Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00591

 

 

О.Байгалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/00834 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1081 дүгээр магадлалтай,

 

О.Байгалын нэхэмжлэлтэй

Авзага трейд ХХК, Авзага констракшн ХХК-иудад холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 141,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Авзага констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Байгал, хариуцагч Авзага трейд ХХК-ийн төлөөлөгч П.Мэндбаяр, хариуцагч нарын өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч О.Байгал Авзага трейд ХХК, Авзага констракшн ХХК-уудад холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 141,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/00834 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Авзага констракшн ХХК, Авзага трейд ХХК-иас 132,400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Байгалд олгож, үлдэх 9,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 864,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 819,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгуулж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1081 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/00834 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Авзага констракшн ХХК-иас 132,400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Байгалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,000,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Авзага трейд ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 864,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Авзага констракшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 819,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Авзага констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг үнэн зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, тухай хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс үүдэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно.

4.1. Гэрээний оролдогч буюу хариуцагчийг зөв тодорхойлж чадаагүй тухайд:

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт Авзага констракшн ХХК-ийн захирал П.Мэндбаяр нь нэхэмжлэгч О.Байгалтай 2012 оны 09 сард худалдах-худалдан авах хэлцэл хийж, 4 автомашин, автокран, Бонго жи 2 маркийн ачааны машин, грейс мотор, помп сэлбэг, 2 ширхэг хөнжил, 2 ширхэг дэвсгэр зэргийг худалдан авсан гэх үндэслэлтэй бөгөөд талууд 2018.07.04-ний өдөр дээрх эд хөрөнгүүдийн үнийг нийт 176,400,000 төгрөгөөр тогтоож, уг үнэд зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, зуурмаг авах тухай гэрээгээр тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Энэхүү хэргийн материалд Авзага констракшн ХХК болон иргэн О.Байгал нарын хооронд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан автомашинууд, сэлбэг хэрэгсэл зэргийг худалдах-худалдан авахаар хийсэн тохиролцоо, хэлцэл ийм агуулга бүхий нотлох баримт хэргийн материалд авагдаагүй. Нэхэмжлэгчийн гаргаж буй шаардлага, үндэслэл, шүүх хурлууд дээр хэлсэн тайлбар зэргээр О.Байгал нь автомашин, сэлбэг хэрэгсэл худалдан авах талаар иргэн П.Мэндбаяртай тохиролцоо хийсэн гэдэг нь хангалттай нотлогддог. Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбогдуулан манай компани О.Байгалтай ямар нэг эрх зүйн харилцаа буюу хэлцэл хийгээгүй учир Авзага констракшн ХХК нь иргэд хоорондын хийсэн хэлцлийн үр дагаврыг шууд хариуцах эрх зүйн үндэслэлгүй юм гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс манай өгсөн тайлбарыг гуйвуулан нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлан Авзага констракшн ХХК-ийн захирал П.Мэндбаяр нь иргэн О.Байгалтай автомашин худалдах-худалдан авах талаар хэлцэл хийгдсэн учраас нэхэмжилж буй өр төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэт нэг талын эрх ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр, дүгнэлт гэж үзэх үндэслэлтэй.

Мөн хэргийн материалд авагдсан, магадлалын үндэслэл болж буй 2018.07.04-ний өдрийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээ нь Авзага констракшн ХХК болон иргэн О.Байгал нарын хооронд гэрээнд дурдсан стандарт, чанар бүхий бетон зуурмагийг нийлүүлэх харилцааг зохицуулсан. Тус гэрээнд 2012 онд иргэн П.Мэндбаяр, О.Байгал нарын хооронд хийгдсэн гэх автомашины үнэ төлбөрөөс 176,400,000 төгрөгийн өр төлбөр үлдсэн бөгөөд тус машины өр төлбөрт тооцон, тооцоо нийлэх замаар бетон зуурмаг нийлүүлж хаана гэсэн үг үсэг огт байхгүй. Авзага констракшн ХХК-ийн тамга, тэмдэг дарагдсан гэх бетон зуурмаг нийлүүлэх гэрээ нь шүүхээр хэлэлцэгдэж буй уг маргаантай хамааралгүй, тусдаа журмаар шийдэгдэх асуудал юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс автомашин, сэлбэг хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний үүргийг хариуцагч Авзага констракшн ХХК зуурмаг нийлүүлэх нөхцөлөөр хүлээн зөвшөөрсөн агуулгатай гэрээнд П.Мэндбаяр гарын үсэг зурсан учраас уг хэргийн хариуцагч мөн гэж үзсэн нь хэргийн материалд авагдсан хамааралгүй гэрээ болон холбогдох хуулийн заалтыг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлан, хариуцагчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэдгийг тодорхой харуулж байна.

Мөн хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болсон үйл баримт нь иргэн О.Байгал, П.Мэндбаяр нарын хооронд хийгдсэн гэдэг нь тодорхой нотлогдож байгаа төдийгүй машин өгсөн авсан гэх үйл явдал нь 2012 онд болсон байх ба Авзага констракшн ХХК-ийн хувьд хуулийн этгээдийн статустай тусдаа бие даасан эрх зүйн субьект болохын хувьд 2016 онд албан ёсоор үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн буюу маргаж буй асуудалтай хамааралгүй гэдэг нь тогтоогдож байхад Авзага констракшн ХХК-ийг тус хэргийн хариуцагчаар тодорхойлж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Талуудын хооронд автомашин, сэлбэг хэрэгслүүдийг худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнэсэн тухайд.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт ...гэрээнд хариуцагч Авзага констракшн ХХК-ийг төлөөлж захирал болох П.Мэндбаяр гарын үсэг зурсан байх тул талуудыг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хэлцэл хийсэн гэж үзнэ гэсэн нь хууль зөрчсөн байна.

Хэрэв талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ, хэлцэл байгуулагдсан гэж үзвэл гэрээний гол нөхцөл, гэрээний зүйл, гэрээний үнэ болон гэрээний үнийг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар тодорхой тохирсон байх шаардлагатай. Хэрэв худалдах эд хөрөнгийн үнийг тодорхой тохироогүй бол худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

Гэтэл тус хэргийн материалд талуудын хооронд автомашин худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн эсэх талаар баримт огт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүхийн зүгээс автомашины төлбөртэй холбоогүй 2018.07.04-ний өдрийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээг холбоотой мэтээр тайлбарлаж, уг үндэслэлээрээ талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ, хэлцэл хийгдсэн гэж дүгнэж буй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг ноцтойгоор зөрчиж байна.

Түүнчлэн хэрэв талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа бол тухайн хөрөнгө болох автомашин, автокран, сэлбэг хэрэгсэл зэрэг нь хариуцагч компанийн эзэмшил, өмчлөлд бодитоор шилжсэн үү, хүлээлгэж өгсөн авсан талаарх баримт байгаа эсэх, тухайн хөрөнгүүдийн тухайн үеийн зах зээлийг бодит үнэлгээ нь хэд байсан, энэ нь ямар үндэслэлээр тогдоогдож байгаа зэрэг асуудлууд нь эргэлзээгүйгээр тогтоогдож байж хэлцэл хийгдсэн, өр төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж дүгнэх нь зүйд нийцэх юм.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс эрх зүйн үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй үндэслэлийг зөвхөн нэхэмжлэгч талын шүүх хурал дээр хэлсэн Авзага констракшн ХХК-тай тооцоо нийлж, өмнөх 176,400,000 төгрөгийг өрөндөө зуурмаг авах гэрээ байгуулсан боловч зуурмаг нийлүүлээгүй учраас тус гэрээний дагуу төлбөр шаардаж байгаа гэх баримт нотолгоогүй, аман тайлбарт үндэслэж, зөвхөн түүнд хөтлөгдөн хэргийг нэхэмжлэгч талын эрх ашгийг хэт хамгаалсан байдлаар шийдвэрлэсэнд хариуцагчийн зүгээс гомдолтой байна.

Хэргийн материалд авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч талын мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага эрх зүйн үндэслэлгүй, тодорхой бус гэдэг нь хангалттай тодорхой нотлогдож байхад давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, хэтэрхий нэг талыг барьж, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хурлын явцад хэлсэн мэдүүлэгт хөтлөгдөн үндэслэлгүй шийдвэр гаргасан нь хариуцагчийг үндэслэлгүйгээр их хэмжээний өр төлбөрт оруулж, санхүүгийн хувьд ихээхэн хэмжээний хүндрэлтэй байдлыг үүсгэхэд хүргээд байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагч Авзага констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч О.Байгал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Авзага трейд ХХК, Авзага констракшн ХХК-ийн захирал П.Мэндбаяртай нэг ангийн найзууд, П.Мэндбаяр нь 2012 онд Орхон аймагт баригдаж буй наадмын талбайн ажлыг хийж гүйцэтгэх үедээ тухайн ажилд хэрэглээд, ажлынхаа гүйцэтгэлийн мөнгөнөөс төлбөрийг барагдуулахаар 5 тн-ын даацтай автокран, Бонго маркийн машин авсан, дараа нь миний зарах гэж байсан машинуудыг авъя гээд Honda CR-V маркийн 2ш дунд гарын жиип машин, Nissan X-trail маркийн 2ш дунд гарын жиип машиныг, грейс мотор 1ш, бетон зуурмагийн машин болох Помпны 1кол сэлбэг, 2ш хөнжил, 2ш дэвсгэр зэргийг аваад явсан. ...2018 онд дээрх автомашины төлбөрт барилгын ажил хийж өгнө гэж тохиролцсон боловч ажлын хөлсөн дээр тохиролцоонд хүрээгүй.

2017 оны 8 дугаар сард кранаа ашиглуулах, зуурмаг нийлүүлэхээр болсон, энэ үед 176,400,000 төгрөгт М350 маркийн 1200м куб бетон зуурмаг нийлүүлж, өрөө дуусгана гэж тохиролцсон боловч ажилд хэрэглүүлэх кран байхгүй, бетон зуурмагны цех нь ажиллаагүй, ажиллах ч боломжгүй эвдэрсэн байсан.

Үүнээс хойш 35,000,000 төгрөгийг цувуулж өгсөн, үлдэгдэл 141,400,000 төгрөгийг өгөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Авзага констракшн ХХК, Авзага трейд ХХК: ...хоорондын тохиролцооны дагуу О.Байгалын Орхон аймагт бариулж буй барилгын зураг төсөл болон төсвийг мэрэгшсэн, олон жилийн туршлагатай компаниар гүйцэтгүүлж, бэлэн болгож өгсөн, энэ ажлын хөлс 45,000,000 гаруй төгрөгийн үнэтэйгээр хийгдсэн бөгөөд төлбөрийг О.Байгалын өмнөөс хоорондын тохиролцоогоор хааж дуусгасан, харин 4 ш автомашиныг нэг бүрийг нь 10,000,000 төгрөгөөр тооцож, 40,000,000 төгрөгийг цувуулан өгсөн, ...нэхэмжлэлд дурдсан автокран, Бонго автомашины хувьд эдгээр зүйлстэй холбоотой хуульд заасан хэлцэл хийгдээгүй тул үнийг нэхэмжлэх эрхгүй.

Талуудын тохиролцоо хоёр иргэний хооронд үүссэн тул хуулийн этгээд ямар нэг хариуцлага хүлээх үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

7. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан автомашинуудыг хариуцагч хүлээн авсан нь нотлогдсон тул үнийг төлөх үүрэгтэй гэж дүгнэн, автомашины үнэ 173,400,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 41,000,000 төгрөгийг хасч үлдэгдэл 132,400,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Авзага констракшн ХХК тооцоо нийлж 176,400,000 төгрөгийн өрөндөө зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан боловч зуурмагаа нийлүүлээгүй нь баримтаар нотлогдсон гэх үндэслэлээр Авзага трейд ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

8. Магадлалыг эс зөвшөөрч, Авзага констракшн ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, автомашин болон сэлбэг хэрэгслийг хэрхэн үнэлсэн, тухайн хөрөнгийг хариуцагчийн эзэмшил, өмчлөлд бодитоор шилжсэн эсэх, хүлээлгэн өгсөн, авсан талаарх баримтгүй байхад зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн, ...тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

9. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Шүүх зуурмаг авах тухай гэрээгээр зохигчийн хооронд өмнө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөхөөр дээрх гэрээг байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч шилжүүлсэн эд хөрөнгийн үнийг нэхэмжилсэн, хариуцагч буюу худалдан авагч үнийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж гаргасан Авзага трейд ХХК-ийн захирал П.Мэндбаяртай байгуулсан 2018.07.03-ны өдрийн Кран ажиллуулах гэрээгээр ...Авзага трейд ХХК нь 2008 онд иргэн О.Байгалын өмчлөлийн 18,000 ам.долларын үнэтэй Todana маркийн краныг барилгын ажилд хэрэглэхээр зээлээр авсан боловч уг краны төлбөр тооцоо хийгдээгүй байгаа, ...одоо компанийн өмчлөлд барилга угсралтын ажилд ажиллуулахаар гэрээ хийсэн болно... гэж, 2018.07.04-ний өдрийн Зуурмаг авах тухай гэрээгээр: ...350 маркийн 1,200 м куб, нийт 176,400,000 төгрөгийн үнэ бүхий зуурмаг нийлүүлэх, нийлүүлж чадахгүй тохиолдолд тухайн ажлыг зогсоохгүйн тулд үнийн доод саналаар бэлэн мөнгө буюу өөр компанийн зуурмагийг нийлүүлэх болно... гэж тохиролцсон бөгөөд дээрх гэрээний 176,400,000 төгрөг нь хариуцагчид зээлээр нийлүүлсэн жиип болон Bongo автомашин, автокран, грейс мотор, машины сэлбэг, хөнжил, дэвсгэрийн үнэ бөгөөд зуурмагийг нийлүүлж, өрийг хаахаар тохиролцсон гэжээ.

 

Зуурмаг авах тухай гэрээнд П.Мэндбаяр гарын үсэг зурж, Авзага констракшн ХХК-ийн тэмдэг дарагдсан, нэхэмжлэгчид Авзага констракшн ХХК-аас 41,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн баримт авагджээ.

 

Иймд хариуцаг ч Авзага констракшн ХХК-аас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй тул хоёр шатны шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

10. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр хариуцагч Авзага трейд ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээхээр шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1081 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Авзага констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Авзага констракшн ХХК-аас 2020.06.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 819,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД