Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0607

 

Иргэн Д.Бат-Отгоны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.Гэрэлт-Од нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 499 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Д.Бат-Отгоны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Бат-Отгоны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Ард кредит” ББСБ ба Д.Бат-Отгон нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан БГ/209 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн Ү-2205054667 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 499 дүгээр шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бат-Отгоны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулж гаргасан “...“Ард кредит” ББСБ ба Д.Бат-Отгон нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан БГ/209 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн Ү-2205054667 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй богож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал давж заалдах гомдолдоо: “...Д.Бат-Отгоны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 499 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дор дурдсан үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэгдүгээрт, нэхэмжлэгч нь “Ард кредит” ББСБ-тай 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан БГ/209 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн Ү-2205054667 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14, 15 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмыг тогтоосон байх бөгөөд энэ журам нь манай нэхэмжлэлд хамааралгүй юм. Мөн хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах журмыг тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч уг журмыг нэхэмжлэлийн үндэслэл болгоогүй тул мөн манай нэхэмжлэлд хамааралгүй байна. “Ард кредит” ББСБ-тай 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан БГ/209 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д зааснаар заавал тусгагдах ёстой “барьцаагаар хангагдах үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх бол төлбөр гүйцэтгэх хугацаа, давтамж, хэмжээ эсхүл тэдгээрийг тодорхойлох журам” тусгагдаагүй. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д заасан нөхцлийг барьцааны гэрээний агуулгад тусгахаар уг хуульд заасан байхад  шүүх зээлийн гэрээний хавсралтыг барьцааны гэрээний агуулгад хамаарах юм шиг, барьцааны гэрээний нэг хэсэг юм шиг тооцож, уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5 дахь заалтыг буруугаар тайлбарласан.

Хоёрдугаарт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйл нь “Гэрээг бүртгүүлэх” гэсэн гарчигтай ба уг 12 дугаар зүйлийн 12.1-д “гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж заасан. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиас гадна Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг баримтлах ёстой билээ. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “энэ хуулийн 11 дүгээр зүйл болон улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно” гэж заасан тул хууль тогтоогч уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгээрээ барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх нэмэлт журмыг тогтоосон, өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд бүртгүүлэх журмын нэг хэсэг нь уг хуулийн 12.2 дахь хэсэг байхаар хуульчилсан гэж ойлгоно. Иймд уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчсөн” гэдэгт дээрх 12.2 дахь хэсгийг зөрчсөн тохиолдлыг хамааруулж ойлгох ёстой. Ийд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримтын ... талаар ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, нэхэмжлэлд дурдаж буй үйл баримтын талаар шүүхийн шийдвэр байгаа эсэхийг шалгахаас гадна тухайн маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа эсэхийг шалгаж тогтоосон байх ёстой.

          Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үйл баримт болох “Ард кредит” ББСБ ба Д.Бат-Отгон нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан БГ/209 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэх журам зөрчсөн эсэх асуудлыг иргэний хэргийн шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх үүнд дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг зөрчжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д “барьцаагаар хангагдах үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх бол төлбөр гүйцэтгэх хугацаа, давтамж, хэмжээ, эсхүл тэдгээрийг тодорхойлох журам”-ыг барьцааны гэрээнд тусгана гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн байх тул тус барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус...” гэх үндэслэлээр  ““Ард кредит” ББСБ ба Д.Бат-Отгон нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан БГ/209 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн Ү-2205054667 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргажээ.  

Харин иргэн Д.Бат-Отгон нь дээрх нэхэмжлэлийн шаардлагатай адил үндэслэлээр “Ард Кредит” ББСБ-д холбогдуулан “Ард кредит” ББСБ ба Д.Бат-Отгон нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан БГ/209 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргаснаар иргэний хэргийн шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий тус нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ улсын бүртгэлийн журам зөрчигдсөн эсэх талаар дүгнэж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/00176 дугаар шийдвэрээр “...Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 445 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2016/00457 дугаар тогтоолоор “...Барьцааны гэрээг улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмыг зөрчиж бүртгүүлсэн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бус байхаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан ... үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээ хуульд заасан журмыг зөрчиж бүртгүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэр, магадлал, тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч нь шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй, шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй юм.

             Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэн Д.Бат-Отгоны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Д.Бат-Отгоны ““Ард кредит” ББСБ ба Д.Бат-Отгон нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан БГ/209 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн Ү-2205054667 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0499 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар иргэн Д.Бат-Отгоны нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох ““Ард кредит” ББСБ ба Д.Бат-Отгон нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан БГ/209 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн Ү-2205054667 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ