Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/00904

 

“ХХБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00301 дугаар шийдвэртэй

“ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “ТТ” ХХК, Д.Н, Ч.С нарт холбогдох зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргийн гүйцэтгэлд 187 059 232 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Ч.С, Д.Наранцацрал нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Оргодол шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.С, Д.Наранцацрал нар тус банктай 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Зээлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 200 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Ч.С, Д.Н нар “Зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож зээлдэгч Ч.Солонгын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202024452 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт /15050/ 15 дугаар хэсэг гудамж, 1566 тоот хаягт байршилтай, 244 м.кв талбайтай хувийн сууц, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт хаягт байрлах, нэгж талбарын 18641323829859 дугаар бүхий 272 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, улсын бүртгэлийн Ү-2204006342 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 44.45 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч үүргээ биелүүлэлгүй гэрээг ноцтой зөрчиж байгаа учир Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээг банкны зүгээс өөрийн санаачилгаар цуцлаж, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 164 299 999 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 22 336 730 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 389 002 төгрөг, нэхэмжлэл гаргасантай холбогдох зардал 33 500 төгрөг, нийт 187 059 232 төгрөгийг Ч.С, Д.Н нараас болон “Баталгааны гэрээ”-ний дагуу “ТТ” ХХК-иас гаргуулж өгнө үү.  Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Наранцацрал, Ч.С нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Н нь Ч.Стой хамтарч ХХБнаас 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 200.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээл авсан үеэс хойш ам.долларын ханш их хэмжээгээр өсөж, бизнесийн үйл ажиллагаанд доголдол гарсан. Улмаар сахарын өвчин маань хүндэрч яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Банзрагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа, харин 187 059 232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/RCC180702003-3 дугаар “Зээлийн гэрээ”-ийг цуцлаж, хариуцагч Ч.С, Д.Н нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 181 571 525 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 487 707 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 1751 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.С, Д.Н нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗБ/RCC180702003-3-3 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний дагуу Ч.Солонгын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт 15 дугаар гудамж, 1566 тоот хаягт байршилтай 244 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Ч.Солонгын эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтад байрлах, нэгж талбарын 18641323829859 дугаартай 272 м.кв газрыг, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗБ-RCC180702003-3-5 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний дагуу Ч.Солонгын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7А дугаар байр, 2 тоот хаягт байршилтай, 44.45 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗБ-RCC180702003-3-7 дугаар “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-ний дагуу Д.Нын өмчлөлийн 31.920.000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан “ХХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ТТ” ХХК-д холбогдох 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн БГ/RCC180702003-3 дугаар “Баталгааны гэрээ”-ний дагуу 187 059 232 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 1 136 175 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 102 217 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.С, Д.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 136 007 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Наранцацрал, Ч.С нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна. Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2019 оны 18-ны өдөр гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсан. Энэ шаардлагад үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй бол гэрээний үүргийг дуусгавар болгох гэрээнээс татгалзах, эсвэл цуцлах агуулгатай байдаг. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдэл өгдөг уг мэдэгдэлд мөн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр шүүхийн бус замаар хангуулах болно гэж заасан байдаг. Энэ нь нэхэмжлэгч үүргээ мэдэгдэл болон шаардлагад заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг дуусгавар болгох хүсэл зоригоо хангалттай тодорхой мэдэгдсэн байсан. Нөгөө талаар нэхэмжлэлдээ "нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ биелүүлээгүй гэрээг ноцтой зөрчсөн” гэж тодорхой дурьдсан байгаа төдийгүй шаардах эрхийн үндэслэлээ гэрээнээс татгалзах зохицуулалт болох Иргэний хуулийн 225 дугаар зүйлээр тодорхойлжээ. Миний хувьд хүнд өвчтэй БНСУ-д эмчлүүлж их мөнгө зарцуулагдаж зээлээ төлөх ямар боломжгүй нөхцөл байдалд байсан тул гэрээний үүргийг дуусгавар болгохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан. Өөрөөр хэлбэл гэрээг хугацаандаа төлж чадахгүй байгаатай холбоотойгоор хугацаа өгөөч гэрээг дуусгавар болгохгүй байх талаар анхаарч өгөөч гэж хүсэлт гаргаагүй нь үнэн. Гэвч шүүх гэрээг цуцлах хугацааг буруу тогтоосон төдийгүй Иргэний хууль хэрэглээний алдаа гаргасан. Нөгөө талаас хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээний хугацаа дууссанаар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 204, 225 дугаар зүйл нь гэрээнээс татгалзах зохицуулалт бөгөөд гэрээнээс татгалзах зохицуулалтыг хэрэглэсэн гэрээг цуцалсан дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ шаардах эрхийн үндэслэлээ болгосон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийг нь шаардах эрхийн үндэслэлийг үндэслэлтэй гэж үзэж байгаа бол гэрээнээс татгалзсан гэж дүгнэх байлаа. Шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийг хэрэглэхдээ үр дагаврыг тодорхойлох шаардах эрхийн зохицуулалт болох Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг хэрэглээгүй болно. Иргэний хуулийн 225 дугаар зүйл нь зөвхөн гэрээнээс татгалзах эрхийг зохицуулсан зохицуулалт болохооос бус субъектив эрхийн нэг төрөл болох шаардах эрхийг тодорхойлсон зохицуулалт биш билээ. Иймээс шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь хэсгийг зөв хэрэглэсэн бол хариуцагчаар хүү болон нэмэгдүүлсэн хүүг гаргуулж шийдвэрлэхгүй байсан.Иймд шүүхийн шийдвэрээс хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн зээлийн хүү 17 086 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 185 193 төгрөг нийт 17 271 526 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

  Нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь хариуцагч “ТТ” ХХК, Ч.С, Д.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 187 059 232 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            “ХХБ” ХХК болон Ч.С, Д.Наранцацрал нар нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/RCC180702003-3 тоот зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 200 000 000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл олгосон байна. Дээрх гэрээний дагуу зээлийн мөнгийг хүлээн авсан асуудлаар талууд маргаагүй байна.

 

Зохигчид мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны ЗБ/RCC180702003-3-3 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Яргайт /15050, 15 хэсэг гудамж 1566 тоот 244 м.кв талбай хувийн орон сууц, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт хаягт байрлах, 272 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7а дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 44.45 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалжээ. /хх.10-47/

 

             “ХХБ” ХХК, “ТТ” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр БГ/RCC180702003-3 тоот Баталгааны гэрээ байгуулсан байна. /хх.47-48/

 

             Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан бөгөөд эдгээр гэрээнүүд нь бичгийн хэлбэрээр байгуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч талаас хариуцагч нарыг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн гэсэн тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд өвчний улмаас яаралтай эмчлүүлэх шаардлага гарсан гэрээ цуцлахыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан байна. Нэхэмжлэгч талаас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 5/5573 тоот, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн мэдэгдлээр хариуцагч нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн байна. /хх.56-57/

 

            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “ХХБ” ХХК хариуцагч нарыг гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээгээ цуцлахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй болно. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан заалттай нийцжээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэж хариуцагчийн төлбөр төлөх хугацааг гэрээний үүрэг зөрчсөн өдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар тооцож үндсэн зээлд 164 299 999 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 17 086 333 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 185 193 төгрөг нийт 181 571 525 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Мөн шүүх зээлийн барьцааны хөрөнгийн талаарх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

            Хариуцагч Д.Н, Ч.С нар давж заалдах гомдолдоо “...Зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй” гэж заасан байгаа боловч Банк, эрх бүхий этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”, зээлийн гэрээний 6.2.3-т “Зээлийн энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаандаа төлөгдөөгүй үндсэн өрд бодогдох нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул анхан шатны шүүх талуудын дээрх тохиролцоог үндэслэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.    

 

             Анхан шатны шүүх Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх ба хариуцагч Ч.С, Д.Н нар  нь үүргээ гүйцэтгэх боломжгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахааргүй нөхцөл байдал тогтоогдоогүй тул  гэж дүгнэн “ТТ” ХХК-аас 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Баталгааны гэрээ”-ний дагуу 187 059 232 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг үндэслэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан заалттай нийцжээ.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00301 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  244 308 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

 

                                             ШҮҮГЧИД                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                       Ц.ИЧИНХОРЛОО