Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2020/00301

 

2020 оны 01 сарын 31 өдөр

                Дугаар 183/ШШ2020/00301

                  Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.С-д холбогдох,

 

Хариуцагч: Д.Н-д холбогдох,

 

Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

 

 Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргийн гүйцэтгэлд 187.059.232 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ........ нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.С-, Д.Н- нар тус банктай 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “Зээлийн гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 200.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Ч.С-, Д.Н- нар “Зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож зээлдэгч Ч.С-ын өмчлөлийн улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэгдсэн, ............. тоот хаягт байршилтай, 244 м.кв талбайтай хувийн сууц, ............. хаягт байрлах, нэгж талбарын ............. дугаар бүхий 272 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэгдсэн, ............. тоот хаягт байршилтай, 44.45 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч үүргээ биелүүлэлгүй гэрээг ноцтой зөрчиж байгаа учир Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээг банкны зүгээс өөрийн санаачилгаар цуцлаж, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 164.299.999 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 22.336.730 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 389.002 төгрөг, нэхэмжлэл гаргасантай холбогдох зардал 33.500 төгрөг, нийт 187.059.232 төгрөгийг Ч.С-, Д.Н- нараас болон “Баталгааны гэрээ”-ний дагуу “Т-” ХХК-иас гаргуулж өгнө үү.  Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Н-, Ч.С- нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Н- нь Ч.С-той хамтарч Х-наас 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 200.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээл авсан үеэс хойш ам.долларын ханш их хэмжээгээр өсөж, бизнесийн үйл ажиллагаанд доголдол гарсан. Улмаар сахарын өвчин маань хүндэрч яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Банзрагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа, харин 187.059.232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,   

ҮНДЭСЛЭХ нь:

 

            “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.С-, Д.Н-, “Т-” ХХК-д холбогдох зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргийн гүйцэтгэлд 187.059.232 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Т-” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Х” ХХК болон Ч.С-, Д.Н- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/RCC180702003-3 дугаар “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “Х” ХХК нь 200.000.000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэгч Ч.С-, Д.Н- нарт зээлдүүлэх, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗБ/RCC180702003-3-3 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр Ч.С-ын өмчлөлийн ............. 15 дугаар гудамж, 1566 тоот хаягт байршилтай 244 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ч.С-ын эзэмшлийн .............ад байрлах, нэгж талбарын ............. нэгж талбарын 272 м.кв газрыг барьцаалсан, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗБ-RCC180702003-3-5 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр Ч.С-ын өмчлөлийн .............. тоот хаягт байршилтай, 44.45 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗБ-RCC180702003-3-7 дугаар “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр Д.Н-ын өмчлөлийн 31.920.000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг “Х” ХХК-д барьцаалсан талаар зохигчид маргаагүй болно.

 

1. Дээрх гэрээний дагуу зээлдүүлэгч “Х” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 200.000.000 төгрөгийг зээлдэгч Ч.С-, Д.Н- нарт шилжүүлсэн, зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс зээл, түүнийг хүүг буцаан төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Зээл, зээлийн хүүгийн тооцоолол, “Х” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 5/5573 дугаар, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Мэдэгдлээр нотлогджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 222 дугаар зүйлийн 222.1.2-т зааснаар зээлдүүлэгч “Х” ХХК-иас зээлдэгч нарт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж өгсөн хэдий боловч энэ хугацаанд үүргээ биелүүлээгүй тул Зээлийн гэрээний 10.2, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлдүүлэгч “Х” ХХК нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй гэж дүгнэв.

 

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан өдрөөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэн, хавтаст хэрэгт авагдсан Зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэсэн баримтыг үндсэн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 164.229.999 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 17.086.333 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 185.193 төгрөг, нийт 181.571.525 төгрөгийг хариуцагч Ч.С-, Д.Н- нараас гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5. 487.707 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Мөн хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн баримтаар “...Ч.С-, Д.Н-, “Т-” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад Х ХХК-д гарсан зардал болох”-ыг нотлохгүй байх тул зардалд 33.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ч.С-, Д.Н- нар үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗБ/RCC180702003-3-3 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний дагуу Ч.С-ын өмчлөлийн ............. 15 дугаар гудамж, 1566 тоот хаягт байршилтай 244 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Ч.С-ын эзэмшлийн .............ад байрлах, ............. нэгж талбартай 272 м.кв газрыг, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗБ-RCC180702003-3-5 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний дагуу Ч.С-ын өмчлөлийн .............. тоот хаягт байршилтай, 44.45 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗБ-RCC180702003-3-7 дугаар “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-ний дагуу Д.Н-ын өмчлөлийн 31.920.000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй юм.  

 

3. “Х” ХХК, “Т-” ХХК-ийн хооронд 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан БГ/RCC180702003-3 дугаар “Баталгааны гэрээ”-ээр баталгаа гаргагч “Т-” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/RCC180702003-3 дугаар “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгч Ч.С-, Д.Н- нар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж чадна гэж зээлдүүлэгч “Х” ХХК-ийн өмнө баталж, гүйцэтгээгүй тохиолдолд уг төлбөрийг төлөхөөр үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан хүчин төгөлдөр Батлан даалтын гэрээ байна.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх ба хариуцагч Ч.С-, Д.Н- нар  нь үүргээ гүйцэтгэх боломжгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахааргүй нөхцөл байдал тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг үндэслэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т-” ХХК-д холбогдох 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан БГ/RCC180702003-3 дугаар “Баталгааны гэрээ”-ний дагуу 187.059.232 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

 

Шүүхээс хариуцагч нарт хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/RCC180702003-3 дугаар “Зээлийн гэрээ”-ийг цуцлаж, хариуцагч Ч.С-, Д.Н- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 181.571.525 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.487.707 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.С-, Д.Н- нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗБ/RCC180702003-3-3 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний дагуу Ч.С-ын өмчлөлийн ............. 15 дугаар гудамж, 1566 тоот хаягт байршилтай 244 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Ч.С-ын эзэмшлийн .............ад байрлах, нэгж талбарын ............. дугаартай 272 м.кв газрыг, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗБ-RCC180702003-3-5 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний дагуу Ч.С-ын өмчлөлийн .............. тоот хаягт байршилтай, 44.45 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ЗБ-RCC180702003-3-7 дугаар “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-ний дагуу Д.Н-ын өмчлөлийн 31.920.000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Т-” ХХК-д холбогдох 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн БГ/RCC180702003-3 дугаар “Баталгааны гэрээ”-ний дагуу 187.059.232 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 1.136.175 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 102.217 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.С-, Д.Н- нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.136.007 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Голомтбанк” ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Ж.СЭМЖИД