Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1037

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 3 сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00527 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э-” ХХК-д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Бнар оролцов.

           

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н- нь 2010 оны 3 сарын 15-ны өдөр “Э-” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон, 104 дүгээр байрны 1002 тоотод байрлах 149.35 м.кв талбай бүхий орон сууцыг 90 000 ам.доллараар авахаар харилцан тохиролцсон. “Э-” ХХК-ийн захирал Им жун ү-тэй бичгээр гэрээ байгуулж, түүнд 2010 оны 3 сарын 16-ны өдөр бэлнээр өгч, мөнгө хүлээлцсэн баримт үйлдэн “Э-” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан. Уг гэрээний 3.1-д орон сууцны үнийг төлж барагдуулмагц, гүйцэтгэгч талаас орон сууцны түлхүүрийг гардуулснаар Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхоны 104 дүгээр байр, 1002 тоотын 149.35 м.кв орон сууцны өмчлөх эрх захиалагчид үүсэхээр заасан. Мөн гэрээний 4.7-д “уг гэрээний хавсралт 2-т заасан нийт үнийн дүнг гүйцэтгэгч талын дансанд шилжүүлсэн тохиолдолд гүйцэтгэгч тал захиалагчид үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх эрхийг шилжүүлж өгнө” гэж заасан байгаа боловч өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй. Д.Н- нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авах гэхээр компанийн зүгээс тухайн орон сууцны барилгыг өөр хуулийн этгээдийн өрөнд шилжүүлэх болсон, дахин гэрээ байгуулна, бусдад худалдсан гэх зэрэг тайлбар хийж, “Э-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн гээд олдохгүй байсан зэргээс шалтгаалан орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулж чадаагүй өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд Д.Н- нь дээрх орон сууцыг өөрийн өмчлөлийн хөрөнгө гэдэгт итгэж, гэр бүлийн хамт амьдарсаар ирсэн. “Э-” ХХК нь өөрийн хөрөнгөөр орон сууцыг барьж захиалагчид нийлүүлэх, захиалагч Д.Н- нь тохиролцсон хөлс болох 90 000 ам.долларыг төлөх үүргийг тус тус гэрээгээр хүлээсэн. “Э-” ХХК болон Д.Н- нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарах тул дээрх хуулийн зохицуулалт үйлчлэхээр байна. Иймд Иргэний хуулийн 343.1, 343.3, 112 дугаар зүйлийн 112.1, орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 3.1, 4.7-д зааснаар Д.Н- нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхоны 104 дүгээр байр, 1002 тоот орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Денверийн гудамж, Голден вилл хотхоны 104 дүгээр байр, 1002 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь 104 дүгээр байрны 1002 тоот нь “С-” ХХК-ийн өмч бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Харин Д.Н- нь уг байрыг чөлөөлж өгөхгүй байгаа нь “С-” ХХК-ийн эрх ашгийг хөндөж байгаа билээ. Д.Н- нь 104 дүгээр байрны 1002 тоот байрны төлбөрийг төлөөгүй, өмчлөх эрхгүй болно гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Э-” ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Д.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 359 432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Зохигчид 2010 оны 3 сарын 15-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай нэртэй гэрээ байгуулсан боловч гэрээний агуулгаас үзэхэд талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзнэ, иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргахгүй байгаа болно” гэж дүгнэн талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн атлаа тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлбарлаагүй болно. Иймд тус шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч Д.Н- нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 26-ны өдрийн 703 дугаар шийдвэрийг мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Н-г татан оролцуулаагүй юм. Энэхүү шийдвэр нь өмчлөлийн маргааныг шийдвэрлээгүй, улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг шийдвэрлэсэн. “С-” ХХК-ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж тогтоосон шүүхийн шийдвэр байдаггүй. Д.Н- нь тухайн орон сууцанд 2010 оноос хойш амьдарч, эзэмшиж байсан ч өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлж чадаагүй, “Э-” ХХК нь шилжүүлж өгөхгүй, шалтаг, шалтгаан хэлсээр өдийг хүрсэн бөгөөд уг байр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад  “Э-” ХХК өр төлбөртөө тооцуулж “С-” ХХК-д шилжүүлсэн болохыг шүүхийн шатанд олж мэдсэн болно. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцогддог байна. Уг зохицуулалтын дагуу “С-” ХХК нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэнийг үнэн зөв гэж үзэх ба нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна” гэж дүгнэхдээ нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж, улсын бүртгэл буруу ташаа хийгдсэн болохыг мэдээгүй байхад эсэргүүцэж, гомдол гаргаагүй гэж тайлбарлан тус бүртгэлийг үнэн зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.Н- тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоогдож байж улсын бүртгэлийн байгууллагад хандах, гомдол гаргах боломжтой юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон, 104 дүгээр байрны 1002 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2010 оны 3 сарын 15-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Э-” ХХК нь 149.35 м.кв талбайтай, 90 000 ам.долларын үнэ бүхий орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Д.Н- нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, орон сууцыг хүлээн авахаар тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Д.Н- нь 2010 оны 3 сарын 16-ны өдөр орон сууцны үнэ 90 000 ам.долларыг хариуцагч “Э-” ХХК-д төлсөн болох нь зохигчдын тайлбар, орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, кассын орлогын ордер зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 7-10-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ. Хэдийгээр нэхэмжлэгч Д.Н- нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч Д.Н-гийн гаргасан өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэл болохгүй юм.

 

Учир нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас дүгнэвэл хариуцагч “Э-” ХХК нь маргаан бүхий орон сууцыг барьцаалан “С-” ХХК-иас зээл авч, зээлийн маргааныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2009 оны 12 сарын 28-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан боловч  Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь “С-” ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Улмаар “С-” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна. Тус шүүхийн 2015 оны 10 сарын 26-ны өдрийн 703 дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж, Голден вилл орон сууцны цогцолборын 101-301, 103-303 тоот, 104-201, 104-1002 тоот, 105-104 тоот орон сууцнууд, А-26, В-10, С-26, D-9 дугаартай автомашины зогсоолуудыг “С-” ХХК-ийн өмчлөлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 29-38-р тал/

 

Дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, маргаан бүхий Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон, 104 дүгээр байрны 1002 тоот орон сууц “С-” ХХК-ийн нэр дээр шилжин, 2016 оны 1 сарын 25-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-ийн 61-р тал/

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан байх бөгөөд “С-” ХХК-ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна. 

 

Иймд хариуцагч “Э-” ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Д.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 359 432 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                  Г.ДАВААДОРЖ