Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 499

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч

Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмидийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Бат-Отгон

Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар

Гуравдагч этгээд: “Ард кредит” ББСБ

Нэхэмжлэлийн шаардлага: “Ард кредит” ББСБ ба Д.Бат-Отгон нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан БГ/209 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн Y-2205054667 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гандолгор, 3-дагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, өмгөөлөгч М.Гэрэлт-од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгч Д.Бат-Отгон 2016 оны 03 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Шинэ өнгө төрх” ХХК нь “Ард кредит” ББСБ-с 34000 ам долларыг 360 хоногт 36 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлж зээлийн гэрээ байгуулан, энэ өдөр зээлийн барьцааны гэрээнд Д.Бат-Отгон нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2205054667 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо үйлдвэрийн төвийн бүс, хороолол Энгельс гудамж, 6 дугаар байр 85 тоот 39.55 м2 талбайтай нэг өрөө орон сууцыг барьцаалан зээлийн барьцааны гэрээ байгуулж 279 дугаартай барьцаалбар үйлдсэн байна. барьцааны гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан барьцаагаар хангагдах үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх бол төлбөр гүйцэтгэх хугацаа, давтамж, хэмжээ эсхүл тэдгээрийг тодорхойлох журмыг барьцааны гэрээнд тусгах, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэгч бүртгэсэн байх тул хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчсөн гэрээг бүртгэсэн тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус юм. “Ард кредит” ББСБ ба Д.Бат-Отгон нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан БГ/209 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн Y-2205054667 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гандолгор 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-т “барьцаагаар хангагдах үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх бол төлбөр гүйцэтгэх хугацаа, давтамж, хэмжээ, эсхүл тэдгээрийг тодорхойлох журам” гэж заасныг тус гэж үзэж байгааг “зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг нотлох баримтаар хувийн хэрэгт хавсаргасан байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хууль ёсны дагуу хийсэн гэж үзэж байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан мэдүүлэг буцаах үндэслэл байхгүй бөгөөд бүртгэх боломжтой гэж үзсэн учир тус бүртгэлийг хийсэн. Мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг буцаах үндэслэл байхгүй байсан. Тухайн этгээд өөрөө хүсэлтээ гаргаж мэдүүлгээ өгөөд материалаа хүлээлгэн өгөх цонхоор өгсөн. Тийм болохоор тус бүртгэлийг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.

Гурав. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Шинэ өнгө төрх” ХХК-ийн захирал Д.Бат-Оюуны дүү Д.Бат-Отгоны орон сууцыг барьцаалж зээл олгох зөвшөөрсөн. 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр БГ/209 дүгээр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн гэрээ, барьцаалбар худалдаж уг зээлийн олгосон. Зээлийн гэрээг хийхдээ Шинэ өнгө төрх” ХХК-ийн захирал Д.Бат-Оюу барьцаалуулагч Д.Бат-Отгон нар өөрийн биеэр ирж зээлийн гэрээ болон барьцааны гэрээтэй танилцаж гарын үсэг зураад нотариатаар баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн газар очиж баталгаажуулж бүртгүүлсэн. “Шинэ өнгө төрх” ХХК-ийн хүсэлтийг судалж үзээд захирал Д.Бат-Отгоны орон сууцыг зээлийн барьцаалбар үйлдэж зээлийг олгосон. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээнд эргэн төлөлтийн хуваарь байгаа гэж тайлбарлаад байгаа. Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ бол хоорондоо салшгүй холбоотой бөгөөд бие биенийхээ зүйл заалтыг нөхдөг. Барьцааны гэрээ байхгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгэгдэхгүй байсан. Тийм учраа зээлийн гэрээ барьцааны гэрээний салшгүй хэсэг. Зээлийн гэрээнд нэхэмжлэгчийн байхгүй гээд байгаа зүйл заалт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зээл төлөх давтамж нь тусгагдсан байгаа. Тийм учраас барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэв.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гандолгор 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбараа хүргүүлсэн байгаа. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-т “барьцаагаар хангагдах үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх бол төлбөр гүйцэтгэх хугацаа, давтамж, хэмжээ, эсхүл тэдгээрийг тодорхойлох журам” гэж заасныг тус гэж үзэж байгааг “зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг нотлох баримтаар хувийн хэрэгт хавсаргасан байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хууль ёсны дагуу хийсэн гэж үзэж байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан мэдүүлэг буцаах үндэслэл байхгүй бөгөөд бүртгэх боломжтой гэж үзсэн учир тус бүртгэлийг хийсэн. Мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг буцаах үндэслэл байхгүй байсан. Тухайн этгээд өөрөө хүсэлтээ гаргаж мэдүүлгээ өгөөд материалаа хүлээлгэн өгөх цонхоор өгсөн. Тийм болохоор тус бүртгэлийг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэв. 

Тав. 3-дагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бат-Отгон нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “Шинэ өнгө төрөх” ХХК 34 мянган долларын зээл авах хүсэлт гаргасан. Зээл авах хүсэлт гаргасны дагуу судалж үзээд “Шинэ өнгө төрх” ХХК-ийн захирал Д.Бат-Оюуны дүү Д.Бат-Отгоны орон сууцыг барьцаалж зээл олгох зөвшөөрсөн. 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр БГ/209 дүгээр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн гэрээ, барьцаалбар худалдаж уг зээлийн олгосон. Зээлийн гэрээг хийхдээ Шинэ өнгө төрх” ХХК-ийн захирал Д.Бат-Оюу барьцаалуулагч Д.Бат-Отгон нар өөрийн биеэр ирж зээлийн гэрээ болон барьцааны гэрээтэй танилцаж гарын үсэг зураад нотариатаар баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн газар очиж баталгаажуулж бүртгүүлсэн. “Шинэ өнгө төрх” ХХК-ийн хүсэлтийг судалж үзээд захирал Д.Бат-Отгоны орон сууцыг зээлийн барьцаалбар үйлдэж зээлийг олгосон. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээнд эргэн төлөлтийн хуваарь байгаа гэж тайлбарлаад байгаа. Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ бол хоорондоо салшгүй холбоотой бөгөөд бие биенийхээ зүйл заалтыг нөхдөг. Барьцааны гэрээ байхгүй бол үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгэгдэхгүй байсан. Тийм учраа зээлийн гэрээ барьцааны гэрээний салшгүй хэсэг. Зээлийн гэрээнд нэхэмжлэгчийн байхгүй гээд байгаа зүйл заалт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зээл төлөх давтамж нь тусгагдсан байгаа. Тийм учраас барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэв.

3-дагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Бат-Отгоны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадралын гаргасан нэхэмжлэлийн агуулга Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь заалтыг зөрчсөн байгаа тул гэсэн үндэслэлээр улсын бүртгэлийн байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Өмнө иргэний шүүхэд “Ард кредит” ББСБ-ыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргахад иргэний хэргийн гурван шатны шүүхээр тухайн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болж байгаа Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-т “барьцаагаар хангагдах үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх бол төлбөр гүйцэтгэх хугацаа, давтамж, хэмжээ, эсхүл тэдгээрийг тодорхойлох журам” гэж заасан байгаа. Зээл олгох үндэслэл бүрдээд зээлийн гэрээ байгуулагдсан огноо бол 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгаа. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ бол нэг үйл ажиллагаа зохицуулсан харилцан бие биенээ зохицуулсан гэрээ байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь заалтын нөхцөлийг тодорхой журамласан зохицуулалт байгаа гэж үзэж байна. Зөвхөн барьцааны гэрээнд тухай эд хөрөнгийн байршил, талбай гэх мэт зүйлсийг дурдсан байгаа Зээлийн гэрээний хавсралт-1-д эргэн төлөлтийн хуваарь байгаа. Хариу тайлбараа барьцааны гэрээнд бүх зүйлийн тусгасан гэдгийг дурдсан байгаа. БГ/209 дүгээр барьцааны гэрээ холбогдох шаардлагыг бүрэн хангаж байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. БГ/209 болон ЗГ/279 дүгээр зээлийн гэрээ өөр хоорондоо тодорхой зүйлүүд дээр ишлэл авч нэг нь нөгөө гэрээний салшгүй хэсэг болохыг тодорхой дурдсан болно. Барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д Энэхүү гэрээгээр ББСБ болон зээлдэг “Шинэ өнгө төрх” ХХК нарын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ЗГ/279 дүгээртэй Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч биелүүлээгүй тохиолдолд барьцаалуулагч нь энэхүү гэрээний 3.1-д заасан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр ББСС-ын шаардлагыг хангана”, мөн уг гэрээний 2.2-т “Барьцаагаар хангагдах шаардлагад зээлийн гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний дагуу олгогдсон зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, барьцаа хөрөнгийг худалдан борлуулахад гарсан зардал, барьцааны зүйлийг арчлах хамгаалахад гарсан зардал, уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор төлсөн татвар, хураамж төлбөр, улсын тэмдэгтийн хураамж, нөхөн төлүүлэх шүүхийн зардал болон ББСБ-д учирсан хохирол хамаарна” Барьцаагаар хангагдах шаардлагын үнэ буюу төлбөрийн хэмжээг Зээлийн гэрээний хавсралтаар тодорхойлно”, 2.3-т “Барьцааны гэрээний хугацаа нь Зээлийн гэрээний хугацаагаар тодорхойлогдоно”, мөн уг гэрээний 8.4-т “ ...Энэхүү гэрээ нь Зээлийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд зээлдэгч зээлийн гэрээгээ хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл төлүүлэхтэй холбогдон гарсан бусад зардлуудыг бүрэн төлж барагдуулсан ББСБ барьцаа хөрөнгийн чөлөөлснөөр дуусгавар болно”, 8.5-т “Зээлийн гэрээ болон энэхүү гэрээний хооронд зөрүүтэй зүйл гарвал Зээлийн гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн зүйл заалтуудыг Барьцааны гэрээ өөртөө агуулж байгаа. Үүгээр барьцаалуулагч нь өөртөө ямар ямар эрх үүрэг, хариуцлага ногдож байгааг бүрэн мэдэж байж уг гэрээнд гарын үсэг зурсан нь харагдаж байна. Мөн Барьцааны гэрээний 3.1-д “уг барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүнг 34000 ам.доллар гэж тодорхой зааж өгсөн талуудын хооронд байгуулсан 279 дүгээр Барьцаалбарын холбогдох хэсэгт нэмэлт үүргийн хэмжээг тодорхой тусгаж өгсөн байгаа. Иймд дээр дурдсан БГ/209 дүгээр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь агуулга, хэлбэрийн хувьд хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, тодорхой харилцааг журамласан, хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ хэлцэл, гэж үзэж байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллага бүртгэлээ хийсэн. Зээлдэгч нь “Шинэ өнгө төрх” ХХК байгаа. “Шинэ өнгө төрх” ХХК-ийн захирал нь Д.Бат-Оюу гэж хүн байгаа. Нэхэмжлэл гаргаад байгаа этгээд бол Д.Бат-Оюуны төрсөн дүү юм. Барьцааны гэрээнд Д.Бат-Отгон өөрөө гарын үсэг зурсан. Барьцааны гэрээг өөрөө нотариатаар батлуулаад бүртгэлийн байгууллагад мэдүүлгээ гаргасан. Иймд гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийн оролцогчид “Ард кредит” ББСБ ба Д.Бат-Отгон нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан БГ/209 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн Y-2205054667 дугаарт бүртгэсэн бүртгэлийн хууль зүйн үндэслэл дээр маргадаг. Шүүх доорхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Шинэ өнгө төрх” ХХК нь “Ард кредит” ББСБ-с 34000 ам долларыг 360 хоногт 36 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлж зээлийн гэрээ байгуулан, энэ өдөр зээлийн барьцааны гэрээнд Д.Бат-Отгон нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y-2205054667 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 3 дугаар хороо үйлдвэрийн төвийн бүс, хороолол Энгельс гудамж, 6 дугаар байр 85 тоот 39.55 м2 талбайтай нэг өрөө орон сууцыг барьцаалан зээлийн барьцааны гэрээ байгуулж 279 дугаартай барьцаалбар үйлдсэн байна. 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Шинэ өнгө төрх” ХХК, “Ард кредит” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээ, Д.Бат-Отгоны “Ард кредит” ББСБ-тай хийсэн зээлийн барьцааны гэрээг хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх боломжгүй гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/шш2016/00176 дугаар шийдвэрээр дүгнэжээ. Энэ шийдвэрийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 445 дугаар магадлал, 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн МУ-ын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/2016/00457 дугаар тогтоолоор хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон Д.Бат-Отгон, “Ард кредит” ББСБ-н хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хийгдсэн болон хүчин төгөлдөр эсэх үйл баримтыг дахин үнэлэхгүй. 

Харин нэхэмжлэгч дээрхи барьцааны гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан барьцаагаар хангагдах үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх бол төлбөр гүйцэтгэх хугацаа, давтамж, хэмжээ эсхүл тэдгээрийг тодорхойлох журмыг барьцааны гэрээнд тусгах, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэгч бүртгэсэн байх тул хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчсөн гэрээг бүртгэсэн тул хүчин төгөлдөр бус байна гэж тайлбарлаж байна.     Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан “баттай нотлох баримт байхгүй” гэж бүртгүүлэхдээ бүртгэлийн байгууллагад хандсан мэдүүлэг гаргаж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохоо батлах ба энэ хуульд заасан баримтуудыг мэдүүлэгт хавсаргаагүй байхыг хэлнэ гэжээ. Дээрх хуулийн заалтаас үзвэл Д.Бат-Отгон нь 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бүртгэлийн газарт барьцааны гэрээг бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа орлогын мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар /Бат-Оюун, Д.Бат-Отгон/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ зэргийг хавсаргасан байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Бүртгэлийн байгууллага Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан мэдүүлэг болон түүнд хавсаргасан баримтыг хүлээн авсны дараа мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүд илрээгүй тул бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Нэхэмжлэгч Д.Бат-Отгон болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал нарт шүүх хуралдааны зарыг хуульд заасан хугацаа, журмаар мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй. Хариуцагч шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д зааснаар нэхэмжлэгчийг байхгүйд хэргийг хянан шийдвэрлэж, урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай адилтган үзлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106. 3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бат-Отгоны нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулж гаргасан “Ард кредит” ББСБ ба Д.Бат-Отгон нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан БГ/209 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн Y-2205054667 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ЧАНЦАЛНЯМ