Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/00594

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/00594

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н П Г

 

Хариуцагч: Ц Э

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 17-777 тоот “Ү Ч ХХК /РД: 5067537, утасны дугаар: 99081331/

 

8,672,866 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н

                                хариуцагч нарын төлөөлөгч Г.М

                                иргэдийн төлөөлөгч Р.Б

                                гэрч Ж.Б

                                нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Нийслэлийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай гэх сумын тусгай хэрэгцээний газраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох боржин чулууг хууль бусаар олборлож, байгаль экологид учруулсан хохирол 8,121,154 төгрөг, нөхөн сэргээлт хийх зардал 551,712 төгрөг нийт 8,672,866 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Дээрх үйлдэлд Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, эрүүгийн 201619000069 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамцэцэг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 74 дугаар тогтоолоор “хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд “Ү Ч ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал болох боржин чулууг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олборлосон болох нь тогтоогдсон боловч энэ хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ц.Э нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаар байгаль экологид учруулсан хохирол 8,121,154 төгрөг, нөхөн сэргээлт хийх зардал 551,712 төгрөг нийт 8,672,866 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс хойш хохирол төлөгдөөгүй байна. Төв аймгийн Засаг даргын тамгын газраас иргэний нэхэмжлэгчээр оролцуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу Прокурорын тухай хуулийн 41 дүгээр 41.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ц.Эаас Төв аймгийн Засаг даргын тамгын газарт учирсан нийт 8,672,866 төгрөгийн гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Прокурорын газраас Прокурорын тухайн хуулийн 20, 21 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 41 дүгээр зүйлийг баримтлан нийтийн эрх ашиг зөрчигдсөн буюу хохирол учирсан асуудал дээр эрүүгийн 20161900069 дугаартай хэргийн улмаас хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг гаргуулахаар төрийн өмнөөс нэхэмжлэл гарган оролцож байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь “Ү Ч ХХК буюу компанийг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч Ц.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын Буурал хангай уул гэх газар түгээмэл тархацтай ашигт малтмал болох боржин чулууг хууль бусаар олборлож, байгаль экологид 8,121,154 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 551,712 төгрөг нийт 8,672,866 төгрөгийн хохирол учруулсан. Энэ хохирлыг гаргуулж, улсын орлогод оруулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлийн дагуу нөхөн сэргээлт хийх үйл ажиллагааны зардал, учирсан хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлж, нөхөн гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Эрүүүгийн 20161900069 дугаартай хэргийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 74 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хохирлын хэмжээ хүрэхгүй буюу байгаль экологи, хүрээлэн байгаа орчинд үлэмж хэмжээний хохирол учирсан хэмжээнд хүрэхгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэхүү хэрэг шийдвэрлэж тогтоол гаргах болсон нотлох баримтуудаар “Ү Ч ХХК буюу тус компанийн төлөөлөгч Ц.Эы буруутай үйлдлээс болж учирсан хохирлыг нотолж байгаа нотлох баримт байгаа бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд дуудагдсан Төв аймгийн байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтэн н.Бын мэдүүлэг хавтаст хэргийн 11-13 дугаар талд авагдсан байдаг. Тухайн нөхцөл байдлыг мэдэх буюу “Ү Ч ХХК ийм зөрчил гаргах нөхцөл байдлыг бүрдүүлсэн “Мага” ХХК-ийн захирал н.Баярмагнайгийн мэдүүлэг мөн авагдсан. Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн байгаль экологид учирсан хохирлын үнэлгээ гаргасан үнэлгээний дүгнэлт, тайлан зэрэг бүх нотлох баримт хэрэгт авагдсан. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт байгаа. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан тэмдэглэл байгаа. Энэ тэмдэглэлд Ц.Э нь шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна гэж тусгагдсан байна. Нийслэлийн прокурорын газраас энэ асуудлаар Төв аймгийн Засаг даргын тамгын газарт хандсан хохирол төлөгдөөгүй байгаа албан бичиг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар Ц.Эы үйлдлийг шалгаж, үйл баримтаар тогтоосон хэдий ч хуульд заасан үндэслэл журмаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөд хүрсэн. Гэвч иргэний журмаар гэм хорын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй учир нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. Иймд “Ү Ч ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч болох Ц.Э нараас 8,672,866 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагч нарын төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас хариуцагч Ц.Эд холбогдуулан “...Түгээмэл тархацтай ашигт малтмал болох боржин чулууг хууль бусаар олборлож Төв аймгийн Засаг даргын тамгын газарт 8.672.866 төгрөгийн хохирол учруулсан тул дээрхи 8.672.866 төгрөгийг хариуцагч Ц.Эаас гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү...” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараахь үндэслэлээр хариу тайлбар гаргаж байгааг хүлээн авна уу. Нэхэмжлэлийн шаардлагад “... Ц.Э нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай гэх сумын тусгай хэрэгцээний газраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох боржин чулууг хууль бусаар олборлож...” гэж дурьдажээ. Гэтэл хууль бусаар боржин чулуу олборлосон гэх Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Буурал хангай” гэх газар нь хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэх 2015 оны 08 дугаар сарын үед сумын тусгай хэрэгцээний газар бус хууль ёсны хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй “Мага” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай байсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Тодруулбал: Хариуцагч Ц.Эд холбогдуулан явуулсан гэх эрүүгийн 201619000069 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгч буюу хохирогчоор тогтоогдон оролцсон Төв аймгийн ЗДТГазрын байгаль орчин аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Ж.Б мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өгсөн хохирогчийн мэдүүлэгтээ мөрдөн байцаагчийн “... “ҮЧ ХХК-ийн захирал Ц.Э нь “Мага” ХХК-ийн захирал М.Баярмагнайтай гэрээ байгуулан “Мага” ХХК-ийн “Буурал хангай” ууланд эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас боржин чулуу олборлох эрх зүйн үндэслэлтэй юу гэх ...” асуултанд “...Уг үйл ажиллагаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ нь Иргэний хуульд зааснаар туслан гүйцэтгэгчээр аж ахуй нэгж нь оролцож болно гэж заасан. Туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа аж ахуй нэгж нь заавал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардахгүй...” гэх мэдүүлэг. Мөн мөрдөн байцаагчийн “...Санал хүсэлт нэхэмжлэх зүйл байна уу ...” гэх асуултанд “...Надад ямар нэг санал хүсэлт, нэхэмжлэх зүйл алга байна... гэхдээ түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ажил нь манай аймгийн хувьд 2015 оны 04 дүгээр сард эхэлж 2016 оны 03 дугаар сард 18 аж ахуй нэгжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон...” гэх мэдүүлэг. Төв аймгийн Эрдэнэ сумын “Буурал хангай” болон “Хонхор биржин” гэх газрууд нь сумын тусгай хэрэгцээнд авсан хурлын тэмдэглэл тогтоол байдаг уу ... гэх мөрдөн байцаагчийн асуултанд “...Тийм тогтоол байхгүй... би уг асуудлаар Эрдэнэ сумруу хандаж үзсэн болов ч ямар нэгэн хурлын шийдвэр болон тогтоол ирүүлээгүй... аймагт Эрдэнэ сумаас ирүүлсэн материал байдаггүй юм...” гэх мэдүүлгүүдээр хууль бусаар боржин чулуу олборлосон гэх “Буурал хангай” гэх газар нь сумын тусгай хэрэгцээний газар бус тус газрыг сумын тусгай хэрэгцээнд авсан эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, харин “Мага” ХХК-ийн хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай болох нь тогтоогдсон байх бөгөөд “Мага” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр боржин чулуу олборлосон үйл ажиллагааг үгүйсгэж, няцааж чадаагүй байна. Хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэх үйл баримтанд үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх бөгөөд дээрхи үйл баримтыг “...Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогдсон...” гэж тайлбарлан дурьдажээ. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад “Ү Ч ХХК /захирал Ц.Э/ нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр, ашиглалтын тусгай зөвшөөрөлт “Мага” ХХК-ийн ашиглалтын талбайгаас тус компанитай 2015 оны 08 дугаар сарын 14-ны өдөр байгуулсан “Боржин чулуу олборлох гэрээ”-ний үндсэн дээр 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаанд гэрээний үндсэн дээр боржин чулуу олборлосон нөхцөл байдлыг дурьдалгүй өнгөрчээ. Гэрээний дагуу компаний тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас боржин чулуу олборлосны төлбөрт 3.000.000 төгрөгийн төлбөрийг “ҮЧ ХХК-иас “Мага” ХХК-д төлсөн байдаг бөгөөд тус үйлдлээс хууль бус ямар нэгэн харилцаа тогтоогдохгүй байна. Мөн тухайн цаг хугацаанд “ҮЧ ХХК /захирал Ц.Э/ нь “Мага” ХХК-иас гадна Төв аймгийн Эрдэнэ сумын удирдлагуудтай уулзаж гэрээний үндсэн дээр боржин чулуу олборлох гэж байгаагаа тайлбарлаж орон нутгаас тавьсан шаардлагын дагуу 1,000,000 төгрөгийг сумын төсөвт төвлөрүүлэн төлж байсныг ч шаардлагад дурьдалгүй орхигдуулсан байна. Өөрөө хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад зөвхөн хариуцагч Ц.Эыг л буруутгах гэсэн чиглэлийг барьсан болохоос хэргийн бодит үнэн, үйл баримтыг тогтоох ямар ч чиг хандлага баримтлаагүй нь тодорхой харагдаж байна. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шинжээч томилож “Нуман-Алтай” ХХК 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 16/11 дугаартай актын дүгнэлт гаргасан... тус дүгнэлтээр 8.672.866 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагч Ц.Э миний бие дээрхи шинжээчийн дүгнэлтийг шүүхийн хэргийн материалаас л анх танилцаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Ц.Э надад дээрхи дүгнэлттэй холбоотой ямар ч санал хүсэлт авсан зүйл байхгүй, дүгнэлтийг танилцуулж байсан тохиолдол байхгүй. Дээрхи нөхцөл байдал нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэт нэг талыг барьж, хууль зөрчиж явуулсан үйл ажиллагаа болохыг тодорхой харуулж байх бөгөөд иргэний хэргийн шүүхэд нотлох баримтаар гаргаж буй шинжээчийн дүгнэлт гэх баримт нь хууль зүйн хувьд нотолгооны хэрэгсэл болж чадахгүй байна. Энэ талаар миний бие Нийслэлийн Ерөнхий Прокурорт жич гомдол гарган шийдвэрлүүлж байгаа болно. Дээрхи байдлаар Нийслэлийн Прокурорын газраас гаргасан дээрхи нэхэмжлэлийн шаардлага нь илтэд хууль бус, үндэслэлгүй шаардлага байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч нарын төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь “Ү Ч ХХК-ийн хохирол учруулсан гэх Буурал хангай гэдэг газар зөвшөөрөлгүй хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлоогүй. “Мага” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр боржин чулуу олборлох болсон. “Мага” ХХК нь тухайн Буурал хангай гэх газар боржин чулуу олборлох ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, энэ компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр боржин чулуу олборлох үйл ажиллагаа явуулсан. Мөн боржин чулуу олборлох үйл ажиллагаа явуулахдаа гэрээ байгуулсан “Мага” ХХК-иас гадна Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад тухайн гэрээний дагуу боржин чулуу олборлох гэж байгаа талаар “Ү Ч ХХК-ийн зүгээс урьдчилан мэдэгдсэн. Тусгай зөвшөөрөлтэй компани болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж үйл ажиллагаа явуулсан. Үүний дагуу “Мага” ХХК-д гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийн төлбөр төлсөн. Төлбөр төлсөн баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан. Мөн Эрдэнэ сумын Засаг даргад танилцуулж, сумын орон нутгийн төсөвт сумын удирдлагаас өгсөн хэмжээний дагуу мөнгө тушааж тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий компани болон орон нутгийн удирдлага Засаг даргатай харилцан зөвшилцөж, төлбөр хураамж төлж үйл ажиллагаа явуулсан. Иймд боржин чулуу хууль бусаар олборлосон гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан боржин чулуу хууль бусаар олборлосон үйлдэл дээр хэмжээ хязгаар, “Мага” ХХК-ийн зөвшөөрөлтэй газраас өөр газарт учруулсан хохирлыг тооцсон гэх үндэслэл тавьж байгаа. Өөр газарт гэвэл сумын Засаг дарга, сумын удирдлагатай харицлан зөвшилцөөд, тухайн сумын удирдлагаас шийдвэр гаргаж боржин чулуу олборлох үйл ажиллагааг явуулдаг байсан. Эдгээр баримтуудыг хэрэгт өгсөн. “Мага” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас авч байж болзошгүй гэдгийг урьдчилж харсан учир орон нутгийн удирдлагад танилцуулж, холбогдох төлбөрийг төлж үйл ажиллагааг явуулсан. Иймд хууль бусаар олборлож, хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон гэх үндэслэлийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Нийслэлийн Прокурорын газар нь хариуцагч “Ү Ч ХХК, Ц.Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 8,672,866 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ “түгээмэл тархацтай ашигт малтмал болох боржин чулууг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олборлож байгаль экологид хохирол учруулсан, олборлолт хийсэн талбайд нөхөн сэргээлт хийгээгүй хохирол учруулсан” гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь “тухайн орон нутгаас боржин чулуу олборлох зөвшөөрөл авч зохих төлбөрийг төлсөн, мөн тусгай зөвшөөрөлтэй “Мага” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу олборлолт хийсэн, нөхөн сэргээлтийг хийсэн” гэж маргаж байна.

 

“Ү Ч ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай гэдэг сумын тусгай хэрэгцээний газраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох боржин чулууг хууль бусаар олборлосон үндэслэлээр тухайн компанийн гүйцэтгэх захирал Ц.Эд 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байх ба уг ажиллагаагаар “Ү Ч ХХК-ийн боржин чулуу олборлосон талбай нь “Мага” ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайтай хэсэгчлэн давхцсан, давхцсан талбай буюу “Мага” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөлтэй газарт 295м2 талбай ухагдаж 501.5м2 талбай эвдэгдэн экологи эдийн засгийн үнэлгээгээр 3,611,851 төгрөгийн хохирол учруулсан, нөхөн сэргээлтийн зардалд 363,085 төгрөг, давхцаагүй талбай буюу “Мага” ХХК-ийн лицензийн гадна талбайд 663.3м2 талбай ухагдаж 1127.61м2 талбай эвдэгдэн экологи эдийн засгийн үнэлгээгээр 8,121,154 төгрөгийн хохирол учруулсан, уг талбайн нөхөн сэргээлтийн зардалд 551,712 төгрөг шаардлагатай талаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, “Ү Ч ХХК-ийг байгаль экологид нийт 8,672,866 төгрөгийн хохирол учруулсан гэж үзжээ. Дээрх хууль бус үйлдэл нь тогтоогдож байгаа боловч учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлд /2002 оны/ заасан Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрээгүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр Ц.Эд холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 74 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна. /ХХ-ийн 15-16 дугаар тал/

 

Ц.Э нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд “Мага” ХХК-ийн Төв аймгийн Эрдэнэ сумын Буурал хангай ууланд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлолт хийхээр “Мага” ХХК-тай гэрээ байгуулж, төлбөрт 3,000,000 төгрөг өгсөн, манай ажилчид гэрээнд заасан хугацаанд боржин чулуу олборлосон, гэрээнд хэдий хэмжээний чулуу авахыг заагаагүй, ингээд сумын засаг даргатай уулзахад “Мага” ХХК нь төлбөрөө төлөхгүй байгаа иймд манай дансанд 1,000,000 төгрөг төл гэж хэлсний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Эрдэнэ сумын төрийн сангийн дансанд чулуу олборлолтын үнэ гэж тушаасан” гэжээ. Тухайн хэрэгт шинжээчээр ажилласан Байгаль орчны зөвлөх “Нуман Алтай” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Ү Ч ХХК-ийн боржин чулуу олборлосон талбай нь “Мага” ХХК-ийн лицензийн талбайтай хэсэгчилсэн байдалтай давхцсан, давхцаж буй талбайд экологи эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 3,611,851 төгрөг, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо 363,085 төгрөг, ...лицензийн талбайгаас гадна 663.3м2 талбай ухагдаж 1127.61м2 талбай эвдэгдэн 199м3 боржин чулуу олборлож, нөхөн сэргээлт хийгдээгүй байх бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ 8,121,154 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 551,712 төгрөг нийт хохирол нь 8,672,866 төгрөг болж байна” гэсэн байх ба уг дүгнэлтийг Ц.Э тухайн үед хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна. /ХХ-ийн 7-10 дугаар тал, 48 дугаар тал/

 

Ц.Э нь шинжээчийн дүгнэлттэй танилцаад дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж байгаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр эрүүгийн хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлыг буюу “Мага” ХХК-ийн ашигт малтмал ашиглах зөвшөөрөлтэй талбайгаас гадна талбайд олборлолт хийсэн үйлдэл, түүний улмаас учирсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно. Харин иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Ц.Э нь Нийслэлийн прокурорын газарт “Ү Ч ХХК нь боржин чулуу олборлохдоо ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй “Мага” ХХК-тай гэрээ байгуулж, тухайн зөвшөөрөлтэй талбайгаас олборлолт хийсэн, шинжээч томилж байгаа талаар мэдэгдэж, танилцуулаагүй, хуулиар олгосон эрхийг зөрчсөн” үндэслэлээр хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээн шалгаж өгөх гомдол гаргасан байх ба уг гомдлыг Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 723 дугаар тогтоолоор хүлээн авахаас татгалзсан байна.  

 

“Мага” ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын Буурал хангай ууланд байршилтай 100 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болох нь 207 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд уг талбайд олборлолт хийлгэхээр бусад этгээдтэй гэрээ байгуулах нь хууль зөрчихгүй. “Ү Ч ХХК болон “Мага” ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Боржин чулуу олборлох гэрээ” нэртэй гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээний үнийг 3,000,000 төгрөгөөр тохирч, олборлолт хийх хугацааг 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 15 хоногийн хугацаанд хийхээр тохирчээ. Уг гэрээгээр “Ү Ч ХХК-ийн  олборлолт хийсэн цаг хугацаанд “Мага” ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайгаас боржин чулуу олборлох эрхтэй байсан нь тогтоогдож байгаа боловч эрүүгийн хэргийн нөхцөл байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт буюу бичгийн нотлох баримтыг  үгүйсгэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтэд “Ү Ч ХХК-ийн олборлолт хийсэн талбайг “Мага” ХХК-ийн зөвшөөрөлтэй хэсэг болон зөвшөөрөлгүй гаднах хэсгээр талбайг хэмжиж, олборлосон чулууны хэмжээ тус бүрээр тогтоосон байх ба олборлолт хийсэн бүх талбай нь “Мага” ХХК-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарч байгааг нотлохгүй байна.

 

“Ү Ч ХХК нь мод, чулуун сийлбэр хийх үйл ажиллагаа эрхэлдэг, Төв аймгийн Эрдэнэ сумын Буурал хангай уул, Хонхор биржин гэдэг газруудаас боржин чулуу олборлох зөвшөөрлийг тухайн сумын эрх бүхий албан тушаалтнаас авч, боржин чулуу олборлож байсан талаарх баримтуудыг нотлох баримтаар гаргажээ. Дээрх баримтууд нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Ү Ч ХХК-ийн олборлолт хийсэн цаг хугацаатай таарахгүй байх тул эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь хэсэгт заасан “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” эрхийг аймгийн засаг дарга хэрэгжүүлэхээр зохицуулсан байгааг дурдах нь зүйтэй. Хуулинд “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох” гэж тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа байхгүй бөгөөд тухайн үйл ажиллагаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд хамаарах ба уг үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг болно.

 

Хариуцагч талын хүсэлтээр Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын орлогч Д.Эрдэнэ-Очир, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Гэрэлт-Од, иргэн Ж.Б /эрүүгийн хэрэг шалгагдаж байхад Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Байгаль орчин, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн байсан/ нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч нарын мэдүүлгээр “Ү Ч ХХК нь боржин чулуу олборлох эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй байсан байдал тогтоогдоогүй байна. /ХХ-ийн 86-88 дугаар тал/ 

 

Иймд дээрх үндэслэлүүдээр “Ү Ч ХХК-ийг Төв аймгийн Эрдэнэ сумын Буурал хангай уул гэдэг газарт 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрүүдэд 199м3 хэмжээний түгээмэл тархацтай ашигт малтмал болох боржин чулууг хууль бусаар олборлож байгаль экологид 8,121,154 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 551,712 төгрөг нийт 8,672,866 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын орон нутгийн орлогод “чулуу олборлолтын үнэ” гэсэн утгаар төлсөн 1 сая төгрөгийг тухайн сумын засаг даргын боржин чулуу олборлох зөвшөөрлийн дагуу төлсөн төлбөр гэж тайлбарлажээ. Дээрх хугацаанд “Ү Ч ХХК нь боржин чулуу олборлох /ашиглах/ эрх бүхий этгээдийн /аймгийн засаг дарга/ зөвшөөрөлгүй байсан болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд 1 сая төгрөг төлсөн нь зөвшөөрөлтэй байсныг илэрхийлэхгүй. Иймд Төв аймгийн Эрдэнэ сумын орон нутгийн татварт төлсөн 1 сая төгрөгийг хохирлоос хасаж тооцох нь зүйтэй.

 

“Ү Ч ХХК-ийг хууль бусаар боржин чулуу олборлох үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр уг компанийн захирал Ц.Эд холбогдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эрүүгийн хэрэг үүсгэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул иргэний хариуцлагыг “Ү Ч ХХК хүлээх үүрэгтэй. Иймд хариуцагч “Ү Ч ХХК-иас 7,672,866 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэлээс 1 сая төгрөгийн шаардлага болон хариуцагч Ц.Эд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ү Ч ХХК-иас 7,672,866 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ц.Эд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ү Ч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 137,716 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ГАНДИЙМАА

 

                                                  ШҮҮГЧИД                                          Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                                                      Н.ХАНГАЛ