Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0631

 

Б.Ц нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ц нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.3, 27.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/80 дугаар захирамжийн Б.Ц холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлага, мэргэжилтэнүүд, сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нар гадаад, дотоодод томилолтоор ажиллах, үр дүнг тайлагнах журмын 4.1-д “Эрх бүхий албан тушаалтны томилолтгүй албан ажлаар Улаанбаатар хот, өөр аймаг, сум руу явах, урьдчилан мэдэгдэж хариу авахгүй хувийн ажлаар зорчихыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Б.Ц нь сонсох ажиллагаа хийх үед болон шүүхийн шатанд сумын мод бэлтгэлийн ажлыг газар дээр нь очиж танилцан зохицуулахаар 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сумаас 40 км-ын зайтай явсан гэх боловч энэ талаараа ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй тул шүүх нотлох баримт хангалтгүй байхад шийдвэр гаргасан байна. Сонсох ажиллагаа явуулахаар томилогдсон аймгийн Онцгой байдлын орлогч дарга Н.Чанцал нь 4 дүгээр сарын 26-ны өдөр сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг Хэнтий аймгийн төрийн байгууллага хоорондын албан бичиг дамжуулах цахим шуудангаар хүргүүлсэн, мөн энэ талаараа шүүх хурал дээр мэдүүлсэн тул дээрх хуулийн заалтыг хангасан байна. Мөн 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Б.Ц утсаар холбогдож сонсох ажиллагаа эхлэхийн өмнө дахин мэдэгдлийг хүргүүлж тодорхой хугацаа өнгөрсөний дараа сонсох ажиллагааг утсаар явуулахад  Б.Ц нь “2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сумын нутаг дэвсгэрт мод бэлтгэх газрыг сонгох ажлаар хөдөө явсан, бэлэн байдлын үзлэгийн ажлыг цалгардуулсан зүйлгүй тул сахилгын шийтгэл ногдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэснээс өөрөөр тайлбараа нотлох баримт хүргүүлэх талаар дурдаагүй тул түүний тайлбарыг шалгаж нягтлаагүй, тухайн өдөр эзгүй байсан шалтгааныг нь тогтоолгүй сахилгын шийтгэл ногдуулсан гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна .

Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/80 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 27, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.8, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлага мэргэжилтнүүд, сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нар гадаад, дотоодод томилолтоор ажиллах удирдамж, үр дүнг тайлагнах журмын 4.1, 4.7 дахь заалтыг тус тус баримтлан “Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэгт өөрийн хариуцсан сум орон нутгийн тусгай мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллагын ой хээрийн түймэртэй тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, уг арга хэмжээнд өөрийн биеэр оролцож чадахгүй болсныг урьдчилан мэдэгдээгүй” гэх үндэслэлээр нэр бүхий сумдын Засаг нарын албан тушаалын цалинг 1 сарын 10 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулжээ. 

Нэхэмжлэгч Б.Ц нь дээрх захирамжийн Жаргалтхаан сумын Засаг даргад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу  хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа түүнийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эзгүй байсан шалтгаан нөхцлийг шалгаж тогтоогоогүй нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Б.Ц-той утсаар холбогдож, Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэгт ажлын байрандаа байхгүй байсан шалтгааныг асууж тодруулахад нэхэмжлэгчээс “тус өдөр мод бэлтгэх ажил хийгдэх болсон тул Засаг даргын орлогч, Тамгын газрын даргад ажил хариуцахыг үүрэг болгоод явсан” гэх тайлбар гаргасан байхад нэхэмжлэгчид энэ талаар нотлох баримт гаргах, тайлбар хийх боломж олголгүйгээр мөн өдрөө сахилгын шийтгэл ногдуулах захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчсөн талаар шүүх зөв дүгнэлт хийжээ.

          Анхан шатны шүүх хариуцагчийг захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаандаа баримтлах Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн зарчмуудыг зөрчсөн гэж буруутгаж байгаа энэ тохиолдолд зөрчилтэй холбоотой баримтыг цуглуулах шаардлагагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “нэхэмжлэгчээс зөрчилтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй, шүүх нотлох баримтыг хангалтгүй байхад шийдвэр гаргасан” гэх гомдол үндэслэлгүй. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Д.БАТБААТАР

                                          ШҮҮГЧ                                        Э.ЗОРИГТБААТАР

                                           ШҮҮГЧ                                        О.НОМУУЛИН