Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1081

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/00834 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “АТ-” ХХК, “АК-” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 141 400 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: О.Б-ь,

Хариуцагч “АК-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А

Хариуцагч нарын өмгөөлөгч: Б.Е

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 9 дүгээр сард “АТ-” ХХК, “АК-” ХХК-ийн захирал П.М- Орхон аймагт баригдаж буй наадмын талбайн ажлыг гүйцэтгэж байхдаа манай талбайд байсан Солонгос Улсаас оруулж ирсэн “Тодана” маркийн 5 тонны автокран, “бонго” маркийн 1 тонны ачааны машинуудыг хэрэглээд, уг ажлынхаа гүйцэтгэлийн мөнгөнөөс төлбөрийг барагдуулахаар зээлээр авсан. Дараа нь Япон улсаас оруулж ирсэн “Хонда си ар ви” маркийн 2 ширхэг дунд гарын жийп машин, “Ниссан икс трэйл” маркийн 2 ширхэг дунд гарын жийп машинуудыг тус тус зээлээр авсан. Үүнээс хойш холбоо барьж чадахгүй байсаар 2013 онд уулзахад удахгүй өгнө, би хүн хулхидах хүн биш, чи санаа зоволтгүй гэсэн. Орхон аймгийн Засаг дарга хууль бус тендер буюу “АТ-” ХХК ажлаа хийж гүйцэтгээгүй байхад их хэмжээний мөнгө тухайн байгууллагын данс руу шилжүүлсэн гэх асуудлаар яллагдаж, ял авсан болохыг сонсоод мөнгөө аваагүй болохыг мэдсэн. Уулзах гээд ажил дээр нь очихоор байхгүй гээд оруулдаггүй, утсаа авдаггүй. Хаяг нь байнга солигддог, гэр орон нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан ба уулзахаар удахгүй өгнө гэсээр 2018 оны 02 сар хүргэсэн. Мөнгөө авмаар байна гэхэд барилгын ажлыг чинь хийж өгье гэж тохиролцсон. 2018 оны 3 сард барилгын ажлыг эхлүүлэх гэрээ хийх гээд тохиролцоонд хүрч чадаагүй. 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зуурмаг нийлүүлэх гэрээ хийсэн. Өрөндөө зуурмаг нийлүүлж өрөө дуусгана гэсэн боловч бетон зуурмагийн цех нь ажиллах боломжгүй эвдэрсэн байдаг. Мөн хэрэглүүлэх кран ч байгаагүй. Ингээд арга буюу цагдаад хандахад П.М- цагдаад төлнө гэж худлаа хэлээд 35 000 000 төгрөгийг цувуулж, өгөөд үлдэгдэл  141 400 000 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй. 2019 оны 01 дүгээр сарын 23-нд 6 000 000 төгрөгийг надад шилжүүлээгүй, харин миний охин н.Хонгорзулд шилжүүлсэн байна. П.М- болон охин хоёрын хооронд тусдаа ямар асуудал байгааг мэдэхгүй, надад хамааралгүй тул надад өгөх мөнгөнөөс хасч тооцох үндэслэлгүй. Анх “Тодана” маркийн автокраныг 2008 оны сүүл 2009 оны эхэн хавьд өгсөн. Дараахан нь “Бонго” маркийн машиныг өгсөн. 2012 онд ниссаны 4 ширхэг автомашиныг өгсөн. Олон жилийн өмнөх болохоор цаг хугацаа, тухайн үеийн үнийг сайн санахгүй байна. Тухайн үед автокраныг 18 000 ам.доллараар авч байсан. Мөн би түүнд краныг бэлэглээгүй, худалдсан болно. Дараа нь 2018 оны 7 сарын 03-нд гэрээ хийхдээ хамт сууж байгаад тооцооллыг хийж, П.М- өөрөө хүлээн зөвшөөрөөд үнийг тусгаад гэрээ байгуулсан. Дээрх 6 ширхэг машин бүгд Монголд дөнгөж орж ирсэн, улсын дугаар аваагүй машинууд байсан. Краныг буцаагаад надад өгсөн гэдэг худлаа. Харин надаас авсан кранаа 2018 онд бичгээр гэрээ хийгээд миний барилгын ажлын талбайд ашиглуулна гэж тохирсон ч ажиллуулаагүй болно. “Конконсалтинг” ХХК-иар зураг төслийн ажлыг би өөрөө хийлгэж зардлыг өөрөө төлсөн. Иймд надаас зээлээр авсан “Тодана” маркийн 5 тонны автокран 52 400 000 төгрөг, “Бонго” маркийн 1 тонны ачааны машин 9 000 000 төгрөг, “Хонда си ар ви” маркийн 2 ширхэг, “Ниссан икс трэйл” маркийн 2 ширхэг дунд гарын жийп тус бүрийг 28 000 000 төгрөг, грейс мотор 1 ширхэг 1 200 000 төгрөг, бетон зуурмагийн машин болох помпны 1 ком сэлбэг 1 590 000 төгрөг, 2 ширхэг хөнжил болон 2 ширхэг дэвсгэр зэргийн үнэ нийтдээ 176 400 000 төгрөг гэж тохиролцсон тул үүнээс өгсөн 35 000 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 141 400 000 төгрөгийг “АТ-” ХХК, “АК-” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “АТ-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “АТ-” ХХК-ийн хувьд иргэн О.Б-иас зээлээр ямар нэгэн автомашин, сэлбэг хэрэгсэл худалдаж аваагүй. Хэрэв худалдах эд хөрөнгийн үнийг тодорхой тохироогүй бол худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм. Тиймээс талуудын хооронд “Тодана” маркийн 5 тоннын автокран, “Бонго” маркын 1 тонны ачааны машин, “Хонда си ар ви” маркийн 2 ширхэг дунд гарын жийп, “Ниссан икс трайл” маркийн 2 ширхэг дунд гарын жийп машин, грейс мотор 1 ширхэг бетон зуурмагийн машин болох помпын 1 ком сэлбэг, 2 ширхэг хөнжил, 2 ширхэг дэвсгэр зэргийг худалдаж авах талаар гэрээ байгуулагдаагүй, тодорхой үнийг тохирсон зүйл байхгүй байхад зээлээр худалдаж авсан гэж 141 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн үндэслэл тайлбар, хэргийн материалд авагдсан нотлох баримтууд зэргээс үзэхэд нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлсон иргэд хоорондын асуудлыг хуулийн этгээдтэй хамааруулж ойлгон мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Авто краныг “АТ-” ХХК худалдаж аваагүй бөгөөд барилгын угсралт суурилуулалтын үйл ажиллагаанд ашиглахаар түр хугацаанд авч байсан болно. Хэргийн материалд авагдсан 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн кран ашиглуулах тухай бичгийн баримтаас энэ нь тодорхой харагддаг. Харин түр ашигласан хугацааны төлбөрийг тухайн үед иргэн П.М-, болон О.Б- нарын хооронд барилга бариулах асуудал яригдаж байсан тул барилга бариулах ажлын хөлсөнд тооцуулахаар тохирсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч дээрх 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн кран ашиглуулах тухай бичгийн баримтыг өөрт ашигтай байдлаар гуйвуулан үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн хариуцагч нараас хэд хичнээн төгрөг тус бүр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Хоёр хуулийн этгээд нэг захиралтай гэдгээр компаниас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “АК-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд О.Б- нь Орхон аймагт зочид буудлын барилга бариулах гэж байгаа тухай хэлсэн бөгөөд тус барилгын ажлыг П.М-аар гүйцэтгүүлэхээр ярьж тохирсон байдаг. Энэхүү барилгын ажлын зураг төслийг хийж гүйцэтгэх болон барилгын ажлын эхний урьдчилгаа төлбөрт Монгол Улсад орж ирээд нилээн олон жил болсон Ниссан үйлдвэрийн 4 ширхэг суудлын автомашиныг тооцож өгөхөөр тохиролцсон байдаг. Ингээд тус тохиролцооныхоо дагуу П.М-ын хувьд О.Б-ын Орхон аймагт захиалан бариулж буй барилгын зураг төсөл болон төсвийг мэргэшсэн олон жилийн дадлага туршлагатай “Конконсалтинг” ХХК-иар гүйцэтгүүлж, бэлэн болгож өгсөн. Тус барилгын төсөл болон төсвийн хөлс нь 45 000 000 гаруй төгрөгийн үнийн дүнтэйгээр хийгдсэн бөгөөд энэхүү төлбөрийг О.Б-ын өмнөөс хоорондын тооцоогоор тохиролцон хааж дуусгасан. Харин О.Б-ын барилгын ажлын урьдчилгаа төлбөрт тооцон шилжүүлсэн 4 автомашиныг өөрийн компанийхаа олон жил тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан ажилчдаа шагнаж, урамшуулах зорилгоор өгсөн. Дээр дурдсан тохиролцоо хийгдээд 3, 4 cap өнгөрсний дараа барилгын ажлынхаа гол, нөхцөл, хийгдэх ажил, чанарын талаар ярилцахаар уулзах үед барилгын ажлын үнэ, хөлсөн дээр О.Б-тай харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй. Учир нь П.М-ын зүгээс барилгын сууриас эхлээд түлхүүр гардуулах хүртэл бүхий л цогц үйл ажиллагааг хийж гүйцэтгэдэг бөгөөд үүнээс шалтгаалаад барилгын ажлын хөлс өндөр байдаг талаар тайлбарласан. О.Б- тухайн үедээ эргэж уулзана гээд дахин ирж уулзаагүй, тус барилгын ажлын талаарх ярьсан аман тохиролцоо ч тухайн үедээ хэрэгжилгүй дууссан байдаг. Гэтэл 2018 онд цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаад шалгуулах үед нь О.Б-тай тохиролцсоны дагуу 4 автомашины төлбөрийг нэг бүрийг нь 10 000 000 төгрөгөөр тооцож, 40 000 000 төгрөгийг цувуулан өгч, өр төлбөр бүрэн дууссан. Тус төлбөрийг өөрийн үүсгэн байгуулсан “АК-” ХХК-ийн данснаас төлж барагдуулсан баримтууд хэрэгт авагдсан. Нэхэмжлэлд дурдагдсан “Бонго” маркийн ачааны автомашин, автокран зэргийн тухайд О.М-ын хувьд эдгээр зүйлстэй холбоотой хуульд заасан хэлцэл хийгдээгүй төдийгүй, түүний өмчлөлд шилжсэн зүйл байхгүй тул үнийг нэхэмжлэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримтууд буюу бүхий л тохиролцоо, ярьсан яриа нь хоёр иргэний хооронд үүссэн. Тодруулбал, барилгын зураг төсөл хийлгэх, барилгын ажлын урьдчилгаа төлбөрт автомашин тооцож авсан зэрэг үйл баримтууд нь иргэн О.Б- болон П.М- нарын хооронд үүсэн. Үйл явдал болсноос хойш 2015 онд “АК-” ХХК үүсгэн байгуулагдсан тул О.Б-тай иргэний эрх зүйн харилцаанд ороогүй. Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “АК-” ХХК, “АТ-” ХХК-иас 132 400 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-д олгож, үлдэх 9 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 864 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 819 950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Хэргийн материалд иргэн П.М-, О.Б-ь нарын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний өр төлбөрийг “АТ-” ХХК, “АК-” ХХК нар шилжүүлэн, авч хариуцах агуулга бүхий нотлох баримт авагдаагүй. Харин хэргийн материалд байгаа тус хоёр хуулийн этгээдийн тамга, тэмдэг дарагдсан гэрээ гэх зүйл нь шүүхээр хэлэлцэгдэж буй уг маргаантай хамааралгүй, тусдаа журмаар шийдэгдэх асуудал. Гэтэл анхан шатны шүүхээс иргэн П.М- нь уг хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх захирал төдийгүй, хэргийн материал дахь тус 2 гэрээг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлан хуулийн этгээдүүд нь өрийг хүлээн зөвшөөрч, шилжүүлэн авсан гэж үзэж буй нь дээр дурдсан хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж, хариуцагч нарын эрхийг ноцтойгоор зөрчсөн гэдгийг харуулж байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа гол үндэслэлээ хэргийн материалд авагдсан Орхон аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 5/228 дугаар прокурорын тогтоол, уг тогтоолд авагдсан иргэн П.М-ын мэдүүлэгт үндэслэн гаргасан байдаг. Уг хэргийн материалд авагдсан мэдүүлгийг иргэн П.М- хувь хүний хувиар өгсөн бөгөөд хуулийн этгээдийн хувиар нэхэмжлэгчээс ямар нэгэн машин техник худалдаж аваагүй гэдэг нь тодорхой харагддаг. Түүнчлэн дээрх 5/288 прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийг хааж хэрэгсэхгүй болсон бөгөөд хэрэгсэхгүй болсон хэргийн материалд авагдсан хүчин төгөлдөр бус баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Мөн хэргийн материалд хариуцагч “АТ-” ХХК, “АК-” ХХК нарт ямар нэгэн машин, техник сэлбэг хэрэгсэл худалдсан, худалдан авсан, хүлээлгэж өгсөнтэй холбоотой нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүх хариуцагч нараас их хэмжээний төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа иргэн П.М-тай автомашинууд болон сэлбэг хэрэгслийг худалдах талаар тохиролцоо хийсэн гэсэн тайлбар өгсөөр байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хуулийн этгээдүүдээс автомашинуудын үнийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй хариуцагч нарын хэнээс нь хэдэн төгрөгийг ямар үндэслэлээр гаргуулах талаар нэхэмжлэлдээ огт дурдаагүй байхад шүүх үндэслэлгүй нэхэмжлэлийг шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Хэрэв талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзвэл гэрээний гол нөхцөл, гэрээний зүйл, гэрээний үнэ болон гэрээний үнийг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар тодорхой тохирсон байх шаардлагатай. Хэрэв худалдах эд хөрөнгийн үнийг тодорхой тохироогүй бол худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурьдаад буй хэргийн материалын 8 дахь талд авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хүснэгтэлсэн 1 хуудас баримтаар хоёр тал худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ гэж тохиролцоогүй, уг баримтад хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж хүлээн зөвшөөрөөгүй болохыг анхааран үзэх шаардлагатай байна. Зөвхөн нэхэмжлэгч тал өөрийн үзэмжээр автокраны үнэ 52 400 000 төгрөг, “Бонго” маркийн ачааны машин 9 000 000 төгрөг, “Хонда”, “Ниссан” маркийн автомашин тус бүр 28 000 000 төгрөг гэж тодорхойлон шүүхэд гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх тухайн үед дээрх автомашинуудын зах зээлийн үнэлгээг тодруулалгүйгээр, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж, зөвхөн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зуурмаг авах тухай хэлцэлд дурьдсан нийт 176 400 000 төгрөг гэсэн дүнтэй адил байгаа, хамт сууж байгаад үнийг гаргасан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарт хөтлөгдөн хэтэрхий нэг талыг барьсанд гомдолтой байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч талын мэдүүлэг зэргээс үзэхэд дээрх үндэслэлүүд нь хангалттай, тодорхой нотлогдож байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, хэтэрхий нэг талыг барьж, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар мэдүүлэгт хөтлөгдөн үндэслэлгүй шийдвэр гаргасан нь хариуцагч нарын цаашдын үйл ажиллагаанд ихээхэн саад учруулж, үндэслэлгүй өр төлбөрт орж хохироод байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О.Б-ь нь хариуцагч “АТ-” ХХК, “АК-” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 141 400 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч “АТ-” ХХК, “АК-” ХХК-ийн захирал П.М- нь надаас тус бүр нь 28 000 000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг дунд гарын жийп, 52 400 000 төгрөгийн үнэтэй автокран, 9 000 000 төгрөгийн үнэтэй “Бонго жи 2” маркийн ачааны машин, 1 200 000 төгрөгийн үнэтэй грейс мотор, 1 590 000 төгрөгийн үнэтэй помп сэлбэг, 116 000 төгрөгийн 2 ширхэг хөнжил, 94 000 төгрөгийн 2 ширхэг дэвсгэрийг нийт 176 400 000 төгрөгөөр зээлээр авч, үүнээс 35 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх 141 400 000 төгрөгийг төлөөгүй тул хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч “АТ-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзалдаа нэхэмжлэгч О.Б-ьтай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч “АК-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь татгалзалдаа маргаан бүхий эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч О.Б-аас худалдаж аваагүй, ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт тооцож авсан, гэвч талууд ажлын хөлсийг тохирч чадаагүй тул 4 ширхэг автомашиныг тус бүрийг нь 10 000 000 төгрөгөөр тооцож, 40 000 000 төгрөгийг төлсөн, автокран, ачааны машины хувьд хэлцэл хийгдээгүй, хариуцагчийн өмчлөлд шилжээгүй гэж тус тус маргажээ.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр гэрээний оролцогчийг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

             Тодруулбал, хариуцагч “АК-” ХХК-ийн захирал П.М- нь нэхэмжлэгч О.Б-ьтай 2012 оны 9 сард худалдах, худалдан авах хэлцэл хийж, 4 автомашин, автокран, “Бонго жи 2” маркийн ачааны машин, грейс мотор, помп сэлбэг, 2 ширхэг хөнжил, 2 ширхэг дэвсгэр зэргийг худалдан авсан гэх үндэслэлтэй бөгөөд талууд 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дээрх эд хөрөнгүүдийн үнийг нийт 176 400 000 төгрөгөөр тогтоож, уг үнэд зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, зуурмаг авах тухай гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 7-р тал/        

 

            Дээрх гэрээний агуулгаас дүгнэвэл талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд “ ... “АК-” ХХК-тай тооцоо нийлж, өмнөх 176 400 000 төгрөгийн өрөндөө зуурмаг авах гэрээ байгуулсан боловч зуурмаг нийлүүлээгүй ...” гэх нэхэмжлэгч О.Б-ийн тайлбар үндэслэлтэй болно.

 

            Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заажээ. Талуудын 2012 оны 9 сард байгуулсан автомашин, сэлбэг хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагч “АК-” ХХК зуурмаг нийлүүлэх нөхцөлөөр хүлээн зөвшөөрсөн агуулгатай гэрээнд захирал П.М- гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч О.Б-ь нь уг гэрээний үүргийг хариуцагч “АК-” ХХК-иас шаардах эрхтэй. Иймд “АК-” ХХК нь хариуцагч биш гэх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Харин, хариуцагч “АТ-” ХХК-ийг талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний оролцогч гэж үзэх боломжгүй байна. Учир нь хэрэгт нэхэмжлэгч О.Б-ь, хариуцагч “АТ-” ХХК-ийн хооронд байгуулагдсан кран ажиллуулах тухай гэрээ авагдсан байгаа боловч тус гэрээнд краныг зээлээр авсан, цаашид нэхэмжлэгч О.Б-ийн барилга угсралтын ажил дээр ажиллуулах агуулгыг заасан болохоос, өрийг хүлээн зөвшөөрсөн шууд агуулгатай баримт биш байх тул хариуцагч “АТ-” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. /хх-ийн 6-р тал/

             

                        Хариуцагч “АК-” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр, нийт 35 000 000 төгрөгийг нэхэмжлэгч О.Б-ьд, 1 удаагийн шилжүүлгээр 6 000 000 төгрөгийг түүний охин н.Хонгорзулд тус тус шилжүүлжээ. /хх-ийн 83-86-р тал/

 

                        Анхан шатны шүүх хариуцагч “АК-” ХХК-ийн шилжүүлсэн нийт 41 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч, мөн грейс мотор, помп сэлбэг, хөнжил, дэвсгэр зэргийн үнэ болох нийт 3 000 000 төгрөгийн шаардлага нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Иймд хариуцагч “АК-” ХХК-иас 132 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Б-ьд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 000 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч “АТ-” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо талууд гэрээний гол нөхцөл болох гэрээний үнэ, зүйлийн талаар нарийвчлан тохиролцоогүй, үнийг ямар хугацаанд төлөх нь тодорхойгүй байх тул талуудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй гэх боловч гэрээнд хариуцагч “АК-” ХХК-ийг төлөөлж захирал болох П.М- гарын үсэг зурсан байх тул талуудыг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хэлцэл хийсэн гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “АТ-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон, хариуцагч “АК-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/00834 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “АК-” ХХК-иас 132 400 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 000 000 төгрөгийн шаардлага болон хариуцагч “АТ-” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дах заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 864 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АК-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 819 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “АК-” ХХК-иас төлсөн 819 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                               

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                         ШҮҮГЧИД                                                А.МӨНХЗУЛ

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ