Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/00903

 

НП газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00594 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч НП газрын нэхэмжлэлтэй хариуцагч “ҮЧ” ХХК, Ц.Э нарт холбогдох 8 672 866 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч “ҮЧ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэгбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

            Нэхэмжлэгч НП газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нинж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай гэх сумын тусгай хэрэгцээний газраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох боржин чулууг хууль бусаар олборлож, байгаль экологид учруулсан хохирол 8 121 154 төгрөг, нөхөн сэргээлт хийх зардал 551 712 төгрөг нийт 8 672 866 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Дээрх үйлдэлд Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хэргийг НП газрын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 74 дугаар тогтоолоор “ҮЧ” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал болох боржин чулууг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олборлосон болох нь тогтоогдсон боловч энэ хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ц.Э нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаар байгаль экологид учруулсан хохирол 8 121 154 төгрөг, нөхөн сэргээлт хийх зардал 551 712 төгрөг нийт 8 672 866 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс хойш хохирол төлөгдөөгүй байна. Эрүүүгийн 20161900069 дугаартай хэргийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 74 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хохирлын хэмжээ хүрэхгүй буюу байгаль экологи, хүрээлэн байгаа орчинд үлэмж хэмжээний хохирол учирсан хэмжээнд хүрэхгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэхүү хэрэг шийдвэрлэж тогтоол гаргах болсон нотлох баримтуудаар “ҮЧ” ХХК буюу тус компанийн төлөөлөгч Ц.Эы буруутай үйлдлээс болж учирсан хохирлыг нотолж байгаа нотлох баримт байгаа бөгөөд Төв аймгийн байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтэн н.Баттогтохын мэдүүлэг хавтаст хэргийн 11-13 дугаар талд авагдсан байдаг. Тухайн нөхцөл байдлыг мэдэх буюу ҮЧ ХХК ийм зөрчил гаргах нөхцөл байдлыг бүрдүүлсэн Мага ХХК-ийн захирал н.Баярмагнайгийн мэдүүлэг мөн авагдсан. Байгаль орчны зөвлөх Нуман Алтай ХХК-ийн байгаль экологид учирсан хохирлын үнэлгээ гаргасан үнэлгээний дүгнэлт, тайлан зэрэг бүх нотлох баримт хэрэгт авагдсан. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт байгаа. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан тэмдэглэл байгаа. Энэ тэмдэглэлд Ц.Э нь шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна гэж тусгагдсан байна. НП газраас энэ асуудлаар Төв аймгийн Засаг даргын тамгын газарт хандсан хохирол төлөгдөөгүй байгаа албан бичиг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар Ц.Эы үйлдлийг шалгаж, үйл баримтаар тогтоосон хэдий ч хуульд заасан үндэслэл журмаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд хүрсэн. Гэвч иргэний журмаар гэм хорын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй учир нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Иймд “ҮЧ” ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч болох Ц.Э нараас 8 672 866 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад ... Ц.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай гэх сумын тусгай хэрэгцээний газраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох боржин чулууг хууль бусаар олборлож... гэж дурьдажээ. Гэтэл хууль бусаар боржин чулуу олборлосон гэх Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай гэх газар нь хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэх 2015 оны 08 дугаар сарын үед сумын тусгай хэрэгцээний газар бус хууль ёсны хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй Мага ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай байсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Төв аймгийн ЗДТГазрын байгаль орчин аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Ж.Баттогтох мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өгсөн хохирогчийн мэдүүлэгтээ мөрдөн байцаагчийн ... “Үүдэнчулуу” ХХК-ийн захирал Ц.Э нь “Мага” ХХК-ийн захирал М.Баярмагнайтай гэрээ байгуулан “Мага” ХХК-ийн Буурал хангай ууланд эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас боржин чулуу олборлох эрх зүйн үндэслэлтэй юу гэх ... асуултанд ...Уг үйл ажиллагаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ нь Иргэний хуульд зааснаар туслан гүйцэтгэгчээр аж ахуй нэгж нь оролцож болно гэж заасан. Туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа аж ахуй нэгж нь заавал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардахгүй...гэх мэдүүлэг. Мөн мөрдөн байцаагчийн ...Санал хүсэлт нэхэмжлэх зүйл байна уу ... гэх асуултанд ...Надад ямар нэг санал хүсэлт, нэхэмжлэх зүйл алга байна... гэхдээ түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ажил нь манай аймгийн хувьд 2015 оны 04 дүгээр сард эхэлж 2016 оны 03 дугаар сард 18 аж ахуй нэгжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон... гэх мэдүүлэг. Төв аймгийн Эрдэнэ сумын Буурал хангай болон Хонхор биржин гэх газрууд нь сумын тусгай хэрэгцээнд авсан хурлын тэмдэглэл тогтоол байдаг уу ... гэх мөрдөн байцаагчийн асуултанд ...Тийм тогтоол байхгүй... би уг асуудлаар Эрдэнэ сумруу хандаж үзсэн болов ч ямар нэгэн хурлын шийдвэр болон тогтоол ирүүлээгүй... аймагт Эрдэнэ сумаас ирүүлсэн материал байдаггүй юм... гэх мэдүүлгүүдээр хууль бусаар боржин чулуу олборлосон гэх Буурал хангай гэх газар нь сумын тусгай хэрэгцээний газар бус тус газрыг сумын тусгай хэрэгцээнд авсан эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, харин Мага ХХК-ийн хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай болох нь тогтоогдсон байх бөгөөд Мага ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр боржин чулуу олборлосон үйл ажиллагааг үгүйсгэж, няцааж чадаагүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад ҮЧ ХХК /захирал Ц.Э/ нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр, ашиглалтын тусгай зөвшөөрөлт Мага ХХК-ийн ашиглалтын талбайгаас тус компанитай 2015 оны 08 дугаар сарын 14-ны өдөр байгуулсан Боржин чулуу олборлох гэрээ-ний үндсэн дээр 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаанд гэрээний үндсэн дээр боржин чулуу олборлосон нөхцөл байдлыг дурьдалгүй өнгөрчээ. Гэрээний дагуу компаний тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас боржин чулуу олборлосны төлбөрт 3 000 000 төгрөгийн төлбөрийг Үүдэнчулуу ХХК-иас Мага ХХК-д төлсөн байдаг бөгөөд тус үйлдлээс хууль бус ямар нэгэн харилцаа тогтоогдохгүй байна. Мөн тухайн цаг хугацаанд Үүдэнчулуу ХХК /захирал Ц.Э/ нь Мага ХХК-иас гадна Төв аймгийн Эрдэнэ сумын удирдлагуудтай уулзаж гэрээний үндсэн дээр боржин чулуу олборлох гэж байгаагаа тайлбарлаж орон нутгаас тавьсан шаардлагын дагуу 1 000 000 төгрөгийг сумын төсөвт төвлөрүүлэн төлж байсныг ч шаардлагад дурьдалгүй орхигдуулсан байна. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шинжээч томилож Нуман-Алтай ХХК 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 16/11 дугаартай актын дүгнэлт гаргасан... тус дүгнэлтээр 8.672.866 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагч Ц.Э миний бие дээрхи шинжээчийн дүгнэлтийг шүүхийн хэргийн материалаас л анх танилцаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Ц.Э надад дээрхи дүгнэлттэй холбоотой ямар ч санал хүсэлт авсан зүйл байхгүй, дүгнэлтийг танилцуулж байсан тохиолдол байхгүй. Дээрхи нөхцөл байдал нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэт нэг талыг барьж, хууль зөрчиж явуулсан үйл ажиллагаа болохыг тодорхой харуулж байх бөгөөд иргэний хэргийн шүүхэд нотлох баримтаар гаргаж буй шинжээчийн дүгнэлт гэх баримт нь хууль зүйн хувьд нотолгооны хэрэгсэл болж чадахгүй байна. Дээрхи байдлаар НП газраас гаргасан дээрхи нэхэмжлэлийн шаардлага нь илтэд хууль бус, үндэслэлгүй шаардлага байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ҮЧ” ХХК-иас 7 672 866 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ц.Эд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар НП газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ҮЧ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 137 716 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн  төлөөлөгч Г.Мягмардорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх хуулийн зохицуулалтыг илтэд зөрүүтэй хэрэглэж, тайлбарласан. Хариуцагчийн зүгээс Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Буурал хангай” гэх газраас 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрүүдийн хооронд боржин чулуу олборлохдоо тусгай зөвшөөрөл бүхий “Мага” ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэж олборлолт явуулсан. Гэрээний дагуу “Мага” ХХК-д 3 000 000, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг тус тус төлсөн. Гэрээ болон санхүүгийн баримтуудыг хариуцагчийн зүгээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүх дээрх үйл баримтыг нотолж байгаа санхүүгийн баримтуудыг үнэлж үзээд Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт төлсөн 1 000 000 төгрөгийг санхүүгийн баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон атлаа “Мага” ХХК-д төлсөн 3 000 000 төгрөгийн баримтын талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Анхан шатны шүүхээс хариуцагч “ҮЧ” ХХК-ийг “...Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогдсон...” гэх үндэслэлээр хууль бусаар боржин чулуу олборлож байгаль экологид хохирол учруулсан гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлт нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх гол үндэслэл болсон. Гэтэл хууль бусаар олборлолт явуулсан гэх 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрүүдийн хооронд хариуцагч “ҮЧ” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий “Мага” ХХК-тай байгуулсан “Боржин чулуу олборлох” гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан болохыг, “Мага” ХХК-ийн /захирал М.Баярмагнай/ зааж өгсөн талбайгаас боржин чулуу олборлосон зэрэг үйл баримтуудыг огтоос дүгнэлгүй орхигдуулсан. Дээрх үйл баримтыг нотлох зорилгоор “Мага” ХХК-ийн захирал М.Баярмагнайг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авахуулах талаар гаргасан хүсэлтийг шүүх урьд хангаж шийдвэрлэсэн атлаа захирамжийн биелэлтийг хангалгүй, илтэд үндэслэлгүйгээр захирамжид өөрчлөлт оруулж шүүх хуралдааныг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчигдөхөд хүргэсэн. Хэрэв дээрх үйл баримтын талаар нотлох ажиллагааг гэрчээс мэдүүлэг авах замаар гүйцэтгэсэн бол хариуцагчийн хууль бусаар боржин чулуу олборлосон гэх үйлдэл үгүйсгэгдэж, нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болох нөхцөл байдал үүсэх байсан. Гэвч анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, захирамжийн заалтыг хангалгүй шүүх хуралдааныг явуулсан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулж, хэт нэг талыг барьсан. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогчийн төлөөлөгчөөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн иргэн Ж.Баттогтох нь “...тусгай зөвшөөрөл бүхий компанийн талбайд уг компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр боржин чулуу олборлосон үйлдэл нь хууль бус үйл ажиллагаа биш... тусгай зөвшөөрөл бүхий компани нь туслан гүйцэтгэгч ажиллуулах нь хуулиар олгогдсон эрх...” юм гэх мэдүүлэг, мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын орлогч Д.Эрдэнэ-Очир, тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Гэрэлт-Од нарын мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдлуудыг анхан шатны бүхэлд нь үнэлж дүгнээгүй орхигдуулан хэт нэг талыг барьсан нь шүүхээс илтэд үндэслэлгүй шийдвэр гарахад нөлөөлсөн. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцжээ.

 Нэхэмжлэгч НП газар нь “ҮЧ” ХХК, Ц.Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 8 672 866 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ.

 НП газар нь Төв аймгийн засаг даргын тамгын газрын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2019/12844 тоот захирамжаар “ҮЧ” ХХК-ийг хариуцагчаар татсан байна. /хх 46/

 Нэхэмжлэгч НП газар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Ц.Э Төв аймгийн Эрдэнэ сумын “Буурал хангай” гэх сумын тусгай хэрэгцээний газраас боржин чулууг хууль бусаар олборлож, 8 672 866 төгрөгийн хохирол учруулсан” гэж тайлбарлажээ.  

Хэрэгт Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай гэдэг газраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох боржин чулууг хууль бусаар олборлосон гэх үндэслэлээр Ц.Эд 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн мөрдөн байцаах ажиллагаа явуулсан, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 74 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон, НП газрын 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 723 дугаар тогтоолоор ”ҮЧ” ХХК-ийн захирал Ц.Эгаас гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан тогтоолуудыг нотлох баримтаар гаргасан байна. /хх 124-126/

 Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...“Мага” ХХК-ийн Төв аймгийн Эрдэнэ сумын Буурал хангай ууланд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлолт хийхээр тус компанитай гэрээ байгуулсан, мөн өөр газар олборлолт хийхдээ Засаг дарга, сумын удирдлагатай харилцан зөвшилцөж холбогдох төлбөрийг төлсөн” гэж тайлбарлажээ.

Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын захирамжийг үндэслэн “ҮЧ” ХХК нь 2010-2018 онуудад Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газартай гэрээ ашигт малтмал ашиглуулах, боржин чулуу олборлох тухай гэрээнүүдийг байгуулан үйл ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдсон байна. Энэ асуудлаар зохигчдын хэн аль нь маргаагүй байна.

 “Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №16/11 тоот шинжээчийн дүгнэлтээр  “”ҮЧ” ХХК нь хууль бус олборлолт явуулахдаа боржин чулууг “Мага” ХХК-ийн лицензийн талбайгаас 88.5 м.куб, лицензээс гадна талбайгаас 199 м.куб хэмжээтэйг олборлосон, ”ҮЧ”ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь “МАГА” ХХК-ийн ашиглалтын лицензийн гадна талбайд 8 121 154 төгрөг болж байгаа бөгөөд нөхөн сэргээлтийн зардлыг оруулан тооцвол энэ нь 8 672 866 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт гарсан байна. /хх.10/

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан.

 Анхан шатны шүүх хариуцагч “ҮЧ” ХХК нь “Мага” ХХК-ийн зөвшөөрөлтэй лицензийн талбайгаас гадна талбайгаас чулуу олборлосон, гэрчүүдийн мэдүүлгээр чулуу олборлох эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй байсан гэх байдал тогтоогдоогүй, хариуцагч байгууллагын чулуу олборлосон цаг хугацаа зөвшөөрөлтэй байсан цаг хугацаатай таарахгүй байна гэсэн дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй байна.

“ҮЧ” ХХК болон “Мага” ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Боржин чулуу олборлох гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээний үнийг 3,000,000 төгрөгөөр тохирч, олборлолтыг 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 15 хоногийн хугацаанд хийхээр тохирчээ.

 “ҮЧ” ХХК-ийг Төв аймгийн Эрдэнэ сумын Буурал хангай уул гэдэг газарт 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрүүдэд 199 м.куб хэмжээний түгээмэл тархацтай ашигт малтмал болох боржин чулууг хууль бусаар олборлож байгаль экологид 8 121 154 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 551 712 төгрөг нийт 8 672 866 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж анхан шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заалттай нийцжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирлыг харилцан арилгах үүрэг хүлээхийн тулд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, бусдын эд хөрөнгөнд гэм хор учирсан байх, үйлдэл болон учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоо, түүний гэм бурууг тогтоосон байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой байдаг.  

“ҮЧ” ХХК нь “Мага” ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайгаас гаднах талбайгаас боржин чулууг 199 м.куб хэмжээтэйг олборлосон гэсэн дүгнэлтийг няцаасан, өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00594 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 137 716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                           ШҮҮГЧИД                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                     Ц.ИЧИНХОРЛОО