Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00368

 


2020 оны 02 сарын 07 өдөр Дугаар183/ШШ2020/00368 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ........ тоотод оршин суух, Б /РД:........../,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, .........тоотод оршин суух, Ж  /РД:............/,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ........... тоотод оршин суух, Н  /РД:............../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, ................ давхарт байрлах, На  ХХК /РД:6367879/-д холбогдох

 

хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон тэтгэмж, ээлжийн амралтын мөнгө болох Ц.Бид 11,270,047.17 төгрөг, Ц.Ж д 9,171,698.11 төгрөг, Д.Н ид 7,037,735.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нар 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус компанид ажилд орсон. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр На  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хувьцааг 100 хувь М ХХК-д шилжүүлэн, худалдан авч цаашид ажлын байраар хангах боломжгүй гэсэн үндэслэлээр захиргааны санаачилгаар нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн. Үүнээс хойш 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 10 хоног ажилласан цалингаа авах гэхээр одоо хүртэл өгөөгүй. Мөн нэхэмжлэгч нар ажилд орохоосоо өмнө бүгдээрээ өөр газар ажиллаж байсан ба гэнэт халагдахгүй байх баталгаа авч халсан тохиолдолд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно гэсэн заалтыг хөдөлмөрийн гэрээндээ оруулж өгсөн байдаг. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр На  ХХК-ийн захирлын тушаал гарч эдгээр гурван хүнийг ажлаас нь халсан. Халахдаа тухайн компанийн 100 хувийн хувьцаа МА  ХХК-д шилжсэн учраас ажлын байраар хангах боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Хариуцагч шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа бол хувьцаа шилжээгүй тушаал хүчингүй гэсэн. Тэгэхээр энэ гурван хүнийг буцаж ажилдаа орлоо гэхэд дахин ажлаас халах болно. Тийм учраас нэхэмжлэгч нар зөвхөн амралтын мөнгө, тэтгэмж болон ажилласан хугацааны цалингаа гаргуулах хүсэлттэй байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд 2 сарын тэтгэмж өгөх ёстой. Ажлаас халснаас хойш өнөөдөр хүртэл 4 сарын хугацаа өнгөрлөө. Нэхэмжлэгч нарт 6 сарын тэтгэмж өгөхөд На  ХХК-д хохиролгүй байх, тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. На  ХХК-ийн гүйцэтгэх захирлын №8 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт ... 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор тус компанийн хувьцааг 100 хувь М ХХК эзэмших шийдвэр гарч цаашид ажлын байраар хангах боломжгүй болсон тул... гэж дурдсан байх боловч тус өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн хувь эзэмшлийн талаар хэлэлцсэнээс бус дээр дурдсан нөхцөл байдлын талаар шийдвэрлээгүй бөгөөд компанийн хувь эзэмшлийн хэмжээ өөрчлөгдөөгүй болно. 2.Нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.15-д ... ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3, 42.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 6 сар буюу түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно... гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн ... 37.1.6 ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан..., ...40.1.1 аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн..., ...40.1.2 ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон..., ...40.1.3 ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн..., ...42.2 Бөөнөөр халах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээгээр тохирч тогтооно... гэж зааснаас аль ч нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгч нар нь цэргийн жинхэнэ албанд татагдаагүй, аж ахуй нэгж татан буугдаж, орон тоо хасагдаж, тоог цөөрүүлээгүй, мэргэжил, ур чадвар, эрүүл мэндээр тэнцэхгүй болохыг тогтоосон актгүй, тэтгэвэр авах эрх нь үүсээгүй, бөөнөөр халах нөхцөл байдал бий болоогүй зэрэг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон тэтгэмж авах эрх үүсээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Ц.Б, Ц.Ж , Д.Н  нарын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нар хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон тэтгэмж, ээлжийн амралтын мөнгө гаргуулахыг хүссэн бөгөөд Ц.Бид 11,270,047.17 төгрөг, Ц.Ж д 9,171,698.11 төгрөг, Д.Н ид 7,037,735.85 төгрөгийг тус тус олгохыг шаардсан, харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ ...Хөдөлмөрийн тухай хуульд заасан тэтгэмж авах эрх үүсээгүй гэж тайлбарлажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд На  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 03 тоот тушаалаар тус компанид Ц.Бийг 2018.11.01-ний өдрөөс эхлэн ерөнхий инженерийн ажилд, 04 тоот тушаалаар Ц.Ж г 2018.11.01-ний өдрөөс эхлэн засвар, ашиглалтын инженерийн ажилд, 05 тоот тушаалаар Н-г 2018.11.01-ний өдрөөс эхлэн оффис менежерийн ажилд тус тус томилж, нэр бүхий нэхэмжлэгч нартай 2018.11.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг тус тус хугацаагүй байгуулсан байна.

 

Хөдөлмөрийн гэрээний 1.6-д зааснаар дээрх ажил, албан тушаалууд нь байнгын ажлын байр гэж тусгасан, мөн гэрээний 2.15-д зааснаар ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3, 42.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 6 сар буюу түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох үүргийг хүлээсэн байна.

 

На  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.10.01-ний өдрийн тогтоолоор тус компанийн 100 хувийн хувьцааг Ма ХХК эзэмших шийдвэр гарч цаашид ажлын байраар хангах боломжгүй болсон гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2-т заасныг үндэслэн Ц.Б, Ц.Ж , Д.Н  нарыг 2019.10.11-ний өдрөөс тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд нэр бүхий нэхэмжлэгч нар ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсээгүй, зөвхөн ажлаас халагдсаны тэтгэмж болон ээлжийн амралтын мөнгө олгохыг шаарджээ.

 

Нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн гэх На  ХХК-ийн захирлын 07, 08, 09 тоот тушаалуудын үндэслэл, агуулгаас үзэхэд тухайн албан тушаалуудын байр байхгүй болсон, На  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.10.01-ний өдрийн тогтоолоор тус компанийн 100 хувийн хувьцааг Ма ХХК эзэмших шийдвэр гарсан талаар тушаалд тусгасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д заасан үндэслэл үүссэн гэж шүүх дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно, 40.5-д зааснаар ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.

Хариуцагч хариу тайлбартаа гаргасан тушаалынхаа үндэслэлийг үгүйсгэсэн байх боловч На  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.10.01-ний өдрийн тогтоолыг шүүхэд ирүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд мэдэгдээгүй байна.

На  ХХК-ийн захирлын 07, 08, 09 тоот тушаалууд нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангаагүй, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт тодорхойгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад нийцээгүй боловч нэхэмжлэгч нарын шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно, 55 дугаар зүйлийн 55.1-д ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно, 55.2-т ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно гэж тус тус заажээ.

Иймд ажилтнуудын нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээний 2.15 дахь заалтын дагуу нэхэмжлэгч нарын гаргасан тооцоолол үндэслэлтэй байх тул Ц.Бид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 9,000,000 /6х1,500,000/ төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1,686,320.75 төгрөг, тушаал гарах хүртэл ажилласан 9 өдрийн цалин болох 583,726.42 төгрөг буюу нийт 11,270,047.17 төгрөгийг, Ц.Ж д тэтгэмж буюу 7,200,000 /6х1,200,000/ төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1,504,716.98 төгрөг, тушаал гарах хүртэл ажилласан 9 өдрийн цалин 466,981.13 төгрөг буюу нийт 9,171,698.11 төгрөгийг, Д.Н ид тэтгэмж 6,000,000 /6х1,000,000/ төгрөг, ээлжийн амралтын мөнгө 648,584.91 төгрөг, тушаал гарах хүртэл ажилласан 9 өдрийн цалин болох 389,150.94 төгрөг буюу нийт 7,037,735.85 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт зааснаар На  ХХК-иас 11,270,047,17 төгрөг гаргуулж Ц.Бид, 9,171,698.11 төгрөгийг гаргуулж Ц.Ж д, 7,037,735.85 төгрөгийг гаргуулж Д.Н ид тус тус олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484,522 4/195,270.75+161,697.17+127,553.77/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч На  ХХК-иас 484,522 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ