Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 916

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-, Ц.Ж-, Д.Н-

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 2 сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00368 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Б-, Ц.Ж-, Д.Н- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Н-” ХХК-д холбогдох

 

Ажлаас халагдсаны тэтгэмж, ээлжийн амралтын олговор, ажилласан хугацааны цалин Ц.Б-ид нийт 11 270 047 төгрөг, Ц.Ж-д нийт 9 171 698 төгрөг, Д.Н-ид нийт 7 037 735 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар 2018 оны 11 сарын 01-ний өдөр тус компанид ажилд орсон. 2019 оны 10 сарын 01-ний өдөр “Н-” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хувьцааг 100 хувь “Монгол алт” ХХК-д шилжүүлэн, худалдан авч цаашид ажлын байраар хангах боломжгүй гэсэн үндэслэлээр захиргааны санаачилгаар нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн. Үүнээс хойш 2019 оны 10 сарын 11-ний өдөр хүртэл 10 хоног ажилласан цалингаа авах гэхээр одоо хүртэл өгөөгүй. Мөн нэхэмжлэгч нар ажилд орохоосоо өмнө бүгд өөр газар ажиллаж байсан ба гэнэт халагдахгүй байх баталгаа авч халсан тохиолдолд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно гэсэн заалтыг хөдөлмөрийн гэрээнд оруулсан байдаг. 2019 оны 10 сарын 10-ны өдөр “Н-” ХХК-ийн захирлын тушаал гарч эдгээр гурван хүнийг ажлаас нь халсан. Халахдаа тухайн компанийн 100 хувийн хувьцаа “Монгол алт” ХХК-д шилжсэн учраас ажлын байраар хангах боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа хувьцаа шилжээгүй учраас тушаал хүчингүй гэсэн байдаг. Нэхэмжлэгч нар буцаж ажилдаа орлоо гэхэд дахин ажлаас халах болно. Тийм учраас нэхэмжлэгч нар зөвхөн амралтын мөнгө, тэтгэмж болон ажилласан хугацааны цалингаа гаргуулах хүсэлттэй байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын үндэслэх хэсэгт 2019 оны 10 сарын 01-ний өдрийн тогтоолоор тус компанийн хувьцааг 100 хувь “Монгол алт” ХХК эзэмших шийдвэр гарч цаашид ажлын байраар хангах боломжгүй болсон тул гэж дурдсан байх боловч тус өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хувь эзэмшлийн талаар хэлэлцсэнээс бус дээр дурдсан нөхцөл байдлын талаар шийдвэрлээгүй бөгөөд компанийн хувь эзэмшлийн хэмжээ өөрчлөгдөөгүй болно. Нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.15-д ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 6 сар буюу түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан ..., 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн ..., 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон ..., 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ..., 42 дугаар зүйлийн 42.2-т бөөнөөр халах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээгээр тохирч тогтооно ...” гэж зааснаас аль ч нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгч нар нь цэргийн жинхэнэ албанд татагдаагүй, аж ахуй нэгж татан буугдаж, орон тоо хасагдаж, тоог цөөрүүлээгүй, мэргэжил, ур чадвар, эрүүл мэндээр тэнцэхгүй болохыг тогтоосон актгүй, тэтгэвэр авах эрх нь үүсээгүй, бөөнөөр халах нөхцөл байдал бий болоогүй зэрэг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон тэтгэмж авах эрх үүсээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт зааснаар “Н-” ХХК-иас 11 270 047.17 төгрөг гаргуулж Ц.Б-ид, 9 171 698.11 төгрөг гаргуулж Ц.Ж-д, 7 037 735.85 төгрөг гаргуулж Д.Н-ид тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484 522.4 /195 270.75+161 697.17+127 553.77/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н-” ХХК-иас 484 522 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Н-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Алтангадастай байгуулсан хөдөлмөрийн гэрээг компанийн ТУЗ-өөс 2019 оны 10 сарын 01-ний өдөр цуцлах болохыг мэдэгдсэн бөгөөд тус өдөр Ц.Алтангадас нь нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан байдаг. Нэхэмжлэгч нарт компанийн зүгээс хувьцаа эзэмшигч компаниудад ижил төрлийн боломж нөхцөлтэй ажлын байрыг санал болгосон боловч хүлээн аваагүй бөгөөд компанийн санхүүгийн нөхцөл байдал, үйл ажиллагааны тогтвортой бус байдал зэргийг мэдсээр байж үгсэн тохиролцож, хохирол учруулах гэсэн ноцтой үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.15-д ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3, 42.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 6 сар буюу түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд хэргийн бодит нөхцөл байдалд гэрээний дээрх заалтад туссанчлан нэхэмжлэгч нар нь цэргийн жинхэнэ албанд татагдаагүй, аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдаж, орон тоо хасагдаж, тоог цөөрүүлээгүй, мэргэжил, ур чадвар, эрүүл мэндээр тэнцэхгүй болохыг тогтоосон актгүй, тэтгэвэр авах эрх нь үүсээгүй, бөөнөөр халах нөхцөл байдал бий болоогүй байхад шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Н-” ХХК-ийн захирлын 7, 8, 9 тоот тушаалууд нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангаагүй, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад нийцээгүй гэж дүгнэсэн атлаа 07, 08, 09 тоот тушаалуудын үндэслэл агуулгаас үзэхэд тухайн ажлын байр байхгүй болсон 2019 оны 10 сарын 01-ний өдрийн тогтоолоор тус компанийн 100 хувийн хувьцааг “Монгол алт” ХХК эзэмших шийдвэр гарсан талаар тушаалд тусгасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д заасан үндэслэл үүссэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулаагүй, хуульд нийцээгүй тушаалд үндэслэн дүгнэсэн. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие мэдрэлийн гаралтай бүслүүрт үлд гэх өвчнөөр өвчилж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэдгээ шүүгч, шүүгчийн туслахад холбогдох эмнэлгийн магадлагаа хүсэлтийг хүргүүлсэн боловч хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломж олголгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн болно. Иймд хэрэг маргааныг бүхэлд нь хянаж холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б-, Ц.Ж-, Д.Н- нар нь хариуцагч “Н-” ХХК-д холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмж, ээлжийн амралтын олговор, ажилласан хугацааны цалин Ц.Б-ид нийт 11 270 047 төгрөг, Ц.Ж-д нийт 9 171 698 төгрөг, Д.Н-ид нийт 7 037 735 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2018 оны 11 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, хариуцагч “Н-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын мөн өдрийн 03, 04, 05 тоот тушаалаар нэхэмжлэгч Ц.Б- нь ерөнхий инженерийн, нэхэмжлэгч Ц.Ж- нь засвар ашиглалтын инженерийн, нэхэмжлэгч Д.Н- нь оффис менежерийн албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 сарын 11-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажилд томилох тухай тушаал болон ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 7, 21, 30, 16-19, 25-28, 33-36-р тал/

 

Хариуцагч “Н-” ХХК нь нэхэмжлэгч Ц.Б-, Ц.Ж-, Д.Н- нарыг ажлаас чөлөөлсөн тушаалдаа компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор тус компанийн 100 хувийн хувьцааг “Монголын-Алт” (МАК) ХХК эзэмших шийдвэр гарч цаашид ажлын байраар хангах боломжгүй болсон гэх үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримталжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг заасан бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ямар тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар зохицуулсан байна.

 

Дээрх тушаалын үндэслэл, агуулгыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлд хамааруулан, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч “Н-” ХХК нь хувьцаагаа өөр компанид шилжүүлж, нэхэмжлэгч нарыг ажлын байраар хангах боломжгүй болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзалдаа 2019 оны 10 сарын 01-ний өдрийн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хувь эзэмшлийн талаар хэлэлцсэнээс бус компанийн хувьцааг өөр компанид шилжүүлж, нэхэмжлэгч нарыг ажлын байраар хангах боломжгүй гэх асуудлыг хэлэлцээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарт тэтгэмж авах эрх үүсээгүй гэх боловч энэхүү тайлбар нь талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үгүйсгэхгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагч талын гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж зааснаас гадна талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.15-д “Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3, 42.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 6 сар буюу түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан байх тул нэхэмжлэгч нар нь ажлаас халагдсаны тэтгэмжийг хариуцагч “Н-” ХХК-иас шаардах эрхтэй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Ц.Б-, Ц.Ж-, Д.Н- нар нь 2019 оны 10 сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд хариуцагч “Н-” ХХК нь 10 дугаар сард ажилласан ажлын 9 хоногийн цалинг нэхэмжлэгч нарт олгосон баримтгүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдээгүй байх тул энэ хугацааны цалинг мөн шаардах эрхтэй болно.

 

Харин анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 55, 79 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарт ээлжийн амралтын олговор болон урамшуулал авах эрх үүсээгүй байхад ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно” гэж, 55.2 дах хэсэгт “Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно” гэж,

мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна” гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч нарын хувьд ээлжийн амралтыг биеэр эдэлсэн, эсвэл ажил олгогч ажилтнуудын ээлжийн амралтыг эдлүүлээгүй, үүнтэй холбоотой мөнгөн урамшуулал олгох талаар ажил олгогчийн шийдвэр гарсан гэх талаар баримт хэрэгт авагдаагүй тул ээлжийн амралтын олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаарх баримт, хүсэлтийг шүүгч, шүүгчийн туслахад хүргүүлсэн боловч хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй” гэх боловч анхан шатны шүүх талуудад шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдэж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан байна. Энэ хугацаанд өөрийгөө төлөөлүүлэн өөр этгээд оролцуулах боломжтой байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэхүү гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00368 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н-” ХХК-иас 9 583 726 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-ид, 7 666 981 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ж-д, 6 389 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-ид тус тус олгож, нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 686 321 төгрөг, нэхэмжлэгч Ц.Ж-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 504 717 төгрөг, нэхэмжлэгч Д.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 648 585 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484 522.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н-” ХХК-иас 168 290 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-ид, 137 621 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ж-д, 117 176 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-ид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484 522 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

                                                                 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ         

                                               

                                         ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА

           

                                                                                                            Г.ДАВААДОРЖ