Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 472

 

 

 

 

 

 

              

 

 

2020 оны 02 сарын 18 өдөр                   Дугаар 183/ШШ2020/00472                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ж.Сэмжид, Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:, “М” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ХХХК-д  холбогдох,

Гэм хорын хохиролд 355,208,850 /гурван зуун тавин таван сая хоёр зуун найман мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг, гэрч Ч.Болор-Эрдэнэ, Б.Гуамарал, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Япон улсын “Мицүбиши корпорейшн пластик” компанитай бизнесийн хамтын ажиллагаатай байгууллагууд юм. Улмаар 2018.09.03-ны өдрийн тус компаниас төлбөрийн нэхэмжлэх цахим шуудангаар ирсэн. Уг төлбөрийн нэхэмжлэхийг хэвлэн Хны гурвалжингийн гүүрэн дэх салбарт очин манай компанийн долларын 5007526972 тоот данснаас 188.095.50 ам долларын гуйвуулгыг нэхэмжлэхэд дурдсан хаягаар шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Хны ажилтан уг гүйлгээг хийсэн. Гүйлгээ хийгдсэний дараа цахим шуудангаар ирсэн нэхэмжлэх хуурамч болохыг мэдсэн даруйд буюу 2018.09.18-ны өдөр “Х”-д хандахад гүйлгээ хийгдсэн, шилжүүлсэн дансанд 44,834,93 ам доллар байгаа талаар мэдэгдсэн. Тухайн гүйлгээг хийсэн Хны эрх бүхий ажилтан нар хууль, журмаар хүлээсэн гүйлгээний утга агуулга, хүлээн авагчийн хаяг, байршил, нэхэмжлэхэд дурдсан данс эзэмшигч компани нь “Мицүбиши корпорейшн пластик” компани мөн эсэх, төлбөрийн нэхэмжлэх, түүнд дурдагдсан мэдээлэлүүд жинхэнэ эсэхийг нягтлан шалгалгүйгээр гүйлгээг хийж манайд 143.260.57 долларын хохирол учируулсан. Иймд Иргэний хуулийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэсний дагуу 355,208,850 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7-д банк нь 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй гэж, 5-д банк нь харилцагчийг хэрхэн таньж мэдэх, мөнгөн шилжүүлэг, гүйлгээ хийхэд зайлшгүй шалгаж тодруулах гэж нөхцөл байдал, баримт материал, баримтлах журмыг хуульчлан өгчээ. Энэ хуулийн 5.1.1-д санхүүгийн харилцаа үүсгэхийн өмнө, 5.2.2-т харилцагч нь хуулийн этгээд бол түүний нэр, оршин байгаа газрын хаяг, улсын бүртгэлийн болон татвар төлөгчийн дугаар, харилцах утасны дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв баримт бичгийг шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, удирдлагын талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг гаргуулж авах, 5.2.3-т эцсийн өмчлөгчийн нэрийн өмнөөс данс нээж, гүйлгээ хийж байгаа эсэхийг мэдэх, ойлгох зорилгоор тухайн бизнесийн харилцааны зорилго, гүйлгээний утга, эцсийн хүлээн авагчийн тухай мэдээллийг тодруулах, 5.2.5-д харилцагч нь хуулийн этгээд, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч бол түүний нэрийн өмнөөс харилцах этгээд нь тийм эрхтэй эсэхийг нягталж уг этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг тодорхойлж, баримт бичигтэй нь тулгаж шалгах тохиолдолд энэ хуулийн 4.1-д заасан этгээд харилцагчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэдэх үүрэгтэй гэж зохицуулжээ. Хны Гадаад шилжүүлгийн журмын 2.4.1-д гадаад шилжүүлэгтэй холбоотой харилцагчийн аливаа хүсэлтийг албан тоот, холбогдох маягт, гааад шилжүүлэг хүсэлтийг дараах байдлаар хүлээн авна, 2.4.3-т ТТГ-ын ахлах мэргэжилтэн Гадаад шилжүүлгийг дамжуулах бүрт мэргэжилтэн хүлээн авсан гүйлгээнд тогтмол хяналт тавьж ажиллана, 3.1.1.2-т гадаад гуйвуулгын даапгаварын маягт дахь гарын үсэг тамга, тэмдэг нь шилжүүлэгчийн банкинд бүртгэгдсэн эрх бүхий итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарын үсэг, тамга тэмдгийн загвартай таарч байгааг хянана, 3.1.1.6-д Харилцагч 5,000 болон түүнээс дээш дүнтэй гадаад шилжүүлэг хийлгэх бол харилцагчаас гадаад шилжүүлгийн маягтын хамт хүлээн авагчтай хийсэн гэрээ, нэхэмжлэх зэрэг нэмэлт баримтыг бүрдүүлж, агуулгад МУТСТ журмын дагуу сэжигтэй гүйлгээг илрүүлэх хяналт тавина гэжээ. Хны Харилцагч бүртгэх бодлого журмын Хамрах хүрээг энэхүү бодлогын банкны бүх салбар нэгж харилцагчид дипозит, зээлийн бүтээгдэхүүн болон тэдгээрт суурилсан үйличлгээ, интернет, клиринг, бусад банкны үйлчилгээ үзүүлэхдээ дагаж мөрдөнө гэж, Харилцагчийн талаарх мэдээллийг шалгах: Аливаа гүйлгээ хийх бүрт нь хуулийн дагуу өөрийн тодорхойлох албан ёсны бичиг баримт буюу төрийн байгууллагаас олгосон хугацаа нь хүчинтэй биеийн байцаалтыг гаргуулж авна. 3.3.1-д Харипцагч байгууллагын тодорхойлох албан ёсны баримт гэдэгт улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон гэрчилгээг ойлгоно. 3.3.2-т харилцагч байгууллагын төлөөлж банкны үйлчилгээ авах хүсэлт гаргагч этгээдээс байгууллагын гэрчилгээний хамт түүний биеийн байцаалтыг гаргуулан авна гэж, Хны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх журмын 2.1.2.2-т шилжүүлэгч болон хүлээн авагчийн харилцаа холбоо тодорхой эсэхийг шалгах, 2.1.2.4 гүйлгээтэй холбоотой харилцагчаас өгсөн мэдээллийг баталгаажуулах зорилгоор албан ёсны нэмэлт баримт бичгийг гаргуулан авна, 2.1.5.2-т шилжүүлэгч болон хүлээн авагчийн талаарх мэдээлэл дутуу, тэдгээрийн харилцаа холбоо тодорхойгүй гүйлгээг хийх, дамжуулахыг хориглоно гэж зохицуулжээ. Гэтэл Хны маргаж буй гүйлгээг хийсэн, хяналт тавьсан ажилчид нь дээрх хууль, байгууллагын дотооддоо мерддөг журмуудыг огт хэрэгжүүлээгүй, эцсийн хүлээн авагчийн талаарх мэдээллийг тодруулж лавлах боломж байсаар байтал Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй, эх хувь биш нэхэмжлэх, гадаад шилжүүлгийн даалгавар гэсэн 2 баримтыг үндэслэн 188.095,50 ам.долларын гадаад шилжүүлгийг хийхдээ албан үүрэгтээ хайнга хандан холбогдох хууль, журмуудыг зөрчснөөс “М” ХХК-д 143.260,57 ам. доллар буюу 355,208,850 төгрөгийн хохирол учруулсан тул Иргэний хуулийн 498.1-д зааснаар 355,208,850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: 2018.09.07-ны өдөр манай Гурвалжингийн гүүр бизнес төв тус компанийн 188,095.50 ам долларын гадаад шилжүүлгийн даалгавар, нэхэмжлэхийг хянаж үзэхэд хүлээн авагчийн банкны мэдээлэл зөрүүтэй байсан тул нэхэмжлэгчид мэдэгдэж, гүйлгээг хийх боломжгүйг тайлбарлаж түдгэлзүүлсэн. Мөн өдрөө тус компанийн нягтлан бодогч төлбөрийн нэхэмжлэхээ сольж, банкинд ирүүлсэн ба шилжүүлгийн даалгавартай таарсан тул гүйлгээг программд оруулсан. Хэсэг хугацааны дараа Санхүү хариуцсан захирал Б.Гуамарал нь хүлээн авагчийн данс солигдож байгаа тул өмнөх гүйлгээгээ цуцлах хүсэлтээ илэрхийлж, нягтлан бодогчоороо шинээр шилжүүлгийн даалгаврыг ирүүлсэн тул өмнөх гүйлгээг цуцалж, дахин программд оруулсан. Дээрх гүйлгээг хийхэд 16 цаг өнгөрч байсан тул тухайн өдөртөө шилжүүлгийг хийж амжаагүй, маргааш нь буюу 2018.09.10-ны өглөө манай гадаад гуйвуулга хариуцан хийдэг Төлбөр тооцооны газраас харилцагч “М” ХХК-ийн “хүлээн авагчийн банкны нэр нь хаягтайгаа зөрүүтэй байгаа тул харилцагчаас тодруулах”-ыг Гурвалжингийн гүүр бизнес төвөөс хүссэн. Хүсэлтийн дагуу Гурвалжингийн гүүр бизнес төвийн ажилтан Б.Гуамаралаас тодруулахад тэрээр хүлээн авагчийн хаяг, дансыг залруулсан шилжүүлгийн даалгавар, нэхэмжлэхийг шинээр ирүүлсний дагуу 2018.09.10-ны даваа гарагт гадаад шилжүүлгийг хийсэн. Гэтэл 8 хоногийн дараа буюу 2018.09.18-ны өдөр нэхэмжлэгч мэйл хаягаа хакердуулсан болохоо мэдэж 2018.9.10-ны өдөр хийсэн гүйлгээг буцаалгах албан хүсэлтээ ирүүлсэн. Банк тэр даруй дундын банкаараа дамжуулан гүйлгээг буцаах тухай харилцагчийн хүсэлтийг уламжилсан. Төлбөрийг хүлээж авсан Wells fargo банкнаас манайд ирүүлсэн хариудаа үлдэгдэл 44,834.93 ам.доллар байна” гэж мэдэгдсэнээр манайх үлдэгдлийг нь буцаалгаж 2018.09.21-нд тус компанийн 5007526972 тоот данс руу шилжүүлсэн.  “М” ХХК-ийн даалгавраар хийсэн гүйлгээ нь цахим луйврын шинжтэй байсан бөгөөд нэхэмжлэгч мэйл хаягаа хакердуулж буруу нэхэмжлэхийг үндэслэн шилжүүлж байгааг банк тогтоох боломжгүй. Уг даалгавраар хийсэн гүйлгээнд банк болон банкны ажилтан хариуцлага хүлээх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч буруу төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэж шилжүүлсэн болохоо 8 хоногийн дараа мэдэж буруу данс руу шилжүүлэг хийлгүүлсэн гэж мэдэгдсэн. Банк цаг алдахгүй арга хэмжээ авсан ч 44,8 мянган ам доллар буцааж чадсан. Хэдийгээр харилцагчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж буруу нэхэмжлэхээр мөнгөө шилжүүлсэн ч манайх олон удаа дундын банкаараа дамжуулан свипп мэссэж бичиж төлбөр хүлээж авсан банктай холбоо тогтоох, мэдээлэл авах гэж хичээсэн. Гэвч цагдаа, хууль хяналтын байгууллагын зөвшөөрөлгүй манайд мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгдэж байсан. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15.2-т бэлэн бус мөнгөний төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, нэхэмжлэл болон бусад баримтаар гүйцэтгэнэ гэж, Банкны тухай хуулийн 11.2-т ”Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан шилжүүлэх гүйлгээ хийх ба шүүх, банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно” гэж заасан гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх нэхэмжлэгчээс ирүүлсэн Гадаад шилжүүлгийн баримтууд, нэхэмжлэх, гэрчүүдийн мэдүүлэг, Монгол банкны шинжээчийн дүгнэлт, ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан бичиг зэрэг баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байна. Нэхэмжлэгч 2018.09.07-нд гадаад шилжүүлгийн баримтыг авчирсныг Гадаад шилжүүлэг хариуцсан теллер Үүрийнтуяа программд оруулсан. Шалгаж үзэхэд даалгавар нь нэхэмжлэх дээрх данс, банкны нэртэйгээ таарч байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа банкны программд бүртгэлтэй 99080555 гар утаснаас Санхүү эрхэлсэн захирал Гуамарал залгаж, “манай гүйлгээг буцааж өгнө үү, харилцагчийн данс өөрчлөгдсөн байна” гэж ярьсан. Уг гүйлгээ нь хараахан гараагүй байсан тул харилцагчийн баталгаат дугаарын эзэн Гуамаралын хүсэлтээр гүйлгээг буцаасан. 2009 оноос хойш нэхэмжлэгч манайхтай хамтран ажиллаж, Гуамаралд эрх олгосны дагуу энэ хугацаанд 99080555 утсаар холбогдож, төлбөр тооцоогой холбоотой асуудлыг тодруулж байсан, ямар ч маргаан гарч байгаагүй. М ХХК Хтай байгуулсан Байгууллагын тусгай харилцах дансны үйлчилгээ үзүүлэх гэрээний 6.1.1-д холбоо барих ажилтан нь 99080555 тоот гар утастай Гуамарал гэж, бүртгэлтэй гар утас хэсэгт мөн байдаг. М ХХК-иас ирүүлсэн 2 дахь баримт Гадаад шилжүүлгийн даалгавар дээр АНУ-ын Вэлс Фарго банкны дансны дугаарыг бичсэн атлаа уг банкны хаяг нь Япон улс Токио гэсэн байсан. Энэ талаар бүртгэлтэй 99080555 гар утас дугаар луу залгахад Гуамарал “харилцагчаасаа тодруулаад эргээд мэдэгдье” гэсэн. 9 сарын 10-нд 3 дахь Гадаад шилжүүлгийн даалгавар нэхэмжлэхийн хамт Гурвалжингийн гүүр нэгж дээр ирсэн. Хулээн авагч нь: “АНУ-ын Вэлс Фарго банк, банкны хаяг нь СанФранциско АНУ, дансны дугаар нь 7679724646” гэж байсан. Шалгаж үзэхэд Гадаад шилжүүлгийн даалгавар нь нэхэмжлэхтэйгээ яг таарч байсан бөгөөд төлбөрийн утга буюу гадаад шилжүүлгийн гүйлгээ нь харилцагчийн үйл ажиллагааны чиглэлтэй уялдаж байсан гүйлгээний зориулалтыг бичсэн байсан. Уг гүйлгээг Мөнгө угаах тероризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу шалгахад мөнгөний гарал үүсэл нь тодорхой /харилцагч өөрийн данснаас/, харилцагчаас ирүүлсэн нэхэмжлэхийн хуулбарыг хавсаргасан, гадаад шилжүүлгийн гүйлгээний утга нь нэхэмжлэгчийн үйл ажиллагааных нь чиглэлтэй таарч байсан. Түүнчлэн шилжүүлж буй АНУ-ын Вэлс Фарго банк, банкны хаяг нь СанФранциско АНУ гэх газар нь газар зүйн эрсдлийн хувьд гүйлгээг саатуулах үндэслэлгүй тул харилцагчийн хүсэлтээр заасан дансанд нь шилжүүлсэн. Гүйлгээ гарснаас 8 хоногийн дараа 4/445 тоот бичгээр гүйлгээг буцаах хүсэлт гаргаж, 2018.09.21-нд тус компанийн 5007526972 тоот данс руу үлдэгдлийг шилжүүлсэн. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17.1-д Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь иргэн, хуулийн этгээд оролцсон төлбөр тооцоог гүйцэтгэхдээ уг төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгана. Төлбор тооцооны баримтын бүрдүүлбэрт уг баримтыг бичсэн он, сар, өдөр, төлбор хүлээн авагч, төлбер хариуцагчийн дансны дугаар, нэр, тэдгээрийг үйлчлэгч банкны нэр, гүйлгээний утга, мөнгөн дүнг тоо болон үсгээр бичиж, баталгаатай гарын үсэг зурж, тамга эсхүл тэмдэг дарсан байна. 17.3-т Банк, төлбер тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ. Энэ шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс үүсэх анзыг Иргэний хуулийн 180 дугаар зүйлд заасан хэмжээгээр банк төлнө. Иргэний хуулийн 445.1-д төлбөр тооцооны гэрээгээр банк, эрх бүхий бусад хуулийн этгээд нь иргэн болон хуулийн этгээдийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ. 445.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй гэж заасан. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэхэд дурдсан данс эзэмшигч компани нь М ХХК-ийн харилцагч компани мөн эсэхийг нягтлалгүй гүйлгээ хийсэн гэж банкийг буруутгах нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтуудаар өөрсдийнх нь буруутай хайхрамжгүй үйл ажиллагаанаас хохирол учирсан нь тогтоогдож байна. ЦЕГ-ьгн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргаж шалгуулсан ч үр дүнд хүрээгүй тул банкийг буруутгаж нэхэмжлэл гаргасан нь өөрөө буруутайгаа баталж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

М” ХХК нь “Хаанбанк” ХХК-д холбогдуулан ажилтны буруугаас  учирсан гэм хорын хохиролд 355,208,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, ажилчид нь хууль болон журамд заасан үүргээ зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нь хууль, журам, тогтсон заншлын дагуу гүйлгээг хийсэн, өөрсдийнх нь буруутай, хайхрамжгүй ажиллагаанаас хохирол учирсан, Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан ч үр дүнд хүрээгүй, банкийг буруутгаж нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгч өөрөө буруутайгаа баталж байна гэж маргалаа.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Х дахь өөрийн эзэмшлийн 5007526972 тоот долларын данснаас 188,095.50 ам долларыг Япон улсын “Мицүбиши корпорейшн пластик” компаниас ирүүлсэн нэхэмжлэхэд заасан хаягаар шилжүүлэхээр хүсэлт гаргаж, хариуцагч байгууллагын ажилтан гүйлгээг хийсэн үйл баримт тогтоогдож байна. 

 

Уг гүйлгээ хийгдсэнээс хойш 8 хоногийн дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр цахим шуудангаар ирсэн нэхэмжлэх хуурамч болохыг нэхэмжлэгч нь “Х” ХХК-д мэдэгдэж, дансанд 44,834,93 ам доллар байсныг хариуцагч нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн данс руу буцаан шилжүүлжээ.

 

М” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдол гаргаж, гомдолдоо ““Мицүбиши корпорейшн пластик” компанийн харилцах мэйл хаяг, нэр нь харагдах байдлаараа анзаарагдахгүйгээр үсгүүдийг сольсон зэргийг мэдсэнээр гадаад гуйвуулга хакердуулсан” гэжээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газарт 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Х” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах тухай гаргасан хүсэлтдээ “манай байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын системд гадны хэн нэгэн хууль бусаар нэвтэрсэн хэдий ч банк нь гадаад гуйвуулгын журам, харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ зөрчиж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлснээс хохирол учирсан” гэжээ. 

 

Дээрх гомдолд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 26.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 180505016 дугаартай хэрэг нээн шалгаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй хууль бус байх, гэм буруутай талаар эрх бүхий этгээдийн шийдвэр байх, нэхэмжлэгчид гэм хор учирсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой тохиолдолд нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэжээ.

 

Гэвч хариуцагч “Хаанбанк” ХХК-ийн ажилтнууд нь хууль болон журамд заасан үүргээ зөрчсөн гэм буруутай болохыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдоогүй, нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдохгүй, түүнчлэн Япон улсын “Мицүбиши корпорейшн пластик” компани нь “М” ХХК-иас шилжүүлсэн 143,260.57 ам долларыг хүлээж аваагүй талаар баримтгүй байна.

 

Иймд “М” ХХК нь ажилтны буруугаас  учирсан гэм хорын хохиролд 355,208,850 төгрөг гаргуулахаар “Хаанбанк” ХХК-иас шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэнхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,933,995 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Тус шүүхийн Тамгын газраас сонгогдсон иргэдийн төлөөлөгч Д.Баярчимэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, зохигч эзгүйд шийдвэрлүүлэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасанд нийцүүллээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилтны буруугаас учирсан гэм хорын хохиролд 355,208,850 /гурван зуун тавин таван сая хоёр зуун найман мянга найман зуун тавь/ төгрөгийг ажил олгогч “Х” ХХК-иас гаргуулах тухай “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,933,995 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                    ШҮҮГЧИД                                                 Б.МӨНХЖАРГАЛ

                                                  

                                                                                     Ж.СЭМЖИД