Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2018/ДШМ/04

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

прокурор Э.Нямбилэгт, шүүгдэгч Б.Доржсүрэн, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2018/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Доржсүрэн, Л.Баасандорж нарт холбогдох 1717000030023 дугаартай 2 хавтас 275 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Доржсүрэн болон түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар нарын давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Доржсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Өл” гэх газар иргэн Л.Баасандоржтой маргалдан түүний хэвлий тус газар /дэвссэн/ өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан.

            Шүүгдэгч Л.Баасандорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Өл” гэх газар иргэн Б.Доржсүрэнтэй маргалдан түүний зүүн хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Сартуул овогт Баасанхүүгийн Доржсүрэнг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигин овогт Лимбийн Баасандоржийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доржсүрэнг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баасандоржийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Доржсүрэнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баасандоржид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доржсүрэнд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баасандорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Доржсүрэн, Л.Баасандорж нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн баруун энгэр ханцуй хэсэгт урагдалтай цэнхэр судал бүхий шоон хээтэй цамц 1 ширхэгийг, 1 хос түрийтэй хуучирч муудсан хар өнгийн хромон гутлыг, цээжин дээрээ “Nike air” гэсэн бичиглэл бүхий баруун мөр, зах, энгэр, зүүн мөр хэсэгт урагдалтай цэнхэр өнгийн футболк 1 ширхэгийг, 1 хос хүрэн өнгийн сандаалыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Баасандоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Доржсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Доржсүрэнгийн өмгөөлөгч С.Төмөрбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо: МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч С.Төмөрбаатар би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат Б.Доржсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүмбэр сумын 5-р багийн нутаг дэвсгэр “Өл” гэх газар Л.Баасандоржтой муудалцан, хэвлий болон нуруун тус газар нь  өшиглөж улмаар түүний биед хүнд хохирол учруулсан  гэм буруутай гэж Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018/ШЦТ/06 тоот шийтгэх тогтоолоор түүнд Монгол Улсын ЭХТА-н 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, ЭХЕА-н 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 7.1-р зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Доржсүрэнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 49 тоот шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар тогтоож ЭХЕА-н 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Доржсүрэнд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч ЭХХШТХ-ийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдлыг дараахь үндэслэлээр гаргаж байна. Үүнд:

1. Өмгөөлөгч С.Төмөрбаатар би Б.Доржсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөх Сүмбэр сумын 5-р багийн нутаг дэвсгэр “Өл” гэх газар Л.Баасандоржтой муудалцан, хэвлий болон нуруун тус газар нь  өшиглөж улмаар түүний биед хүнд хохирол учруулсан үйлдсэн гэм буруутай гэж Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018/ШЦТ/06 тоот шийтгэх тогтоолоор түүнд Монгол Улсын ЭХТА-н 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг ЭХЕА-н 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэртэй маргахгүй, миний үйлчүүлэгч Б.Доржсүрэн ч дээрхи үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, сум дундын анхан шатны шүүхээс гаргасан шийдвэртэй маргахгүй байгаа болно.

2. Харин  Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018/ШЦТ/06 тоот шийтгэх тогтоолоор түүнд Монгол Улсын ЭХТА-н 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар ЭХЕА-н 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 7.1-р зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Доржсүрэнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 49 тоот шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар тогтоож ЭХЕА-н 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Доржсүрэнд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  Шүүгдэгч Б.Доржсүрэнд 2002 онд батлагдан мөрдөгдөж байсан ЭХТА-н 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 49 тоот шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэрээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан уг ялыг  2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг гаргасан байдаг бөгөөд 2015 онд батлагдсан ЭХЕА-н 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг журамлан Б.Доржсүрэнд 2002 оны ЭХЕА-ийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар “Ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримлан ял оногдуулна. Ингэж шийдвэрлэхдээ өмнөх шүүхийн шитгэх тогтоолоор Б.Доржсүрэнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас хагас эдэлсэн ялаар, өөрөөр хэлбэл 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдэлсэнд тооцож өгнө үү хэмээн гомдол гаргаж байна. Учир нь Б.Доржсүрэн 3-14 насны 4 хүүхэдтэй, өндөр настай эцэг Баасанхүүгийн хамт амьдардаг бөгөөд аав нь одоо малаа ганцаараа маллаж байгаа, түүнээс гадна эрүүл мэндийн хувьд эмчийн байнгын хяналтанд байдаг зэрэг ар гэрийн гачигдалтай байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан өмнөх ялыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хөнгөрүүлэн зүйлчилж, сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна гэжээ.  

Ялтан Б.Доржсүрэн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болох давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Б.Доржсүрэн би иргэн Л.Баасандоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг өшиглөж биед нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч түүнтэй эвлэрсэнээр сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018/ШЦТ/06 тоот шийтгэх тогтоолоор надад 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэнд би ямар нэг байдлаар маргахгүй, энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хохирогч Л.Баасандоржид 5 сая төгрөгийн төлбөр төлж барагдуулсан. Харин шүүхээс надад 2016.08.05-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл миний эрх зүйн байдлыг дордуулсан заалтыг хэрэглэсэнд гомдолтой байна.

Иймд ЭХЕА-н 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнө нь надад 2002 оны ЭХТА-н 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, улмаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан шийдвэрийг гаргасан сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 49 тоот шийтгэх тогтоолоор надад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас хагасыг буюу 1 жил 6 сарын хорих ялыг эдэлсэн ялд оруулан тооцож хөнгөрүүлж өгнө үү. Өөрөөр хэлбэл 2002 оны ЭХЕА-н 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар хөнгөрүүлж өгнө үү. Учир нь миний ар гэрийн амьдрал хүнд, би 3-14 насны 4 хүүхэдтэй, мөн өндөр настай эцэг Баасанхүүгийн  биеийн байдал муу байгаа, байнгын эмчийн хяналтанд байдаг, одоо тэрээр ганцаараа хөхөө өвлийн хүйтэнд малаа маллаж амьдарч байгаа зэрэг байдлыг харгалзан үзнэ үү.

Мөн би 2016.08.05-ны өдөр сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхээр 3 жилийн хугацаагаар хорих ял авч, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан шийдвэр гаргах үед миний цагдан хорих байранд хоригдож байсан 4 сарын хугацаагаар цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээний 120 хоногийг эдэлсэн ялд оруулан тооцож байсан. Түүнээс гадна дээрх шийдвэр гарсан өдрөөс хойш би 2 жилийн тэнсэн харгалзсан хугацаа 2016.08.05-наас 2017.07.11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 10 сар 25 хоног ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Мөн эдгээр хугацааг миний эдэлсэн ялд оруулан тооцож өгнө үү гэжээ. 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзсэн болно.

         Шүүгдэгч Б.Доржсүрэн, Л.Баасандорж нар нь бусадтай нийлэн архидан согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хоорондоо маргалдаж улмаар Б.Доржсүрэн нь Л.Баасандоржийн хэвлий тус газар өшиглөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол, Л.Баасандорж нь Б.Доржсүрэнгийн зүүн хөл рүү өшиглөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт хууль журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл нь зөв, тэдэнд оногдуулсан ял шийтгэл нь тохирсон байна.

        Гэхдээ шүүгдэгч Б.Доржсүрэнгийн урьд нь буюу 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг эрүүгийн хуулийн /2002/ 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож шийдвэрлэснийг нэгтгэхдээ шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн /2015/ 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг журамлан нэгтгэсэн нь, мөн ингэж урьдах шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүгдийг нэмж нэгтгэхдээ тухайн тогтоолоор ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэсэн цагдан хоригдсон 4 сарыг нийт эдлэх ялаас хасч тооцолгүй орхигдуулсан нь тус тус шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан алдаа болжээ гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

       Учир нь эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсгийг 2002 оны эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 61 дүгээр зүйлийн 61.3 дах хэсэгтэй харьцуулан үзвэл хуучин хууль буюу 2002 оны эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 –д заасан  “... заримыг нэмж...” нэгтгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Харин эсрэгээрээ шинэ хуулийн хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах заалтаар эдлээгүй үлдсэн ялыг “Бүгдийг нь” нэмж нэгтгэх нь эрх зүйн байдлыг дордуулж байх тул эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар “...эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2-т зааснаар “Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэсэн заалтыг зөрчсөн алдаа байна гэж үзлээ.

        Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, ял хөнгөрүүлж өгөхийг хүссэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Б.Доржсүрэнд урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас цагдан хоригдсон 4 сарыг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлээгүй үлдсэн 2 жил 8 сарын хорих ялын заримыг болох 1 жил 6 сарыг нэмж нэгтгэн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2018/ШЦТ/06 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дах заалтыг дор дурьдсанаар өөрчилсүгэй.

  Эрүүгийн хуулийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.3, 58 дугаар зүйлийн 58.1–д зааснаар шүүгдэгч Б.Доржсүрэнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр өмнөх буюу Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн  2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн  49 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан  3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сарын хорих ялын заримыг буюу 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  3 жил 6  сарын хугацаагаар тогтоосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дах заалтанд “5 жил” гэснийг “3 жил 6 сар”  гэж өөрчилсүгэй.

3.  Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.