БАТТУЛГА