Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2016/0034/з |
Дугаар | 221/МА2017/0896 |
Огноо | 2017-12-21 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2017/0896
Ц.П-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.П-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/49 дугаар “Ц.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэгч Ц.П-г урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6557603 /зургаан сая таван зуун тавин долоон мянга зургаан зуун гурав/ төгрөгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж Ц.П-д олгож, Ц.П-ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Б/49 дүгээр тушаалд заагдсан Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах, малын гоц халдварт мялзан төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчлийг нэхэмжлэгч Ц.П гаргасан эсэх, энэ нь ямар нотлох баримтаар тогтоогдсон зэрэг хэрэгт чухал ач холбогдол бүхий нөхцөл байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчиж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй. Нэхэмжлэгч Ц.П-ийн ажлын байрны үндсэн зорилт 1-т “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, харьяа байгууллагуудын үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах”, 4-т “Мал эмнэлэг, үржлийн ажлын нэгжийн үйл ажиллагааг чанаржуулж, малын элдэв төрлийн өвчний гаралт, тархалтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх”-ээр тусгасан. Нэхэмжлэгч Ц.П нь аймгийн хэмжээний хүнс, хөдөө аж ахуйн асуудал бодлогын мэргэжилтнээр Ховд аймагт дэгдсэн малын гоц халдварт мялзан төст өвчинтэй тэмцэх, тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ч бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байдаг. Энэ нь бог малын гоц халдварт мялзан төст өвчинтэй тэмцэх чиглэлээр нэг ч бодлогын шийдвэр, албан бичгийн төсөл боловсруулаагүй байдлаар батлагдана. Тодруулбал, бог малын гоц халдварт мялзан төст өвчинтэй тэмцэх чиглэлээр Ховд аймгийн Засаг даргаас 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны хооронд 1 сарын хугацаанд А/418, А/419, А/442, А/443, А/444, А/446, А/449, А/466 зэрэг захирамжууд гарган хорио цээр тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, шуурхай ажлын хэсэг байгуулж, малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд шаардлагатай хөрөнгө гаргах зэрэг бодлогын асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Дээрх хугацаанд бог малын гоц халдварт мялзан төст өвчинтэй тэмцэх чиглэлээр Ховд аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч нараас удаа дараагийн албан бичгээр Хүнс, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудтай харилцсан байдаг. Нэхэмжлэгч Ц.П нь дээрх бодлогын шийдвэр, албан бичгийн төслийг боловсруулаагүй нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан Засаг даргын захирамж боловсруулах үүргээ хэрэгжүүлээгүй нь нотлогдоно. Бодлогын мэргэжилтнээс бодлогын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах талаар ямар бодлогын ажил хийсэн гэдгийг л шаарддаг. Ийм учир шалтгааны улмаас Улсын онцгой комиссоос томилогдсон Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр, Улсын мал эмнэлэг, үржлийн газрын хэлтсийн дарга Б.Цолмон, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга н.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын 2016 оны 09 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдийн өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо тухайн үеийн ажил хариуцсан албан тушаалтнуудын албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийг даалгасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.П-ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна .
Нэхэмжлэгч нь “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал,
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах, малын гоц халдварт мялзан төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр хууль тогтоомж, аймгийн Засаг даргын удаа дараагийн захирамж, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэл баримтлан нэхэмжлэгч Ц.П-г Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар “төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хариуцагч дээрх тушаалыг гаргах болсон үндэслэлээ “Ц.П нь ажлын байрны тодорхойлолтод “мал, эмнэлэг, үржлийн ажлыг чанаржуулж, малын элдэв төрлийн өвчний тархалт, гаралтыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу Засаг даргыг төрийн төлөөлөгчийн үүргээ хэрэгжүүлэхэд бодлогын зөвлөгөө, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлээгүй, мэдээллээр хангаагүй, Улсын Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг малын гоц халдварт мялзан төст өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх албан ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүрэг өгсөн” гэж тайлбарласан.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 26.1.1. “сануулах”, 26.1.2. “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 26.1.3. “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж зааснаар сахилгын шийтгэл ногдуулахад төрийн албан хаагчийн гаргасан зөрчил тодорхой нотлогдсон байхыг шаардана.
Гэтэл хариуцагч нь Ц.П-д “албан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулахдаа улсын хил хязгаараас үл хамааран богино хугацаанд тархаж, хүн, мал, амьтны эрүүл мэндэд хохирол учруулж, худалдаа, эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлөх өвчинд хамаардаг бог малын мялзан төст өвчнөөс /манай улсад анх удаа оношлогдсон/ урьдчилан сэргийлэх, тэмцэх бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай /Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5/ нийцээгүй гэж үзнэ.
Түүнчлэн, Ховд аймагт бог малын мялзан төст өвчин оношлогдсоноос хойш Ховд аймгийн Засаг даргаас 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/418, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/443, “Зарим сумдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/444 дүгээр захирамжууд гарсаны дагуу тус өвчинтэй тэмцэх талаар бодлогын шийдвэр, албан бичгийн төслийг боловсруулаагүй гэж буруутгасан нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл дээд шатны албан тушаалтнаас ямар үүрэг, даалгавар өгснийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй болох нь тодорхойгүй байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Ийнхүү Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл бий болоогүй байхад Улсын Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг малын гоц халдварт мялзан төст өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх албан ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүрэг өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчид төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасан нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн баталгаагаа эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын тухайд гомдол гаргаагүй тул дүгнэлт өгөх шаардлагагүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН