Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 915

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 2 сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/00418 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х-” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэг дуусгавар болж, өр төлбөргүй болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт төлсөн 80 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Ч.М-ын хамтаар 2014 оны 7 сарын 08-ны өдөр “Т-” ХХК-иас “Тоёота ланд крьюзер 200” маркийн автомашиныг 174 000 000 төгрөгөөр худалдан авах зорилгоор Х-наас автомашины үнэ 174 000 000 төгрөгийг, жилийн 21 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлсэн. Өнгөрсөн хугацаанд хүүгийн биеийн байдал болон зах зээлийн хямралаас болж 4 сарын зээл, түүний хүүг төлж чадаагүй бөгөөд энэ талаар удаа дараа Х-инд мэдэгдэж байсан. Гэтэл Х- нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 2016 оны 7 сарын 08-ны өдөр миний худалдан авсан автомашиныг хураан авсан. Ингэснээр банктай байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон. Иймд банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу банкинд өр төлбөргүй болохыг тогтоож, зээл, түүний хүүд төлсөн 80 000 000 төгрөгийг буцаан гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б- нь “Т-” ХХК-иас “Тоёота ланд крьюзер 200” маркийн автомашиныг худалдан авах зорилгоор Х-наас 174 000 000 төгрөгийг, жилийн 21 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Д.Б- нь зээлийг эргэн төлөх хугацааг зөрчсөн талаар, мөн зээл төлөх мэдэгдлийг удаа дараа мэдэгдсэн. Ингээд Х- нь “Бодь даатгал” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу Д.Б-гийн зээл, түүний хүүг бүрэн төлүүлж авсан. Зээлийн гэрээний шаардах эрхийг “Бодь даатгал” ХХК нь шилжүүлж авсан. Иймд нэхэмжлэгч Д.Б-гийн зээлийн гэрээний дагуу Х-инд өр төлбөргүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага болон зээл, түүний хүүд төлсөн 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 236 дугаар зүйлийн 236.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2-д заасныг баримтлан 2014 оны 7 сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ийн дагуу нэхэмжлэгч Д.Б-гийн үүрэг дуусгавар болж, нэхэмжлэгч Д.Б- нь дээрх гэрээний дагуу хариуцагч “Х-” ХХК-д өр төлбөргүй болохыг тогтоож, хариуцагч “Х-” ХХК-иас 27 693 280 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52 306 720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Болортуяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Х-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 324 366 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Зээлдэгч нар нь зээл авснаасаа хойш эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчдөг байсан бөгөөд зээлээ хугацаандаа төлж байх талаар зээлийн ажилтнууд холбогдох уулзалтуудыг хийж байсан бөгөөд зээл төлөх мэдэгдлийг удаа дараа зээлдэгч нарт өгч байсан боловч зээлийг хэвийн ангилалд оруулаагүй, зээлийн төлбөрийг тасалдуулж, зээл эргэн төлөх хуваарийг зөрчдөг байсан. Тээврийн хэрэгслийг Д.Б- нь “Т- финанс ББСБ” ХХК-иас уг худалдан авч улмаар тухайн зээлийг “Т- финанс ББСБ” ХХК-тай төлбөр тасалдлын даатгалын гэрээ байгуулж улмаар 2016 оны 4 сарын 11-ний өдрийн тус гэрээний нэмэлт гэрээгээр “Х-” ХХК-тай тээврийн хэрэгслийн барьцаат зээлийг даатгуулсан. Тус гэрээний дагуу зээлдэгч Д.Б-гийн зээлийн хугацаа хэтэрч 2016 оны 2 сарын 18-ны өдрөөс “Бодь даатгал” ХХК-иас зээлийн хугацаа хэтрэлтийн төлбөрийг даатгалаас төлж, 2019 оны 2 сарын 28-ны өдөр Д.Б-гийн зээлийг бүрэн төлж, барагдуулж дээрх төлбөр тасалдлын гэрээний дагуу банк зээлийн гэрээний шаардах эрхийг “Бодь даатгал” ХХК-д шилжүүлж, зээлийг хаасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно. Анхан шатны шүүхийн шийдвэрт зээлдэгч Д.Б- нь барьцаат зээлийн гэрээний дагуу 2016 оны 7 сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 27 693 280 төгрөг, хүүгийн төлбөрт 48 220 784.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 95 484,82 төгрөг, нийт 76 009 549.98 төгрөгийг төлсөн бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 80 000 000 төгрөг гэж нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх үндсэн зээлд 174 000 000 төгрөг, түүний хүүд 48 220 784 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 95 484 төгрөг, нийт 222 316 268 төгрөг төлөхөөс үндсэн зээлд 27 693 280 төгрөг, зээлийн хүүд 48 220 784 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 95 484 төгрөг, мөн фидуцийн гэрээний зүйл болох 174 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг шилжүүлэн өгсөн нийт 250 009 548 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзнэ. Мөн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу Д.Б- нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн атлаа зээлийн төлбөрт төлсөн 27 693 280 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл зээлийг ашигласан хугацаанд авсан зээлийг буцаан төлөх, гэрээнд заасан бол хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хуулийн зохицуулалттай. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан үндсэн хүү гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ гэж тайлбарласан. Энэхүү тайлбараас үзэхэд зээлдэгч нь уг зээлийг ашигласан хугацааны үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хууль зүйн ойлголт юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нь зээлийг ашигласан хугацааны хуү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж хуулийг хэрэглэсэн атлаа энэ хугацаанд буюу зээлийг ашигласан хугацаанд төлсөн үндсэн зээлийг буцаан гаргуулж байгаа нь хуульд нийцээгүй Иргэний хууль болон бусад хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч Д.Б- нь “Х-” ХХК-д өр төлбөргүй   болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч Д.Б-, Ч.М-, “Есөн солонго” ХХК, “Х-” ХХК нарын хооронд 2014 оны 7 сарын 08-ны өдөр барьцаат зээлийн гэрээний дагуу түүний зээлийн үлдэгдэл төлбөрийн “Бодь даатгал” ХХК нөхөн төлсөн бөгөөд “Х-” ХХК-ийн хувьд нэхэмжлэгч Д.Б-гаас ямар нэгэн зээлийн төлбөр нэхэмжлээгүй, энэхүү гэрээний үүрэг дуусгавар болсон, ямар нэгэн байдлаар зээл төлүүлээгүй, зээлийн төлбөр шаардаагүй байхад шүүх энэхуү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.  Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар “... эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсѳн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл” гэж хуульчилсан байна. Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн хуульд заасан эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн тохиолдолд уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулж байгаа хэлбэр. Энэхүү нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч Д.Б-гийн ямар эрх зөрчигдсөн хариуцагч “Х-” ХХК нь тус зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш нэхэмжлэгч Д.Б-гаас зээлийн төлбөрийг нэхэмжлээгүй, шаардаагүй энэ талаар хэргийн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байхад шүүх нэхэмжлэгч өр төлбөргүй болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Мөн 2014 оны 7 сарын 08-ны өдөр барьцаат зээлийн гэрээг нэг талаас “Х-” ХХК, нөгөө талаас зээлдэгч Д.Б-, Ч.М-, “Есөн солонго” ХХК нар байгуулсан бөгөөд нэхэмжлэгч Д.Б- нь Ч.М-, “Есөн солонго” ХХК нараас уг гэрээтэй холбоотой   шаардлага гаргах зөвшөөрөл болон итгэмжлэл аваагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлиин 65.1.5-д заасан үндэслэл байгаа болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “Х-” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг дуусгавар болж, өр төлбөргүй болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт төлсөн 80 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 7 сарын 08-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Х-” ХХК нь 174 000 000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, “Тоёота ланд крьюзер 200” маркийн автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч Д.Б- нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч “Х-” ХХК нь 2014 оны 7 сарын 09-ний өдөр 174 000 000 төгрөгийг зээлдэгч Д.Б-, Ч.М- нарын хамтран эзэмшдэг дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 10-11, 14-17-р тал/

 

Мөн өдөр талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулж, зээлдэгч нарын өмчлөлийн 23-89 УБВ улсын дугаартай “Тоёота ланд крьюзер 200” маркийн автомашиныг хариуцагч “Х-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /хх-ийн 13-р тал/

 

            Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан агуулгад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ зааж буй хариуцагч “Х-” ХХК-ийн зүгээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж автомашиныг хураан авч, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх нөхцөл байдал зохигчдын тайлбар, зээлийн тооцоолол зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээний хугацаа 2019 оны 7 сарын 10-ны өдөр дуусах байсан боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2016 оны 7 сарын 08-ны өдөр хариуцагч “Х-” ХХК нь фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг бодитойгоор гаргуулан авчээ. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болох учиртай.

 

Хариуцагч “Х-” ХХК нь 2016 оны 7 сарын 08-ны өдөр зээлийн гэрээнээс татгалзаж, фидуцийн гэрээний зүйл болох 174 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг шилжүүлэн авснаар уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн хүлээсэн үүрэг дуусгавар болсон тул анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

 

Зээлдэгч Д.Б-, Ч.М- нар нь 2014 оны 8 сарын 13-ны өдрөөс 2015 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 27 693 280 төгрөг, зээлийн хүүд 48 220 784 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 95 485 төгрөг, нийт 76 009 549 төгрөгийг хариуцагч “Х-” ХХК-д төлсөн болох нь зохигчдын тайлбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт зэргээр тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч нар зээлийн үүрэгт мөнгөн хөрөнгөөр нийт 76 009 549 төгрөг, фидуцийн гэрээний дагуу 174 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг шилжүүлсэн байна. /хх-ийн 14-17, 126-р тал/

Хариуцагч “Х-” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан эрхээ хэрэгжүүлж, гэрээ дуусгавар болжээ.

 

Талууд фидуцийн гэрээнд фидуцийн зүйл болох автомашиныг үүрэг гүйцэтгэгч ашиглах эрхтэй байхаар заасан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2 дах хэсэгт заасантай нийцсэн, уг автомашины үнэ цэнэ гэрээ байгуулагдсан үеэс хойш буурсанд нэхэмжлэгч буруутай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Зээлдэгч Д.Б-, Ч.М- нарт гэрээ цуцлагдсан 2016 оны 7 сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 174 000 000 төгрөг, зээлийн хүүд 48 220 784 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 95 484 төгрөг, нийт 222 316 268 төгрөг төлөх үүрэг үүссэн байна. Уг үүргээс үндсэн зээлд 27 693 280 төгрөг, зээлийн хүүд 48 220 784 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 95 484 төгрөг төлж, нийт 76 009 549 төгрөг, фидуцийн гэрээний дагуу 174 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг шилжүүлсэн байна. /хх-ийн 126-р тал/

 

Иймд нэхэмжлэгч Д.Б-г хариуцагч “Х-” ХХК-д өр төлбөргүй болохыг тогтоож, зээлдэгч нарын нийт гүйцэтгэсэн үүрэг болох 250 009 548 төгрөгөөс гүйцэтгэвэл зохих үүрэг болох 222 316 268 төгрөгийг хасаж, үлдэх 27 693 280 төгрөгийг хариуцагч “Х-” ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч Д.Б-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, буруутгах үндэслэлгүй болно.  

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх ашигласан хугацааны зээлийг гаргуулсан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч Д.Б- нь хамтран зээлдэгч “Есөн солонго” ХХК, Ч.М- нараас итгэмжлэл аваагүй гэх боловч анхан шатны шүүх зээлдэгчийн зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааг гэрээ цуцлагдсан 2016 оны 7 сарын 08-ны өдрийг хүртэл тодорхойлсон нь үндэслэлтай байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.4 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нь ч үүрэгтэй холбоотой хариу шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй тул хамртан зээлдэгч нарын төлөөлөлтэй холбоотой хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагч татгалзалдаа “нэхэмжлэгч Д.Б- нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул 2016 оны 7 сарын 08-ны өдөр эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/-ийн гэрээний дагуу автомашиныг хураан авсан. Түүний зээлийг “Бодь даатгал” ХХК даатгалаас бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ. Хариуцагчийн уг татгалзал нь түүнийг нэхэмжлэгчээс үндэслэлгүй илүү авсан мөнгөн хөрөнгийг буцаан өгөх үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасан, мөн нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/00418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын “... Д.Болортуяа ...” гэснийг “Д.Б-” гэж, “... 1 324 366 төгрөг ...” гэснийг “296 416 төгрөг” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 417 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ         

                                               

                                         ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА

           

                                                                                                            Г.ДАВААДОРЖ