Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 14

 

2017 оны 7 сарын 17 өдөр       Дугаар 127/ШШ2017/0014                                      Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 127/2017/0010/З

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг дарга Б.Цогт-Оршихын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох 

Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/80 дугаар захирамжийн Б.Цогт-Оршиход холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Цогт-Оршихын өмгөөлөгч Н.Анхбаяр, хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дарханбаатар, Н.Чанцал нар болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цогт-Орших шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргаар ажиллаж байгаа билээ.

Гэтэл Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/80 дугаар захирамжаар сахилгын шийтгэл хүлээсэн болохоо мэдлээ.

...Захирамжийн 1-д “Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэгт өөрийн хариуцсан сум орон нутгийн тусгай мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллагын ой хээрийн түймэртэй тэмцэх бэлтгэл бэлэн байдлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, аймгийн Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэгт өөрийн биеэр оролцож чадахгүй болсныг урьдчилан мэдэгдээгүй...” гэх үндэслэлээр албан тушаалын цалинг 1 сар 10 хувиар хасаж сахилгын шийтгэл ногдуулсныг доорх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Миний бие огт ажил таслаагүй бөгөөд хавар болж уулын цас хайлж, шар усны үерт автахаас өмнө сумын мод бэлтгэлийн ажлыг газар дээр нь очиж танилцан зохицуулахаар 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр сумаас 40 км-ын зайтай явсан байсан. Мөн явахаасаа өмнө сумын Засаг даргын орлогч Б.Чинбатад Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэгт сум орон нутгийн тусгай мэргэжпийн анги, аж ахуй нэгж байгууллагын ой хээрийн түймэртэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг миний эзгүйд удирдлага зохион байгуулалтаар хангаж орлон ажиллах, мөн албаны хүмүүст холбогдох ажиллагааг хангаж ажиллах талаар үүрэг өгөөд явсан болно. Ийнхүү онцгой байдалтай холбоотой ажиллагаа явагдаж, хангалттай гэж дүгнэгдсэн байдаг.

2. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэж байна. 

...Аймгаас 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга Н.Чанцал утсаар яриад 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хаана ямар ажилтай, юу хийж явсан талаар тодруулга авах тухай хэлж, миний бие сум дотор хөдөө багт албан ажлаар явсан талаар тайлбарлаж бэлэн байдлын үзлэгийн бэлтгэлийг сайтар хангуулж ажилласан. Тухайн өдөр хойшлуулшгүй шалтгаанаар хөдөө ууланд мод бэлтгэлийн ажлыг хийлгэхээр газар үзэж явсан, албан ажлаа орхиж ажил цалгардуулсан зүйлгүй, ...төрийн ажлын төлөө цаг наргүй ажиллаж зүтгэж байгаа хүний хувьд сахилгын шийтгэл ногдуулах талаар асуулга хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар хэлж ярилцсан. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 30 минутад мэдэгдэл өгөөд тэр өдрөө захирамж гарган миний өгсөн тайлбарыг нягталж шалгалгүй, шалтгааныг үл харгалзан сахилгын шийтгэл ногдуулсан байсан...

3. Сумын Засаг даргын эзгүй үед түүнийг төлөөлж Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу сум орон нутгийн ажлыг Засаг даргын орлогч удирдан чиглүүлж ажиллах үүрэгтэй албан тушаалтан юм.

4. Б.Цогт-Орших би Хэнтий аймагт Ардчилсан намаас 2016 оны орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан цөөхөн сумдын 1 болох Жаргалтхаан суманд Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд сум орон нутгийнхаа төлөө хоёргүй сэтгэл гарган нойр, хоолоо хасан зүтгэж байгаа билээ. Магадгүй энэ бүхний цаана улс төрийн эрх ашиг, сонирхол байхыг үгүйсгэхгүй гэж бодож байна.

 Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/80 дугаар захирамжийн Б.Цогт-Орших надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Жаргалтхаан сумын Засаг дарга Б.Цогт-Орших нь Ой хээрийн түймэртэй тэмцэх бэлэн байдлын үзлэг хийх ажлын бүрэлдэхүүн суманд очих үед ажил тасалсан зүйл байхгүй, мод бэлтгэлийн ажилтай танилцах, зохицуулах ажлаар хөдөө явсан бөгөөд бэлэн байдлын үзлэгийн үеэр удирдлага зохион байгуулалтыг хангаж ажиллах талаар орлогчдоо болон Тамгын газрын даргадаа үүрэг өгсөн. Энэ байдлыг нь шалгаж тогтоогоогүй атлаа түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. 

Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа “сонсох ажиллагаа”-г хуулийн дагуу явуулаагүй, Б.Цогт-Оршихтой 4 дүгээр сарын 27-ны өдөр утсаар яриад мөн өдрөө сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж гаргасан. 

“Сонсох ажиллагаа” явуулсан тухай хариуцагчийн өгсөн бичиг баримтад нэхэмжлэгч Б.Цогт-Оршихын нэр огт тусгагдаагүй байна. Нэхэмжлэгч Б.Цогт-орших нь ямар хуулийг хэрхэн зөрчсөн болохыг тогтоогоогүй атлаа сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дарханбаатар, Н.Чанцал нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1...аймгийн Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг хийх ажлын удирдамж гарсны дагуу сумдад ажиллах хуваариар 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Жаргалтхаан суманд бэлэн байдлын үзлэг хийхэд сумын Засаг дарга байхгүй байсан бөгөөд тухайн шалгалтад бэлтгэх болон өөрөө эзгүй үед орлох хүнийг томилсон албан бичиг байхгүй, энэ талаараа тухайн үед үзлэгээр очсон хүмүүстэй холбогдож тайлбарлаагүй тул мод бэлтгэлийн ажилтай танилцсан болон сумын Засаг даргын орлогч, холбогдох албан тушаалтанд бэлтгэл ажил хангаж ажилласан гэдэг нь тогтоогдохгүй юм. Тухайн үзлэгээр хангалттай гэж дүгнэгдсэн хэдий ч нийт сумын үзүүлэлттэй харьцуулахад хамгийн бага оноо үзүүлсэн сумын тоонд орсон.

2. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1-д заасны дагуу сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг тухайн үед утсаар мэдэгдсэн тул дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтын дагуу мэдэгдэлд тусгах асуудлыг утсаар танилцуулсан. Энэ хуулийн 25.5, 25.6 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан тул дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Иймд аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/80 дугаар захирамж нь үндэслэлтэй” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дарханбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жаргалтхаан сумын Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжид “ажил тасалсан” гэх үндэслэл дурдагдаагүй. Түүнд сахилгын шийтгэл ногдуулахдаа “Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлага, мэргэжилтнүүд, сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагын дарга нар гадаад, дотоодод томилолтоор ажиллах, үр дүнг тайлагнах журам”-ыг үндэслэсэн. Уг журам нь аймгийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 182 дугаар захирамжаар батлагдсан. Б.Цогт-Орших нь уг журмын 4.1 дэх заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч тухайн үед сумандаа ажиллаж байсан гэдэг боловч үүнийг нотолсон зүйл байхгүй. Сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чанцал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын нэрэмжит”, Ой хээрийн түймэртэй тэмцэх бэлэн байдлын үзлэг хийх ажлын удирдамж 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр батлагдаж, сумдад хүргэгдсэн. Уг үзлэг, шалгалт хийх хуваарийн дагуу ажлын баг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны орой Жаргалтхаан суманд очиж хоноод, өглөө нь ажлаа эхлэхэд тус сумын Засаг дарга Б.Цогт-Орших байгаагүй. Ажлын бүрэлдэхүүнтэй утсаар нэг ч холбогдоогүй, үл хүндэтгэсэн гэж үзэж байна. 

Түймэр унтраах бүрэлдэхүүнд орсон хүмүүсийг цуглуулахад тэд уг бүрэлдэхүүнд томилогдсоноо мэдээгүй, тэдэнд Засаг даргын захирамжийг танилцуулаагүй байсан. 

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг хийсэн тухай ажлын илтгэх хуудсанд 4 сумын Засаг даргад цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулах, 4 сумын Засаг дарга, 1 тосгоны захирагчийг сайшаан урамшуулах санал тавигдсан. 

Аймгийн Засаг дарга 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр А/166 дугаар захирамж гаргаж, нэр бүхий Засаг дарга нарт сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой сонсох ажиллагаа хийх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр манай байгууллагын ажилтан Т.Чулуунбаатар, Р.Батсайхан бид нарыг томилсон. Үүний дагуу Р.Батсайхан бид хоёр 4 дүгээр сарын 27-ны өдөр Жаргалтхаан сумын Засаг дарга Б.Цогт-Оршихтой утсаар холбогдож, сонсох ажиллагааны талаар мэдэгдэхэд “Бэлэн байдлын үзлэгийн үеэр хөдөө мод бэлтгэлийн ажлаар явсан” гэх тайлбар өгсөн. Энэ тухайгаа албан бичиг ирүүлсэн зүйлгүй. 4 сумдын Засаг дарга нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийн төсөл боловсруулаад агентлагын дарга нараас санал авч, аймгийн Засаг даргын Б/80 тоот захирамж гарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан шиг намын харьяалалтай нь холбогдуулсан зүйл байхгүй.

Сонсох ажиллагааны хувьд анх удаа уг ажиллагааг явуулж байгаа тул алдаа дутагдалтай зүйл гарсан байхыг үгүйсгэхгүй” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/80 дугаар захирамжаар тус аймгийн нэр бүхий 4 сумдын Засаг дарга нарт сахилгын шийтгэл ногдуулснаас нэхэмжлэгч Жаргалтхаан сумын Засаг дарга Б.Цогт-Орших нь уг шийдвэрийг эс зөвшөөрч, захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.  

Дээрх маргаан бүхий актад “Аймгийн Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэгт өөрийн хариуцсан сум орон нутгийн тусгай мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын ой хээрийн түймэртэй тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, уг үзлэгт өөрийн биеэр оролцож чадахгүй болсныг урьдчилан мэдэгдээгүй” гэх үндэслэл дурдаж, нэр бүхий 4 сумдын Засаг дарга нарт, түүний дотор нэхэмжлэгч Б.Цогт-Оршиход “албан тушаалын цалинг 1 сар 10 хувиар хасах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт зэргээс үзэхэд, “Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит” Ой хээрийн түймэртэй тэмцэх бэлэн байдлын үзлэг хийх ажлын удирдамж 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр батлагдаж, сумдад хүргэгдсэн; үзлэг, шалгалт хийх хуваарийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Р.Батсайхан, аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газрын Ойн албаны мэргэжилтэн Б.Гүрсүрэн нар Жаргалтхаан суманд ажилласан; энэ үед тус сумын Засаг дарга Б.Цогт-Орших нь байгаагүй бөгөөд бэлэн байдлын үзлэг шалгалтад сумын Засаг даргын орлогч Б.Чинбат, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Цэнгэл нар сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг удирдан зохион байгуулж оролцсон болох нь тогтоогдож байна.  

Хууль тогтоомжид зааснаар, төрийн албан хаагч болон хөдөлмөрийн гэрээ, контрактаар ажиллаж байгаа ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг шийдвэрлэхдээ түүнд шийтгэл ногдуулах болсон үндэслэлийг заавал шалган тогтоох, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргагчид урьдчилан танилцуулах, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангах шаардлага тавигддаг.  

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргыг томилох эрх бүхий, дээд шатных нь албан тушаалтны хувьд нэхэмжлэгч Жаргалтхаан сумын Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч маргаан бүхий Б/80 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан, захиргааны шийдвэр гаргах журмыг баримтлаагүй, “сонсох ажиллагаа”-г хуулийн дагуу явуулаагүй байх бөгөөд энэ тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж шүүх үзэж байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “сонсох ажиллагаа”-г хуулийн дагуу явуулсан гэж тайлбарлаж байгаа ч тэдний шүүхэд ирүүлсэн баримт бичиг, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд, “сонсох ажиллагаа” явуулах итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/166 дугаар захирамжаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Н.Чанцал, Р.Батсайхан нар 4 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Б.Цогт-Оршихтой утсаар холбогдож, сонсох ажиллагааны мэдэгдэл, тэмдэглэл, захиргааны актын дагалдах хяналтын хуудас зэргийг үйлдсэн байх бөгөөд тухайн өдрөө “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” аймгийн Засаг даргын Б/80 дугаар захирамж гарсан нь хуульд нийцэхгүй байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “ Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус зааснаас үзэхэд сонсох ажиллагаа явуулахад тодорхой хугацаа шаардлагатай, уг хугацааг захиргааны байгууллага, албан тушаалтан тогтоож өгсөн байх шаардлагатай байна. Мөн уг хугацааг нэг удаа сунгаж болох тухай заалт Захиргааны ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд тусгагджээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.3 дахь хэсэгт зааснаар “сонсох ажиллагаа”-ны мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан хүргүүлж, уг ажиллагааг хэзээ, хаана, ямар арга хэлбэрээр явуулах тухайгаа мэдээлэх ёстой байхад хариуцагч уг журмыг баримтлаагүй байна. 

Сонсох ажиллагаа явуулахаар томилогдсон, аймгийн Онцгой байдлын орлогч дарга Н.Чанцал нь 4 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Б.Цогт-Оршихтой утсаар холбогдож асуухад, Б.Цогт-Орших нь “2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр сумын нутаг дэвсгэрт, мод бэлтгэх газрыг сонгох ажлаар хөдөө явсан, бэлэн байдлын үзлэгийн ажлыг цалгардуулсан зүйлгүй тул сахилгын шийтгэл ногдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар өгчээ. Гэвч түүний тайлбарыг хариуцагч тал шалгаж нягтлаагүй, тухайн өдөр эзгүй байсан шалтгааныг нь  тогтоолгүй сахилгын шийтгэл ногдуулсан нь   буруу байна.  

Хариуцагч нь Б/80 дугаар захирамждаа, “Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлага, мэргэжилтнүүд, сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагын дарга нар гадаад, дотоодод томилолтоор ажиллах, үр дүнг тайлагнах журам”-ын 4.1, 4.7 дахь заалтыг үндэслэсэн байх бөгөөд уг журмын 4.1-д “Эрх бүхий албан тушаалтны томилолтгүй албан ажлаар Улаанбаатар хот, өөр аймаг, сум руу явах, урьдчилан мэдэгдэж хариу авахгүй хувийн ажлаар зорчихыг хориглоно” гэж заажээ. 

Нэхэмжлэгч Б.Цогт-Оршихийг 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хаана байсан, ямар шалтгаанаар эзгүй байсныг нь шалгаж тогтоогоогүй атлаа дээрх журмын 4.1 дэх заалтыг зөрчсөн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дарханбаатар шүүх хуралдаанд тайлбарласан нь үндэслэлгүй юм.  

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чанцал, “Б.Цогт-Орших нь өөрийн тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй” гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь, сахилгын шийтгэл хүлээлгэх асуудлаар нэхэмжлэгч Б.Цогт-Оршихтой утсаар ярьсан тэр өдрөө сахилгын шийтгэл ногдуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан байх тул нэхэмжлэгчид тайлбар, нотлох баримт ирүүлэх цаг хугацааны боломж олгогдоогүй байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д зааснаар,  захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, уг бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэсэн байна. 

Хариуцагч нь хуульд заасан эдгээр үүргээ хэрэгжүүлэлгүй нэхэмжлэгч Б.Цогт-Оршиход сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргаснаар захиргааны үйл ажиллагаанд баримтлах “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн зарчмууд зөрчигдсөн гэж шүүх үзэв. 

Иймд нэхэмжлэгч Б.Цогт-Оршихын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/80 дугаар захирамжийн Б.Цогт-Оршиход холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.3, 27.3, 27.5 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Цогт-Оршихын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/80 дугаар захирамжийн Б.Цогт-Оршиход холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын ажлын алба-Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Цогт-Оршиход олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

4.  Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.БАЛЖМАА