Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/0902

 

“МТС” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00472 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “МТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Хб” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 355 208 850 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч Б.Баттөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

            Нэхэмжлэгч “МТС” ХХК-ийн төлөөлөгч Ц.Баянмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Япон улсын “Мицүбиши корпорейшн пластик” компанитай бизнесийн хамтын ажиллагаатай байгууллагууд юм. Улмаар 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн тус компаниас төлбөрийн нэхэмжлэх цахим шуудангаар ирсэн. Уг төлбөрийн нэхэмжлэхийг хэвлэн “Хб” ХХК-ийн гурвалжингийн гүүрэн дэх салбарт очин манай компанийн долларын 5007526972 тоот данснаас 188 095.50 ам.долларын гуйвуулгыг нэхэмжлэхэд дурдсан хаягаар шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу “Хб” ХХК-ийн ажилтан уг гүйлгээг хийсэн. Гүйлгээ хийгдсэний дараа цахим шуудангаар ирсэн нэхэмжлэх хуурамч болохыг мэдсэн даруйд буюу 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Хб”-ХХК-д хандахад гүйлгээ хийгдсэн, шилжүүлсэн дансанд 44 834.93 ам.доллар байгаа талаар мэдэгдсэн. Тухайн гүйлгээг хийсэн “Хб” ХХК-ийн эрх бүхий ажилтан нар хууль, журмаар хүлээсэн гүйлгээний утга агуулга, хүлээн авагчийн хаяг, байршил, нэхэмжлэхэд дурдсан данс эзэмшигч компани нь “Мицүбиши корпорейшн пластик” компани мөн эсэх, төлбөрийн нэхэмжлэх, түүнд дурдагдсан мэдээллүүд жинхэнэ эсэхийг нягтлан шалгалгүйгээр гүйлгээг хийж манайд 143 260.57 ам.долларын хохирол учруулсан. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу 355 208 850 төгрөг гаргуулж өгнө үү. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7-д банк нь 20 000 000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй гэж, 5.2.3-т эцсийн өмчлөгчийн нэрийн өмнөөс данс нээж, гүйлгээ хийж байгаа эсэхийг мэдэх, ойлгох зорилгоор тухайн бизнесийн харилцааны зорилго, гүйлгээний утга, эцсийн хүлээн авагчийн тухай мэдээллийг тодруулах, 5.2.5-д харилцагч нь хуулийн этгээд, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч бол түүний нэрийн өмнөөс харилцах этгээд нь тийм эрхтэй эсэхийг нягталж уг этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг тодорхойлж, баримт бичигтэй нь тулгаж шалгах тохиолдолд энэ хуулийн 4.1 -д заасан этгээд харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэдэх үүрэгтэй гэж зохицуулжээ. “Хб” ХХК-ийн Гадаад шилжүүлгийн журмын 2.4.1, 2.4.3, 3.1.1,2 , 3.1.1.6 дахь заалтуудыг зөрчсөн. Гэтэл Хбны маргаж буй гүйлгээг хийсэн, хяналт тавьсан ажилчид нь дээрх хууль, байгууллагын дотооддоо мөрддөг журмуудыг огт хэрэгжүүлээгүй, эцсийн хүлээн авагчийн талаарх мэдээллийг тодруулж лавлах боломж байсаар байтал Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй, эх хувь биш нэхэмжлэх, гадаад шилжүүлгийн даалгавар гэсэн 2 баримтыг үндэслэн 188 095.50 ам.долларын гадаад шилжүүлгийг хийхдээ албан үүрэгтээ хайнга хандан холбогдох хууль, журмуудыг зөрчсөнөөс “МТС” ХХК-д 143 260.57 ам. доллар буюу 355 208 850 төгрөгийн хохирол учруулсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар 355 208 850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр манай Гурвалжингийн гүүр бизнес төв тус компанийн 188 095.50 ам долларын гадаад шилжүүлгийн даалгавар, нэхэмжлэхийг хянаж үзэхэд хүлээн авагчийн банкны мэдээлэл зөрүүтэй байсан тул нэхэмжлэгчид мэдэгдэж, гүйлгээг хийх боломжгүйг тайлбарлаж түдгэлзүүлсэн. Мөн өдрөө тус компанийн нягтлан бодогч төлбөрийн нэхэмжлэхээ сольж, банканд ирүүлсэн ба шилжүүлгийн даалгавартай таарсан тул гүйлгээг программд оруулсан. Хэсэг хугацааны дараа санхүү хариуцсан захирал Б.Гуамарал нь хүлээн авагчийн данс солигдож байгаа тул өмнөх гүйлгээгээ цуцлах хүсэлтээ илэрхийлж, нягтлан бодогчоороо шинээр шилжүүлгийн даалгаврыг ирүүлсэн тул өмнөх гүйлгээг цуцалж, дахин программд оруулсан. Дээрх гүйлгээг хийхэд 16 цаг өнгөрч байсан тул тухайн өдөртөө шилжүүлгийг хийж амжаагүй, маргааш нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө манай гадаад гуйвуулга хариуцан хийдэг төлбөр тооцооны газраас харилцагч “МТС” ХХК-ийн “хүлээн авагчийн банкны нэр нь хаягтайгаа зөрүүтэй байгаа тул харилцагчаас тодруулах’’-ыг Гурвалжингийн гүүр бизнес төвөөс хүссэн. Хүсэлтийн дагуу Гурвалжингийн гүүр бизнес төвийн ажилтан Б.Гуамаралаас тодруулахад тэрээр хүлээн авагчийн хаяг, дансыг залруулсан шилжүүлгийн даалгавар, нэхэмжлэхийг шинээр ирүүлсний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны даваа гарагт гадаад шилжүүлгийг хийсэн. Гэтэл 8 хоногийн дараа буюу 2018.09.18-ны өдөр нэхэмжлэгч мэйл хаягаа хакердуулсан болохоо мэдэж 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн гүйлгээг буцаалгах албан хүсэлтээ ирүүлсэн. Банк тэр даруй дундын банкаараа дамжуулан гүйлгээг буцаах тухай харилцагчийн хүсэлтийг уламжилсан. Төлбөрийг хүлээж авсан банкнаас манайд ирүүлсэн хариудаа үлдэгдэл 44 834.93 ам.доллар байна” гэж мэдэгдсэнээр манайх үлдэгдлийг нь буцаалгаж 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тус компанийн 5007526972 тоот данс руу шилжүүлсэн. Уг даалгавраар хийсэн гүйлгээнд банк болон банкны ажилтан хариуцлага хүлээх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч буруу төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэж шилжүүлсэн болохоо 8 хоногийн дараа мэдэж буруу данс руу шилжүүлэг хийлгүүлсэн гэж мэдэгдсэн. Банк цаг алдахгүй арга хэмжээ авсан ч 44,8 мянган ам доллар буцааж чадсан. Хэдийгээр харилцагчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж буруу нэхэмжлэхээр мөнгөө шилжүүлсэн ч манайх олон удаа дундын банкаараа дамжуулан свипп мэссэж бичиж төлбөр хүлээж авсан банктай холбоо тогтоох, мэдээлэл авах гэж хичээсэн. Нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 07-нд гадаад шилжүүлгийн баримтыг авчирсныг гадаад шилжүүлэг хариуцсан теллер н.Үүрийнтуяа программд оруулсан. Шалгаж үзэхэд даалгавар нь нэхэмжлэх дээрх данс, банкны нэртэйгээ таарч байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа банкны программд бүртгэлтэй 99080555 гар утаснаас санхүү эрхэлсэн захирал н.Гуамарал залгаж, “манай гүйлгээг буцааж өгнө үү, харилцагчийн данс өөрчлөгдсөн байна” гэж ярьсан. МТС ХХК Хбтай байгуулсан Байгууллагын тусгай харилцах дансны үйлчилгээ үзүүлэх гэрээний 6.1.1-д холбоо барих ажилтан нь 99080555 тоот гар утастай н.Гуамарал гэж, бүртгэлтэй гар утас хэсэгт мөн байдаг. МТС ХХК-иас ирүүлсэн 2 дахь баримт Гадаад шилжүүлгийн даалгавар дээр АНУ-ын Вэлс Фарго банкны дансны дугаарыг бичсэн атлаа уг банкны хаяг нь Япон улс Токио гэсэн байсан. Энэ талаар бүртгэлтэй 99080555 гар утас дугаар луу залгахад н.Гуамаралаас тодруулаад эргээд мэдэгдье” гэсэн. 9 дүгээр сарын 10-нд 3 дахь Гадаад шилжүүлгийн даалгавар нэхэмжлэхийн хамт Гурвалжингийн гүүр нэгж дээр ирсэн. Хулээн авагч нь: “АНУ-ын Вэлс Фарго банк, банкны хаяг нь Сан Франциско АНУ, дансны дугаар нь 7679724646” гэж байсан. Шалгаж үзэхэд Гадаад шилжүүлгийн даалгавар нь нэхэмжлэхтэйгээ яг таарч байсан бөгөөд төлбөрийн утга буюу гадаад шилжүүлгийн гүйлгээ нь харилцагчийн үйл ажиллагааны чиглэлтэй уялдаж байсан гүйлгээний зориулалтыг бичсэн байсан. Уг гүйлгээг Мөнгө угаах тероризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу шалгахад мөнгөний гарал үүсэл нь тодорхой /харилцагч өөрийн данснаас/, харилцагчаас ирүүлсэн нэхэмжлэхийн хуулбарыг хавсаргасан, гадаад шилжүүлгийн гүйлгээний утга нь нэхэмжлэгчийн үйл ажиллагааных нь чиглэлтэй таарч байсан. Түүнчлэн шилжүүлж буй АНУ-ын Вэлс Фарго банк, банкны хаяг нь СанФранциско АНУ гэх газар нь газар зүйн эрсдэлийн хувьд гүйлгээг саатуулах үндэслэлгүй тул харилцагчийн хүсэлтээр заасан дансанд нь шилжүүлсэн. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17.1, 17.3-д заасан. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэхэд дурдсан данс эзэмшигч компани нь МТС ХХК-ийн харилцагч компани мөн эсэхийг нягтлаагүй гүйлгээ хийсэн гэж банкийг буруутгах нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтуудаар өөрсдийнх нь буруутай хайхрамжгүй үйл ажиллагаанаас хохирол учирсан нь тогтоогдож байна. ЦЕГ-ьгн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргаж шалгуулсан ч үр дүнд хүрээгүй тул банкийг буруутгаж нэхэмжлэл гаргасан нь"өөрөө буруутайгаа баталж байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилтны буруугаас учирсан гэм хорын хохиролд 355 208 850 /гурван зуун тавин таван сая хоёр зуун найман мянга найман зуун тавь/ төгрөгийг ажил олгогч “Хб” ХХК-иас /РД:2693321/ гаргуулах тухай “МТС" ХХК-ийн /РД:2623803/ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 -д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1 933 995 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Х.Сэлэнгэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхээс хариуцагч “Хб” ХХК-ийн ажилтнууд хууль болон журамд заасан үүргээ зөрчсөн гэм буруутай болохыг эрх бүхий этгээдийг шийдвэрээр тогтоогоогүй, нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдохгүй, Япон улсын “Мицүбиши корпорейшн пластик” компани нь шилжүүлсэн мөнгийг хүлээж аваагүй талаар баримтгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Маргаж буй гүйлгээг хийсэн теллер Р.Үүрийнтуяа, хяналт тавих үүрэг бүхий ахлах теллер Э.Эрдэнэмандал нар нь холбогдох хууль тогтоомж, “Хб” ХХК-ийн дотоодод мөрдөгддөг журам, заавар, ажлын байрны тодорхойлолтод дурдсан албан үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй болох нь эдгээр хүмүүсийн өөрсдийнх нь гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогддог ба доорх хууль, журмуудыг ноцтой зөрчсөн байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2.2, 5.2.3, 5.2.5-д “Хб” ХХК--ийн мөрдөн ажилладаг гадаад шилжүүлгийн журмын 2.4.1, 2.4.3,  3.1.1.2, 3.1.1.6-д Харилцагч 61 305 000.00 болон түүнээс дээш дүнтэй гадаад шилжүүлэг хийлгэх бол гадаад шилжүүлгийн маягтын хамт хүлээн авагчтай хийсэн гэрээ, нэхэмжлэх зэрэг баримтыг бүрдүүлж, агуулгад МУТСТ журмын дагуу сэжигтэй гүйлгээг илрүүлнэ гэж тус тус заасныг зөрчсөн. “Хб” ХХК-ийн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх журмыг зөрчсөн. Гэтэл “Хб” ХХК-ийн маргаж буй гүйлгээг хийсэн, хяналт тавьсан ажилчид нь дээрх хууль, байгууллагын дотооддоо мөрддөг журмуудыг огт хэрэгжүүлээгүй эцсийн хүлээн авагчийн талаарх мэдээллийг тодруулж лавлах боломж байсаар байтал /гэрч П.Хосцэцэгийн мэдүүлэг/ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй, гүйлгээг хийхдээ эх хувь биш нэхэмжлэх буюу гадаад шилжүүлгийн даалгавар гэсэн хоёрхон баримтыг үндэслэн /гэрч Р.Үүрийнтуяагийн мэдүүлэг/ нь Мөнгө угаах болон терроризмыг сүлжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5-р зүйлд заасан баримтлах журмыг ноцтой зөрчсөн, мөн “Хб” ХХК мөрдөн ажилладаг Гадаад шилжүүлгийн журмын 3.1.1.6, 3.3.2,  2.1.5.2 дахь заалтуудыг зөрчсөн байна. “Хб” ХХК-ийн ажилчид нэхэмжлэлд дурдсан 188 095.50 ам.долларын шилжүүлгийн гүйлгээг хийхдээ албан үүрэгтээ хайнга хандан холбогдох хууль, журмуудыг зөрчсөнөөс “МТС” ХХК-д 143 260.57 ам. доллар буюу тухайн гүйлээ хийх үеийн Монгол банкны ханшаар 355 208 850 төгрөгний хохирол учруулсан дээрх баримтуудаар нотлогдож байгаа тул давж заалдах гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “МТС” ХХК нь хариуцагч “Хб” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 355 208 850 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг,  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болох хариуцагч “Хб” ХХК нь шүүхэд өөрийн байгууллагын  “Хб 5208 мэргэжилтэн 0200 гэсэн” дардас дарсан бичгийн баримтыг нотлох баримтаар гаргасан байна.  /хх 47-55/ Уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх хүлээн авсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183ШТ2019/00199 тоот шүүхийн тогтоолоор Монгол банкийг шинжээчээр томилжээ. /хх.58-59/

Шүүх хариуцагчийн гаргасан хуульд заасан шаардлага хангаагүй дээрх нотлох баримтыг үндэслэн Монгол банкийг шинжээчээр томилохдоо ... арилжааны банкаар дамжуулан хийгдэж байгаа гадаад гуйвуулгын гүйлгээнд данс эзэмшигчийг/ хүлээн авагч/ гүйлгээ хийж буй банк нягталж шалгах боломжтой эсэх, “Хб” ХХК нь уг гүйлгээтэй холбоотой асуудлаар гадаадын банкнуудтай харилцаж байсан ёсөн хуудас свит мессэжүүдийг үгээр тайлбарлаж унших/ мессэж дээр бичигдсэн банкнуудын код, гүйлгээний код, мессэж бичсэн он сар өдөр зэрэг/ гэсэн асуулт тавьсан ямар зүйлийг тодруулах гээд байгаа нь ойлгомжгүй байгаагаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан шинжлэн ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техник зэрэг тусгай мэдлэг шаардсан асуудалд шинжээч томилсон гэж үзэх боломжгүй байна.  

Түүнчлэн хэргийн 41, 43 дугаар талд авагдсан “invoice” гэсэн бичгийн баримт монгол хэл дээр орчуулаагүй байгаа нь Иргэний хэрэгшүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэсэн заалтыг зөрчжээ.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагч байгууллагыг хууль буюу тухайн байгууллагад дагаж мөрдөх зохих журмаа биелүүлээгүй гэж гэм хорын хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж, энэ талаар давж заалдах гомдол гаргажээ. Иймд нэхэмжлэгч байгууллагад бодит хохирол учирсан эсэх, хэрвээ хохирол учирсан тохиолдолд нэхэмжлэгчид учирсан хохирол хариуцагчийн үйлдлийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай.  

Анхан шатны шүүх “МТС” ХХК-аас шилжүүлсэн 143 260.57 ам. доллар хүлээн аваагүй талаар баримтгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.   

Мөн хариуцагч талаас гаргасан программд үзлэг хийлгэх хүсэлт маргааны зүйлд хамааралтай, хэргийн үйл баримтыг шүүх тогтооход ач холбогдолтой бүхий байж болохоор байхад шүүх хэрэгсэхгүй болгосон  шийдвэрлэсэн нь зөрчилтэй болсон байна. /1хх.225-229/

 Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээж хийх боломжгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/00472 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 1 933 995 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

 

                                     ШҮҮГЧИД                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                     Ц.ИЧИНХОРЛОО